Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

2024/ДШМ/10

 

 

 

Б.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Н

            Шүүгдэгч: Б.Т

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Тд холбогдох 2312001270287 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, А аймгийн Х ажилтай, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0-р баг, Ц хорооллын задгай гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б Т / РД00000000000000/,

 

Шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Ж ” шатахуун түгээх станцын зам дээр хохирогч Д.Атэй маргалдан, хэл амаар доромжлон, улмаар зодож, хохирогч Д.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Б.Тд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

                                                                                                                                                                                    А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч Б овогт Б Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 2 /хоёр/ ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тгаас 288,099/хоёр зуун наян найман мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж У хотын Ч дүүрэг, 0-р хороо, 00-00 тоотод оршин суух хаягтай, хохирогч Б овогт Д А /РД:00000000/-т, 161,000/нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан  иргэний  нэхэмжлэгч Ч.М /А аймгийн Э хэлтэст/-д тус тус олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 282,000/хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө "... шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй хамтарч үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ “бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлж зүйлчлэхгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулсан нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байвал тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг давхар зүйлчилж шийдвэрлэх талаар Улсын дээд шүүх тайлбарласан болно” гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан:

Хохирогч Д.Аийн "... Тэр эгч миний машиныг хөлөөрөө өшиглөхөөр нь буугаад “та яаж байна” гээд хэлсэн. Намайг хэл амаар доромжлоод “янхан, гичий” гээд янз бүрийн муухай үгээр хэлээд доромжлохоор нь би машинаасаа буугаад гараараа тэр эгчийн мөр рүү түлхсэн чинь хажуугаар нь бага насны хүү нь салгаад гараараа түлхээд намайг нэг удаа боосон. Тэгэхдээ миний эрүүн доогуур цохиод эрүү хавдсан хөндүүр байна. ... Эргээд шатахуун түгээх станц дээр очоод би “машинаа холдуул, би явмаар байна” гэхэд “чамайг явуулахгүй, чамайг ална” гэж хэл амаар доромжлоод байж байснаа түгээгч эгч миний толгой руу гараараа 3 удаа цохиж аваад, хөлөөрөө баруун талын хөл рүү өшиглөөд авахаар нь би хариу урвал үзүүлээд буцаагаад, тэр хүнийг гараараа цохиж аваад, хөлөөрөө өшиглөх гээд өшиглөсөн чинь өөрөө бултаад өшиглүүлээгүй. Хажуугаас нь хүү нь бололтой нэг хүүхэд миний толгойтой үснээс үсдээд гараа боогоод, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь хажуугаас ээж нь “цагдаа сэргийлэх болно” гээд больсон. Миний бие эрх чөлөөнд халдсан хүн ...түгээгчээр ажиллаж байсан эмэгтэй, өсвөр насны хүүхэдтэйгээ нийлж зодсон. ...миний баруун талын гуяны гадна тал хөхөрч хавдсан, эрүүний доод хэсгээр хавдсан, толгойн зүүн талын чамархай хэсэгт хавдсан, үснээсээ зулгаалгуулсан, нүүр хавдсан байна. Миний зүрх салгалаад чичрээд зүгээр болохгүй байна. ...би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардал мөн ажлаа хийж чадаагүй цалинг бүрэн гаргуулж

авмаар байна би гарсан зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, Гэрч М.Уын “...би тухайн өдөр Х дарга З хамгаалалтын ажлаар Ж колонкийн урдуур явган явж байхад Ж колонк дээр 2 эмэгтэй. маргалдаад байхаар нь явж очиход түгээгч эмэгтэй болон жолооч эмэгтэй нар хоорондоо хэрүүл хийсэн байдалтай, хогийн сав унаж автомашины урд дугуй дээр нь зогссон байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар асуухад түгээгч эмэгтэй “хогийн сав дайрчихлаа, шахаж орж ирээд байна” гэж хэлж байсан. Харин нөгөө эмэгтэй “машин руу өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгээд би тэр газраас яваад чиглэлдээ орж ажилласан. Үүрэг гүйцэтгээд нөгөө газраа ирэхэд нөгөө машин хөдөлсөн, түгээгч эмэгтэй ажлаа хийж байсан...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Э.Б “...би тухайн өдөр амралттай байхад орой 23 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад “хяналтын камерын бичлэг шүүх хэрэгтэй байна” гэхээр нь очиход түгээгчээр ажиллаж байсан Т гэх эмэгтэй “хогийн савны таг дайраад намайг зодоод явсан” гэж хэлээд зогсож байсан. ...У хотоос нэгдсэн журмаар тарааж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сард 150.000 төгрөгийн өртөгтэй ирж байсан. ...манай эд хөрөнгө байгаа юм. Би байгууллагын хогийн савыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Ж.Жы “...Тухайн үед А аймгийн 100 жилийн ой болж байсан. Би эхнэр хүү 2-оо хоол хийхээр яваад хоол хийгээд эргээд ирэхэд манай эхнэртэй нэг эмэгтэй маргалдаад байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Тэгсэн хогийн сав дайрсан байхаар нь босгох гэхэд нөгөө эмэгтэй хогийн сав руу өшиглөхөөр нь “чи яаж байгаа юм” гэхэд над руу дайраад байсан. ...манай эхнэртэй маргалдаж байгаад зууралдаж аваад нэгнийгээ цохиж байгаа харагдсан. ...мөн манай хүү Г салгах үедээ цохиж алгадаж байгаа харагдсан. Тэгээд удалгүй тэр эмэгтэй машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Аийн толгой руу гараараа 3 удаа цохих, хөлөөрөө баруун талын хөл рүү нь өшиглөх, түүний төрсөн хүү Ж.Г нь толгойтой үснээс үсдэх, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлээр санаатай нэгдэж хохирогч Д.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Ж.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 3 сартай байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй хэдий ч түүний төрсөн ээж Б.Ттай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох", 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх' талаар зохицуулсан бөгөөд Ж.Г нь өөрийн төрсөн эх Б.Тг хамгаалах зорилгоор энэ хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй ба Б.Т, Ж.Г нар нь бүлэглэн хохирогч Д.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад шүүхээс Б.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгож дурдсан “Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй хамтарч үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ “бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлж зүйлчлэхгүй, харин эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулсан нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байвал тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг давхар зүйлчилнэ" гэсэн агуулгатай Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно.....гэжээ

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Б.Т нь насанд хүрээгүй Ганболдтой бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед А аймгийн Э сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ж шатахуун түгээх газарт Атэй маргалдаж түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хохирогч, гэрч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх талаар сануулж мэдүүлэг авч байгаа учраас тухайн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд зодсон үйлдлийн улмаас учирсан гэдгийг хууль сануулж мэдүүлэг авч дүгнэлтээ гаргасан. Анхан шатны шүүх улсын дээд шүүхийн тайлбарыг тайлбарласан хэр нь хэдэн оны ямар тайлбарт дурдагдсаныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тогтоолын он сар, өдөр, дугаар бичигдээгүй байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх буюу бүлэглэж тухайн гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж хуульд тогтоосон байгаа учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.  Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна гэв. Хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүлэглэн гэж үзээд байгаа. Би тэр эмэгтэйг хүүхдээрээ бариулж байгаад цохисон бол бүлэглэн гэж үзэх болов уу гэж ойлгож байгаа. Камерын бичлэгт намайг ажлаа хийж байхад хохирогч цохисон, энэ үед манай хүү гүйж ирээд салгаж байгаа дүрс бичлэг харагддаг. Тэгээд салгах явцдаа дугтарч байгаа харагддаг. Би пос машин гартаа барьсан байсан учраас тэр эмэгтэйд хүрэх боломж байгаагүй. Би тэр хүнийг ам, хэлээр доромжлох биш өөрөө намайг балай авгай, гичий гэж хэлж бууж ирсэн. Хоёр дахь удаагаа юу болсон гэхээр дээрх үйл явдал болоод салж явчхаад буцаж гүйж ирээд дахин миний биед гар хүрсэн. Тэр үед дахин миний хүү гарч ирээд салгасан байдаг. Намайг нэг удаа цохиж, өшиглөөд явахад  нь мөрөн дундуур нь цохиж үс нь гарт гогодсон дүрс бичлэгээс тодорхой харагддаг. Түүнээс бол 3 удаа өшиглөсөн 3 удаа тархи руу шаасан талаарх баримт байдаггүй. Үүнийг нотлох манай нөхөр, хүүхэд байгаа. Салгах явцад хохирогчид гэмтэл учирсан. Хүүхэдтэйгээ бүлэглэж тухайн эмэгтэйд хохирол учруулсан гэж зүйлчилж байгаад  гайхаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх  шүүгдэгч Б.Тг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Ж ” шатахуун түгээх станцын зам дээр хохирогч Д.Атэй маргалдан, хэл амаар доромжлон, улмаар зодож, хохирогч Д.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн зовхи, хоёр хацар, эрүүнд цус хуралт, эрүү, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Д.А, гэрч Г.А, М.У,  яллагдагч  Б.Т нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн  зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн  бөгөөд шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн,  гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.У... анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хуулийг  буруу хэрэглэсэн ....гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт...гэм буруу нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...гэж хуульчилжээ.

 

А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг өөрийн төрсөн хүү насанд хүрээгүй Ж.Гтай бүлэглэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй ба хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

   А аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 08 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэж Ж.Гыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Харин шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнтэй хамтарч үйлдсэн байхад хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжээр хүндрүүлж зүйлчилсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

             Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

              ШҮҮГЧИД                                           Т.Д

 

                                                                              Н.Э