Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0061

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 779 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Д-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 779 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Т.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсгээс бүрдэнэ”, 107.2-т “Удиртгал хэсэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана”, 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Удиртгап хэсэгт шүүх бүрэлдэхүүний даргалагчийг нэрлэн заасан хирнээ бусад шүүгчийг нэрлэн заагаагүй, иргэдийн төлөөлөгчийг нэрлэн заагаагүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэх нөхцлийг бурдүүлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгаагүй нь шүүх хуралдааны нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн оролцоог идэвхгүй болгож харагдуулахын зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан  “хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар,...-ыг тусгана” гэж заасныг буруу ойлгож зөвхөн хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгах агуулгаар хэрэгжүүлснийг буруу гэж үзэж байна. Мөн шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгчийг Удиртгал хэсэгт нэрлэн заагаагүй төдийгүй түүний дүгнэлтийг тодорхойлох хэсэгт тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан. Улсын бүртгэлийн        Ү-2205040301  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Икслэнд констракшн” ХХК-иас С.Б-т шилжүүлэхээс өмнө Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамжаар битүүмжилсэн хууль зүйн факт бий болсон байсныг огт харгалзан үзээгүй, үнэлээгүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болно. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар бүртгэл буруу хийгдсэн хуурамч баримт бичигт үндэслэн хийгдсэн бол Ерөнхий бүртгэгч өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх эрхтэй байна. Энэхүү заалтыг үндэслэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шина акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар бүртгэлийн албанд тодорхой ажиллагаа хийх, зохих шийдвэр гаргахыг даалгах боломжтой байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “Энэ хуульд заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан тэмдэгтийн хураамж төлнө, 14 дүгээр зүйлийн 14.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг. Тэгвэл С.Б нь өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ хавсаргасан улсын тэмдэгтийн хураамжийн баримт нь өөрөө төлсөн баримт биш харин цаг хугацааны хувьд урьд бүртгэл хийлгэхдээ төлсөн өөр хүний тэмдэгтийн хураамжийн баримтыг хавсаргасан байгаагаас харвал хуурамчаар бүртгэл хийлгэсэн, хуурамчаар бүртгэл хийлгэхэд бүртгэлийн албаны ажилтан бусдын баримтыг өөр бүртгэлийн баримтаас авч хавсаргасан гэж үзэх боломжтой байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байж чадахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Д нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд бүртгэсэн барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “С.Б нь хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн ба тус шүүхийн шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад бүртгэлийн байгууллага С.Б-ын нэр дээр гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн” гэж маргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Икс лэнд Констракшн” ХХК-ийн захирал С.Б нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 2 давхарын 6 тоот, 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасныг хариуцагч бүртгэлийн байгууллага мөн өдрөө улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн                      Ү-2205040301 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тул бүртгэлийн байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Д болон “Икс лэнд констракшн” ХХК-ийн ерөнхий захирал С.Батбаатар нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Т.Д нь Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж “Икс Лэнд Констракшн” ХХК-иас 300.000 ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний талбай бүхий орон сууц, барилга байгууламж гаргуулахыг хүссэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар “Икс лэнд” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх захирамж гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага болон компанийн нэрийг буруу бичиж бичиглэлийн алдаа гаргасныг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” 1638 дугаар захирамжаар өөрчилсөн үйл баримтууд тогтоогджээ. 

Ийнхүү цаг хугацааны хувьд өмнө буюу шүүгчийн захирамж ирэхээс өмнө 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бус, харин “Икс лэнд Констракшн” ХХК-ийн хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, мөн дүнгээр дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсныг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн “үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б-т шилжүүлэхээс өмнө Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж гарсан байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. 

Харин шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар, иргэдийн төлөөлөгчийн нэрийг орхигдуулсан, Тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасныг зөрчсөн, энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхөөр зөрчил биш байх тул хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан үндэслэл болохгүй байна.  

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 787 дугаар захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч М.Батзориг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, Л.Өлзийжаргал нар томилогдсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт нэр нь бичигдээгүй ч Тогтоох хэсэгт шүүх бүрэлдэхүүний шүүгч нар шийдвэрийг албажуулан гарын үсэг зурсан, иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох эрхгүй /Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3.1/, иргэдийн төлөөлөгч Д.Энхсайханы дүгнэлт хэрэгт авагдсан байх тул хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, улсын бүртгэлийг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шийдвэрлэх боломжгүй ба  С.Батбаатар нь өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт нь өөр хүний хураамж төлсөн баримт байсан нь улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                      Н.ХОНИНХҮҮ 

                       ШҮҮГЧ           Ц.САЙХАНТУЯА   

                       ШҮҮГЧ           О.НОМУУЛИН