| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00127/И |
| Дугаар | 311/ШШ2025/00268 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2025/00268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ... сумын ... тоотод оршин суух ... овогт ... нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг дахь ... холбогдох ......... 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г... итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..., хариуцагч Завхан аймаг дахь ... төлөөлөгч Б..., хариуцагчийн өмгөөлөгч Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г… нь Завхан ....... холбогдуулан ....... 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г... нь ... Завхан аймаг дахь ...... 2022 оны 01 сард ......... томилогдон 5 жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. 2025 оны 01 сарын 08-нд намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байр орхиж явсан гэх зөрчлөөр ажлаас чөлөөлсөн. Ажлын байранд миний бие согтууруулах ундаа хэрэглээгүй, ажлын байраа орхиж явсан удаагүй болно. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн боловч ажил дээр 24 цагаар ажиллах үед захирал Б... нь өөрийн биеэр шалгаж тэр үед миний ажил үүргийг үргэлжлүүлэн хийлгүүлсэн байдаг. Ямар ч баримт нотолгоогүй ажлаас чөлөөлсөн тул эргүүлэн ажилдаа томилуулах хүсэлтэй байгааг минь харгалзан ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүсэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ... 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3, 42.6, 43 дугаар зүйлийн 43.1, 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн. Ажлын байрыг эзэнгүй орхиж явсан. Ажлын байр дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ажил хийх хуваарьт өдрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг шалтгаанаар сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг. ........ хэсгийг орхиж явсан гэдэг асуудлын талаар ярьдаг. Гэвч тухайн сургуулийн талбай том учраас ажлын байр орхиж явсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Мөн ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг. Гэвч тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээ ирсэн болохоос ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж байгаа. Аж ахуйн дарга сургуулийн захиралд хэлж танилцуулаад өөр жижүүрийг гаргасан байдаг. Иймд ажлыг тасалсан гэж үзэхгүй байна.
Хариуцагч шүүхэд зөрчил шалгасан материал, хурлын тэмдэглэл зэргийг гаргаж өгөх ёстой байдаг. Өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг нотлохгүй гэж Улсын дээд шүүхийн тайлбарт үзсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд сахилгын зөрчлийг шалгасан баримт болон хурлын тэмдэглэл байхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зөрчлийг ямар байдлаар гаргасан юм. Зөрчил нь ямар байдлаар тогтоогдсон болохыг тогтоогоогүй байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагаа буюу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна гэж харагдаж байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн хариу тайлбарыг сонсох ажиллагаа гэж үзэх боломжгүй. ... Сонсох ажиллагаа хийгээгүй байгаа учраас нотлох баримт бүрэн бүрдсэн гэж үзэхээргүй нөхцөл байдал үүсч байна... Хэрэгт камерын бичлэгийг гаргаж өгсөн байдаг. Мөн хэзээ хэн нь бичсэн болох нь тодорхойгүй дэвтэр дээр бичсэн баримт байна. Хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог. Иймд эх сурвалж нь тодорхойгүй хурлын тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн камерын бичлэгийг ашиглах журам байхгүй юм байна. Суралцагчдын аюулгүй байдлыг хянах зорилгоор тавигдсан юм уу?эсвэл ажилчдын цаг ажлын бүтээмжийг хянах зорилгоор тавигдсан юм уу? тухайн камерын бичлэгээс ажилтан алба хаагч нар хэрхэн хуулбарлан авах талаар зохицуулалт алга байна. Иймд камерын бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээрээ авсан гэж үзэх үндэслэлгүй байна...Дараагийн буруутгаж байгаа үндэслэл нь ажил тасалсан байна гэдэг зүйлийн талаар ярьсан. Нэг өдрийн чөлөөг захирал өгөх юм байна. Гэхдээ эрүүл мэндийн хувьд нүүрний шарх үүссэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авъя гэж аж ахуйн даргадаа хэлж, аж ахуйн дарга нь ... зөвшөөрсөн нөхцөл байдал байна. Үүнийг ажил тасалсан гэж үзэхэд холбогдох баримтууд хэрэгт алга байна. Ажил тасалсан талаарх бүртгэл хэрэгт байхгүй байна. Ажил тасалсан юм уу? чөлөөтэй байсан юм уу? гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмнэлгээс үйлчилгээ авч уу гэж тодруулж байгаа нь захиргааны акт болох тушаал гарсны дараах ажиллагаа нь нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд хамаарахгүй гэж үзэж байна.
Мөн ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зүйлийн талаар ярьж байна. Тухайн үед сургууль дээр архи уучихсан байхдаа ирсэн нь тодорхой байна. Гэхдээ ... мэдүүлгээр энэ нөхцөл байдал тогтоогдох боломжгүй юм. ... архи уусан талаараа ярьдаг. Харин ... гэрч ... архи ууж харагдаагүй гэдэг... Гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй байна. ... Хөдөлмөрийн гэрээг үндэслэж тушаал гаргаагүй нь хуульд тогтоомжид нийцэхгүй байна...Хэрэгт зөрчил гаргасан талаар шалгаж тогтоосон баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Завхан аймаг дахь ... ....... Б... шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Г… шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
................ … овогтой … нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.1; 42.2.2; 42.2.3. 80.1.4 заалтууд болон, хөдөлмөрийн гэрээний 6.2.1; 6.2.2; 6.2.3 заалтууд сургуулийн жижүүрийн албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтыг хэсэгчлэн биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан болно. Тодруулбал:
1. 2024 оны 12 дугаар сарын …-ны өдрийн хуваарьт жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа ажлын байрыг тодорхой шалтгаангүйгээр 4 цагийн хугацаанд эзэнгүй орхин явсан…
2. Ажлын байрыг эзгүй орхиж явсан 2024 оны 12 дугаар сарын …-ны өдрийн орой 19 цаг 35 минутын үед миний бие гэртээ харихаар сургуулиас гарах гэж явах үедээ Г…. жижүүрийн үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа тухайд мөн сургуулийн спорт зааланд тоглож буй хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавих тухайд харилцан ярилцсан. Энэ үед түүнээс согтууруулах ундаа үнэртэж байсан. …Тухайн үед миний бие зохих арга хэмжээг авч холбогдох хууль эрх зүйн актын дагуу ажлаас чөлөөлж болохоор байсан боловч менежерүүдийн хяналтын дор ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг зөвшөөрсөн нь нэгд ажилтандаа итгэсэн итгэл, хоёрт түүний ахуй амьдралыг харгалзан үзсэн хүн чанарын илрэл мөн түүнийг ажлаас чөлөөлөх сонирхолгүй байсан гэдгийн нотолгоо юм.
3. 2024 оны 12 дугаар сарын …-ны өдрийн туршид Г…. нь ажлын бус цагаараа бусадтай нийлж ....... байранд архи авч орон хамт уусан, согтуурсан, биеэ авч явах чадваргүй болтлоо мансуурсан байдалтай байсан.
4. 2025 оны 01 сарын …-ны өдөр хуваарийн дагуу жижүүрийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд тухайн өдөр ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй согтуу, нүүр нь халцарсан, маск зүүсэн байдалтай байсан. …
Сонсох ажиллагаа хийж тайлбар авсан өдрөө жижүүр Г… 2025 оны 01 сарын …-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаад явахдаа эрүүл мэндийн шалтгаан байсныг нотлох эрх бүхий байгууллагад хандаж үйлчилгээ авсан тухай нотлох баримтаа аваад ирээрэй гэсэн үүрэг өгсөн.
Гэвч Г… нь энэ тухайд надад ахин хандаж тайлбар өгөөгүй, мөн нотлох баримт өгөөгүй тул 2025 оны 01 сарын … тушаалаа гаргасан.
Дээрх үйлдлүүд нь 2023 оны 09 сарын …-ны өдөр Г… байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д заасан Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, верийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх", 6.2.2-д заасан "Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 6.2.3-д заасан "Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцад архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх гэсэн үүргийг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн хамт олны дотоод журмын 10.1.2-д заасан "Ажлын байранд болон ажлын цагаар архи уусан багш, ажиллагсдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно", хөдөлмөрийн гэрээний 8.3.4-д заасан "Ажлын цагаар болон, ажлын бус цагаар ажлын байранд, түүнчлэн энэхүү гэрээнд хамаарах ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан" бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.
Иймд Г… гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б… шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын ...-ны өдрийн Б/... дугаартай тушаалаар ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа юм. ... зөрчил гаргасан үйлдэл нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан гэдэг нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Камерын бичлэг хийсэн тэмдэглэлд 4 минутын хугацаанд уулзсан гэсэн тэмдэглэлээр нотлогдсон. Мөн 28-ны өдрийн 13 цаг 59 минутаас хойш 22 цаг хүртэл хугацаанд сургууль дээр архидан согтуурсан болох нь нотлогдож байна.
Ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажлын байрандаа байхгүй байгаа нь камерын бичлэгээр бүрэн дүүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр жижүүрийн ажлаа хүлээлцэх гэж ирэхдээ согтуу байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.
Эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж чөлөө авсан боловч тухайн өдөр эмнэлэгт үзүүлээгүй байдаг... Эмнэлэгт үзүүлэх шалтгаанаар уусан болох нь нотлогдож байна. 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... 2 удаагийн үйлдлээр архи авчирдаг. ... мэдүүлэгтээ ..., ... нар нь жижүүрийн өрөөнд архидан согтуурсан талаар хэлдэг. Сонсох ажиллагаа явуулаагүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Сонсох ажиллагаа явуулж, хариу тайлбар авсан талаар ... өөрийн гараар бичиж өгсөн тайлбар байдаг. 12 дугаар сарын 26-ны өдөр надаас архи үнэртсэн талаараа өөрөө хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. 01 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлэх шалтгаантай тул аж ахуй хариуцсан менежерт хэлж ... гаргасан талаар тайлбар гаргасан байдаг. Сонсох ажиллагаа хийсэн үйл баримт нотлогдож байна. Тушаал гаргахад үндэслэсэн хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйлийн дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.1.ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, сөн зүйлийн 42.2.3.ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх, мөн хуулийн 43.1.1.ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, хамт олны хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2-т ажлын байранд болон ажлын цагаар архи уусан багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 8.3.4-д заасан байгаа учраас заавал хөдөлмөрийн гэрээг баримтлах шаардлагагүй. Зөрчил үйлдсэн болох нь ... мэдүүлэг, сонсох ажиллагааны явцад гаргасан өөрийнх нь тайлбар болон сургуулийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн гэрээг заавал баримтлах шаардлагагүй. Хөдөлмөрийн дотоод журмыг баримталж гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/… дугаартай … ....... тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,Завхан аймгийн … ............хорооны хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ, Завхан аймаг дахь … ............ албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Завхан аймаг дахь …........ мэдээлэл, Г…, Г… нарын өргөдөл, хард дискийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шүүх 2024 оны 12 дугаар сарын 26, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн камерын бичлэгт үзлэг хийсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч …, … нарыг хариуцагчийн хүсэлтээр гэрч Г…, Д… нарыг тус тус асууж, хариуцагчийн хүсэлтээр Завхан аймгийн ............ нотлох баримт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймаг дахь ... коллежийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/... тоот тушаалаар Г.... ажлын байрыг эзэнгүй орхисон, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил үүрэг гүйцэтгэх хуваарьт өдрөө хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг нэхэмжлэгч Г... эс зөвшөөрч ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “......... 2024 оны 12 дугаар сарын ...-ны өдөр ажлын байрыг 4 цагийн хугацаанд эзэнгүй орхиж явсан, 2024 оны 12 дугаар сарын ...-ны өдөр ажлын байран дээр архи уусан, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй учир Г... ажлаас чөлөөлсөн. Г... ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан байна.
3. Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Ажил олгогчийн төлөөлөгч Б... Г... ажлаас чөлөөлөх үндэслэлийн нэг болох 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын байрыг эзэнгүй орхисон гэсэн зөрчлийн тухайд дээрх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь:
2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймаг дахь ... ........ хадгалагдаж байгаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн өдөр Г... ажлын байран дээрээ байж байсан ба сургуулиас гарч, орох хөдөлгөөн хийсэн нь тогтоогдож байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхисон гэх үндэслэл нотлогдоогүй байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.... архи уусан байсан гэсэн хариуцагчийн төлөөлөгч Б... тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Түүнчлэн энэ талаар нотлох баримтыг хариуцагчийн төлөөлөгч ямар нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул Г... ажлын байраа эзэнгүй орхисон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
5. Г... 2024 оны 12 дугаар сарын 28-нд ажлын байран дээр архи уусан гэх зөрчлийн тухайд:
Г... нь 2024 оны 12 дугаар сарын 28-нд Завхан аймгийн ... ...........байранд архи уусан болох нь гэрч Г... “...2024 оны 12 дугаар сарын 28-ны амралтын өдөр... бид хоёр сургууль дээр очсон. Тэгээд өмнөх өдөр нь манай байгууллагын шинэ жил болсон. Тэгээд бид 3 жижүүрийн өрөөнд юм ярьж сууж байгаад гурвуулаа гарч яваад дэлгүүр ороод нэг шил архи аваад тэрийг ... бид хоёр хувааж уусан... ............ амралтын өрөөнд буюу үндсэн төв байрны үүдний хэсэгт байх амралтын өрөөнд архи уусан...” гэсэн мэдүүлгээр,
Г... Завхан аймгийн ... ........ гаргасан “ Миний бие 2024.12.28-ны өдөр жижүүр ... хамт архи уусан” гэсэн өргөдлөөр, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймаг дахь ... ...........хадгалагдаж байгаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “ … дугаартай 29 минут 59 секундын бичлэгийн 8 минут 16 секундэд нэг эрэгтэй хүн хаалгаар орж ирсэн ба халааснаасаа шилтэй зүйл гаргаж гартаа бариад баганы араар орсон. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч энэ хүн бол ... гэж тайлбарлав. 8 минут 22 секундэд хар куртиктэй эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд энэ бол ... гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлав... …. дугаартай бичлэгийн 26 минут 02 секундэд коридороор эрэгтэй хүн гуйвж дайвсан байдалтай гарч ирсэн... Коридорт багана руу хараад үг хэлсэн боловч хэлсэн үг нь ойлгогдохгүй байлаа. Хариуцагчийн төлөөлөгч энэ хүн бол ... байна гэж тайлбарлав...” гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан камерын бичлэгийн тэмдэглэл болон гэрч Г... мэдүүлгийг харьцуулан судалсны үндсэн дээр дээрх гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
6. Г... 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй гэх зөрчлийн тухайд:
Г... нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэх байсан бөгөөд тэрээр тухайн өдөр сургууль дээр ирсний дараа урьд өдөр нь мотоциклоос унаж бэртэл авсан тухайгаа с.......... мэдэгдсэн ба Л... түүний эмнэлэгт үзүүлээд ир гээд түүнийг явуулж оронд нь Ц... жижүүрийн үүрэг гүйцэтгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан гэрч Л... “...2025 оны 01 сарын 03-ны өдөр ... ажил руугаа ороход ... ирсэн маск зүүсэн байдалтай байсан. Тэгээд намайг ороход би өнөөдөр ажлаасаа чөлөө авмаар байна. Би өчигдөр мотоциклтойгоо малынхаа айлд очиж яваад мотоциклоосоо унаад нүүр амаа эвгүй болгосон Хамраас цус гоожоод эмчид үзүүлэх шаардлагатай байна гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь чи эрүүл мэндийн шалтгаантай бол эмнэлгээр явж үзүүлээрэй гээд ... ... өөрөө мэдэж чөлөө өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй болох нь Завхан аймгийн ............. авсан талаарх мэдээллээр нотлогдсон байна.
7. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлэхээр байна.
Завхан аймаг дахь … ........... Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7-д “Багш ажилтан хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд шууд удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г... өөрт хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа сургуулийн удирдлага буюу захиралд мэдэгдээгүй нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Г... тухайн өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, сургуулийн удирдлагаас чөлөө аваагүй нөхцөл байдалд дүгнэлт хийхэд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
8. Г... 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээр архи уусан нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.4 “ Ажлын цагаар болон ажлын бус цагаар ажил ажлын байранд ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” зөрчилд буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Мөн ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн 42.2.1-д заасан “Ажил үүргээ биечлэн ... гүйцэтгэх” үүргээ зөрчсөн зөрчил байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан 2 ба түүнээс дээш гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Г... байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.4-т ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан мансуурсан байдалтай байсан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба Г... дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байна.
10. Мөн түүний ажил үүргээ биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарах ба түүнийг сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан гэж үзнэ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б... ажил олгогч Г... зөрчил үйлдсэн гэж тушаал гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй нь хуульд заасныг зөрчсөн гэж мэтгэлцсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б... сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг ба түүний энэ тайлбарыг няцаасан баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. Харин Г..., болон гэрч Г... нар Завхан аймаг дахь ............ тайлбар гаргаж байсан баримтыг хариуцагчийн төлөөлөгчийн тайлбартай харьцуулан дүгнэхэд хариуцагч сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
12. Иймд Г... байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул Г... нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь ... ............ 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/... тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2-т зааснаар Г. .. нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь ... ........... 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/... тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ