Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0665/З |
Дугаар | 732 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 732
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Сонофорте групп” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250000017 тоот акт, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актыг хүчингүйд тооцуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алдармаа, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, хариуцагч Ж.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ““Сонофорте групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтөө баталгаажуулах хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгаас шалгалт хийж улмаар 250000017 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Уг актыг “Сонофорте групп” ХХК нь эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасныг уг актыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын давтан шалгалтад хамруулсантай холбоотойгоор хянан хэлэлцээгүй болно.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн дээрх актаар “Сонофорте групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт гэж 2014 оны 4 дүгээр сард тайлагнасан 89,358,461.60 төгрөгөөс краны худалдан авалтад төлсөн 57,746,372.00 төгрөг болон нэрийн хуудас, хэвлэх машины хор зэрэгт төлсөн 61,636.40 төгрөгийг хасалт хийхгүй бууруулан баталгаажуулсныг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын давтан шалгалтад хамруулан буруулсан дүнгээр дахин баталгаажуулан 210201566 тоот акт үйлдэж "Сонофорте групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 31,550,453.20 төгрөгөөр баталгаажуулсан.
“Сонофорте групп” ХХК-ийн зүгээс татварын улсын байцаагчийн 210201566 тоот актыг эс зөвшөөрч 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар гомдлыг хянан хэлэлцэж 44 дугаартай тогтоолоор хэвээр үлдээх тухай шийдвэрийг гаргасныг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан болно.
Иймд татварын улсын байцаагчийн 210201566 тоот актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1. Татварын үйлдсэн байцаагчид актыг үйлдэхдээ илэрсэн зөрчлийг актын гардуулсан тухай тэмдэглэлд “Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг хийхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг худалдан авалтын хасалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэжээ.
Татварын улсын байцаагчийн зөрчил гэж үзэж буй заалт нь тухайн татварын шалгалтын хамрах хугацаа болох 2013 оны 08 дугаар сарын 13-аас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд мөн тухайн шалгалт хийгдэж байх явцад хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд биш. Харин 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалт юм. Иймд хуулиар зохицуулагдаагүй асуудлыг зөрчсөн гэж үзэх нь мөн хэрэгжиж эхлээгүй байгаа хүчин төгөлдөр бус хуулийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй.
2. “Сонофорте групп” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж "кран түрээс, худалдааны” чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр үйл ажиллагааны чиглэлүүд зохих журмын дагуу компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байгаа болно. Түрээсийн дээрх үйл ажиллагааг бид импортоор худалдан авсан кранаар эрхэлдэг бөгөөд ийнхүү түрээсийн орлогоор олсон орлого зохих журмын дагуу тайлагнаж ирсэн. Ингэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “........үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” татварыг хасч тооцохоор зохицуулсныг баримталж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
3. Татварын улсын байцаагчийн 210201566 тоот акт нь дээр дурдсан зөрчлөөс гадна ямар нэг үндэслэл дурдаагүй хэдий ч 250000017 тоот актаар бууруулан баталгаажуулсан үлдэгдлийг давхар баталгаажуулсан. 250000017 тоот актын нэг үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.1-ийн иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно...” гэж заасан хэдий ч тухайн зүйлийн ямар заалт зөрчигдсөн эсхүл ямар хамааралтай болох дүгнэлт хийгээгүй байгаа нь үндэслэл болохгүй бөгөөд дээр дурдсанчлан “Сонофорте групп” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн уг 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтын дагуу үйл ажиллагаандаа мөрдлөгөө болгосон.
4. Татварын улсын байцаагчийн 250000017 тоот актыг үйлдэхдээ мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн “14.7. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэснийг баримталсан нь үндэслэлгүй юм.
Учир нь уг заалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэр үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ногдуулсан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцдог. “Сонофорте групп” ХХК-ийн үйл ажиллагааны орлого нь краны түрээсээ бүрддэг бөгөөд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ тул ийнхүү үйлчилгээ үзүүлээд олсон орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогод тооцогдохгүй болно.
5. Татварын улсын байцаагчид Маргаан таслах зөвлөлд гаргасан тайлбартаа Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалын дурдаж Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 5.1.1. ''үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг...........хасалтыг хийнэ гэснийг удаа дараа дурдсан хэдий ч уг журмыг хэрэгжүүлж дагаж мөрдлөг болгосныг үл харгалзаж байгаа нь хууль бус юм” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Э.Нямдорж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтэст бүртгэлтэй 5735262 тоот регистрийн дугаартай, “Сонофорте групп” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах” албан хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалт хийж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 250000017 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд «15.1. Илүү төлсөн, эсхүл хуульд заасан бол Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно... 15.1.3. Харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан хянаж, үлдэгдлийг баталгаажуулан, саналаа татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх» гэж хуульчилсан дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газарт хүргүүлсэн болно.
Тус ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2014 оны 2 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын хугацаанд нийт 61,942,123.10 төгрөгийн татвар ногдох орлого, 955,526,729.70 төгрөгийн хасагдах худалдан авалт, 89,358,461.20 төгрөгийн татвар төсвөөс буцаан авахаар тайлан гаргаж, татварын албанд ирүүлжээ. Тус ХХК нь улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн «14.1.Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:...14.7. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно.» гэж заасныг үндэслэн нийт 89,358,461.60 төгрөгийн илүү үлдэгдлийг буцаан авах үндэслэлгүй гэж үзэж, 57,746,372.00 төгрөгөөр бууруулан 31,612,089.60 төгрөгийн илүү үлдэгдэл болгон залруулан баталгаажуулсан.
Уг 57,746,372.00 төгрөгийн бууруулсан үлдэгдэл нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр импортоор оруулж, гаалийн байгууллагад төлсөн краны нэмэгдсэн өртгийн албан татвар байсан бөгөөд үүнийг 2014 оны 5 сараас эхэлж олсон татвар ногдох орлоготой холбоогүй, үндсэн хөрөнгийн худалдан авалт гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг бууруулан баталгаажуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Сүхбаатар дүүргийн татварын Улсын байцаагчийн гаргасан акт дээр тайлбар хэлэхэд Татварын ерөнхий газар энэ актыг дахиж хэлэлцээд хэвээр нь баталсан байгаа. Эхний актыг энд хэлэлцэх шаардлагагүй” гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүүгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонофорте групп" ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 13-наас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын харьяа Хяналт шалгалтын хэлтсийн даргын шалгалт хийх томилолтын дагуу хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 дугаартай актаар 578,080,075,7 төгрөгийн зөрчил илрүүлэн 57,808,007 6 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын дахин баталгаажуулалтын актыг үйлдэхдээ Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон Улсын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжид мөрдлөгөө болгож, хуульд тогтоомжид заасны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд татвар төлөлтийг гаргасан гомдолтой танилцаж, дараах тайлбарыг өгч байна. Үүнд
Татвар төлөгчийн гомдолд дурдсан үндсэн хөрөнгө худалдан авсан худалдан авалтад ногдох албан татварыг Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон Улсын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг мөрдлөг болгож, хуулийн дараах заалтуудыг мөрдлөг болгон хуулийн дагуу хасч тооцсон.
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн уйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах". НББОУС-16 стандартад Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ.
"Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно" гэж заасны дагуу үндсэн хөрөнгөнд зориулсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй уг үндсэн хөрөнгийн өртөгт оруулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хий зардал тооцох замаар хасалт хийж, өртгөө нөхөхөөр хуулийн зохицуулалттай.
НББОУС 2-т "Бараа материал" стандартын нэр томьёонд Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд: "Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх эх материал буюу хангамжийн зүйлс"-ииг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл Нягтлан бодох бүртгэлийн зарчим 4.1 “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараах зарчмыг баримтална: 4.1.1 аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” 9 дүгээр зүйл хөрөнгө, өр төлбөрийг үнэлэх, бүртгэх, 9.1 “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана.”, 10 дугаар зүйлийн Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн, 10.1 “Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагнахын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана." гэж тус тус заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.1 “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд төлсөн", 41.2."худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил. үйлчилгээнд төлсөн" 14.7 “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.’’ гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 263 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам"-ын 5.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ.” гэж заасан Гэтэл худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа кран нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш бөгөөд өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 14.1.1, 14.1.2, 14.7- заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсан. Харин “Сонофорте групп" ХХК-ийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн краны худалдан авалтад төлсөн 57,746,372.00 төгрөгийн нэмэгдсэн ертийн албан татварыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, НББОУС-2, НББОУС-16 дугаар стандартуудад тус тус заасны дагуу тухайн үндсэн хөрөнгийн анхны өртөгт оруулан тооцох бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14,7. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн ертийн албан татварын хасалт хийх. буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1 1-т тус тус заасны дагуу төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй болно.
Хоёр. Худалдан борлуулах зорилгогүй захиргаа, аж ахуй, удирдлагын хэрэгцээнд зориулан худалдан авсан нэрийн хуудас, принтерийн хор, ахуйн хэрэгцээний бараа гэх мэт хангамжийн материалын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд тусган төсөвт төлөх татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсныг зөрчсөн тул 61.636.4 төгрөгийн татварыг илүү төлөлтөөс бууруулж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Сонофорте групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэмэлт тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Гааль,Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйтэй холбоотой ирцийн талаар талууд санал гаргаагүй болно.
Нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж Татварын Ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт зааснаар Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж хариуг авсан байх ба шийдвэрийг эс зөвшөөрсөн тул мөн хуулийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр тус шүүхэд хандсан байна.
Нэг. Татварын хяналт шалгалтын зорилго, үндэслэлийн тухайд:
Татварын улсын байцаагч нь Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасан үндэслэлээр татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх эрхтэй байна.
Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д татварын алба нь татварын хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийхээр, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг татварын улсын байцаагчид хориглосон байхаас үзвэл татварын хяналт шалгалтыг заавал хяналт шалгалтын удирдамжийн дагуу томилолтоор хийж гүйцэтгэхээр байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга М.Баярмаагийн 2015 оны 10 дугаар сарын 08-нд олгосон томилолтоор татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарыг “Сонофорте групп” ХХК-нийн 2013 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлсөн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах татварын хяналт шалгалт хийх багаар томилжээ.
2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдаж 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /цаашид 2006 оны Нэмэгдсэн өртгийн албаны тухай хууль гэх/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар татвар төлөгч нь илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог гаргаж, түүнийг буцаан авах хүсэлтээ харьяалах татварын албанд гаргах, мөн хуулийн 15.3, 15.4-д тус тус зааснаар татварын алба нь хүсэлтийг нь хүлээн авч хянаж баталгаажуулахаар заасан байх тул энэ тохиолдолд хяналт шалгалтын удирдамж шаардахгүйгээр татварын төлөгчийн хүсэлтийг үндэслэн эрх бүхий захиргааны албан тушаалтнаас олгосон томилолтын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд “Сонофорте групп” ХХК-нийн 2013 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлсөн НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Нэг. “Сонофорте групп” ХХК-нийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулсан Татварын улсын байцаагч нарын актуудын эрх зүйн үндэслэлийн тухайд:
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нар нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд “Сонофорте групп” ХХК-нийн 2013 оны 08 сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, тус компаниас нийт 89.358.461.60 төгрөгийн татварыг төсвөөс буцаан авахаар тайлан гаргасныг 57.746.372.00 төгрөгөөр бууруулан 31.612.089.60 төгрөг болгон 250000017 дугаар актаар баталгаажуулжээ.
“Сонофорте групп” ХХК-иас татварын улсын байцаагчийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан байх ба Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актаар тус компанийн төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 31.550.453.2 төгрөгөөр баталгаажуулж, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор тус актыг хэвээр баталсан байна.
“Сонофорте групп” ХХК нь машин, тоног төхөөрөмжийн түрээс болон лизинг, худалдаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэхээр 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлжээ .
Нэхэмжлэгч талаас тус компанийн эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлд хамаарах “краны түрээс, худалдаа”-г импортоор худалдан авсан кранаар эрхэлж, түрээсийн орлогоор олсон орлогоо зохих журмаар тайлагнаж ирсэн ба хяналт шалгалтад хамрагдсан тайлант хугацаанд үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ төсөвт төлөх НӨАТ-аас хасагдахаар заасныг баримталсан байхад татварын улсын байцаагчийн актаар хуулийн 14.1, 14.7 дэх заалтуудыг үндэслэн НӨАТ-ын үлдэгдлийг хасч баталгаажуулахдаа эдгээр заалтуудыг ямар байдлаар зөрчсөн талаар тодорхойг дурдаагүй, эдгээр заалт нь тус компанид хамааралгүй гэж маргаж байна.
Хариуцагч талаас тайлбарлахдаа нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК-нийн санхүүгийн тайланд тусгагдсанаар 2014-2015 онд 2 кран худалдаж авч дансанд тусгахдаа 2 байдлаар бүртгэсэн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр импортоор оруулж ирсэн краныг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж, худалдан борлуулах зорилгогүй өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээнд хамаарахгүй тул НӨАТ-ын төлөлтөөс хасч тооцохгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр импортоор кран оруулж ирсэн болон түүнийг бүртгэлд тусгасан байдал, санхүүгийн үйл ажиллагааны тайлагнахын талаар маргахгүй харин уг краныг ашиглан түрээсийн үйлчилгээ үзүүлж орлого олж байгаа үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд хамаарах талаар маргаж байгаа, мөн татварын улсын байцаагч нар нь актад үндэслэл болгосон хуулийн заалтуудыг зөрчилтэй холбож тайлбарлаагүй, тухайн үед мөрдөгдөж эхлээгүй байсан хуулийн заалтыг удирдлага болгосонд гомдолтой байгаа гэжээ.
“Сонофорте групп” ХХК нь 2014 онд импортоор оруулж ирсэн краныг түрээсэлж орлого олж байгаа, 2015 онд “Оюу толгой” ХХК-иас худалдаж авсан краныг худалдан борлуулах зорилготой худалдаж авсантай холбоотойгоор НӨАТ-ын тайлангаар 89.358.461.60 төгрөгийн илүү үлдэгдэл гарсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Марк Хаукинс тайлбарласан болох нь татварын улсын байцаагчийн хавсралт дахь ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байна.
Үүнээс үзвэл 2014 онд импортоор оруулж ирсэн кран нь худалдан борлуулах зорилгогүй бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаагүй өөртөө бэлтгэсэн хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд НӨАТ ногдох бараа, ажил үйлчилгээг, 8 дугаар зүйлд НӨАТ ногдуулах журмыг тодорхойлсон байх ба эдгээр зүйлд заасны дагуу төлсөн НӨАТ-ыг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцохоор зохицуулсны 14.1.2-д “худалдах түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил үйлчилгээнд төлсөн” гэж, 14.7-т “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.”гэж, Монгол Улсын Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тогтоолоор баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох НӨАТ-ын хасалтыг хийнэ.”гэж тус тус заажээ.
Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д зааснаар татвар төлөгч нь санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, стандартын дагуу гаргах үүрэгтэй байх ба тайлангаа гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан бүртгэлийн стандарт, 8-10 дугаар зүйлд санхүүгийн тайлан гаргахтай холбоотой журамласан харилцааг дагаж мөрдөхөөр байна.
Иймд “Сонофорте групп” ХХК-нийн компанийн гаргасан санхүүгийн тайлан болон НӨАТ төлөлтийн тайланд тусгагдсан импортоор оруулж ирсэн краны анхан шатны баримт нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн татвар ногдох орлогоос хасагдах худалдан авалтыг краны үнийн дүнгээр бууруулж баталгаажуулсан татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй байна.
Шинэ хуулийн заалтыг үндэслэн акт тавьсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх ба тус хяналт шалгалт хийж дуусах хүртэлх хугацаанд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээгүй байсан бөгөөд уг хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж дагаж мөрдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн зорилго, хамрах хүрээ нь иргэн хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулах, уг албан татварыг улсын төсөвт төлүүлэх, төсвөөс холбогдох хувийг буцаан олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршиж байх тул НӨАТ ногдох орлогоо зөв тодорхойлоогүй, төсөвт төлөх НӨАТ-ыг төлөөгүй тохиолдолд төсвөөс буцаан олгохооргүй байна.
Иймд “Сонофорте групп” ХХК нь импортоор кран оруулж ирэхдээ НӨАТ төлөөгүй, үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдан авалтад бүртгэсэн мөртлөө НӨАТ-ын ногдуулах орлогоос хасагдах худалдан авалтад оруулж тооцож тайлагнасан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд татварын хууль тогтоомжоор хүлээсэн татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сонофорте групп” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алдармаагийн “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, Ж.Нямдорж нарын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250000017 тоот акт, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, Б.Тэгшбуян нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210201566 тоот актыг хүчингүйд тооцуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ