| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00355/И |
| Дугаар | 307/ШШ2025/00627 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00627
2025 04 21 307/ШШ2025/00627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, ******* банк цамхагт оршин байх, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 баг, хороолол, 5 , 02 хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,205,631.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Хариуцагч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.******* оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Н.*******д холбогдуулан 19,205,631.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Н.******* нь ******* банк ХК-ийн Төв тооцооны төвтэй 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/2018******* зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ2018******* Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан.
Зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/2018******* Зээлийн гэрээ-нд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ/2018*******-1 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.
Зээлдэгч Н.******* нь ЗГ/2018******* Зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ/2018*******-1 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,750,2.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,631,004.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,047.82 төгрөг, нийт 10,387,269.41 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Н.*******гоос 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
ЗГ/2018******* зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ/2018*******-1 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт
а/ үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг,
б/ зээлийн хүүгийн төлбөр 9,852,463.90 төгрөг,
в/ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,103,385.16 төгрөг, нийт 19,205,631.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлдэгчийн хүсэлтийг харгалзаж үзээд зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгасан. Иймд энэ нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүг багасгах боломжгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
овогтой ******* би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ******* банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлээ хугацаандаа барагдуулж төлөөгүйд хүлцэл өчье.
Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний дагуу сар бүр төлөөд явж байх үед 2019 оны намраас Covid-19 цар тахал гарч, зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн юм. Миний бие нь цар тахлын үеэр амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэйгээр цахим хувьцаа, цахим мөрийтэй тоглоом тоглон донтож бусдын өгөөшинд орж, бусдад 20,000,000 гаруй төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулиар шийтгэгдэж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаагаар цагдан хоригдох шийтгэлийг хүлээсэн. Энэ хохирлоос 12,000,000 төгрөгийг хариуцлагатайгаар төлөөд явж байна. Миний бие ******* банкнаас авсан зээлийг шударга хөдөлмөрлөн заавал төлөх учир нийт хүүнд ногдуулсан 10,900,000 төгрөгөөс тодорхой хэмжээгээр багасгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
******* банк ХК-иас нэхэмжилж байгаа 19,205,631.78 төгрөгийг зөвшөөрч байна. Гэвч зээлийн хүүгийн төлбөр болох 9,852,463.90 төгрөгийг 20-30 хувиар багасгаж өгөхийг хүсэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамжид 254,000 төгрөг төлсөн баримт, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №БГХ2018******* тай Барьцааны гэрээ, зээл олгосон баримт, Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗГ/2018*******-1 тай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Н.*******гийн ******* банк ХК-д гаргасан хүсэлт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэлүүдийг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2-3 Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* банк ХК нь иргэн Н.*******той 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №БГХ2018******* тай Барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №ЗГ/2018*******-1 тай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 21.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг, зээлийн хүү 9,852,463.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,103,385.16 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Н.*******гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 19,205,631.78 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргав. Үүнд: ******* банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн тооцоололтой маргахгүй. Гэхдээ ковид 19 цар тахлаас шалтгаалан ажилгүй болж, зээл төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүг 20-30 хувиар багасгаж өгөхийг хүсэж байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. ******* банк ХК, Н.******* нар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ, №БХГ2018******* тай Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* банк ХК нь 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй Н.*******д зээлдүүлэх, Н.******* нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Улмаар талууд харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/2018*******-1 тай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ-ний хугацааг 2022 оны 9 дүгээр сарын -ны өдрийг хүртэл 12 сараар сунгасан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зохигчид биелүүлэх үүрэгтэй.
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
******* банк ХК нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н.*******гийн ******* банк ХК дахь дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.******* нь ******* банк ХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/2018*******-1 тай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 6,750,2.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,631,004.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,047.82 төгрөг төлсөн болох нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон.
4.3. Иргэний хуулийн 208 зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасан.
Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг, зээлийн хүү 9,852,463.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,103,385.16 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч нь ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4.4. Иргэний хуулийн 453 зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан №ЗГ/2018******* тай Зээлийн гэрээ-ний 2.1.6-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 зүйлийн 452.2-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд заасан хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
5. Хариуцагч Н.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоололтой маргахгүй, харин ковидын нөхцөл байдлыг харгалзан хүүгийн төлбөрийг багасгаж өгөхийг хүссэн тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Н.******* нь ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүүг зогсоох хүсэлтийг банкинд гаргаж байгаагүй, харин түүний хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/2018*******-1 тай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан болох нь тогтоогдсон.
Мөн талууд зээлийн гэрээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцож тогтоосон байх бөгөөд хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Иймд хариуцагч Н.*******гоос үндсэн зээлийн үлдэгдэл 8,249,782.72 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 9,852,463.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,103,385.16 төгрөг, нийт 19,205,631.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гоос 19,205,631.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ