Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ2025/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х овгийн Ж.Т, ............................................суух,

            Хариуцагч: Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан,

            “Нийгмийн даатгалын газраас Ж.Т-ийн тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг шинэчлэн зөвөөр тогтоохыг даалгах, анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах  тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч Ж.Т /цахимаар/,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хяналтын улсын байцаагч О.Б, тэтгэвэр тогтоолт, олголтын байцаагч Л.А нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Ж.Т нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын газраас Ж.Т-ийн тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг шинэчлэн зөвөөр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа “анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах  тухай” хүсэлттэй байгаа талаар тайлбарласан тул  нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулсан гэж үзсэн.

            2. Нэхэмжлэгч Ж.Т-аас өндөр насны тэтгэвэр тогтоолттой холбоотой гаргасан хүсэлтэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай албан бичгээр “ олгож байгаа тэтгэврийн хэмжээ зөв байгаа талаар” хариу өгчээ.

            3.Ж.Т Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас өгсөн хариуг эс зөвшөөрөн Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гомдол гаргасан байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/28 дугаартай албан бичгээр иргэн Ж.Т-ийн тэтгэврийг тэтгэвэр тогтоолгосны өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль өөрт ашигтай дараалсан таван жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг тооцож, тэтгэврийг өөрчлөн тогтоох нь зүйтэй” гэх хариуг Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад хаяглан хүргүүлжээ.

            Иргэн Ж.Т тэтгэврийг зөв тогтоохгүй байгаа талаар маргаж Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзлээ.

            4. Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “   Миний бие 1989 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Увс аймгийн халдвартын тасагт асрагч А.Х-ийн ээлжийн амралт ба П. О ба Н.О асрагч нарын тус тус амрааж ажиллаж эхэлсэн билээ.

            Н.О-ын ээжийн амралтыг дуусгаж X.Б-ийн жирэмсний амралтаас нярай нь чөлөө дуусах хүртэл ажиллаж байсан. Миний бие 21 хоногийн ээлжийн амралтын амарч дуусгаад 1992 оны 08-р сарын 30-ны өдрөөс эхлэн эмгэг суудлын асрагчаар орж ажиллаад 2016 оны 02-р сарын 16-ны өдөр хүртэл Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хортой хүнд нөхцөлөөр 25 жил 6 сар нэг хоногоор ажиллаж байсан юм.

            Миний бие 2016 оны 06-р сарын 23-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн группэд орсон 2019 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл 228,865 тахир дутуугийн групп авч байсан.

            2019 оны 04-р сарын 28-ны өдөр миний бие 50 нас хүрч Өндөр насны тэтгэвэрт гарсан гэтэл нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагч миний авч байсан группийн 228,865 төгрөг дээр 31,000 мянган төгрөг нэмж нийт 313,300 төгрөгөөр тогтоож намайг хохироосон.

            Тэтгэвэр тогтоолгосноос хойш би Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.3-т зааснаар тэтгэвэр тогтоолгохоор хэд хэдэн удаа өргөдөл, гомдол гаргасан боловч нийгмийн даатгалын зүгээс надад тохирох хариу өгөөгүй байсан ба 2025 оны 02-р сарын 25 -ны өдөр Баянхонгор аймгийн нийгмийн даатгалаар дамжуулан нэг хариу авсан юм.

            Намайг тэтгэвэрт гарснаас хойш Засгийн газар 6 жилийн хугацаанд 381,534 мянган төгрөг нэмсэн билээ. Ж. Т би 2019 оны 04-р сарын 28-ны өдрийн Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Байцаагч Р.Б-ийн тогтоосон 228,865 мянган төгрөгийг эс зөвшөөрч Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

            Миний бие 2019 оны 04-р сарын 18-ны өдөр тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагч өөрөө хүссэн б жилтэй тэтгэвэр бодуулж 72 хувааж гарсан 45%-аар тэтгэвэр тогтоодог байсан ба миний ажиллаж тогтоолгох жил 20 жил байсан. Гэтэл хортой хүнд нөхцөлд ажилдаг хүмүүсийн тэтгэврийн асуудлын гишүүд Засгийн газраас баталсан хуулийн нийгмийн даатгалын байцаагч дур мэдэн миний тэтгэврийн группээр тогтоосон ба тэтгэвэр групп хоёр өөр өөр заалттай ба илүү гарсан 5 жил 6 сар 1 хоногийн цалигийг үржүүлээд 1,5-%-аар нэмж бодох байтал бодож өгөөгүй.

            Нийгмийн даатгалын дарга А.О, нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн дарга О.Б, байцаагч Б, Байцаагч Б нар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийн хуулийн хүрээнд шийдвэрлэж миний тэтгэврийн үнэн зөв талаас хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна.

            2019 оны 04-р сарын 28-ны өдрийн тэтгэвэр тогтоосон жилийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлсон хуулийг авч үзэхэд 4 жил 8 сарын Цалингийн тодорхойлолтын хуулгаар тэтгэвэр тогтоосон дүр эсгэсэн байсан. Ажилссан жил 6 жилийн цалингаар боддог байхад 5 жилээр дутуу сартай тогтоох болсон шалтгаан нь юу вэ? Миний ойлголт тэтгэврийн доод хэмжээгээр тогтоож санаатай оролдлого гэж үзэж байна. Жишээ нь: 2013, 2012, 2010, 2009, гэх мэт онуудын цалингийн тодорхойлолт хавсаргасан байна.                              

             Би өөрөө 2009, 2010, 2011, 2012,2008 онуудын цалигаар бодож 72 хувьд хувааж үзэхэд 428,000 мянган төгрөгийн тэтгэвэр авах хэмжээ гарч байсан илүү гарсан 5 жил 6 сар 1 хоногийг үржүүлж 1,5 дахин нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоомжийн дагуу үзэхэд миний тэтгэвэр 1,000,000 сая төгрөг болж байсан.202.4 оны 01-р сарын 01-ний өдөр сүүлийн 6 жилийн цалингийн 60%-аар бодож тэтгэврийн зөв тогтоолтыг нийгмийн даатгалын хуулийг баримтлан тэтгэвэр тогтоож өгнө үү гэжээ.

            Би хүүхэд төрүүлсэн байхад хүүхэд төрүүлээгүй гэж хассан байсан. Ямар үндэслэлээр 310,000 төгрөгөөр тэтгэврийг минь тогтоосныг ойлгохгүй байна.Засгийн газрын тогтоолын дагуу надад өндөр тэтгэвэр тогтох ёстой. Бусад аймгийн нийгмийн даатгалын газрын байцаагч таны тэтгэврийг буруу, худлаа тогтоосон байна. Та сайн шалгаж, лавлаарай гэж хэлсэн. Би олон жил эмнэлгийн хүнд, хэцүү ажлыг хийж ирсэн. Насны эцэст тэтгэврээ авах гэхэд хэрүүл маргаантай холбоотойгоор миний тэтгэврийг зориудаар бага тогтоосон. 310,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Увс аймгийн Нийгмийн даатгалын газар дэндүү байна. Миний тэтгэврийг үнэн зөвөөр тогтоогоогүй. Надад ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлт байхгүй. Тиймээс миний тэтгэврийг үнэн зөвөөр тогтоож өгөх шаардлагатай байна. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн  дарга сэтгэцийн өвчтэй гэх худал оношоор намайг ажлаас чөлөөлсөн. Би хүлээн зөвшөөрөхгүй. Миний тэтгэврийг үнэхээр зөв тогтоож чадахгүй бол өөр аймгийн нийгмийн даатгалын газарт шилжүүлж өгөх хэрэгтэй үү” гэв.

            5. Хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Т нь 2016 оны 06 сарын 23-ны өдрөөс нийгмийн даатгалын сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаад өөрийн хүсэлтээр 2019 оны 05 сарын 01-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоолгон сард 313300 төгрөгөөр тогтоолгон авч эхэлжээ.

            Засгийн газрын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2-р заалтаар 25000 төгрөгийн тэтгэврийг нэмэгдүүлсэн боловч доод хэмжээнд хүрээгүй тул 350000 төгрөгийг 2020 оны 02 сарын 01-ээс;

            Засгийн газрын 2022 оны Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 63 дугаар тогтоолын дагуу 15 хувиар тэтгэврийг нэмэгдүүлсэн боловч доод хэмжээнд хүрээгүй тул 500000 төгрөгийг 2022 оны 02 сарын 01-ээс;

            Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр 5 жилийн дунджаар цалинг шинэчлэн 532422 төгрөг болгон өсгөж үүнээс тэтгэврийг шинэчлэн тогтооход тэтгэвэр нэмэгдээгүй тул Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239-р тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлж 555500 төгрөгийг 2023 оны 07 сарын 01-ээс;

            Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" тогтоолын дагуу 100000 төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлж 655500 төгрөгөөр 2024 оны 04 сарын 01-ээс;

            Засгийн газрын 2024 оны "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 221-р тогтоолын 1 дэх заалтын дагуу тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлж 694830 төгрөгөөр 2025 оны 01 сарын 01-ээс;

            Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн" Тэтгэвэр өөрчлөн тогтоох тухай" 2025 оны 3 сарын 20-ны өдрийн 02/28 албан тоотын дагуу 6 жилийн цалинг 5 жилээр өөрчлөн тогтоосноор 1060 төгрөгийн нэмэгдэл хийж 2025 оны 04 сарын 01-ээс сард 695890 төгрөг олгож байгаа нь зөв байгаа тухай тайлбар хүргүүлэв” гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед эмнэлгийн хүмүүсийн хоорондын харьцааны асуудлын талаар бид мэдэхгүй. Тэтгэвэр тогтоолгох хүсэлт хүлээж авах, тэтгэврийг зөв тогтооход бид анхаарч ажилладаг. Нэхэмжлэгч нь үйл онош тасгийн задлангийн асрагч хийж байсан. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2004 оны 77 дугаар тушаалд хүнд нөхцөлд хамаарагдана. 50 настай эмэгтэй хүн 10 дээш жил хүнд нөхцөлд ажиллаад 50 настайд тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Хүнд болон хортой нөхцөлд ажиллахад энгийн тэтгэвэр тогтоолгосноос өндөр хувиар бодох ёстой гэж хүмүүс буруу ойлгодог. Жишээ нь нэхэмжлэгч 55 настай тэтгэвэр тогтоолгох байсныг хүнд нөхцөлд ажилласан учраас 5 насыг хасаж, 50 настайд тогтоож байгаа. 20 жил ажилласан хугацаанд нь тэтгэврийг 45 хувиар тогтоон, 20 жилээс дээш ажилласан хугацаанд 1.5 хувийн нэмэгдэл өгнө гэх зарчмаар бодогддог. Хүнд хортой нөхцөлийн тэтгэвэр, энгийн тэтгэвэр өөр хувиар бодогддоггүй. Тэтгэвэр их, бага тогтоход авч байсан цалингийн нийлбэрийг хуваагаад сарын дундаж тэтгэвэр гаргана. Тэтгэвэр их, бага тогтоход авч байсан цалин, ажилласан жил хоёр шууд хамааралтай. Авч байсан цалингийн дундаж нь өндөр, ажилласан жил олон байх юм бол тэтгэвэр өндөр тогтоогдох магадлалтай. Харин ажилласан жил нь бага, авч байсан цалин бага буюу засгийн газраас хэрэгжүүлж байгаа цалингийн индексжүүлсэн индекс нь бага байгаа бол тэтгэвэр бага тогтох магадлалтай. Нэхэмжлэгч тэтгэврийг группээр тооцож тогтоосон гэж буруу тайлбарлаж байна. Группийн тэтгэврээс өндөр нас руу шилжих гэхээр шинэ тэтгэвэр тогтоодог учраас энгийн өндөр насны тэтгэвэр тогтоодог журмаар тогтоож байгаа. Нэхэмжлэгчийн тэтгэвэр 310,000 төгрөгөөр тогтсон гэж байна. Нэхэмжлэгч 2019 онд тэтгэвэрт орж байхад тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөг байсан. Нэхэмжлэгчийн тэтгэврийг  бодоход 310,000 төгрөгт хүрэхгүй 287,000 төгрөгийн тэтгэвэр гарсан. Тухайн үед цалин тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөг байсан учраас 310,000 төгрөгөөр тогтоогоод хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан 1 жилийн 3,100 төгрөгийн нэмэгдлийг 310,000 төгрөг дээр нэмээд 313,100 төгрөгөөс тогтоосон нь зөв байсан. Би олон жил тэтгэвэр тогтоож байсан хүний хувьд хэлэхэд тухайн хүний тэтгэврийг байцаагч нь их, бага тогтоож өгье гэсэн ойлголт байдаггүй. Бэлэн байгаа материалыг үндэслэж тогтоодог. Хэрвээ тухайн байцаагч андуураад ямар нэгэн байдлаар зөрөөтэй тогтоосон нөхцөлд тэтгэврийн байцаагчийн дараа материалыг нь хяналтын байцаагч хянаж, хяналтын тасгийн дарга хянаж, ерөнхий нягтлан хянаж, хэлтсийн дарга буюу газрын дарга хянадаг. Хэрвээ ямар нэгэн зөрчил байх юм бол тухайн шат дээр зогсоодог учраас нэхэмжлэгчийн тэтгэвэр зөв тогтоогдсон” гэв.

            7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 50 нас хүрсэн. Ж.Т нь өөрийгөө хүнд, хортой нөхцөлд ажилласан гэж тайлбарлалаа. Хортой нөхцөлийн нас нь өөр байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон. Нэхэмжлэгч 50 нас хүрээд 2019 оны 4 дүгээр сарын групп аваад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт  шилжсэн. 2019 онд 6 жилийн дундаж цалингаар тэтгэвэр тогтоодог байсан. 6 жил буюу 72 сарын цалингийн дунджаар тэтгэврийг тогтоосон. Эмнэлгийн хэрүүл маргаан, Б-тэй холбоотой яриаг би мэдэхгүй байна. Би 2023 оны 3 дугаар сараас тэтгэврийн байцаагчаар томилогдсон. Дээрх хугацаанд Ж.Т-аас тэтгэвэр дээр нэмэгдэл орохгүй байна гэх өргөдөл ирсний дагуу тэтгэврийг тооцож үзэхэд тухайн үеийн тэтгэврээс бууж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэрвээ 5 жил болгоход тэтгэвэр бууж байвал 6 жилээр тогтоолгон авч байсан тэтгэврээрээ олгоно гэх чиглэл ирсний дагуу тухайн үнийн дүнгээр олгосон. 2025 онд цалингийн индекс өөрчлөгдсөн учраас 5 жил болгож өөрчлөхөд тэтгэвэрт 1,060 төгрөгийн өөрчлөлт орсон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэргийн оролцогч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч талаас “Тахир дутуугийн группээс өндөр насны тэтгэвэрт шилжихэд хортой нөхцөлд ажиллаж байсан байхад тэтгэврийг буруу тогтоосон,илүү ажилласан 5 жил 6 сар 1 хоногийн нэмэгдэл бодоогүй, нэг хүүхдийн нэмэгдлийг тооцоогүй, цалингийн 60 хувиар тэтгэвэр тогтоох ёстой, тэтгэврийн доод хэмжээгээр тогтоож байгаа нь буруу, анх тэтгэврийг 310,000 төгрөгөөр тогтоосон нь буруу” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагчаас “Ж.Т-ийн тэтгэвэр тогтоолт зөв бодогдсон. Илүү жилийн нэмэгдэл тооцогдоод тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа.Хүүхдийн нэмэгдлийг 2020 оноос эхлэн тооцох болсон тул хамааралгүй” талаар тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй болно.

            4.Нэхэмжлэгчийн гаргасан “анх өндөр насны тэтгэвэр тогтоосон тогтоолт буруу бодогдсон” гэх үндэслэлийн талаар:

            4.1 Нэхэмжлэгч Ж.Т нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байх бөгөөд улсад нийт 25 жил 6 сар ажилласан, 2016-2017 онд хөдөлмөрийн чадвар  алдалт 80 хувиар, 2017-2018 онд 69 хувиар,2018-2019 онд 69 хувиар тогтоогдож тахир дутуугийн тэтгэвэр авч байсан талаар талууд маргаангүй болно.

            Ж.Т нь 1969 онд төрсөн, 2019 оны 4 сард 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, 2019 оны 4 сарын 28-ны өдрөөс өндөр насны тэтгэврийг авах болсон.

            4.2 Ж.Т-ийн өндөр насны тэтгэврийн хувийн хэргийн материалд авагдсан анх тогтоосон тэтгэвэр тогтоолтын хуудаст тэтгэврийг доод хэмжээ 310,000 төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жилийн нэмэгдэл 1 хувийг тооцон нийт 313,100 төгрөгөөр тогтоожээ.

            4.3 Хариуцагч талаас хариу тайлбартаа “Ж.Т-ийн өндөр насны тэтгэвэр тогтоохдоо 2010-2016 оны цалингийн дундаж 285965 төгрөгөөс өндөр насны тэтгэврийг 270,823 төгрөгөөр тогтоож, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөгөөр тэтгэврийг тогтоосон, дундаж цалин хөлсийг хамгийн өндөр гарах онуудыг сонгож тооцсон, программ автоматаар өндөр цалин хөлс гарах онуудыг нь сонгодог” гэжээ.

            4.4 Тухайн үед буюу 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 4 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заасан.

            4.5 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 4 дэх хэсгийн 28-д эмгэг анатомийн лабораторийн шил сав угаагч, ариутгагчийн ажил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарагдаж байх бөгөөд Ж.Т нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу тэтгэврийг тогтоолгожээ.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 5.2-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно”, 5.З-д “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан.

            Мөн хуулийн  22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

            1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;

            2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана гэж заасан.

            Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 1/774 дугаартай албан бичгийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас 2019 онд дараалсан 6 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалингаас /72 сар/ бодож өндөр насны тэтгэвэр тогтоож байсан байна.

            Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн /1994 он/ 32 дугаар зүйлийн  1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан.

            Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг баталж, Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон байх бөгөөд энэхүү итгэлцүүр 2019 онд үйлчилж байсан байна.

            4.6. Ж.Т-ийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтдээ аль дараалсан жилүүдийн хөдөлмөрийн хөлсийг тооцуулах талаар дурдаагүй байх бөгөөд нийгмийн даатгалын байгууллагаас 2010 оны 9 сараас 2016 оны 8 сарын хугацаан дахь цалингаар буюу ажиллаж байсан хугацааны хамгийн сүүлийн 6 жилээр тооцсон талаар тайлбарласан.

             Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг баталж, Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон байх бөгөөд энэхүү итгэлцүүр 2019 онд үйлчилж байсан байна.

            Энэхүү итгэлцүүрээр 2010 оны итгэлцүүр 1.10, 2011 он 1.00 байх бөгөөд 2012 оноос хойш итгэлцүүр тогтоогоогүй байна.

             4.7 Ж.Т-ийн 2010-2016 онуудын 6 жилийн цалингийн нийлбэрийг 72-т хувааж үзвэл:

            2010 он         

2010 оны сарууд

Цалин /төгрөгөөр/

Итгэлцүүр

Тооцсон цалин

9 сар

108,000

1.10

118,800

10 сар

108,000

1.10

118,800

11 сар

108,000

1.10

118,800

12 сар

95,000

1.10

104,500

Нийт

 

 

460,900

            2011 оны итгэлцүүр 1.00 тул цалин нэмэгдэж тооцогдохгүй.2011 оны хувьд 1-3 дугаар сарууд тус бүр 108,000 төгрөг, 4-12 дугаар сарууд тус бүр 140,400 төгрөг , нийт цалин 1,587,600 төгрөг.

            2012 оны цалин: 1 дүгээр сард 140,400 төгрөг,

            2013 оны цалин:

6 сар

366,574

 

 

7 сар

537,580

 

 

8 сар

463,842

 

 

9 сар

405,957

 

 

10 сар

568,758

 

 

11 сар

207,978

 

 

12 сар

1,001,040

 

 

Нийт

3,551,729

 

 

            2014 оны цалин:

1 сар

422,957

2 сар

386,779

3 сар

459,135

4 сар

638,715

5 сар

462,753

6 сар

462,753

7 сар

497,870

8 сар

221,317

9 сар

147,239

10 сар

1,659,174

11 сар

502,549

12 сар

427,997

Нийт

6,289,238

            2015 оны цалин:

1 сар

525,466

2 сар

525,466

3 сар

525,466

4 сар

730,202

5 сар

525,466

6 сар

346,643

7 сар

895,899

8 сар

298,391

9 сар

616,460

10 сар

500,466

11 сар

550,466

12 сар

439,596

Нийт

6,479,987

2016 оны цалин:

1 сар

442,050

2 сар

442,050

3 сар

110,624

6 сар

25,523

8 сар

1,059,372

Нийт

2,079,619

            Тэтгэвэр бодолт:

Он

Цалин /төгрөг/

Тэтгэвэр

2010 оны 9-12 сар

460,900

        Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар нийт цалинг 72-т хуваахад 285,965 төгрөг

       Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 285,965 төгрөгийн 45 хувиар тооцвол  128,684 төгрөг

       Илүү 5 жил= 5*1.5=7.5 хувь

       Илүү 6 сар = 6*0.125=0.75 хувь

       285,965 төгрөгийн  8.25 хувь нь 23,592 төгрөг

       128,684+23,592=152.276 төгрөг буюу тэтгэврийн хэмжээ 152.276 төгрөг

       Засгийн газрын 2019 оны 1 сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөгөөр тогтоосон

        Ж.Т-д тогтоогдох тэтгэвэр өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүрэхгүй байх тул тэтгэврийг 310,000 төгрөгөөр тогтоож хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан 1 жилийн 1 хувийн нэмэгдэл 3,100 төгрөгийг нэмж нийт тэтгэвэр 313,100 төгрөг болно.

2011

1,587,600

2012

140,400

2013

3,551,729

2014

6,289,238

2015

6,479,987

2016 оны 1-8 сар

2,079,619

Нийт

20,589,473

            Иймд Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2019 онд Ж.Т-ийн өндөр насны тэтгэврийн хэмжээг 313,100 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

            4.8 Ж.Т-ийн ажиллаж байсан онуудын цалинг  индексжүүлж үзвэл:

            Он, сараар жишээлбэл

Цалин /төгрөгөөр/

Итгэлцүүр

Тооцогдох цалин / төгрөгөөр/

1995 оны 1 сар

9,750

18.1

176,475

1996 оны 8 сар

13,600

14.3

194,480

1997 оны 10 сар

19,450

11.3

219,785

1998 оны 7 сар

22,185

8.70

193,009

1999 оны 10 сар

25,850

7.60

196,460

2000 оны 1 сар

32,313

5.80

187,415

2001 оны 1 сар

33,688

5.00

168,440

2002 оны 10 сар

44,462

4.40

195,632

2003 оны 4 сар

46,462

3.82

177,484

2004 оны 4 сар

60437

3.29

198,837

2005 оны 3 сар

69,906

3.01

210,417

2006 оны 3 сар

106,688

2.51

267,786

2007 оны 5 сар

127,105

1.88

238,957

2008 оны 1 сар

202,752

1.33

269,660

2009 оны 1 сар

195,852

1.24

242,856

2010 оны 1 сар

108,000

1.10

118,800

            Нэхэмжлэгч Ж.Т-ийн хувьд 2010 оноос өмнөх онуудын цалинг итгэлцүүрээр индексжүүлж тооцоход нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтооход тооцсон онуудын цалингаас бага байх ба цалингийн дундаж, түүнээс тэтгэвэр тогтоох хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс илүү тооцогдохооргүй байна.

            4.9 Иймд нэхэмжлэгч Ж.Т-ийн “анх тэтгэвэр тогтооход буруу тогтоосон, Би өөрөө 2009, 2010, 2011, 2012,2008 онуудын цалигаар бодож 72 хувьд хувааж үзэхэд 428,000 мянган төгрөгийн тэтгэвэр авах хэмжээ гарч байсан ” гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.Өндөр насны тэтгэврийг цалингийн дунджийн 45 хувиар тогтоох хуулийн зохицуулалттай тул 428,000 төгрөгийн тэтгэвэр анх тогтоогдох байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

            5. Нэхэмжлэгчийн “Илүү 5 жил 6 сарын нэмэгдлийг тооцоогүй, хүүхэд төрүүлсний нэмэгдлийг тооцоогүй” гэх үндэслэлийн талаар:

            5.1 Нэхэмжлэгч Ж.Т нь нийт 25 жил 6 сар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх бөгөөд шимтгэл илүү төлсөн 5 жил 6 сар байгаатай талууд маргаангүй.

            5.2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 5.2-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно гэж заасан зохицуулалтын хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас Ж.Т-ийн нийгмийн даатгалын шимтгэл 20 жилээс илүү төлсөн 5 жил 6 сарын нэмэгдлийг тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдүүлж тооцоог хийсэн байх ба уг нэмэгдлийг тогтоогдсон тэтгэврээс тооцдоггүй тул “нэмэгдлийг нэмээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

            5.3 Нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл илүү төлсөн 5 жил 6 сарын нэмэгдлийг тэтгэвэр тооцоход нэмэгдүүлсэн байх боловч бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа тохиолдолд бүрэн  тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврийг тооцсон нь зүйтэй байна.         

            5.4 Нэхэмжлэгч Ж.Т нь охин Г.Э-ыг 2010 онд төрүүлсэн.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон боловч 2018 оны 11 сарын 02-ны өдрийн  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр уг хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.

            Иймд хүүхдийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцоогүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

            5.5 Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэврийн  тухай хуулийн /2023 он/ 20 дугаар зүйлийн 20.1 “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно” гэж, 29.3.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно гэж заасан.

            Энэхүү зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Ж.Т нь нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргасан нэг удаа өөрчлөн бодуулах эрхтэй.Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/28 дугаартай албан бичгээр Увс аймгийн Нийгмийн даатгалыг газарт Ж.Т-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоох нь зүйтэй талаар мэдэгдсэн байна.

            Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Ж.Т-ийн тэтгэвэр тогтоолгох дараалсан 5 жилийг 2005 оны 4 сараас 2010 оны 3 сарыг дуустал хугацаагаар тооцон тэтгэврийг шинэчлэн бодож тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 832,152 төгрөг болж 45 хувиар тэтгэврийг тооцоход 377,168 төгрөг, илүү жилийн нэмэгдэл 69,148 төгрөг болж өөрчлөгдсөн боловч Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээнээс бага байх тул тэтгэврийн доод хэмжээ 689,000 төгрөг,хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан жилийн нэмэгдэл 1 хувь, нийт 695890 төгрөгөөр тогтоон 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс олгосон нь үндэслэлтэй байна.

            5.6 Мөн нэхэмжлэгч Ж.Т нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд уг ангиллын тэтгэврийг 60 хувиар хувиар тогтоох хуулийн зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ хортой нөхцөлд ажиллаж байсан байхад бага тэтгэвэр авж байгаа, тэтгэврийг 60 хувиар тогтоох ёстой” гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй болно.

            5.7 Нэхэмжлэгч өөр аймгийн Нийгмийн даатгалын газраар өндөр насны тэтгэврээ бодуулж авах тухай тайлбар гаргасан бөгөөд өндөр насны тэтгэврийг өөрийн оршин суугаа хаягийн бүртгэлийг харьяалах газрын Нийгмийн даатгалын газраар дамжуулан авдаг талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргасан болохыг тэмдэглэв.

            5.8 Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            5.9 Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 22 дугаар зүйлийн 22.1,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн /2018.11.02/ 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэврийн  тухай хуулийн /2023 он/ 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-ийн Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын газраас Ж.Т-ийн тэтгэврийг дахин шинэчилж тогтоохгүй байгаа нь хууль бус тул өндөр насны тэтгэврийг шинэчлэн зөвөөр тогтоохыг даалгах , анх тэтгэвэр буруу тогтоосон тул зөвтгөж хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ