Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2025/0049

 


 

 

2025 06 26 125/ШШ2025/0049

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Барсболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 654,800 төгрөгийн хохирлыг гаргуулах, Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Барсболд, хариуцагч Б.Цэрэндаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Б.Барсболдоос Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 03дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

- Дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 654,800 төгрөгийн хохирлыг гаргуулах,

- Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалын хүчингүй болгуулж Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/114 дугаар тушаалаар Б.Барсболдыг Жаргалант сумын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалтд томилогдож, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны газрын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.

2.2. Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус зөрчин албан байгууллагад удаа дараа танхайран, албан өрөөнд зөвшөөрөлгүй нууц бичлэг хийж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Б.Барсболдын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

2.3. Мөн Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/58 дугаар Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн захирал Бадарчийн Барсболд нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 тоот тушаалаар нийт 12 багшид үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2,800,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон, 2024 оны 03 дугаар сард ажиллаагүй эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөг авсан, 2024 онд байгууллагын заалны орлого 1782.2 төгрөгийг байгууллагын дансаар дамжуулаагүй сахиул Т.Нэргүйн дансаар дамжуулан байгууллагын орлогыг зарцуулсан болон Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ажилчдын гомдол зэргийг үндэслэн 2025 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

2.4. Нэхэмжлэгч Б.Барсболд нь тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

2.5. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Барсболдоос Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаар Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалын дагуу дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү Дутуу олгогдсон цалин хөлсний зөрүү 654,800 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.6. 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/58 дугаар Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Барсболдоос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Миний хувьд Б.Цэрэндаваатай ямар нэг хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байгаа бөгөөд яг хэзээ хэнтэй байгуулсан ямар хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй болно.

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчлүүлэхээр явах болсон туп чөлөө хүссэн өргөдлөө бичгээр оруулж өгөхөөр уулзах үед харин надаас улс төрийн соёл гаргаад захирлын ажлаа өгчих гэсэн хууль бус шаардлага тавьж эхэлсэн бөгөөд эмчилгээнээсээ ирээд ажлаа өгнө гэж амлалт бичиж өг гэж хэлээд байсан. Энэ үед миний зүгээс эхлээд миний албан ёсны өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн. Ингээд тухайн өдрийн орой 20:53 цагийн үед утасдаж би албан ёсоор чөлөө өгөөгүй байгаа тул холбогдох бичиг баримтаа маргааш авчирч өг гэсэн тул маргааш нь хагас сайн өдрийн өглөө 08:00 цагийн үед эмчилгээний бичиг, онгоцны билет зэргээ канондаж аваачиж өгсөн. Ингээд би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас ирсэн.

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.Цэрэндаваа нь намайг өрөөндөө утсаар дуудуулсан бөгөөд одоо захирлын ажлаа өг гэдэг хууль бус шаардлага тавьсан. Ингээд би хэрвээ миний ажлыг авах юм бол намайг ямар ажлын байраар хангах вэ гэхэд чиний оронд томилогдох хүнд ажлын байраар хангах чиглэл өгнө гэх хэлэхээр нь манай сургуульд ямар ч орон тоо байхгүй байгаа тул таны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж саналаа хэлээд гараад явсан. Үүнээс хойш 2025 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд дахин дахин дуудаад энэ шаардлагаа дахин дахин тавьж байсан тул хүлээн зөвшөөрөхгүй байсан тул намайг загнаж, дарамталж, худалч гэх мэтээр гүтгэж эхлэхээр нь би та ингэж хүнийг дарамталж байгаа бол би өөрийгөө хамгаалж таны энэ байдлын талаар бичлэг утсан дээрээ хийнэ гэж хэлэхэд чи тэг хийж л байхгүй юу гэж хэлэхээр нь би утсаа асаагаад эхэлсэн бөгөөд Б.Цэрэндаваа нарийн бичиг, хүний нөөц гэх хүнийг өрөөндөө дуудаж оруулж ирээд энэ хүн бичлэг хийгээд байна гэж хэлээд гэрч болоод суу гэхэд нарийн бичиг нь бас өөрийн утсан дээрээ бичлэг хийгээд эхэлсэн. Тухайн бичлэг эхлэхэд тухайн хүний ааш авир нь илтэд зөөлөрсөн байдалтай болж ирсэн.

Энэ үйл явдлаас болж Б.Цэрэндаваа нь цагдаа дууд гэж хэлээд дуудуулсан бөгөөд би тухайн бичлэгээ цагдаад үзүүлэхэд тухайн цагдаа та наад бичлэгээ устга гэж шаардахаар нь би устгасан. Харин нарийн бичгийн хийсэн бичлэгийг устгуулаагүй болно.

Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар миний үндсэн цалин 2025 оны 3, 4 дүгээр сард сар бүр 20 хувь хасаж олгосон. Миний бие албан ажил үүргээ зохих журмын дагуу алдаа дутагдал гаргалгүйгээр хийж ирсэн ба сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Миний үндсэн цалин 1637000 төгрөг байдаг бөгөөд 2025 оны 3 болон 4 сард миний үндсэн цалинг 1.309.600 төгрөгөөр бодож нийтдээ 654.800 төгрөгийг дутуу олгосон. Иймд Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын улмаас дутуу олгосон цалин 654,800 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж нэхэмжлэгчид дутуу олгосон цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Б.Барсболд намайг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ий өдрийн Б/51 дугаартай тушаалаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.Тухайн тушаалыг тус өдрөө гардан авч эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна.

Намайг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн урамшуулал 12 багшид давхардуулан олгосон, 2024 оны 3 дугаар сард эмчилгээ хийлгэсний улмаас ажиллаагүй байж ур чадварын нэмэгдэл цалин авсан, заалны орлогыг сахиулын дансаар дамжуулан зарцуулсан, байгууллагын ажилчдын гомдол зэргийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4. 80.1.5. Боловсролын Ерөнхий хуулийн 28.6. Хөдөлмөрийн гэрээний 5.2.2, 5.2.6. 5.2.10 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь дараах байдлаар хуульд нийцээгүй болно

Б.Цэрэндаваа дарга нь надад сахилгын шийтгэл оногдуулсны дараа манай сургуулийн багш нартай хэд хэдээр нь уулзсан байдаг. Мөн миний талаар гомдол гаргаж гарын үсэг зуруулсан байдаг. Уг гомдолтой холбогдуулан дотоод хяналтын улсын байцаагч Н.Балт гэх хүн Боловсролын газрын албан бичгийн дагуу танай байгууллага дээр шалгалт хийх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би нягтлан, нярвыг дуудаж нэгдэн бичиг баримтуудаа бүгдийг нь гаргаж өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд уг хяналт, шалгалт дууссан ирж танилц гэх үед манай байгууллагад 2 асуудлаар акт тогтоосон байсан. Нэгдүгээрт: 12 багшийн мөнгөн шагналын асуудал, тэр нь салбарын тэргүүн жуух авсан тохиолдолд холбогдох мөнгөн шагналыг өгнө гэсний дагуу би гаргаж өгсөн. Хоёрдугаарт: намайг өвчтэй байх хугацаандаа ур, чадварын нэмэгдэл авсан гэдэг, Үүнийг Боловсролын газрын дарга Сайнбаяр гэх хүн байхдаа бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэг нарыг хагас, бүтэн жилээр 2 удаа олгосон. Ингэхдээ тухайн хагас жилийн ажлын тайланг хянаж үзэж байж ур чадвар өгдөг. Үүний дагуу манай байгууллага хагас жилийн тайлангаа явуулсан. Уг ур чадварын нэмэгдлийг би өөрөө авна гэж тушаал гаргаагүй, дээд байгууллагын тушаал, шийдвэрээ олгогдсон.

Би тухайн үед нягтлантай хамт очих үед манай нягтлан манайх холбогдох дүрэм, журмын дагуу ажлаа хийсэн учир хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд гараад явсан. Гэтэл нэг өдөр ажлын хэсэг ирээд таны ажлыг авна гэж хэлээд миний ажлыг авсан учир би дахин аудитын газарт очиж холбогдож чадаагүй өнөөдрийг хүртэл хүлээгээд байж байна

Үүнд нэр бүхий 12 багш нар нь Боловсролын тэргүүний ажилтан болон боловсролын жуух бичгээр шагнуулсан байгаа бөгөөд тухайн шагналын дагалдах мөнгийг тухайн ажил олгогч нь олгох журамтай байгаа бөгөөд энэ журмын дагуу олгогдсон мөнгө болно.

Миний хувьд өөртөө зориулж тушаал гаргаж ур чадварын нэмэгдэл аваагүй бөгөөд тухайн үеийн Боловсролын газрын дарга нь зохих хууль журмын дагуу хагас болон бүтэн жилээр дүгнэж олгосон тул хууль зөрчөөгүй, миний гэм буруутай үйлдэл үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна.

Мөн сургуулийн манаачийн дансаар орлогоо бэлэн авч зарцуулсан гэдэг дээр тухайн орлогыг сахиул нярав, нягтланд тушааж тухайн орлогод миний оролцоо гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгүйгээр ингэж шууд буруутгаж байгаад гомдолтой байна. Миний хувьд тухайн заалны орлогоос хувьдаа авч захиран зарцуулсан зүйл байхгүй болно.

Иймд Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

3.2. Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Цэрэндаваагаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Барсболдын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир Б.Барсболд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-д заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 42.2.7-д заасан ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.1.4-д заасан ажлын байрын тодорхойлтод заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж, тогтоосон норм стандартыг ханган ажиллана, 4.1.7-д заасан байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон удирдах дээд байгууллагаас шаардсан мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь ажил олгогчид хүргүүлж байна гэх заалтыг зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний тавд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн 5.2.5-д заасан ажлын байранд, ажлын цагаар хэрүүл маргаан дэгдээх зүй бус үг хэллэг, дохио зангаа хэрэглэх, ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэх зөрчлийг үйлдсэн.

6 дугаар сургуулийн 10 багш Баян-Өлгий аймаг руу туршлага судална гээд явсан байсан боловч туршлага судлаагүй, ажил тасалж явсан байсан. Уг 10 багшид миний хувьд хариуцлага хүлээлгэх боломжгүй бөгөөд зөвхөн сургуулийн захирал хариуцлага хүлээлгэх боломжтой юм. 11 дүгээр ангийн хичээлдээ суугаагүй хүүхдийг хичээлдээ суусан мэтээр 11 дүгээр анги төгсгөөд явуулсан байсан болохоор энэ асуудлаар Б.Барсболдыг өрөөндөө дуудахад би мэдэхгүй байна гэхээр нь чи байгууллага удирдаж байж мэдэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм гэх асуудлаас болоод намайг утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Хичээл тасалж явсан 10 багшид ямар арга хэмжээ авсан талаар ямар нэгэн бичиг баримт авчраагүй.

Өмнөөс хэрэлдээд үг хэлүүлээгүй, орилоод байсан. Тухайн үед хүний нөөцийн ажилтан Г.Алтантуяа, нарийн бичиг Л.Мөнхзаяа нар байсан. Дараа нь дахиад өрөөнд ирж орилж, хэрүүл маргаан хийсэн.

Б.Барсболдыг Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2.5, 5.2.6, 5.2.10-д заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 тоот тушаалаар нийт 12 багшид үр дүнгийн урамшуулалтай давхардуулан 2,800,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон, 2024 оны 03 дугаар сард ажиллаагүй эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөг авсан, 2024 онд байгууллагын заалны орлого 1,782.2 төгрөгийг Байгууллагын дансаар дамжуулаагүй сахиул Т.Нэргүйн дансаар дамжуулан байгууллагын орлогыг зарцуулсан болон Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ажилчдын гомдол зэргийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэгдүгээрт: Сахилгын шийтгэлийн хувьд Б.Барсболд нь удирдах арга барил муу, мөн манай байгууллага дээр 2 удаа ирж агсарсан. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа тухайн үед маш тайван байсан мэтээр тайлбарлаж байна. Мөн манай өрөөнд орж ирээд миний зөвшөөрөлгүй бичлэг хийж байсан учир би цагдаа дуудаж, уг бичлэгийг устгуулсан.

Б.Барсболд нь анх надаас чөлөө авч явна гэж ирсэн. Тухайн үед Б.Барсболдтой холбоотой ажлын хамт олноос болон бусад газраас нэлээн олон гомдол ирсэн байсан. Мөн миний хувьд Б.Барсболдын чөлөө авах гэж байгаа талаар байгууллагынхаа холбогдох хүмүүст танилцуулсан боловч Б.Барсболдын өмнөх чөлөө авдаг гашуун туршлагыг хэлсэн. Би тухайн үед Б.Барсболдод чи их олон хоногоор явах гэж байгаа юм байна. Танай дээр ажил цалгардалт их байна. Ер нь захирлынхнаа ажлыг өгөөд багш руу шилжээд ажилла. Чи олон жил ингэж явж байна биеэ эмчлүүлэх хэрэгтэй байх гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёрын хооронд маргаан гарсан. Тэгээд би тухайн үед Б.Барсболдод хэлэхдээ чи орчноо мэдрээд, тушаал буурчих хэрэгтэй гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр Б.Барсболдын талаар багш нараас маш олон гомдол ирсэн учир би тэгж хэлсэн. Ингэж хэлсний төлөө Б.Барсболд намайг улс төртэй холбож байна. Ингэж бас хүнийг доромжилж, худлаа үгээр гүтгэж, гуйвуулж болохгүй.

Миний хувьд Б.Барсболдод 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулахдаа нууцаар бичлэг хийж хүмүүст тараасан, ажлын байранд дээр ирж танхайрсан гэх үндэслэлээр тушаал гаргасан байгаа.

Дараа нь Б.Барсболдыг чөлөө авч яваад ирсний дараа дуудсан. Ингэхдээ би чиний ажлыг авах тухай асуудал яриагүй байна. нэгдүгээрт: Танай сургуулийн 12 багш ямар ч зөвшөөрөлгүй хил гараад явсан байна гэдэг зүйлийг хэлсэн. 6 дугаар сургуулийн багш нарын хувьд ямар ч зөвшөөрөлгүй 5 дахь өдөр яваад хил, гааль гарч яваад ирдэг асуудал байдаг. Энэ байдал нь манай Боловсролын газрын мэргэжилтнүүд сургуулиудаар зөвлөн туслах үйл ажиллагаа шалгаад явж байх үед таарсан. Тухайн үед би Б.Барсболд захирлыг орлож ажиллаж байсан Цэндээ менежерийг өрөөндөө дуудаж танай сургуулийн 12 багш хил, гааль гараад 1 өдрийн ажил таслаад явсан байна. Ямар учиртай юм бэ гэж асуухад, Цэндээ менежер хэлэхдээ Б.Барсболд захирлын гарын үсэгтэй тамгатай багш хөгжлийн асуудлаар ээлж дарааллаар явдаг асуудал байгаа. Тэр тамгатай бичиг нь Б.Барсболд дарга өөрөө явсан учир үзүүлэх боломжгүй байна. Манай багш нар туршлага солилцох ажлаар явсан гэж хэлсэн. Мөн тухайн 12 багшийг ахалж явсан биеийн тамирын багш Урнаа гэх багшийг дуудаж уулзах үед 6 дугаар сургууль дээр туршлага судалсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед хэн нь үнэн хэлээд байгаа юм бэ гэж асуухад, Урнаа багш миний өөдөөс орилоод босож ирсэн бас ёс зүйгүй хүн гэдэг нь харагдаж байсан.

Хоёрдугаарт: Огт хичээлд суугаагүй 11 дүгээр ангийн хүүхдэд дүн тавьсан, мөн шалгалтад ороогүй хүүхдийг шалгалтад орсон мэтээр баримт бүрдүүлж дүн тавьсан байна. Ямар учиртай юм бэ гэхэд, би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгвэл танай сургуулийн 12 багш хил гарсан байна чамд гарын үсэгтэй юм байдаг гэсэн гэдэг Б.Барсболд бас мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад ажлаа мэддэггүй юм бэ, чи мэдэх ёстой, чи удирдлагаар хангах ёстой гэдэг зүйлийг хэлсэн. Б.Барсболд нь бас л улс төртэй холбоотой зүйл хэлж над руу орилоод байсан.

Ийм үүднээс миний хувьд холбогдох хууль болон дүрэм, журмыг судалж Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг үзэж байгаад Б.Барсболд захирлыг ажлаас нь халаагүй, чөлөөлсөн. гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяагаас шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Манай зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэгдүгээрт: 2025 оны 03 дугаар сарын 18-ны Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн гэрээний 5.2.5, 4.1.7, 4.1.3 дахь заалт, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т зааснаар Б.Барсболдод сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 41.4 дэх заалтууд үйлчлэхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч гэхээсээ илүү хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг. Төрийн үйлчилгээний удирдах албан хаагч юм.

Хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу оногдуулна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, зэргийг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг оногдуулдаг. Тухайн ажилтан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг хийсэн байна уу, үгүй юу. Энэ нь ямар баримтаар тогтоогдож байгаа эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Барсболд нь ямар ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй хэзээ, хаана яаж гарсан энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байна вэ гэдгийг үзэх ёстой.

Хариуцагчийн хариу тайлбар болон маргаан бүхий тушаал дээрээс үзэхэд 4 үндэслэлийг заасан байдаг. Нэгдүгээрт- танхайрсан, хоёрдугаарт- зөвшөөрөлгүй нууц бичлэг хийсэн, гуравдугаарт- хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, ёс зүйн зөрчил гаргасан гэх тайлбарыг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь хэзээ яаж танхайрсан бэ, энэ нь ямар үйл баримт, ямар үйлдэл байгаа юм бэ, үүнийг тогтоох гэхээр тодорхой он, сар, өдөр цаг минут нь тодорхой бус байна шүү дээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг өндөр дуугаар ярьсныг танхайрсан гэж өөрийн үзэмжээр үнэлээд байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б.Цэрэндаваа болон Б.Барсболд нарын хооронд маргаан үүсэн. Тухайн маргаан нь зөрчлийн хэмжээнд хүрсэн үү, үгүй юу, саналын зөрүүтэй байдлыг нэг нь танхайрсан гэж үзэж, нөгөө нь танхайраагүй гэж байгаа нь үзэмжийн асуудал болж байгаа юм. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг танхайсан гэх үйлдлийг тодорхой нотолж тогтоосон байх ёстой гэдгийг хэлье. Гэтэл танхайрсан гэх үйлдлийг нотлох Цагдаагийн байгууллагын болон Ёс зүйн зөвлөлийн тушаал, шийдвэр байдаггүй. Хариуцагч нь зөвхөн өөрийн үзэмжээрээ нэхэмжлэгчийг танхайрсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Зөвшөөрөлгүй нууц бичлэг хийсэн гэдэг асуудлын тухайд. Нууц уу, нууц биш үү гэдгийг ямар журмаар яаж зохицуулж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчиж байгаа нь ойлгомжгүй. Б.Барсболд бичлэг хийж болдоггүй, бусад хүмүүс бичлэг хийж болдог юм зүйл байдаг юм уу, хариуцагчийн зүгээс би өөрөө нарийн бичгээ дуудаж бичлэг хийлгэсэн гэж тайлбарласан. Хэрэв Б.Цэрэндаваа дарга бичлэг хийж болоод бусад хүмүүс бичлэг хийж болдоггүй юм бол та үүнийг өөрөө журмаараа зохицуулах ёстой шүү дээ. Нэг нь бичлэг хийгээд нөгөөх нь бичлэг хийж болдоггүй. Ер нь бичлэгийг ямар тохиолдолд хийх ёстой гэдэг нь хүртэл тодорхой бус байна.

Гуравдугаарт: Хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийн тухайд, нэхэмжлэгч нь яг ямар хууль ёсны шаардлага хэзээ ямар байдлаар тавьсан юм бэ, тухайн шаардлагаа бичгээр тавьсан юм уу, амаар тавьсан юм уу, хууль ёсны шаардлага гэдэг нь яг юу байсан юм бэ, хэзээ яаж хэрхэн биелүүлээгүй юм гэх мэт үйл баримт нь мөн тодорхой бус байна. Ялангуяа уг шийдвэрийг гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь өөрийнхөө гаргасан шийдвэрийн үндэслэл түүнийг нотлох үүрэгтэй. Гэтэл уг дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Хариуцагчийн зүгээс багш нарын гомдол ирсэн гэж хэлдэг. Тэгвэл яг ямар гомдол ирсэн. Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль гэж байгаа шүү дээ. Уг хуульд заасан зохих журмынх нь дагуу шалгасан юм уу. Хариуцагч тайлбарлахдаа тэр хүн гомдол гаргасан гэхдээ би чамд хэлэхгүй гээд яваад байдаг. Хэрэв Б.Барсболдтой холбоотой гомдол ирсэн та хариуцагч та шалгах үүрэгтэй шүү дээ. Тухайн гомдлыг шалгаж, шийдвэрлэсэн нэг процесс ажиллагаа явагдаагүй. Уг гомдол нь үнэн зөв эсэхийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг буюу тухайн нөхцөл байдлыг үнэн бодитыг нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байгаа шүү дээ. Гэтэл хариуцагч нь энэ үүргээ биелүүлэлгүйгээр сахилгын шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь үндэслэлгүй учир Б.Барсболдод сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Боловсролын газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.2.2, 5.2.6, 5.2,10, Боловсролын тухай хуулийн 28.6 дахь заалтуудыг тус тус үндэслэж гаргасан байдаг.

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалыг тайлбарлахдаа нэгдүгээрт Аудитын газраас гаргасан актууд байгаа. Үүнд Б/91 дугаартай тушаал, Боловсролын газрын даргын 2024 оны ур чадварын урамшуулал олгох тухай тушаал зэргийг үндэслэж акт гарсан учир Б.Барсболдыг ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Хоёрдугаарт: Заалны орлогыг дамжуулан авсан, ажилчдын гомдол гэх зүйлийг хэлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэм буруутай үйлдэл гаргасан гэж заасан байдаг.

Хоёрдугаарт: Гэтэл Б.Барсболд нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн үү, нэхэмжлэгч нь хариуцсан мөн эд хөрөнгөө хэрхэн яаж өөртөө ашигласан буюу ажил олгогчийн итгэлийг алдсан үйл баримт байгаад байгаа юм бэ, Б/91 тушаалын хувьд 12 багш гэлтгүйгээр нийт багш нарын хамтын гэрээнд урамшуулал тэмцээн уралдаанд орсон багш нараа урамшуулсан үйл баримт байгаа. Хамтын гэрээгээ биелүүлж байгаа үйл баримт нь юм. Б/81 дүгээр тушаалын хувьд боловсролын яамны жуух бичиг, боловсролын тэргүүн авсан ажилтанд тухайн ажил олгогч нь өөрөө тухайн мөнгөн урамшууллыг олгохыг Засгийн газрын тогтоолоороо зааж өгсөн. Үүнд аудитын газар дахин ярилцаж уг тушаал дээр багш ажилчдад акт тавьсан болохоос биш Б.Барсболдод гэдэг хүнд акт тавиагүй нөхцөл байдал байгаа. Үүнийг дахин судалж үзнэ. Өөрчлөлт орохоор ярилцсан байгаа гэдэг тайлбарыг өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Аудитын дүгнэлт дээрх үйл баримтад Б.Барсболдын буруутай үйл ажиллагаанаас болж, Б.Барсболд энэ мөнгийг өөртөө авч ашиглаж шамшигдуулсан өөр аргаар зарцуулсан үйл баримтын талаар аудитын дүгнэлтэд нэг ч дурдаагүй. Тэгэхээр тухайн ажилтныг тухайн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй дээр нь хариуцлага хүлээлгэдэг. Б.Барсболдын хувьд ямар нэгэн байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан зүйл байхгүй.

Гуравдугаарт: Заалны орлогыг сахиулын дансаар дамжуулан авсан гэх асуудлын тухайд, Б.Барсболд нь тухайн заалны мөнгийг өөртөө хувьдаа ашигласан зүйл байхгүй, анхан шатны баримтуудыг авсан. Актын сүүлийн хэсэгт зөвлөмж өгсөн байдаг. Үүнд анхан шатын баримтуудаа бүрдүүлээд энэ зөрчлийг арилгаарай гэдэг зөвлөмж байдлаар тавьсан болохоос биш акт тавигдаагүй гэдгийг хэлмээр байна.

Дөрөвдүгээрт: Цалингийн хувьд Б.Барсболдын үндсэн цалингаас гадна, урамшуулал, зэргийн нэмэгдэл гэх мэт 1 сарын цалин 2,520,980 төгрөг байгаа юм. 3, 4, сарын цалингийн хувьд ажилласан хоногоос нь үр дүнгийн урамшуулал буюу сахилгын шийтгэлийн мөнгийг нь суутгаж авсан байдаг. Нийтдээ 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 2 сар 4 хоногийн цалинг нэхэмжилж байгаа. 1, 2 сарын дундаж цалинг тооцоолон үзэхээр 2 сард таван хоног ажилласан 632,450 төгрөг, харин 1 сард 2,520,980 төгрөг буюу 22 хоног ажилласан. Үүний 1 өдрийн дундаж цалинг бодохоор 116,793 төгрөг үүнийг 22 хоногоор тооцохоор 2,569,446 төгрөг болж байгаа юм. Үүнийг 2 сараас үржүүлэхээр 5,138,892 төгрөг, 1 өдрийн дундаж цалинг бодохоор 116,793 төгрөгийг 4 өдрөөр бодохоор 467,172 төгрөг нийт 5,606,064 төгрөг цалин гаргуулахаар, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбатаас шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулсан. Энэ бууруулах үндэслэл нь сая хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт хэллээ Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж зааж өгсөн. Нэхэмжлэгчид яагаад сахилгын зөрчил оногдуулах болсон талаар хариуцагч сая шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тайлбарласан. Нэхэмжлэгч нь ажлын байр дээр ирж танхайрсан, мөн сонсох ажиллагаа хийхэд тухайн сонсох ажиллагааны тэмдэглэлийг авч ажилтантай маргалдсан, нууцаар бичлэг хийсэн. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа Ховд аймгийн Боловсролын газарт зөвшөөрөлтэй бичлэг хийхээс биш, зөвшөөрөлгүй бичлэг хийх болохгүй гэдгийг тайлбарласан.

Хоёрдугаарт: Хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тушаалгүйгээр 12 багш Баян-Өлгий аймаг руу туршлага судлах нэрийдлээр явсан асуудал байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон өөрийнх нь тайлбараар Солонгос улс руу эмчилгээнд явсан байна. Энэ нь чөлөө авсан тушаалаар нотлогдож байна. Бүгд найрамдах солонгос улс руу явсны дараагаар Б.Барсболдыг орлосон албан тушаалтан байхгүй, тухайн тушаал шийдвэр гаргаж орлосон хүнийг томилж үлдээсэн зүйл байхгүй байна. Үүний улмаас менежер төлөвлөгөө баталсан гэж байгаа боловч тухайн төлөвлөгөө дээр Б.Барсболд гэдэг захирлын нэрийг бичсэн болохоос биш өөрийнхөө нэрээр менежерийн өмнөөс эсвэл албан тушаал орлож байгаа хүний өмнөөс зургаадугаар сургуулийн ажилтнуудад чөлөө олгож туршлага судлуулж явуулсан зүйл хавтаст хэрэгт авагдаагүй өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа. Үүнийг явсан гэдгийг менежер нь ч хэлдэг, нэхэмжлэгчийн хувьд ч мөн хэлж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээн дээр зургаадугаар сургуулийг төлөөлөх, хариуцлага хүлээх эрхтэй субъект нь Б.Барсболд захирал байгаа түүнээс биш хэн нэгэн менежер захирлын өмнөөс хариуцлага хүлээнэ гэж байхгүй.

Дээрх үндэслэлүүдээр Б.Барсболдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр цалинг хорин хувь хүртэл хувиар бууруулсан. Мөн цагдаа дээр Боловсролын газраас гомдол гаргасан үүнтэй холбоотойгоор Б.Барсболд хариу тайлбар өгсөн гэдгээ хэлсэн. Энэ нь ажлын байран танхайрсан, маргаан гарсан гэдгийг өөрөө нотолж байгаа учраас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хоёр дахь үндэслэлийн хувьд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/58 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр тушаалыг гаргасан. Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахад Боловсролын газрын дарга Сайнбаяртай хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т ноцтой зөрчлийг зааж өгсөн. Тухайн ноцтой зөрчил нь аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа.

Аудитын дүгнэлтээр Б.Барсболдод 2025 оны 04 сарын 16-ны өдөр ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай улсын байцаагч ахлах байцаагчийн акт тогтоогдсон. Үүнд ур чадварын нэмэгдлийг 2024 оны 03 дугаар сард ажиллаагүй эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл цалин 339,680 төгрөгийг авсан гэдэг зүйлээр акт тогтоосон. Үүнийг өнөөдрийн байдлаар Б.Барсболдын хувьд Сангийн яам болон шүүхэд гомдол гаргасан зүйл байхгүй байгаа. Өөрөө бас хэлж байна миний цалингаас суутгачихсан байна лээ гэж, мөн гэрчээр Н.Балт аудитын байгууллагаас гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн мөнгийг Б.Барсболд төлсөн гэдгийг хэлчихсэн. Үүнийг дагуу Хөдөлмөрийн гэрээний 5.1.4, 5.2.2-т заасан нөхцөл Б.Барсболдод бүрэн хангагдсан гэж үзэж байна. Тухайн 12 багшид ур чадварын нэмэгдлийг Б.Барсболд нэхэмжлэгчийн хувьд захирал байхдаа тушаал гаргаж олгосон байдаг. Үүнийг хэн нэгэн этгээд олгоогүй. Үүнд мөн акт тогтоогдсон. Ур чадварын нэмэгдлийг буруу олгосон байна гэж үзэж өнөөдрийн байдлаар хэдий Н.Балт гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгөөд байгаа боловч хүчингүй болгосон гэдэг зүйлийг Н.Балтын хувьд ч хэлээгүй, Б.Барсболдын хувьд ч хэлсэн зүйл байхгүй байгаа учраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж үзэхээр байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээ болон зургаадугаар сургуулийг төлөөлөх хариуцлага хүлээх ажилтан ганцхан зургаадугаар сургуулийн захирал байгаа өөр хэн нэгэн этгээд биш учраас. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан үндэслэлээр чөлөөлсөн. Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсвэл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь аудитын байгууллагаар бас тогтоогдсоныг хэлж байгаа гэдгийг давхар хэлье.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн гэрээний хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн хөдөлмөрийн гэрээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, Б.Барсболдын тухайд зургаадугаар сургуулийн захирлын хувьд байнгын ажлын байранд ажилладаг учраас хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж зааж өгсөн. Яагаад гэвэл 2024 оны 03 дугаар сард болсон асуудал байгаа учир үүнийг дурдах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл дээр сахилгын зөрчил гэж юуг хэлэх вэ гэх дээр сануулах, цалингийн хувь дахь, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүдийг заасан. Аудитын дүгнэлт 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай гэж акт тавигдсан. Үүнийг Боловсролын газраас 4 сард мэдэж, 2025 оны 04 сарын 21-ний өдөр Б.Барсболдыг ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан үндэслэлд хамаарч байгаа. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-т Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Уг сахилгын шийтгэлийг тасалдах үндэслэлийг мөн зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж зааж өгсөн. Б.Барсболдын хувьд 2024 оны 07 дугаар сараас 30 хоног амарсан. 2025 онд Солонгос улс руу 24 хоног явсан гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл 54 хоног буюу 2 сар орчим тасалдсан байна. Нэхэмжлэгчийн хувьд ур чадварын нэмэгдэл дээрээ өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаан байдаггүй. Уг актыг төлсөн. Өнөөдрийн байдлаар маргаагүй үндэслэл нь Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т заасан ноцтой зөрчилд бүрэн хамаарч байгаа учраас ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна.

Гуравдугаарт: Нэргүйн дансаар орлого зарлагыг зарцуулсан гэж байгаа. Нэргүйн дансаар орлого зарлагыг зарцуулахгүй. хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нэргүй ч гэсэн өөрийнхөө дансаар дамжуулсан байдаг. Манай менежерүүд надаас долоо хоногт 1 удаа ирж заалны орлогыг авдаг гэсэн боловч, Үүнд мөн акт тогтоосон байдаг. Иймд дээрх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан эд хөрөнгийн хариуцлага бүрэн хүлээх этгээд нь зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа.

Ийм учраас маргаан бүхий актуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч нь Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалтай маргаж 2025 оны 03 сарын 20-ны өдөр шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 сарын 01-ний өдөр уг тушаалын улмаас дутуу олгогдсон 654800 /зургаан зуун тавин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийн хохирлыг гаргуулахаар, 2025 оны 05 сарын 19-ний өдөр 2025 оны 04 сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Боловсролын газрын даргын үүргийг тор орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

6.Тушаалд дурдсанаар ...албан байгууллагад удаа дараа танхайрсан, зөвшөөрөлгүй нууц бичлэг хийж хууль ёсны шаардлага үл биелүүлэх ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 6 дугаар сургуулийн 10 багш Баян-Өлгий аймаг руу туршлага судлах нэрээр ажил тасалж явсан.11 дүгээр ангийн хичээлдээ суугаагүй хүүхдийг суусан мэтээр анги төгсгөж явуулсан зэрэг асуудлаар нэхэмжлэгчийг дуудаж уулзахад утсаар бичлэг хийж, хэрүүл маргаан хийсэн гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.2. хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах; 42.2.7.ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх; болон Хөдөлмөрийн гэрээний 4.1.4. ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж, тогтоосон норм стандартыг ханган ажиллах, 4.1.7.байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон удирдах дээд байгууллагаас шаардсан тайлан мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь ажил олгогчид хүргүүлж байх зэрэг үүргүүдээ биелүүлээгүй мөн гэрээний тавд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэл үндэслэлийн 5.2.5-д заасан ажлын байранд, ажлын цагаар хэрүүл маргаан дэгдээх зүй ус үг хэллэг, дохио зангаа хэрэглэх, ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэх зөрчлийг үйлдсэн. гэжээ.

8. Сонсох ажиллагаа явуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 07-ны мэдэгдэлд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал Б.Барсболд нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Боловсролын газрын даргын албан өрөөнд бүдүүлэг загнаж, зөвшөөрөлгүй бичлэг хийж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан асуудлаар 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын газрын даргын өрөөнд сонсох ажиллагаа явуулна... гэж бичсэн байна.

9. Харин 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 11 дугаартай сонсох ажиллагааны тэмдэглэлд сонсох ажиллагааг Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа удирдаж сургалт арга зүйн хэлтсийн дарга Д.Ган-Очир, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Батсайхан, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйч Г.Алтантуяа, архив бичиг хэргийн эрхлэгч Л.Мөнхзаяа нар оролцсон 03 сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 03 сарын 13-ны өдөр дахин дуудаж сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч сонсох ажиллагаанд оролцохгүй, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гарч явсан тул Б.Барсболдтой холбогдох саналыг хэлэлцэж шийдвэр гаргав. Хэлэлцэх асуудал: 6 дугаар сургуулийн үйл ажиллагаа болон захирал Б.Барсболдтой холбоотой цаг үеийн асуудлаар гээд нэгдүгээрт. 6 дугаар сургуулийн багш нар чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан асуудлаар, хоёрдугаарт. 11 дүгээр ангидаа хичээлдээ суралцаагүй хүүхдийг төгсгөсөн гэх асуудлаар, гуравдугаарт. захирал Б.Барсболдын ёс зүйн асуудлаар... гэж тэмдэглэгджээ.

10. Эндээс үзвэл сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлаас гадна сургуулийн үйл ажиллагаатай холбоотой 2 асуудлыг хэлэлцсэн гэж үзэхээр байх ч тэмдэглэлд дээрх асуудлыг хэрхэн шалгаж тогтоосон, хэний буруутай үйл ажиллагаа байсан талаар огт дурдаагүй буюу хэлэлцсэн зүйлгүй, зөвхөн хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг ногдуулах саналыг дэмжсэн агуулгатай байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.123.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. гэж заасан.

12. Сахилгын шийтгэлийг ногдуулах процедурын хувьд нэгдүгээрт ажилтны гаргасан үйлдэл эс үйлдэл нь сахилгын зөрчил мөн эсэхийг тогтоох, хоёрдугаарт бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой тайлбар авах , гуравдугаарт зөрчлийн шинж байдалд тохирсон сахилгын шийтгэлийг сонгож ногдуулж шийдвэр гаргах ажиллагаа юм.

13. Хэрэв нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журмаар гомдол, мэдээлэл гаргаж шийдвэрлүүлсэн байхыг шаардана.

14. Хариуцагчаас энэ талаар гомдол, мэдээлэл гаргаж шалгуулаагүй байх ч нэхэмжлэгчийг албан өрөөнд танхайрч, утсаар бичлэг хийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн албан хаагч ирж нэхэмжлэгчийн хийсэн бичлэгийг устгуулсан болох нь гэрч Г.Алтантуяа, Л.Мөнхзаяа нарын тогтоогдож байна гэж үзлээ.

15. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ёс зүйн шаардлагыг зөрчсөн эсэх талаар тогтоогоогүй атлаа ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн, хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол мөн хуульд зааснаар ёс зүйн хариуцалага тооцох байтал Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулж сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

16. Мөн маргаан бүхий актад дурдагдаагүй ч хариуцагчаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлд хамааруулж тайлбарласан 2 зөрчлийн тухайд: Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 12 багш туршлага судлахаар Баян-Өлгий аймаг явсан гэх хугацаа нь нэхэмжлэгчийн чөлөөтэй байх хугацаанд хамаарах нь чөлөө олгосон Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар тушаал, Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн онгоцны зорчигчийн тийзээр нотлогдож байх ба нэхэмжлэгч явахаасаа өмнө чөлөө зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй гэж тайлбарласан, сургалтын менежер нь удирдамжийг баталж явуулсан, багш нар нь туршлага судлаад ирсэн талаар тайлагнасан болох нь гэрч Цэндээ , Уранчимэг нарын мэдүүлгээр тогтоогдсон.

17. Хариуцагчаас энэ талаар өөрөө холбогдох хүмүүсээс асууж тодруулж тайлбар авсан, 11 дүгээр ангид хичээлд суугаагүй хүүхдийг суралцсан байдлаар төгсгөсөн талаар тогтоосон, мөн сургуулийн хамт олноос захирлын удаа дараа гомдол ирсэн талаар тайлбарласан ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч мэтгэлцээгүй болно.

18. Эдгээр үйл баримтуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.2. хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах; 42.2.7.ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх; болон Хөдөлмөрийн гэрээний 4.1.4. ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын чиг үүргээ хэрэгжүүлж, тогтоосон норм стандартыг ханган ажиллах, 4.1.7.байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон удирдах дээд байгууллагаас шаардсан тайлан мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь ажил олгогчид хүргүүлж байх. зэрэг үүргүүдээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

19. Мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д ажлын байранд, ажлын цагаар хэрүүл маргаан дэгдээх зүй ус үг хэллэг, дохио зангаа хэрэглэх, ёс зүйн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэх хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд хамаарах заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

20. Иймд хариуцагч нь маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон зарим зөрчлийг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, хуульд заасан журмаар шалгаж бодит нөхцөлийг тогтоогоогүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны шийдвэрийн үндэслэлийн талаар сонсох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

21. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, гэж тус тус заасан ба нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул 2025 оны 3 дугаар сард үндсэн цалин 1637000 /нэг сая зургаан зуун гучин долоон мянган/ төгрөгний 20 хувь болох 327400 /гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун/ төгрөг 4 дүгээр сард мөн 327400 төгрөгөөр бууруулж олгосон нийт 654800 төгрөгний хохирлоо гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

22. Үндсэн цалинг бууруулснаар бодогдох цалин болон гарт олгох цалинд өөрчлөлт орох үндэслэлтэй ч нэхэмжлэгчээс зөвхөн үндсэн цалингаас бууруулсан дүнгээр нэхэмжилсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай дугаартай Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд:

23. Маргаан бүхий актаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

Үүнд :80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

24. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасан ноцтой зөрчил-д хамаарах үйлдэл, эс үйлдлийн талаар Хөдөлмөрийн гэрээний 5-д заасан байх ба маргаан бүхий актад гэрээний 5.2.2.Мөнгө буюу бараа материал, техник хэрэгсэл, эд хөрөнгө хариуцаж байгаа ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, 5.2.6. Ажилтан нь ажил олгогчийн тавьсан хууль болон энэхүү гэрээнд нийцсэн зүй шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл ийнхүү татгалзахыг бусад ажилтанд уриалан турхирсан бол гэснийг үндэслэжээ.

25. Зөрчлийг тогтоосон үйл баримтын тухайд: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 2024 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд аудит хийж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/92 дугаар албан бичгээр аудитын тайланг хүргүүлэхдээ хязгаарлалттай дүгнэлт өгчээ.

26. Тус тайланд байгууллага нь хувь иргэдэд заал түрээслэн мөнгө орлого бүрдүүлж байгаа ч орлогын тооцоог санхүүгийн тайланд бүртгээгүй няравын дансаар заалны орлого 1.782.2 мянган төгрөгийг төвлөрүүлэн төсөвт төвлөрүүлээгүй зөрчлийг илрүүлж акт тогтоож, заалны орлогын тооцоог анхан шатны баримтад үндэслэн хийж тухай бүр төрийн сангийн дансанд тушааж, заалны орлогод тавих дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлэн ажиллах зөвлөмжийг өгсөн байна.

27. Санхүүгийн хяналт, дотоодын аудитын газраас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35-02/146 Ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай актаар нэхэмжлэгчийг 03 дугаар сард ажиллаагүй эмчилгээнд явсан байхад ур чадварын нэмэгдэл 339680 /гурван зуун гучин есөн мянга зургаан зуун наян/ төгрөг олгосон нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

28. Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дүгээр тушаалын хавсралтаар сургуулийн захирлуудад 2024 оны жилийн эхний хагас жилийн үр дүнгээр ур чадварын нэмэгдэл олгосон жагсаалтын 6-д нэхэмжлэгчид 22 хувиар, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/115 дугаар тушаалын хавсралтаар 2024 оны жилийн эцсийн үр дүнгээр ур чадварын нэмэгдэл олгосон жагсаалтын 4-д нэхэмжлэгчид 22 хувиар олгохоор заасан байна.

29. Эндээс үзвэл уг нэмэгдэл нь сар бүр олгогдох бус ажлын үр дүнгээс хамаарч жилд 2 удаа олгогдохоор байх тул нэхэмжлэгчийн ...Би өөртөө дур мэдэн нэмэгдэл аваагүй. гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь 03 дугаар сард бус Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрийг дуустал эмчилгээнд явсан үндэслэлээр чөлөөтэй байсан байна.

30. Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35-02/147 Илүү тооцож олгосон мөнгөн урамшуулал төлүүлэх тухай актаар нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар 12 багшид үр дүнгийн урамшуулалтай давхардуулж 2.800.000 төгрөг олгосныг зөрчилд тооцож төлбөрийн акт тогтоосон тухайд шүүхээс үзлэг хийж хэрэгт авагдсан баримтаар захирлын Б/91 дүгээр тушаалаар багш нарт бус төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

31. Дээрх 2 актын тогтоох хэсгийн 3-т Шалгуулагч байгууллага Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй гэж заажээ.

32. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд бүрэн тогтоогдсон, улсын байцаагчийн актууд хүчин төгөлдөр болсон нөхцөлд хариуцагчийн зүгээс хуульд зааснаар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтой.

33. Гэтэл нэхэмжлэгч уг актыг хүлээн авсан эсэхээс үл хамааран уг акттай маргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр буюу акт гарснаас 5 хоногийн дараа уг актыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.

34. Сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 14.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн. зааснаар төсвийн шууд захирагч байна.

35. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй.

36. Сонсох ажиллагааны тухайд 2025 оны 04 сарын 18-ны өдөр Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэндаваа удирдаж хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах арга зүйч Г.Алтантуяа, архив бичиг хэргийн эрхлэгч Л.Мөнхзаяа нар оролцсон байх ба 13 дугаартай тэмдэглэлд 03 сарын 13-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулахаар утсаар мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 04 сарын 18-ны өдөр дахин дуудаж сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч сонсох ажиллагаанд ирээгүй болно. Иймд Б.Барсболдтой холбогдох саналыг хэлэлцэж шийдвэр гаргав. Утсаар хэд хэдэн удаа Б.Барсболд захирлыг дуудаж уулзахаар дуудсан боловч ирээгүй. Удаа дараа албан өрөөнд танхайрсан, ёс зүйгүй үйлдлийг гаргасан. Б.Барсболд захирлыг ажлаас чөлөөлөх саналтай байна. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал Б.Барсболдыг ажлаас нь чөлөөлөхөөр тушаал гаргахыг хүний нөөцийн ахлах арга зүйч Г.Алтантуяад үүрэг болгов. гэжээ.

37.Дүгнэвэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах журмыг хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагааг хэлбөрийн төдий хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэж Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 олны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай дугаартай Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

38.Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна. гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2025 оны 06 дугаар сарын A26-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дахь зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101.2дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Барсболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 сарын 18-ний өдрийн Б/41 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, тушаалын улмаас дутуу олгогдсон 654800 /зургаан зуун тавин дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг, 2025 оны 04 сарын 21-ний өдрийн Б/51 дугаартай Б.Барсболдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөө\лөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ