2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03804

 

 

 

 

   

     2025          05            06                                           192/ШШ2025/03804

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: *** холбогдох,

 

60 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд

 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 60 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... *** нь ***тэй 2020 оны 08 сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор, мөн 2021 оны 03 сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2021 оны 09 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар тус тус зээл олгосон. *** нь 2020 оны 08 сарын 24-ны өдөр Зээлийн гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,500,000 төгрөгөөр тооцон 6 сарын хүү 9,000,000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрөөс хугацаа хэтрүүлсний хоногийн алданги 45,000 төгрөгөөр хугацаа хэтэрсэн хоногт тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул 7,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийн тооцоолол гарч байна. 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, нэг сарын хүү 2,000,000 төгрөгөөр тооцон 6 сарын хүү 12,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг. 2021 оны 09 сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000, нэг сарын хүү 1,000,000 төгрөгөөр тооцон 12 сарын хүү 12,000,000 төгрөг нийт 32,000,000. *** нь гурван гэрээний нийт зээлийн төлбөр 95,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэж байгаа. Уг төлбөрөөс тэрээр өнгөрсөн хугацаанд хэсэгчлэн дүнгээр төлөлт шилжүүлдэг байсан бөгөөд нийт 76 удаагийн гүйлгээгээр 35,380,500 төгрөгийг төлсөн байдаг. Уг төлбөрийг нэхэмжлэгч талаас зээлийн хүүд тооцож авсан гэж үзэж байгаа. Зээлийн хүү гэж тооцож үзвэл үлдэгдэл төлбөр болон хүү алданги нийт 60,120,000 төгрөгийн зээлийн тооцоолол гарч байгаа тул энэ төлбөрийг ***ээс гаргуулахаар шаардлага гаргасан. Бүх зээлийн төлбөрийг хариуцагчид бэлнээр хүлээлгэж өгсөн байгаа. Хүлээж авсны нотолгоо нь *** 76 удаагийн гүйлгээгээр гэрээ хийснээс хойш сар бүр тогтмол давтамжтай төлөлт хийж явсан байгаа. Тэгэхээр энэ төлөлтөөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлбөрийг ***д хүлээлгэн өгснийг нотолж байгаа. Өнгөрсөн хугацаанд зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан, төлнө гэж хэлдэг байсан боловч төлөхгүй өдийг хүрсэн. Шалтгаан нь шүүхэд гаргаж өгсөн орон сууц хөлслөх, зээлийн холимог гэрээгээр ***ийн өмчлөлийн *** тоот байрыг 15,000,000 төгрөгийг энэ гэрээгээр ***д зээлдүүлээд энэ зээлийн хүүд *** энэ байранд амьдрахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байгаа. “Та миний байранд амьдарч байгаа юм чинь бид хоёрын хоорон дах зээлийн асуудал болно шүү дээ, та түр хүлээгээч ээ, байраа чөлөөлж өгөх хүртэл та намайг харгалзаж үзээч ээ” гэдэг байдлаар сунжраад өнөөдрийг хүртэл явсан байгаа. Энэ гэрээнд дурдсан 15,000,000 төгрөгийг төлөөгүй учраас 15,000,000 төгрөгийг гаргуулахаар мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд гэрээнд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү …гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: …хариуцагч ***ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зээлийн гэрээний дагуу 60,120,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. ***гаас анх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12,980,000 төгрөг зээлж авсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9,570,000 төгрөг, нийт 22,550,000 төгрөг зээлж авсан байгаа. Эхний 12,980,000 төгрөг бол холимог зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ байгуулаад энэ орон сууцдаа оруулаад, зээл нь 13,000,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь хуваан төлөхөөр тохирсон боловч 2,000,000 төгрөгийг нь төлөөгүй. 13,000,000 төгрөгөөсөө 12,980,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөө төлөөд дуусгасан. Мөн авсан зээл 9,570,000 төгрөгийг төлсөн. Нийт 22,550,000 төгрөгийг бүрэн төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж яриад байна. Зээлийн гэрээ гэдэг чинь бодит мөнгө шилжүүлсэн дүнгээрээ гэрээ байгуулагдсан эсэхийг дүгнэх ёстой. Гэтэл 15,000,000 төгрөг зээлүүлсэн гэдгийг яаж нотлоод байгаа юм. Мөн 20,000,000 төгрөгөө яаж өгсөн гэж үзээд байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөн 20,000,000 төгрөг зээлүүлсэн гээд байгаа нь ямар баримтаар нотлогдож байгаа юм. Энэ мөнгийг хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Авсан зээлээ бүрэн төлсөн учраас хүү алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгчээс ***т олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

2020.08.24-ний өдрийн ***, *** нарын зээлийн гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 8-22 дугаар/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 27 дугаар тал/

Хариуцагчаас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 37 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 38 дугаар тал/

Тооцооны баримт /хэргийн 51 дүгээр тал/

2019.03.12 Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ /хэргийн 52-54 дүгээр тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 55-154 дүгээр тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ...60 120 000... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлийн гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...мөнгийг хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, авсан зээлээ бүрэн төлсөн учраас хүү алданги шаардах эрхгүй... гэж маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  буюу зээлдүүлэгч, хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд дараах 3 Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. Үүнд:

- 1.2020 оны 08 сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сарын 10 хувийн хүүтэй,/хэргийн 5 дугаар тал/

-2. 2021 оны 03 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сарын 10 хувийн хүүтэй,/хэргийн 6 дугаар тал/

-3. 2021 оны 09 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэй /хэргийн 7 дугаар тал/ гэжээ.

 

4.Талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр дээрх гэрээнүүдийг байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангажээ.

 

6.Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт  буцаан өгөх үүрэгтэй.  

 

7.Хаан банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар нэхэмжлэгч 2020 оны 08 сарын 24-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн **** тоот дансанд 9570 000 төгрөгийг шилжүүлжээ.

 

8.2021 оны 03 сарын 05-ны өдрийн 20 000 000 төгрөгийг,  2021 оны 09 сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийг хариуцагч гэрээ байгуулсан өдрөө бэлнээр хүлээн авсан нь ...гэрээний 20 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл авлаа... гэх баримт,  нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

9.Хариуцагч ...9 570 000 төгрөгийг хүлээн авсан бусад зээлийн мөнгийг аваагүй... гэж тайлбарлаж байгаа боловч түүний нийт зээлийн эргэн төлөлтөд 35 880 000 төгрөг төлсөн... гэх тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.

 

10.Иймд нэхэмжлэгч 50 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх дээрх 3 гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

 

11.Нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн учир хариуцагч зээлсэн 50 000 000 төгрөгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй.

 

12.Талуудын хооронд байгуулагдсан 3 зээлийн гэрээний дагуу хариуцагч нийт 79 312 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

 

Тодруулбал 2020 оны 08 сарын 24-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 9 570 000 төгрөг 1 сарын хүү 957 000 төгрөг, 6 сарын хүү 6 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөг, 2021 оны 03 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 20 000 000 төгрөг 1 сарын хүү 2000 000 төгрөг 6 сарын хүү 12 000 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг, 2021 оны 09 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 20 000 000 төгрөг 1 сарын хүү 1000 000 төгрөг 12 сарын хүү 12 000 000 төгрөг нийт 32 000 000 төлөх үүрэг хүлээсэн байна.

 

13.Дээрх зээлийн эргэн төлөлтөд хариуцагч 35 880 000 төгрөг төлсөн нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

 

14.Өөрөөр хэлбэл хариуцагч дээрх 3 зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

15.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасан үндэслэлтэй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 44 120 000 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

16.Нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн төлбөрт шилжүүлсэн 35 880 000 төгрөгийг аль зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүнд тооцож шилжүүлсэн хүлээн авснаа нарийвчлан тооцож гаргаагүй, шүүхээс тогтоох боломжгүй учир нийт зээлийн төлбөрөөс тооцсоныг тайлбарлах нь зүйтэй.

  

17.Мөн 2020 оны 08 сарын 24-ний өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үнийн дүн 10 000 000 төгрөг гэснийг өөр өнгийн балаар 15 000 000 төгрөг, мөн нэмэлтээр ...Хугацаа хэтэрвэл хоногийн 0,3 хувийн алданги тооцохоор боллоо... гэж бичсэнийг хэн бичсэн нь тодорхойгүй талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаа хэн аль нь баталгаажуулж гарын үсэг зураагүй учир дээрхийг талуудын тохиролцоо гэж үзэхгүй. Тиймээс талуудын хооронд алданги төлөх талаар бичгээр тохиролцоогүй нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй.

 

18.2024.10.16-ны өдөр нэхэмжлэгчээс ***т олгосон итгэмжлэлээр, 2024.12.17-ны өдөр хариуцагчаас ***д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 37 дугаар тал/

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 378 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч ***ээс зээлийн гэрээний үүрэг нийт 44 120 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 378 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ