Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогч М.Д ,

Шинжээч Т.А ,

Шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Д-ын А-д холбогдох 1816000210023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Х.... багийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын ....... багийн ........ тоотод оршин суух, 1955 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, .............. регистрийн дугаартай, Боржигон овогт Д-ын А  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А  нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн таксины зогсоолд 2018 оны 1 сарын 15-ны өдөр М.Д-г зодож, түүний эрүүл мэндэд зүүн дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн таксины зогсоолд 2018 оны 1 сарын 15-ны өдөр М.Д нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд зүүн дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.А  нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өдөр бид хоёр хоёулаа зогсоол дээрээ ирээд зогссон. Нэгдүгээр эгнээ, хоёрдугаар эгнээ ар араасаа ирээд зогссон. Тэгж ар араасаа зогсож байгаад хойшоо урагшаа болоод машинууд гараад явдаг юм. Би нэгдүгээр эгнээнд зогсож байгаад хүн суулгаад Д-г хойшоо болоод ухарчих гэхэд уурлаад түүнээс болж маргаан үүссэн. Би нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Буулгаж ирээд бөгс, толгой, мөр рүү өшиглөсөн гэсэн байгаа юм. Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гадаа бид хоёр хоёулаа нэг нэгэнтэйгээ зууралдаж цохилцсон. Хуулинд заасан нэгж гэдэг зүйлийг ойлгоогүй 50 нэгж гэхээр нь 50.000 төгрөгөөр торгох юм болов уу? гэтэл энэ нь 500.000 төгрөг юм байна лээ улсын яллагч тайлбарлаж өгсөн... Би нэгдүгээр эгнээнд байсан. Нэгдүгээр эгнээ гэдэг нь явах зөвшөөрөлтэй эгнээ... М.Д  хоёрдугаар эгнээнд зогсож байсан. Тэнд мотоцикльтой такси үйлчилгээнд явдаг хүмүүс зогсдог бид нар тойрч гардаг. Зүгээр урагшаа хойшоо ухраад зөрөөд гараад явдаг... Намайг заамдсан гээд байгаа юм. Хоёулаа машинаасаа бууж ирээд заамдалцсан... Нэг удаа нүднийх нь доор цохисон... Цагдаа дээр бид хоёр хоёулаа гомдолгүй гээд олны дунд нэг нэгнийгээ янз бүрээр хэлээд яахав гээд больсон... Бид хоёр тохиролцоод ингээд салья гэсэн болохоор би намайг цохиогүй гэж мэдүүлэг өгсөн... Зовхинд цус хуралт зулгаралт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хавирга, бөгс рүү цохисон гэж мэдүүлсэн байсан. Би цохисон зүйл байхгүй... Ингэж худлаа мэдүүлсэн байгаа болохоор шинжээч эмчээс энэ талаар асууя гэж бодсон юм... Эмчилгээний зардал тэдэн төгрөг гарлаа гэж надад хэлээгүй... Иймэрхүү зүйл хийх дэмий юм байна. Өөрийгөө хохироодог юм байна гэдгийг ойлгож байна... Нүд рүү цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Би хөдлөөд миний араас гараад явсан. Цус гарсан эсэхийг би мэдэхгүй байна. Нэг хоёрдугаар эгнээ гэдэг дээр худлаа хэлээд байна. Нэг хоёрдугаар эгнээ биш. Нэгдүгээр эгнээ эхэлж яваад хоёрдугаар эгнээ араас нь явдаг. Дунд нь зогсож байхдаа энэ хүн харахгүй... Санаандгүй цохилтоор нүд рүү нь цохисон... Нүд нь ийм шайрагтай байдаг гэдгийг бүгд мэднэ. Хотоос болор солих эмч нар ирэхэд бид нар чи орж болороо солиул. Хараагүй болчихвол яана гээд бүгд хэлж байсан... нүд рүү нь цохьё гэж бодоогүй юм. Манай хүн надад гомдоод яваад байсан бол нэгдүгээрт та надаас уучлалт гуй, хоёрдугаарт эмчилгээний зардал тэдэн төгрөг өг гэсэн бол өгөх байсан. Тэрнээс хойш бид хоёр сайн үг ч дуугараагүй. Муу үг ч хэлээгүй урд хойноо ороод явдаг байсан... Зөвшөөрч байна... Хэргээ хүлээж байна. Үүн дээр хэлэх зүйл байхгүй. Би төрийн байгууллагад дөч гаран жил ажилласан. Үүнтэй маргаад ч яахав. Цагдаагийнхан бид хоёрыг тохиролц гэсэн. Бид хоёр тохиролцох гэтэл ажлын өдөр дуусаад амралтын өдөр болсон. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг юм байна. Намайг ууртай гэж байна. Би тухайн үед уурласан. Би хорин долоон найман жил Тамгын газар ажилласан. Би гайгүй дарга нарын машин бариад явж байсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хууль мэднэ...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Эмнэлгийн баруун талын зогсоол дээр бид нар хорин дөрөв тавуулаа зогсдог. Тэгээд зогсож байхад би хоёрдугаар эгнээд байсан нь үнэн. Энэ хүн нэгдүгээр эгнээнд байсан нь үнэн. Тэгээд энэ хүн ирээд чи хойшоо зогсоход яадаг юм гэхээр нь та яагаад байгаа юм бэ? юу болоод байгаа юм бэ? гээд би бууж ирээд бариад авахын хооронд нүд рүү 4 удаа цохисон. Тэнд халтиргаатай байсан учраас гутал халтираад унасан. Гэтэл 2, 3 удаа өшиглөсөн түүнийг би өшиглөсөн гээд заавал гомдол нэхээд байх зүйл байхгүй. Өшиглөөгүй гэж хэлэхээр бас эвгүй байна. Тэр үедээ ухаан санаа нь үймэрчихсэн байсан юм уу? сандарсан байсан юм уу? зүгээр байж байгаад би нуруу, 2 мөр өвдөөд байна гээд худлаа хэлээд байх сонирхол надад байхгүй. Яг үнэнээр нь хэлэхэд ийм байна. Энэ хүн миний нүд рүү цохисноос болж маш том хагарал үүсээд шинжээч дээр очиж шинжилгээ хийлгэхэд нэг цохилтоор тийм гэмтэл авахгүй шүү дээ. Би эмнэлгээр яваад хэд хэдэн хүнд үзүүлсэн. Цус тогтоолгох тарилга хийлгэсэн. Тэгээд цус нь тогтож үзлэг хийлгэсэн. Түүнээс хойш цус алдсаны дараа хэд хоног шингэн, өвчин намдаах тариа хийлгэж 40.000 төгрөгийн зарлага гарсан. Түүнийг энэ хүнээс би нэхээгүй, нэхэх сонирхол ч алга байна. Иймэрхүү зүйл болсон юм байгаа юм. Бид хоёр хоёулаа л ахмад настай хүмүүс энэ хүнийг маань хөнгөн шийтгэж өгөөрэй гэж хувь хүний талаас хүсэж байна... Бид хоёр муудалцаад зодоон болоод дууссаны дараа цусаа тогтоогоод сууж байхад энэ хүний машинд үйлчлүүлэгч ирж суугаад явсан. Машин чөлөөтэй хойшоо, урагшаа гарч явахаар байсан. Би урд нь хөндөлдөж хаасан зүйл байхгүй. Би хэлсэн л дээ хүн буруу зөв ярина. Тэр камерыг шалгах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэрнээс 2 сарын дараа ажиллахаа больсон гэж байсан... Зүүн нүдний доор язраад хагаралт өгсөн. Тэр хэсгээс нэлээд их цус гарсан. Эмнэлэг дээр очиж цус тогтоолгох тариагаар тогтоосон... Хааяа унтаж байгаад сэрэхээр нүдний ухархай руу час час гээд хатгадаг. Өрөөсөн нүд маань хаагдчих юм болов уу? гэсэн бодол одоохондоо байхгүй... Өнөөдрийн байдлаар бид хоёр адилхан үе тэнгийн настай, намбатай хүмүүс. Энэ хүн надаас уучлалт гуйсан бол зүгээр байсан юм. Би дотроо харж байсан. Мөрдөн байцаагч А-д бас хэлж байсан. А  ирж уулзаж байна уу? уучлалт гуйж байна уу? гэхэд гуйхгүй байна гэсэн. Хэрвээ гуйгаад ирвэл би хүн шүү дээ гээд дэд хурандаа А-д хэлж байсан. Одоогийн байдлаар энэ хүнд гомдолгүй... Сохор гэж 2, 3 удаа хэлсэн. Би 2 зүйлд гомдож байгаа. Нэгдүгээрт яагаад гомдож байгаа вэ? гэхээр би 2011 онд зааланд тоглож байгаад өрөөсөн нүдээ хүний гарт өртөөд цохиулж өрөөсөн нүдгүй болсон юм. Эрүүл нүдэн дээр минь хэд хэдэн удаа нэг доор цохисонд нь харамсдаг. Хоёрдугаарт нь тэр хүмүүсийн дэргэд сохор пизда гээд настай намбатай хүн тэгж хэлээд байх нь чихэнд эвгүй сонсогдсон. Энэ хоёр зүйл дээр гомдож байгаа... Миний үе тэнгийн хүн үүнээс хойш болгоомжтой байгаарай түргэн уур ийм зүйлд хүргэдэг юм байна. Аль болох хөнгөн шийтгэж өгнө үү? 500.000 төгрөгөөс нь хөнгөрүүлж 250.000 болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч а/д Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Д  гуай өөрийн биеэр ирж үзүүлсэн. Тухайн үед үзэхэд зүүн дээд, доод зовхи 8:7 сантиметрийн хөх цус хуралттай зүүн доод зовхины хэсэгт 0,8:0,3 см зах ирмэгийн тэгш байдал нь шархтай 0,4:0,3 сантиметрийн улаан хүрэн өнгийн зулгаралттай гэмтлүүд байсан. Бусад газар гэмтэл байгаагүй. Өөрөө ч гэсэн гэмтэл байхгүй гээд хувцасаа тайлж үзүүлэхгүй байсан. Эмнэлгийн бичиг баримтад зүүн доод зовхины хөхөрсөн, язралттай, хавантай боолт хийлгэсэн, одоогоор цус гоожоогүй гэсэн байсан. Онош нь зүүн доод зовхины няцрал гэсэн байсан. Гэмтлийн эмчид үзүүлсэн байсан. Гэмтлийн эмчийн онош нь тархи доргисон гэсэн онош тавьсан байсан. Д- гийн биед зүүн дээд доод зовхи цус хуралт доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо гээд хөнгөн зэргийн гэмтэл гарсан байгаа... Цус хуралт нь захаасаа бага зэрэг шаргалтсан зулгаралтад тав тогтсон байсан... Гэмтлийн зэрэг тогтоох журам гээд 2015 онд гарсан журам байгаа. Үүнийг баримталж байгаа 2.4.1 дээр гэмтэл түүнээс үүсэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоон хоногоор буюу түр хугацаагаар сарниулсан гэж байгаа дөрвөн долоон хоног буюу нэг сарын дотор ямар нэгэн эмнэл зүй, зовиур, шаналгаатай, байвал энэ нь хөнгөн гэмтэлд хамаарна гээд заагаад өгсөн байгаа. Үүн дээр зүүн дээд доод зовхи гээд эрхтэнгээ хамарчихсан байгаа учраас энэ нь эд эрхтэнгийн үйл ажиллагааны хямрал учраас яах аргагүй дөрвөн долоон хоногоос доошгүй хугацаанд эдгэрэх учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа... Мохоо зүйл гэдэг нь ерөнхийдөө мохоо зүйлийг хэлнэ. Гар, хөл, гутал зэрэг нь мохоо зүйлд орно. Мохоо зүйл ир үзүүртэй зүйл гэж хоёр хуваадаг. Хэдэн удаагийн цохилтын үйлчлэлээр гэхээр үүн дээр хажууд нь харж байгаагүй учраас тогтоох боломжгүй. Нэг цохилтоор язралт шарх үүсээд доошлоод цус хуралт үүсээд тэр хувийн эд эрхтэнгүүд цочирлоороо цус хурчихсан байх магадлалтай. Эхлээд нэг хүчтэй дараа нь нэг зөөлөн цохисон ч юм уу? үүнийг тогтоох боломжгүй учраас тэдэн удаа цохисон гэж хэлэх боломжгүй... Яагаад гэхээр нэг газрын цохилтын улмаас тэр хэсэгтээ үүссэн учраас ганцхан хэсэгтээ гэмтэл байгаа. Хэрвээ энд тэндээ зулгаралт байсан бол түүнийг 2, 3 удаагийн үйлчлэл гэж тогтоох боломжтой. Нэг газраа үүссэн учраас нэг удаагийн, хоёр удаагийн гэж хэлэхэд хэцүү...Эмнэл зүйн тархи доргилтын шинжүүд байдаг. Тэр шинжүүд над дээр ирж үзүүлэхэд илрэхгүй байсан. Гэмтлийн эмч тархи доргилт гээд биччихсэн өөр ямар нэгэн үзлэг байхгүй байсан учраас шууд үндэслэх боломжгүй байсан... Зүүн дээд, доод зовхийг аниулж байгаад үзэхэд 8:7 сантиметр хамгийн том хэмжээ гээд биччихсэн байна... Нийт биеийн нэг хувиас илүүгүй бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн байгаа. Гэхдээ зовхи гэдэг зүйл дангаараа шинжлэх ухаанаар судлагддаг. Тус тусдаа эрхтэн. Зовхи гэдэг эрхтнийг бүхлээр нь хамарсан болохоор эд эрхтний үйл ажиллагаа хямраана гээд гарсан байгаа... Үүн дээр нэмж хэлэхэд 0,8:0,3 см зах ирмэг нь тэгш бус шархтай гээд шархнаасаа цус гоожсон байсан. Ямар нэгэн шарх өөрөө хөнгөн гэмтэлд ордог. Яагаад гэхээр эдгэрэлт нь удаан байдаг учраас хөнгөн гэмтэлд ордог... шарх гэдгийг арьсны бүрэн бүтэн байдал алдагдахыг, арьс долоон давхаргатай түүний долоон давхарга алдагдаад цаашаа нэвтрэхийг шарх гэж үзнэ. Зулгаралт гэдэг нь арьсны долоон давхаргыг гэмтээсэн. Цаашаа ороогүйг зулгаралт гэнэ гэж заасан байгаа... Зовхин дээр зулгаралт байхгүй байсан ч хөнгөн гэмтэл гарна. Зовхин дээр цус хуралт байхгүй байсан ч гэсэн шархаар хөнгөн гэмтэл гарна... Энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг сарниулж байгаа хугацаагаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 01 сарын 15-ны өглөө 11 цаг өнгөрч байхад би өөрийн 17-74 ГАҮ улсын дугаартай автомашинаараа такси үйлчилгээнд яваад аймгийн Нэгдсэн эмнэлгийн таксины зогсоол дээр хамгийн урд талд нь зогсож байсан. Тэгтэл миний ард Дугарсүрэн гуай гээд нэг хүн ууртай дуудахаар нь би эргээд цонхоо буулгаад хартал таксины жолооч А  намайг дуудсан байсан...А  машинаас бууж алхаад миний машины хажууд ирсэн. Ирээд чи муу яасан урд зогссон юм гэхээр нь би яасан юм яг л зогсодгоороо зогсож байна гэж хэлээд та яагаад байгаа юм бэ гэхэд муу сохор пиздаа чи энэ тэр гэхээр нь миний уур хүрээд машинаас буугаад иртэл намайг заамдаад авсан...А заамдаатай байгаад байсан “би тавь” гэж шаардлага тавиад заамдсан гарыг нь тавиулсан. Тэгтэл миний энгэрээс заамдсан гараа авангуутаа зүүн талын нүдэн дээр гараараа шууд цохиж авсан. Нэг дор хэд хэдэн удаа цохиж авсан. Би гал манараад газар унасан. Намайг газар унахад А 2 талын мөр, бөгс хавирганд хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх 15-17-рт/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би А-ийг зодсон талаар сонссон. Тэр үед нь би цуварч зогссон таксинуудын ард машин дотроо сууж байсан. Дугарсүрэн нь дараа нь нүдний шил хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг/хх 18-рт/,

Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Хоорондоо зууралдчихсан, нэгнийх нь малгай уначихсан байсан. Д  нь унаж босч ирээд Д.А-тэй барилцаад авахаар нь очиж салгасан...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүлээн зөвшөөрч байна...Нэг удаа зүүн хацар руу нь атгасан гараараа цохисон...Би түүний мөр, бөгс, хавирганд өшиглөөгүй. Би түүний нүүрэнд нэг удаа л цохисон...Дугарсүрэн миний зүүн шанаанд бас 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх 39-40-рт/,

Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлэн байцаасан: “...Хохирогч: Миний зүүн нүдэнд 2-3 удаа цохисон. Мөн намайг уначихсан байх үед 2-3 удаа өшиглөсөн.

Шүүгдэгч: Би Д-гийн зүүн нүдэнд нэг удаа цохисон. Бид хоорондоо зууралдсан. Харин өшиглөөгүй.

Хохирогч: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн байгаа.

Шүүгдэгч: М.Д-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Хүлээн зөвшөөрч байна...Гомдол санал байхгүй. Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг/хх 44-45-рт/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч а/д Т.А-ын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №36 дугаартай “...1. М.Д-гийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтого алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 24-25-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Д.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх39-40-рт/, хохирогч М.Д  яллагдагч Д.А  нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх43-45-рт/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх26-31-рт/ эдгээр нь ямар нэгэн гарын үсгээр баталгаажаагүй байсан учраас хохирогч Дугарсүрэнгийн амбулаториор эмчлүүлсэн картыг эх хувиар нь өгсөн   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.А-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ болон мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаахад өгсөн мэдүүлэгтээ: “...40.000 төгрөгийн зарлага гарсан. Түүнийг энэ хүнээс би нэхээгүй, нэхэх сонирхол ч алга байна, бид хоорондоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид  төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А-ийг хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон, хохирогч нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.А-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 80-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, прокурорын гаргасан санал болон хохирогчийн “...Аль болох хөнгөн шийтгэж өгнө үү? 500.000 төгрөгөөс нь хөнгөрүүлж 250.000 болгож өгнө үү..” гэх хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж  үзсэн бөгөөд  харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Алтангэрэлийн үйлдэлд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА