Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0627/З |
Дугаар | 226 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 226
“Э н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 зүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0198 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 зүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 26.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э н” ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоор хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0198 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 зүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сандаг-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:
4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанид “Зайсан хүрээ аялал жуулчлалын цогцолбор барьж төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар ашиглах эрх олгосон захиргааны шийдвэр нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн...” гэж дүгнэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн А/113 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон тушаах хэсэгт зааснаар Анх газар ашиглах эрх олгосон шийдвэр ямар нэгэн зөрчилтэй талаар заасан, болон үндэслэн ишилсэн зүйл байхгүй байтал шүүхээс ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй хэргийн оролцогчдын маргааны зүйлийн талаар дүгнэлт гаргаж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж үзэж байна.
5. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь тухайн эрх ашиг нь зөрчсөн захиргааны байгууллагын шийдвэр буюу акт манай тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тоот тушаал юм. Захиргааны хэргийн шүүх аль ч шатанд шүүх зөвхөн энэ актын хүрээнд тухайн маргаанд хууль зүйн үндэслэлийг зөв эсхүл буруу байна гэж дүгнэлтээ өгөх ёстой. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тоот тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/291 дүгээр тушаалын талаар дурдсан зүйл огт байхгүй. Хэргийн оролцогчид А/291 дүгээр тушаалын талаар маргасан зүйл байхгүй. Гэтэл ийнхүү шүүхийн шийдвэртээ зааж үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтыг зөрчсөн.
Хэрэглэвэл зохих хуулиудыг буруу хэрэглэсэн:
6. Анхан шатны шүүхээс “Э н” ХХК-ийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн. Усны тухай хуулийн 22.1 ”Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан бөгөөд “Э н” ХХК-ийн газар энгийн хамгаалалтын бүсэд багтах тухай шүүгч дурдаж энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж үздэг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа манай компанийн газрыг бүхэлдээ усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд орж байгаа бөгөөд барилга байгуулж барихыг хориглосон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн газар дээр хийсэн үзлэгээс үзвэл манай компанийн ашиглах эрх бүхий 1,35 га газар нь энгийн хамгаалалтын бүсэд орж байгаа боловч яг ямар хэмжээгээр аль цэгээрээ орж байгаа нь тодорхойгүй.
Хэрэглэвэл зохих хуулиудыг буруу хэрэглэсэн;
7. Байгаль орчин, аялал жуулчлапын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр А/113 дугаар тоот тушаалд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан. Үүнд зааснаар “...удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” үйлдэл хийгдсэн тохиолдолд эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдэх хуультай гэтэл дээр дурдсан ...заавал үйл ажиллагаа явуулаад, барилга барьж газар ухаж, байгалийн унаган төрх байдал хөндөж, бургас мод огтолсны дарааусны эх үүсвэр, нөөцөд ямар нэгэн байдлаар нөлөөлсний дараа өөрийн тушаалаа хүчингүй болгох ёстой гэж дүгнэх боломжгүй байна” гэж тайлбарласан нь хууль зөрчиж байна.
8. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практик нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ... зөрчсөн” гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд “Удаа дараа” “Ноцтой” зөрчсөн гэдгийг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэж байгаа практиктай адилаар ойлгох нь зүйтэй.” гэж зөвлөсөн зөвлөмжөөс үзвэл үйлдэл, эс үйлдэхүй тохиолдолсон байхаар тусгасан хуулийг зөв тайлбарласан тайлбар нь юм.
Захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааны журам зөрчсөн тухай
9. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага нь эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлон сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхэд маргах явцад энэ талаар удаа дараа дурдаж маргасан боловч эрх зүйн үндэслэлийн тайлбарыг шийдвэртээ огт дурдаагүй. Анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тоот тушаалын “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас”-ыг удаа дараа нотлох баримтаар гаргах хүсэлтийг гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж өгөөгүй. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/113 дугаар тоот тушаалаа гаргахдаа Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн зайлшгүй хийх ажиллалааг зөрчсөн болохыг харуулж байна.
10. Иймд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/113 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг тус тус үндэслэн “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч “Э н” ХХК хамаарсан, нэхэмжлэгч нь “...гэрээгээр хүлээсэн үүрэг, хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй, хууль бус” гэж маргажээ.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/291 /нэр шилжүүлэх/ дүгээр, 2017 оны А/253 дугаар тушаалаар /сунгасан/ нэхэмжлэгч “Э н” ХХК-д ашиглах эрх олгогдсон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс “Бага тэнгэрийн ам”-ны 1.35 га газар нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд давхацсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
14. Түүнчлэн, нэхэмжлэгч нь “аялал жуулчлалын бааз байгуулах” төслийн хүрээнд маргаан бүхий газартаа аялал жуулчлалын цогцолбор бүхий 5 давхар зочид буудлын барилга барихаар төлөвлөсөн, ... одоогоор тус газар нь 2 тал хашаалсан байдалтай байгаа нь тогтоогджээ.
15. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, 8 дугаар зүйлд “дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана: 1/ онгон бүс; 2/ хамгаалалтын бүс; 3/ хязгаарлалтын бүс”; 11 дүгээр зүйлийн 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 12 дугаар зүйлд “дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” гэж тус тус заасан байна.
16. Иймд, нэхэмжлэгч нь барилгаа барьж эхлэх үед дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм, хамгаалалтын горим ноцтой зөрчигдөхөөр байх тул “Э н” ХХК-ийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 2 дахь заалтыг үндэслэн дуусгавар болгосон хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
17. Мөн, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоох”-оор, 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох”-оор, 22.3-т “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох”-оор, 22.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох”-оор тус тус заасан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.4, 2.6.2-т тус тус “нийслэлийн нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын эрэг”-ээс 100 метрээс доошгүй зайд “онцгой хамгаалалтын бүс”, 500 метр хүртэлх зайд “энгийн хамгаалалтын бүс” байхаар нарийвчлан тогтоожээ.
18. Нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон газар нь нийслэлийн усан сан бүхий газрын эргээс 142 метр-т байршилтай, орчин тойрондоо мод, буттай зэрэг нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, энэ тохиолдлын хувьд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу ч маргаан бүхий уг газар нь “усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-д орсон, дээрх 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан журмаар “энгийн хамгаалалтын бүс”-д мод бут огтлохыг; хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглахыг хориглосон байна. Уг журам нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш гарч мөрдөгдсөн хэдий ч усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоож, тухайн бүсэд мөрдөх дэглэмийг тогтоосон нь дээр дурдсанаар “усны нөөцийг бохирдох, хомсдохоос хамгаалах” зорилготой, уг зорилго, агуулга нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн нь ойлгомжтой юм.
19. Өөрөөр хэлбэл, анх нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглуулах эрх олгохдоо аливаа хуулийг зөрчөөгүй буюу эрх зүйн зөрчилгүй акт гаргасан хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах боломжийг захиргааны байгууллагад олгосон, энэ тохиолдлын хувьд мөн зүйлийн 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол”, 49.3.5-т “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэсэн тохиолдолд хамаарч уг актыг цуцлах урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна.
20. Иймд, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд маргааны үйл баримтад хамааралтай Усны тухай хууль болон холбогдох журмыг баримталж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... анх газар ашиглах эрх олгосон шийдвэр ямар нэгэн илт гэмтээсэн зөрчилтэй гэж маргаан бүхий актад заагаагүй байхад хэргийн оролцогчдын маргаагүй зүйлийн талаар дүгнэлт гаргаж, үүнийгээ шийдвэрийнхээ үндэслэл болгосон, ...энгийн хамгаалалтын бүсэд орж байгаа боловч яг ямар хэмжээгээр аль цэгээрээ орж байгаа нь тодорхойгүй, ... хэт нэг талыг барьж буруу дүгнэсэн,... анх олгосон шийдвэрээ цуцлах гэж байгаа тохиолдолд хуулийн өөр зүйл заалтыг хэрэглэж, сонгох боломжоо ашиглаагүй, ... удаа дараа, ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг тайлбарласан Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу дүгнээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
21. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ