Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00942

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00942

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00510 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч И.М-т холбогдуулан гаргасан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.Идэшийн хууль ёсны өвлөгч буюу хариуцагч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргийг биелүүлэх буюу 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч И.М-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь 2015 оны 08 сард Б.Идэшээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах амины орон сууцны зориулалттай 000601034 дугаарын гэрчилгээтэй 84 м.кв газрыг худалдан авахаар болж түүнтэй 2015 оны 12 сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатаар баталгаажуулсан. Газрын төлбөрийг 24,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 24,000,000 төгрөгийг 20,000,000, 3,000,000, 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн Б.Идэш гуайд шилжүүлсэн.

Ийнхүү төлбөрийг төлж дуусгаад өөрийн нэр рүү шилжүүлэх хүсэлт гаргахад Б.Идэш нь ...эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулж болохгүй. Хүмүүс хэл ам хийгээд байгаа учир жаахан хүлээж бай, надад итгэ гэж хэлсэн. Гэхдээ уг газрын бодит эзэмшил нь нэхэмжлэгчид шилжсэн бөгөөд тухайн газар дээр жижиг путик ажиллуулж, дугуй зарах үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл тус газрын хойно амьдардаг Л.Алтанхуяг гэх хүн уг газрыг өөрийнх гэж тайлбарлан зөвшөөрөлгүй хашаа бариад тухайн газарт оруулахгүй байсан. Энэ асуудлыг зохицуулж өг гэхэд Б.Идэш нь хариуцагч Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг, Л.Алтанхуяг нарт холбогдуулж тэдний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж 2018 онд шүүхэд хандсан. Уг маргаанд нь зориулж Б.Идэш гуайд 2,350,000 төгрөгийг өмгөөлөгчийн зардлыг өмнөөс нь төлсөн. Ингээд шүүхээс маргааны зүйл болох газрыг Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг, Л.Алтанхуяг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Гэтэл Б.Идэш гуай нас барсан. Б.Идэш гуай газрын төлбөрт 2015 оны 12 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 04 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 05 сард 1,000,000 төгрөг авсан гэж, 2016 оны 02 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2016 оны 07 сард нийт 350,000 /100,000+250,000/ төгрөгийг тус тус газрын төлбөр болон өмгөөлөгчийн зардалд авсан баримтыг хэрэгт хавсаргасан. Ийм байдлаар газрын үнэ, газрын төлбөр, өмгөөлөгчийн зардалд төлсөн мөнгийг Б.Идэш авсан талаар өөрөөр нь гарын үсэг зуруулж хувийн гэрээ байгуулж баримтжуулсан болно.

Б.Идэш гуайг нас барсны дараа түүний хүү И.М-т хандаж ...аавд чинь төлбөрөө төлсөн, шүүхийн асуудал дууссан тул газраа шилжүүл гэхэд тэрээр анхандаа зөвшөөрч ...өв нээгдээд хугацаа дуусаагүй байна. Эхлээд газраа шилжүүлж авна, тэгээд асуудал дуусмагц шилжүүлнэ гэсэн. Сүүлдээ тэрээр ...Газар миний нэр дээр шилжсэн. Би чамаас мөнгө төгрөг аваагүй. Одоо энэ газрыг түрээсэлж, зарж байна гэсэн. 2020 оны 10 сарын 14-ний өдөр хэдэн хүмүүс энэ газар дээр барилга барьж байсан.

Энэ талаар Баянгол дүүргийн Газрын албанд танилцуулахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв гэсэн хариуг өгсөн. Иймд шүүхэд анх 2015 оны 12 сарын 25-ны өдөр Б.Идэш, Д.Б- нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр мөн болохыг тогтоолгож, энэ гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг дараах байдлаар тодруулсан.

Үүнд, 2015 оны 12 сарын 25-ны өдөр Б.Идэш, Д.Б- нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.Идэшийн хууль ёсны өвлөгч буюу хариуцагч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргийг биелүүлэх буюу 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний үүрэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84 м.ъв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь дээрх газрын төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлсөн, уг гэрээ нь хуульд нийцсэн учир нэхэмжлэл бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. И.М-ын эцэг Б.Идэш нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах нэгж талбарын 168023/5596-18633309867706 дугаартай, 84 м2 газрыг 2 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар 2015 оны 12 сарын 18-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Үүний дагуу мөн өдөр Баянгол дүүргийн газрын албатай газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж, хуулийн дагуу газрын төлбөр тооцоог хийж эзэмшиж, ашиглаж байсан ба уг газар нь Б.Идэшийн нэр дээр байсан боловч манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө байсан юм.

Талийгаач амьд сэрүүн байхдаа уг газрыг хэн нэгэн этгээдэд худалдан борлуулсан, бэлэглэсэн талаар огт дурсаж байгаагүй бөгөөд ах, дүү нар болон үр хүүхдүүддээ энэ талаар мэдэгдсэн, зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Талийгаач нь тухайн газрыг нэхэмжлэгч болох Д.Б- гэж хүнд худалдсан гэдгийг хариуцагч сүүлд мэдсэн. Б.Идэш 2019 оны 07 сарын 22-ны өдөр нас барсан. Ингээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах нэгж талбарын 168023/5596-18633309867706 дугаар 84 м.кв газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрхийг өвийн журмаар хүлээн авсан ба 2020 оны 06 сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг И.М-т олгосон.

Улсын бүртгэлийн болон Иргэний хуульд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн талаар улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүснэ гэж тодорхойлон хуульчилж өгсөн. Энэ агуулгаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний үндсэн дээр түүнийг шууд өмчлөгч мөн гэдгийг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй.

Б.Идэш нь маргаан бүхий газрыг бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх зорилгоор 2017 оны 09 сарын 21-ний өдөр тус шүүхэд хандаж байсан. Тодруулбал, тэрээр Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг болон иргэн Л.Алтанхуяг нарт холбогдуулж газар чөлөөлүүлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгуулах тухай шаардлагыг гаргасан ба уг хэрэг маргаан нь 2019 онд Улсын дээд шүүхээр хэлэлцэгдэж нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан. Тухайн маргаан нь хэн нэгэн иргэн хуулийн этгээдтэй газрын давхцалтай эсхүл нэг газрыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхардуулан олгосон гэх маргаан биш байсан. Харин Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг болон иргэн Л.Алтанхуяг нарт холбогдуулж, Газар чөлөөлүүлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгуулах тухай буюу хариуцагч нар нь манай эзэмшлийн газарт дур зоргоор дайрч орж байсан үйлдэл, хашааг буулгаж байсан үйлдэл зэргийг таслан зогсоолгох агуулгатай байсан.

Нэхэмжлэгч Д.Б- нь 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд дээр дурдсан маргаан бүхий газрыг эзэмших эрхийг талийгаачийн оролцоогүйгээр өөртөө шилжүүлэн авах хууль зүйн бүрэн боломж нээлттэй байсан ба яагаад уг боломж бололцоогоо тухайн үед ашиглаагүй нь бидэнд бодит эргэлзээг төрүүлж байна. Уг газрыг эзэмшсэнээс хойш хугацаанд манай хамаатны хэдэн хүмүүс тухайн газарт хаягдал төмөр буюу хоёрдогч түүхий эд худалдан авах цэг ажиллуулж байсан ба нэхэмжлэгч нь тухайн газарт ямар нэгэн тохижилт, үйлчилгээ, засан сайжруулах үйлдэл, үйл ажиллагааг огт явуулж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчтай биечлэн уулзаж байгаагүй, харин утсаар ярьж энэ талаар хэлсэн ба тухайн үед ажил явдал дуусаагүй, өвийн талаарх асуудал шийдвэрлэгдээгүй байсан тул энэ асуудлыг чинь шийдвэрлэх боломжгүй талаар хэлж байсан.

Нэгэнт маргаан бүхий газрыг эзэмших, ашиглахтай холбоотой эрх, үүрэг нь өвийн журмаар болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр надад олгогдсон тул Д.Б- болон И.М-ын эцэг Б.Идэштэй байгуулсан 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн уг газартай холбоотой эрх, үүрэг нь хуулийн дагуу И.М-т шилжсэн тул хариуцагчийн зүгээс уг гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба Иргэний хууль тогтоомжид заасны дагуу гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Гэхдээ бусдын эд зүйлсийг зүгээр үнэгүй аваад завших санаа зорилго байхгүй. Нэгэнт эцэг Б.Идэш нь газрын төлбөрт 24,000,000 төгрөг авсан гэх тул түүнийг нь нэхэмжлэгчид буцааж өгөөд энэ газрын маргаантай асуудлыг дуусгамаар байна. Энэ нөхцөлөөр эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Харин газрыг шилжүүлэх боломжгүйн гадна өмгөөлөгчийн буюу шүүхийн зардал, нотариат, газрын төлбөрт төлсөн гэх 2,350,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, энэ талаар мэдэхгүй тул төлөхгүй.

Эцэст нь, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 44, 243 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй. Хэрэв гэрээг шүүхээс хүчинтэй гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг анхаарах ёстой. Уг гэрээнд хугацааны талаар дурдаагүй учир энэ гэрээг нэн даруй биелэгдэх шинжтэй гэрээ буюу 2018 оны 12 сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын эрхийг шилжүүлж авсан. Энэ гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 18-ны өдөр газар эзэмших эрх нь дууссан. Энэ хугацаанд газрын албанд газрыг өөр дээрээ шилжүүлж авахаар хандсан үйлдлийг нотлох баримт байхгүй. Иргэний тухай хуулийн 126 дугаар зүйл буюу гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн нотолгоог заасан. Энэ агуулгаараа уг газар нь гэр бүлийн дундын өмчлөл байсан тул өвлөөд өмчилсөн байгаа.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2015 оны 12 сарын 25-ны өдөр Б.Идэш, Д.Б- нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.Идэшийн хууль ёсны өвлөгч И.М-ыг эрх шилжүүлэгчийн үүргээ биелүүлэхийг буюу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгчийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлэхийг даалгах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч И.М-аас 26,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан, уг хуулийн зохицуулалтын дагуу үндэслэх хэсэгт үйл баримтууд дурьдагдаж байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох хуулийн зарчим алдагдаж байна.

Д.Б-ийн Б.Идэштэй байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад бүрэн нийцсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийгээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс халилгүйгээр шийдвэрээ гаргах ёстой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтыг удирдлага болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 26,350,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг хууль бус гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч И.М-т холбогдуулан 2015 оны 12 сарын 25-ны өдөр Б.Идэш, Д.Б- нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгож, энэ гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тодруулан, дээрх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.Идэшийн хууль ёсны өвлөгч буюу хариуцагч И.М-ыг 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний эрх шилжүүлэгчийн үүргийг биелүүлэх буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 цэцэрлэгийн баруун хойно байрлах АОС-ны зориулалттай 84 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг даалгах гэжээ. /хх1-4, 14/

 

Хариуцагч И.М- нь дээрх гэрээ хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус байхаас гадна гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, газрын үнэд Б.Идэшт төлсөн гэх 24,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, маргаан бүхий газар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас уг газрын эзэмших эрхийг хуульд зааснаар өвлөн авсан гэх үндэслэл тус тус заан, талууд харилцан маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 26,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх7/, 2016 оны 10 сарын 05-ны өдрийн гар бичмэл бүхий Д.Б-оос шилжүүлсэн мөнгийг Б.Идэш хүлээн авсан гэх баримт /хх8/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 25-ны өдрийн гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг шаардах эрхгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-нд Б.Идэш нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах, амины орон сууцны зориулалттай, 84 м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх агуулгатай байтал нэхэмжлэгч нь газрын үнэ болон түүнтэй холбоотой гарсан зардал зэрэгт нийт 26,350,000 төгрөгийг Б.Идэшт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө авсан гэдэгт маргаагүй.

 

Иймд Д.Б- болон Б.Идэш нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Иймээс уг хэлцэл нь газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг үгүйсгэхгүй, улмаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад бүрэн нийцсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, гэрээний нэг тал болох Б.Идэшээс И.М-т өв шилжсэн үйл баримт хуульд нийцсэн эсэх талаар талууд маргаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй тул хариуцагчаас уг гэрээний үүргийг шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, хариуцагч И.М- нь нэхэмжлэгчид 24,000,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэх агуулгаар тайлбар гаргасан байна. Мөн нэхэмжлэгчээс хэрэгт хавсаргасан 26,350,000 төгрөгийг Б.Идэшт хүлээлгэн өгсөн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгээгүй тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч И.М-аас 26,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-ид буцаан олгосон нь хуульд нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгосноос өөр хууль зүйн үндэслэлийг бичгээр гаргасан шийдвэрт тусгасан талаарх гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэсэн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00510 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэл, Шүүхийн шийдвэр-ийг харьцуулан үзэхэд, хууль хэрэглээний зөрүүтэй байдал тогтоогдсонгүй. /хх137-140, 143-145/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР