| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0005/З |
| Дугаар | 110/ШШ2025/0058 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2025/0058
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч А.С нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” -аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, А.С Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, А.С 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгасан байна.
2. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар А.С төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. Нэхэмжлэгч А.С дээрх захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2728 дугаар албан бичгээр “шүүхэд хандан шийдвэрлүүлэх” гэж хариу өгснөөр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч А.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Монгол улсын иргэн А.С би Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд хууль ёсоор томилогдсон.
2024 оны 10 дугаар сард явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн Ардчилсан нам олонх болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга А.Б томилогдсон. Гэтэл А.Б нь уг албан тушаалд томилогдсон цаг мөчөөс эхлэн намайг албаны өрөөнд удаа дараа дуудаж, “Та өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөөрэй, би цаашид тантай хамтарч ажиллахгүй’’ гэж хэлж байсан. А.С би А.Б даргад “Таны уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, би төрийн албанд хууль ёсоор томилогдсон, ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэж байгаа” гэж тухай бүрд хариу өгч байсан. Гэтэл ажил олгогч нь 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б\22 дугаартай тушаалаар намайг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан явдалд гомдолтой байна.
А.С би ажил олгогчийн тушаалд заасан намайг ажлаас халах болсон гэх үндэслэлүүдийг бүхэлдээ зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1.А.С намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхээр эцсийн шийдвэр одоо хүртэл гараагүй байна.
2.Тухайн үед төрд олон жил ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн М.Х албан ажлын шаардлагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Ш.х зөвшөөрснөөр уг албан тушаалд түр томилсон ба М.Хурмангазыг 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Гэвч М.Х нь уг албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3.Уг захирамжид “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын жолоочоор ажиллаж байсан ажилтныг жолоочоор хэвээр хадгалан сул ажиллуулан цалинжуулж байсан нь Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн” гэжээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны жолоочоор Ш.Б нь олон жилийн өмнөөс ажиллаж байсан, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.Б нь одоо ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажиллаж байна.
4.Захирамжид “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ашиглаж байсан Ланд крузер автомашины 0004 БӨА улсын дугаарыг өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшил Лада ВАЗ-2101 машинд шилжүүлэн авч, Авлигын эсрэг хууль зөрчсөн” гэжээ.
2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хэрэгцээнд ашиглаж байсан автомашиныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийтийн үйлчилгээний албанд зохих журмын дагуу шилжүүлж өгсөн. Дараа нь уг автомашиныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн.
Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны Б\22 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Учир нь уг захирамжид захиргааны актыг гаргасан байгууллагын хаяг бичигдээгүй, албан бус бланкад бичигдсэн, уг актад Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг бичсэн боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн албаны тухай хуульд 47.2.1 гэсэн заалт байхгүй юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь хэсэгт “захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг \эхийн\ нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл” зэргийг тодорхой заасан байх гэж заасныг зөрчиж илэрхий алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Иймд төрийн жинхэнэ албан хаагч А.Серикболат би өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Хавтаст хэрэгтэй танилцаж байгаад 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, тодруулсан тухай шүүхэд хүсэлт гаргасан. Үүнд: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, А.С 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар 4 үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож, энэ талаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч гэм буруутайд тооцсон гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцох зарчим үйлчлэхгүй. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн эцсийн шийдвэр гарсан. А.С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхад үйлдэгдсэн гэмт хэрэг учраас Хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагаасаа татгалзаад багасгасан байгаа. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш маргаан бүхий тушаал гарсан бол маргаан гарахгүй байсан. Дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад ажлаас нь чөлөөлсөн буруу юм.
2. М.Х асуудлыг А.С өөрөө илрүүлсэн. А.С нь бүрэн эрхийг хэрэгжүүлэх байх хугацаанд М.Х үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед М.Х нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсныг мэдээгүй, мэдсэн даруй ажлаас нь чөлөөлсөн.
3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын жолоочоор ажиллаж байсан Ш.Б нь 2016 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Бүтэц,орон тоонд тухайн орон тоо байсан. Энэхүү үндэслэлээр А.С төрийн албанаас халах үндэслэл байхгүй.
4.Машины улсын дугаарын асуудал байна. Үүнээс болж төрд ямар нэгэн хохирол учруулаагүй. Зөрчил гаргалаа ч гэсэн Төрийн албаны тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.
Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар тушаал хууль байсан гэдэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд тухайн маргаан бүхий захирамж гарсан өдрөөс эхлэн Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас тухайн хэргийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн нөлүүлэх нь шударга ёсонд нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хариу тайлбартаа:
“А.С нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2014 оноос хойш ажиллаж байсан ба энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж байсан нь Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд заасан хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцогдож, энэ талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч гэм буруутайд тооцсон нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлүүдийн нэг болж байгаа болно.
Мөн түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолоор иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний орон тоо нь төрийн захиргааны албан тушаалын ангиллаар батлагдсан байтал тус төрийн захиргааны албан тушаалд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, нийтийн албаны эрхийг хасуулсан М.Х нийтийн албанд ажиллах эрхийг хассан хугацаанд төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар томилсон нь бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэтрүүлсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж томилгоо хийж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Төрийн албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл болох 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “Хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглох” заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор Хурлын ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг 6 дугаар хавсралтаар батлахыг зөвшөөрсөн нь төрийн захиргааны орон тоо болохыг нотолж байна. Уг тогтоолын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн иргэнийн оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг 6 дугаар хавсралтаар баталсан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Аймаг , нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын авто машин ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус зохицуулалтын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ашиглаж байсан авто машиныг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэг байршилд татан төвлөрүүлэн, албан хэрэгцээнд дуудлагын авто машины зориулалтаар ашиглуулах шийдвэр гарсан хэдий ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын жолоочийг 2024 оны 12 дугаар сар хүртэл хэвээр хадгалан сул ажиллуулан цалинжуулж байсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг мөрдөөгүй байна.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ашиглаж байсан Ланд крузер авто машины 0004 БӨА улсын дугаарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн эзэмшилд байгаа Лада ВАЗ-2101 машинд шилжүүлэн авч, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 -т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” зэрэг хууль зөрчсөн зөрчлүүд илэрхий тогтоогдож байсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.С төрийн албанаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг 4 үндэслэлээр гаргасан гэж тодорхой тайлбарлаж байна. Уг 4 үндэслэлийн нэг нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс шийтгэх тогтоол гарсан гэсэн үндэслэл байсан. Тухайн үндэслэлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж ойлгож байна. Гэхдээ энэхүү үндэслэлээр хангах боломжгүй. Энэ нь дээр дурдсан 4 үндэслэлийн зөвхөн нэг үндэслэл нь байна. Харин цаана нь хууль зөрчсөн тодорхой үйлдлүүд байгаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар захирамжид “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт” гэж бичигдсэн байсан. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлсэн захирамж дээр “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт” гэж бичсэн байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргадаг өдөр уг захирамжийг А.С даргад гардуулж өгсний дараа анх техникийн алдааг мэдсэн. Тэгээд А.С нь “үдээс хойш 15:00 цагт ирээд, ажлаа хүлээлцэнэ” гэж хэлж яваад, дахиж ирээгүй. Захирамжийг зөвтгөж гаргасан талаар А.С өөрт нь мэдэгдсэн боловч “би мэдэхгүй, надад өгсөн юмаа л авна” гэж хэлээд, бидний тайлбарыг сонсоогүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч А.С “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дах заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.С төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид “Төрийн албаны тухай хуулийн ...47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалт” гэсэн байх ба харин хариуцагчаас хариу тайлбарын хамт ирүүлсэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид “Төрийн албаны тухай хуулийн ... 47 дугаар зүйлийн 47.1.2 дах заалт” гэж бичсэн байна.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Сахилгын шийтгэл ногдуулсан захирамж гаргадаг өдөр уг захирамжийг А.С даргад гардуулж өгсний дараа анх техникийн алдааг мэдсэн. Тэгээд А.С нь “үдээс хойш 15:00 цагт ирээд, ажлаа хүлээлцэнэ” гэж хэлж яваад, дахиж ирээгүй. Захирамжийг зөвтгөж гаргасан талаар А.С өөрт нь мэдэгдсэн боловч “би мэдэхгүй, надад өгсөн юмаа л авна” гэж хэлээд, бидний тайлбарыг сонсоогүй” гэсэн тайлбар гаргасан, өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын техникийн алдааг зассан байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар, хавсаргасан нотлох баримттай танилцсан байгааг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай“ тогтоолоор батлагдсан иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний төрийн захиргааны ангиллын албан тушаалд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан М.Х төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар томилон, бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэтрүүлсэн” гэх зөрчлийн хувьд :
3.1. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ба уг тогтоолын 1,2 дугаар хавсралтад зааснаар Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст “иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтэн”-ий төрийн захиргааны ангиллын, ТЗ-5 зэрэглэлийн 1 орон тоо батлагдсан.
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг 6 дугаар хавсралт ёсоор шинэчлэн батлахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.С зөвшөөрсөн байна.
Үүний дагуу Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба тодорхойлолтод зааснаар уг албан тушаал нь дэс түшмэл, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 45-47,48-49,50-56 дах тал/ тус тус тогтоогдож байна.
3.2.Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар М.Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн иргэний оролцоо, олон нийттэй харилцах ажилтнаар томилж, төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ.
Уг иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлах тухай захиалгыг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/285 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд ирүүлж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар “М.Х нь шүүхийн шийдвэртэй гэдгээ нуун дарагдуулж ажилд томилогдсон нь илэрсэн тул” гэсэн үндэслэлээр М.Х ажлаас чөлөөлсөн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 57,58,113 дах тал/ тус тус тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл, Хурлын нарийн бичгийн дарга А.С нь эрх бүхий этгээдээс 2021 оны 12 дугаар сард шинээр баталсан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтний төрийн захиргааны ангиллын сул орон тоог нийтэд зарлахгүйгээр, уг орон тоонд М.Х “ажилтан” нэрээр томилж, төрийн үйлчилгээний ангиллын цалин хөлс олгож байсан, түүнийг томилсон шийдвэр гаргаснаас хойш 5 сарын дараа тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
3.3.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолын 3 дах заалтаар М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 дэх заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,9000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/01 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/47 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дах заалтад өөрчлөлт оруулж, магадлал, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 170-188,189-198,199-208 дах тал/ тогтоогдож байна.
3.4.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно: 22.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:31.1.2.төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл, журмаар халагдсан өдрөөс хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй, тодорхой хугацаагаар төрийн жинхэнэ алба хаах эрх хасагдсан иргэний уг хугацаа дуусаагүй”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж тус тус заажээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 5.1-д “Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ: 5.1.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх; 5.1.7.төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх”, 7.2-т “Энэ журмын 5.1-т заасан болзлыг хангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлд оруулна: 7.2.8.эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт”, 7.5-д “Бүртгүүлж буй албан хаагч, иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн оруулна” гэж төрийн албаны сонгон шалгаруулалтад ороход тавигдах болзол, бүрдүүлэх баримт бичгийн талаар тус тус нарийвчлан зохицуулсан.
3.5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр Хурлын Ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст “иргэний оролцоо, олон нийттэй харилцах мэргэжилтэн”-ий төрийн захиргааны албан тушаал шинээр батлагдсан байх ба уг мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Хурлын нарийн бичгийн дарга А.С нь 2022 оны Б/07 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан мөртлөө энэхүү төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр буюу олон нийтэд мэдээлэхгүйгээр, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг холбогдох байгууллагад хүргүүлэхгүйгээр, төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журмыг зөрчиж, Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж, улмаар нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан этгээдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 25 дугаар зүйлийн 25.1,27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дах заалтуудтай тус тус нийцээгүй, улмаар 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дах заалтыг буюу төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглосон зүйлүүдийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “А.С нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх байх хугацаанд М.Хурмангазыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед М.Х нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсныг мэдээгүй, мэдсэн даруй ажлаас нь чөлөөлсөн” гэсэн тайлбар гаргасан.
Гэвч дээр дурдсанчлан төрийн жинхэнэ албан тушаалд хуулиар тогтоосон шаардлага хангасан, хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтад хамаарахгүй иргэнийг сонгон шалгаруулалтаар томилох ёстой, тухайн иргэн нь сонгон шалгаруулалтад орохын тулд хууль, журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
4.Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга албан тушаалын автомашиныг ашиглахаа больсон хэдий ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын жолоочоор ажиллаж байсан ажилтныг хэвээр хадгалан, сул ажиллуулан цалинжуулж байсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг мөрдөөгүй” гэх зөрчлийн хувьд :
4.1. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн тогтооход Хурлын даргын жолооч, Ажлын албаны жолооч гэсэн 2 орон тоо батлагдсан байх ба үүний Ажлын албаны жолооч гэсэн орон тоонд Ш.Б ажиллаж байсан.
Ш.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор батлагдсан Ажлын албаны аж ахуйн туслах ажилтан гэсэн орон тоонд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр томилогдох хүртэлх хугацаанд жолоочийн орон тооны цалин хөлсийг авч байсан нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 64-67,68-72,82-83 дах тал/ тогтоогдож байна.
4.2. 2022 оны 4 дүгээр сарын 29 -ний өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Ажлын албанд ашиглаж байсан улсын бүртгэлийн БӨА-0004 дугаартай, Land cruiser 105 маркийн автомашиныг тус Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Нийтлэг хэрэгцээний хүрээнд дуудлагын автомашины зориулалтаар болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.5-д заасан байгууллагуудад хуваарилах тээврийн хэрэгслийн жагсаалт”-д оруулж баталсан /Хавтаст хэргийн 141-159,163 дах тал/ байна.
Улмаар Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 ш тээврийн хэрэгслийг хавсралтад заасан хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд балансаас балансад шилжүүлсэн байх ба хавсралт болох “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан байгууллагуудад хуваарилагдсан тээврийн хэрэгслийн жагсаалт”-ын 2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Land cruiser 105 маркийн автомашиныг Бугат сумын Засаг даргын Тамгын газарт / Хавтаст хэргийн 160-162,163 дах тал/ хуваарилан шилжүүлжээ.
4.3.Дээрх байдлаар Ш.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан Хурлын Ажлын албаны жолооч гэсэн орон тоонд ажиллаж байсан ба 2022 оны 4 дүгээр сарын 29 -ний өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглосноор Хурлын Ажлын албанд ашиглаж байсан Land cruiser 105 маркийн автомашиныг Бугат сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Хурлын Ажлын албанд ашиглаж байсан Land cruiser 105 маркийн автомашиныг Бугат сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлснээр Ш.Б нь жолоочоор ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
4.4.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.9.дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч А.С нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагчийн хувьд Ш.Б жолоочоор ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр Ш.Б жолоочийн албан тушаалын цалин хөлс олгож байсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.1-д заасан хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд баримтлах зарчмуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэж хариуцагчаас үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ашиглаж байсан Land cruiser 105 маркийн автомашины 0004 БӨА улсын дугаарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн эзэмшил Лада ВАЗ-2101 машинд шилжүүлэн авч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дах заалтуудыг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд:
5.1.Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, …” гэж тус тус заасан.
5.2.Дээр дурдсанаар Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.5-д заасан байгууллагуудад хуваарилах тээврийн хэрэгслийн жагсаалт”-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ашиглаж байсан улсын бүртгэлийн БӨА-0004 дугаартай, Land cruiser 105 маркийн автомашин багтсан байх ба Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболатаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/277 дугаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 0004 БӨА улсын дугаартай автомашиныг Бугат сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн өгөх болсон тул тээврийн хэрэгслийн улсын дугаар болох 0004 БӨА дугаарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны хэрэгцээнд хадгалж өгнө үү” гэсэн албан бичгийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт явуулсан.
Үүнээс хойш 1 сарын дараа Хурлын нарийн бичгийн дарга А.С 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/331 дүгээр “Тус байгууллагын эзэмшилд байгаа Land cruiser 105 маркийн 0004 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хадгалах талаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Дугаар хадгалах төлбөр манай байгууллагын төсөвт тусгагдаагүй, төлбөр төлөх боломжгүй учир өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлж өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг Автотээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дах салбарт, мөн ”Улаан” ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар “Тус компанийн эзэмшилд байгаа Лада маркийн 4781 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 0004 БӨА улсын дугаар болгон сольж өгнө үү” гэсэн албан бичгийг Автотээврийн үндэсний төвийн аймаг дах салбарт тус тус явуулсан байна.
Улмаар БӨА- 0004 улсын дугаарын эзэмшигч нь “Улаан” ХХК болсон байх ба тус компанийн үүсгэн байгуулагч нь А.С, хувьцаа эзэмшигч нь Ж.Г, А.С нар, захирлаар 2011 оноос Ж.Г ажиллаж байгаа, Ж.Г нь нэхэмжлэгч А.С эхнэр болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох / Хавтаст хэргийн 139-140,163 дах тал, 2 дах хавтаст хэргийн 84-86, 90, 134-137,138-139, 140,141,142 дэх тал/ баримтуудаар тогтоогдож байна.
5.3.Дээрх нотлох баримтуудаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.С нь Хурлын Ажлын албанд ашиглаж байсан автомашины улсын дугаарыг эхнэрийнхээ компанид шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа тул хариуцагчаас нэхэмжлэгч А.С албаны эрх мэдлээ урвуулан ашигласан буюу албаны эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч А.С эхнэр захирлаар ажилладаг “Улаан” ХХК нь БӨА-0004 улсын дугаарын одоо хүртэл эзэмшиж байгаа тул зөрчил үргэлжилж байна гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.С нь Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэгт холбогдож, энэ талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч гэм буруутайд тооцогдсон” гэх зөрчлийн хувьд:
6.1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасан.
6.2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/667 дугаар шийтгэх тогтоолоор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/157 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Улмаар уг эрүүгийн хэрэгт хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 210-267 дах тал, 2 дах хавтаст хэргийн 1-82, 123-124 дэх тал/ тогтоогдсон.
6.3. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед нэхэмжлэгч А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан, гэхдээ хүчин төгөлдөр болоогүй байсан нь тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэвээр баталснаар нэхэмжлэгч А.С ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.
7. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4.төрийн албанаас халах” гэж заасан.
Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч А.С ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.
Учир нь, маргаан бүхий захиргааны актаар 4 үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ба төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журмыг зөрчиж, Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж, улмаар нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан этгээдийг томилж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2,39.1.3 дах хэсгийг зөрчсөн, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.1-д заасан хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд баримтлах зарчмуудыг зөрчсөн болон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийг зөрчсөн зөрчил гаргасан нь тус тус тогтоогдож байгаа.
Үүнээс гадна, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталснаар нэхэмжлэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр болсон байх тул дээрх үндэслэлүүдээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.1.4-т заасантай нийцэж байна гэж дүгнэлээ.
8. Түүнчлэн нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэлээ “ ...Тухайн захирамж нь угаасаа хууль бус захирамж байсан. Тухайн үед анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан. М.Х захирамж гаргахаас өмнө нь ажлаас чөлөөлсөн байсан. Машины дугаарын асуудлын хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Жолоочийн хувьд өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Эдгээр нь А.С шууд төрийн албанаас халах үндэслэл болохгүй. Харин маргаан бүхий захирамж 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гарсан байвал маргах юм байхгүй байсан” гэж тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:106.3.3.захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлээр бус, харин дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актад заасан сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлүүдтэй холбогдуулан тайлбарласан.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг цуцлаагүй, хүчингүй болгоогүй, бусад байдлаар хэрэгжсэн гэх нөхцөл байдал байхгүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан урьдач нөхцөл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Иймд А.С төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1,48.1.4-д заасантай тус тус нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны актыг хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3,39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1,48.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ