| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00084/И |
| Дугаар | 311/ШШ2025/00270 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 311/ШШ2025/00270
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг ... сум .... баг .... тоотод оршин суух хаягтай, “...” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ... сум ... баг ... тоотод хаягтай “...” ХХК-нд холбогдох
эзэмшил газраа албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Т…, хариуцагч “...” ХХК-ийн төлөөлөгч Х…., түүний өмгөөлөгч Б…., Д…./цахимаар/, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч: Завхан аймаг ... сум ... тоотод оршин суух хаягтай, “...” ХХК, түүнийг төлөөлж захирал ажилтай ... овогтой ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...”...” ХХК нь Завхан аймгийн ... сумын компани бөгөөд Завхан аймгийн ... сумын ... тоот буюу ... нийгэмлэг ТББ-ын Завхан аймаг дахь салбарын 651 м2 газрыг барилга барих зорилгоор шилжүүлэн авсан.
Гэтэл “...” ХХК-ийн барьсан 15 айлын орон сууцны барилга нь манай компанийн эзэмшлийн газрын урд хэсгээр давхардуулан барьсан, мөн манай компанийн эзэмшил газрын тэг дундуур барилга барих боломжгүйгээр ямар ч газар эзэмшигчийн (өмнөх эзэмшигчийн) зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бохирын шугам татаж, өөрийн эзэмшлийн газрын хойд хэсгийг нэг ч зай үлдээлгүйгээр барахгүй манай компанийн эзэмшлийн газарт барилга барьсан нь манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байна.
Мөн манай компани барилгаа барихаар барилга хоорондын зай 6 метр байх шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн газартаа барилга төлөвлөхөөр манай эзэмшлийн талбайгаас ямар ч ашиглалтгүй 6 метрийн урттай газар хасагдаж газраа бүрэн хэмжээгээр ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Дээрх хууль бус газар эзэмшлээс гадна манай компанийн эзэмшлийн газар дээгүүр газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бохирын шугам хоолой татаж барилга барих боломжгүй болгосон байна.
Газрын тухай хуулийн дагуу өөрийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр Завхан аймгийн ... сумын засаг даргад хандсан боловч шүүхийн байгууллагаар явж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн болно.
“...” ХХК-нийн Завхан аймгийн ... сумын ... тоотод байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 651 м2 газрын урд (Монгол Улсын газрын мэдээллийн нэгдсэн сан) давхардсан хэсгийн газрыг тус компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч “...” ХХК-ийн захирал Т…., нөгөө талаас “...” ХХК-ийн захирал Х… бид нар …тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Хариуцагч тал:
1.Нэхэмжлэгч “...” ХХК-ний эзэмшлийн Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын … тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газрын дээр байрлаж буй бохирын шугамыг /Нэхэмжлэгч … ХХК-ийн төлөвлөгөөт барилга баригдахаас өмнө/ хариуцагч “...” ХХК нь өөрийн зардлаар хажуу тийш зөөвөрлөн шилжүүлж, байршуулах үүргийг,
2. Нэхэмжлэгч “...” ХХК-ний төлөвлөгөөт барилга баригдах үед хариуцагч “...” ХХК нь өөрийн ашиглаж буй цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерын шугам сүлжээг ашиглах эрхийн зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгох үүргийг тус тус хүлээж байна.
1. Нэхэмжлэгч “...” ХХК-ийн захирал Т… Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын … тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газар дээр нийт 2.006 мкв талбайд давхцуулан барьсан 15 айлын орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэхүү нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж байгаа болно. “гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч “...” ХХК-нд холбогдуулан эзэмшил газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч … ХХК-ний төлөвлөгөөт барилга баригдахаас өмнө “...” ХХК-ний эзэмшлийн Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын … тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газрын дээр байрлаж буй бохирын шугамыг өөрийн зардлаар хажуу тийш зөөвөрлөн шилжүүлж, байршуулах үүргийг мөн “...” ХХК-ний төлөвлөгөөт барилга баригдах үед хариуцагч “...” ХХК нь өөрийн ашиглаж буй цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерын шугам сүлжээг ашиглах эрхийн зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгох үүргийг тус тус хүлээж, нэхэмжлэгч “...” ХХК-нь Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын … тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газар дээр нийт 2.006 мкв талбайд давхцуулан барьсан 15 айлын орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан нь эвлэрлийн гэрээгээр нотлогдсон байна.
Энэхүү эвлэрлийн гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж, хэлэлцэн тохиролцож байгуулсан бөгөөд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Зохигч шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхийнхээ дагуу эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-ниас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “...” ХХК-ний нэхэмжлэлтэй “...” ХХК-нд холбогдох эзэмшил газраа албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн зохигч хариуцагч ... ХХК нь Нэхэмжлэгч … ХХК-ний төлөвлөгөөт барилга баригдахаас өмнө “...” ХХК-ний эзэмшлийн Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын … тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газрын дээр байрлаж буй бохирын шугамыг өөрийн зардлаар хажуу тийш зөөвөрлөн шилжүүлж, байршуулах үүргийг мөн “...” ХХК-ий төлөвлөгөөт барилга баригдах үед хариуцагч “...” ХХК нь өөрийн ашиглаж буй цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг ашиглах эрхийн зөвшөөрлийг үнэ төлбөргүй олгох үүргийг тус тус хүлээж, нэхэмжлэгч “...” ХХК Завхан аймгийн … сумын … дүгээр багийн “…”-ын тоотод байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай 651 мкв газар дээр нийт 2.006 мкв талбайд давхцуулан барьсан 15 айлын орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-наас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч “...” ХХК-нд сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ