| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 142/2020/00676/И |
| Дугаар | 210/МА2021/01182 |
| Огноо | 2021-07-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2021/01182
| 2021 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2021/01182 |
Б.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/01592 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч О.А ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02/2018 дугаартай контрактын гэрээгээр О.А ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тогтоолыг би мөн сарын 27-ны өдөр хүлээн авсан бөгөөд тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлийг дурдаагүй, контрактын гэрээний 5.2.3, 5.3.4, 5.3.5, 5.3.6-д заасныг дурдаж байна. Гэтэл контрактын гэрээний 5.3.10-т заасныг ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ дурдаагүй. Иймд контрактын гэрээ зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Контрактын гэрээ зөрчсөн гэж байгаа бол гэрээний зүйл, заалтыг тогтоолд тодорхой дэлгэрэнгүй байх ёстой.
Үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төлөөлөн удирдах зөвлөлөөс хурал хийгээгүй ба ажил хүлээлцэхдээ хурлын тэмдэглэлийг нөхөж бичсэн. Би хүүхдэдээ автомашин унуулаагүй, хариуцагч байгууллагад үүнийг нотолсон баримт байхгүй, байгууллагад учирсан хохирол ч байхгүй. Тухайн үед шалгалт хийсний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн тайлан дээр гарын үсэг зуруулахад надад холбогдуулсан зөрчил байхгүй байсан. Гэтэл сүүлд нь 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл хүүхдэдээ машин унуулсан гээд биччихсэн байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар баримтын шалгалтын тайланг хэлэлцэх ёстой, хуралд намайг байлцуулах ёстой байтал оролцуулаагүй. Тухайн шалгалтыг ахалж байсан н.Ган-Эрдэнэ нь баримтууд дээр огт гарын үсэг зураагүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 463 дугаар тогтоол гарсныг би мэдээгүй. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирэхдээ надад уг тогтоолыг танилцуулсан. Би хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй.
Иймд О.А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний тэтгэвэрт гарах нас болоогүй, 6 сар дутуу байсан. Нэхэмжлэгч нь үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллын хамт нийт 2 810 000 төгрөгийн цалин авдаг байсан. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 33 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.А ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь О.А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлсөн тогтоолтой маргаагүй, ажилдаа томилуулах асуудлыг ярьсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад Б.Цийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөл гэж заасан бөгөөд 463 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байдаг. Нэхэмжлэгч нь уг тогтоолуудад маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд круйзер маркийн автомашиныг өөрийн хүү Ц.Гантулгад 2019 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл унуулсан зөрчил гаргасан гэж дурдсан. Энэ зөрчлийн шинж чанар нь ажлаас чөлөөлсөн шийдвэрт нийцсэн ба уг тогтоолтой нэхэмжлэгч танилцсан болно. Нэхэмжлэгч 02 дугаар тогтоолтой танилцаж мэдэгдсэнээс хойш хуульд заасны дагуу шүүхэд мэдүүлэх эрхээ эдлээгүй нь шалгалтаар авагдсан арга хэмжээгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Б.Цийн зүгээс өөрөө О.А ТӨХК-иас тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн О.А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцэх хурлын тэмдэглэлд ...Б.Ц нь 2020 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарна. Энэ байгууллагаас тэтгэвэртээ гарах саналтай байна гэжээ. Тэрээр 1960 оны 6 дугаар сард төрж, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон насанд хүрсэн учраас шүүх шийдвэр гаргасан тохиолдолд биелүүлэх боломжгүй байна. Контрактын гэрээний 5.2.3- 5.3.6-д зааснаар гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байгаа. Нэхэмжлэгч Б.Цийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, төлбөрийн чадваргүй гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хуульд заасны дагуу хүлээн авах нэхэмжлэл мөн эсэх нь эргэлзээтэй байна. Б.Ц нь контрактаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул О.А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь гаргасан зөрчилд нь нийцсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ажиг овогт Б.Ц-ийг О.А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, О.А ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг О.А ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, О.А ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326 550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, контрактын хугацаа дуусгавар болсонтой холбоотой маргаж байгаа. Б.Ц нь контрактын гэрээний хугацаа дууссанаас 1 жил 5 сар гаруй хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлэх болсон үндэслэл нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан бөгөөд түүнийг ажпаас чөлөөлөх боломжгүй байсан. Энэ талаар шүүх анхаарч дүгнээгүй. Шүүхээс ... контракт өмнөх нөхцөлөөр сунгагдсан байсан гэж үзэхээр байна гэж үзсэн хэдий ч хууль тогтоомжид анх заасан хугацаагаар хугацааг нэг удаа сунгах талаар зохицуулснаас үзэхэд шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлт нь хуульд үндэслээгүй буюу нийцээгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 463 дугаартай тогтоолд үндэслэн гарсан тус газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тогтоолуудын дагуу Б.Цийг ажлаас чөлөөлөх тухай 02 дугаар тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч хөдөлмөрлөх насны дээд хязгаарт хүрсэн учраас хариуцагчийн зүгээс түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн боловч ажил олгогчийн хууль ёсны эрхэд шүүх халдаж шийдвэрлэсэн. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй байхад хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн гэж үзэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч О.А ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөг гаргуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Талууд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр контрактын гэрээ байгуулж, Б.Ц нь О.А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан контрактын гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх дээрх гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн.
Энэ үйл баримтын талаар гэрээний талуудын хэн аль нь маргаагүй, харин контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлийн талаар талууд маргасан байна.
Талуудын маргааны үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлээр контрактын гэрээг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулжээ. Хариуцагч тал хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоол зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх 63/ Анхан шатны шүүх дээрх гэрээ цуцалсны үндэслэл нөхцлийг сахилгын шийтгэл гэж үзэн, хариуцагч талыг хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Хариуцагч О.А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 02 дугаартай тогтоол гаргахдаа дээрх 54 дүгээр тогтоолоор өгсөн удирдамжийн 1.1-д заасныг үндэслэн Б.Цийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Уг тогтоолын үндэслэлээ Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 463 дугаар тогтоол болон 2020 оны 54 дүгээр тогтоолыг удирдлага болгосон гэж хариуцагч тал тайлбарлажээ.
Хэрэгт хариуцагч компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шалтгалтын тайлан нотлох баримтаар авагдсан байх ба уг тайланд хариуцагч Б.Цийн албаны зориулалтаар ашиглагдаж байсан О.А ТӨХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй автомашиныг түүний хүү нь хувийн хэрэгцээндээ унаж байсныг шалгалтаар тогтоож баримтжуулан, автомашиныг хураан авч, битүүмжилсэн, мөн Б.Ц нь тухайн үйлдлээ автомашиныг би голоод унадаггүй, хүү унаж байгаа талааар тайлбар өгсөн гэсэн агуулга тусгагдсан байна. Уг тайлангийн баримтад нэхэмжлэгч Б.Ц гарын үсгээ зурсан байна. /хх-42-49/
Нэхэмжлэгч Б.Ц дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна хүүхдэдээ автомашин унуулаагүй, шалгалт хийсэн тайланд гарын үсэг зуруулахад миний нэртэй зөрчил байхгүй байсан, сүүлд ийм зүйл бичсэн байсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тайланд гарын үсэг зурсан үйл баримтаар няцаагдаж байна.
Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 463 дугаар тогтоолоор О.А ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд тус хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ц нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 00-21 ОРО улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн автомашиныг өөрийн төрсөн хүү Ц.Гантулгад 2019 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл унуулан, төрийн өмчийн эд хөрөнгийг дур мэдэн, зориулалтын бусаар ашиглаж байсан нь шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. /хх-181/
Мөн газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Б.Цийг О.А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг мөн өдрөөр тасалбар болгон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж болгон хэрэгжүүлэхийг даалгажээ. /хх-177/
Иймээс хариуцагч О.А ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг Хөдөлмөрийн гэрээний 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг цуцалсан гэж үзнэ. Хуулийн энэхүү заалт нь хөдөлмөрийн онцлог төрлийн гэрээ болох контрактыг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт болно. Контрактын гэрээний дагуу ажиллагч нь буюу ажилтнаас илүү ур чадвар, үүрэг, хариуцлага хүлээх этгээд байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан.
Өөрөөр хэлбэл, контрактын гэрээг цуцлах нарийвчилсан уг зохицуулалт нь сахилгын шийтгэл-ийн төрлийг тодорхойлсон агуулгаар бус, харин гэрээг хугацаанаас өмнө цуцлахад хамаарах уг зүйл, хэсгийн бусад заалтын /41.1.1-41.1.7/ хамт хэрэглэх учиртай. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд тодорхойлсон ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд хамаарахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цийн, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/01592 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цийн, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 33 720 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД