Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 322

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Д.Ууганцэцэг,   

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт М О холбогдох 1708019220239 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.О нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Бгэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч М.О нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай нөхөр гаднаас архи уучихсан нилээн согтуу байдалтай гэрт орж ирсэн. Тэгээд би “яагаад архи ууж байгаа юм бэ, архи уухгүй байж болдоггүй юм уу” гэх зэргээр хэлтэл нөхөр уурлаад маргаан болоод нөхөр уурандаа “миний нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад зугтаасан. Маргааш өглөө би “гэртээ иртэл нөхөр байгаагүй, 5 охин байсан ба “аав нь яасан юм бэ” гэхэд цагдаа нар ирээд аваад явчихсан гэсэн. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрчихсэн, хамтдаа амьдарч байна. Одоо энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар цаашид шалгуулах хүсэлгүй байна...гэх мэдүүлэг /хх-9-10, 29-31/,

- гэрч Я.Б  мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би хувийн ажлаар хот руу ороод Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд айлд портер машинаараа шороо зөөж байгаад Отгонбаяртай таарсан. Отгонбаяр намайг “гэрийн хаяа манах шороо зөөгөөд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд гэрт нь шороо буулгаж өгсөн. Тэр оройдоо гэрт нь 0.75 гр архи хувааж уугаад сууж байхдаа Отгонбаяртай хөдөө Атарт очиж малдаа шинэ ногоо идүүлэх талаар ярьж байтал Отгонбаярын эхнэр Баяртуул уурлаж дундуур ороод “та нар нялх ногоо гэж ямар хүүхэн яриад байгаа юм бэ” гэтэл Отгонбаяр уурлаад эхнэрийнхээ нүүр лүү нь 1 удаа цохисон. Би босоод болиулсан. Тэгтэл Баяртуул гараад гүйчихсэн...гэх мэдүүлэг /хх-12/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №12308 дугаартай шинжээчийн:...Д.Б биед зовхинд шарх, зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-20/

- шүүгдэгч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр найз Баясгалангийн хамт машинаар нь хаяа манах шороо зөөчихөөд орой 19 цагийн үед Баясгалантай 0.75 грамм архи хувааж уусан. 20 цагийн үед эхнэр ажлаасаа ирээд намайг “архи уулаа, архи чамд ямар хэрэгтэй юм бэ” гээд уурлаад байсан. Тэгээд Баясаа бид хоёр энэ жил ногоо орой гарч байна, мал оройтож нялх ногоо идэж байна гээд яриад сууж байтал эхнэр Д.Баяртуул “чи яасан их нялх ногоо зулгаадаг юм бэ” гээд намайг хардаад хэрүүл хийсэн. Миний уур хүрээд “чи яах гэж ингэж байдаг юм бэ” гээд эхнэрийнхээ нүүрний зүүн шанаа, нүд рүү нь гараараа 3 удаа цохисон. Энэ үед манай найз Баясаа салгасан. Эхнэр гэрээсээ гараад зугтаачихсан...гэх мэдүүлэг /хх-45-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-63/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьдаа малтай, мал малладаг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.От оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР