2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03882

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06 191/ШШ2025/03882

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  СШК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах ППТХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 532,069,929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, А.Ннар

Хариуцагчийн төлөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "СШК-д "ППТХХК барилгын арматур нийлүүлэхээр анх 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт тавьснаар "АРМАТУР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ" -г 2020 оны 7 дугаар сарын 30, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд байгуулсан юм. 

"ППТХХК-ийнхан төлбөрөө урьдчилж хийхийг хүссэний дагуу манай компани ППТХХК-д урьдчилж төгрөгөөр болон бартераар 1,107,183,400 /Нэг тэрбум нэг зуун долоон сая нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун/ төгрөг шилжүүлсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Арматур худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу "ППТХХК нь арматураа бүрэн нийлүүлж чадаагүй. 

Талууд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд дээрх 2 хоёр гэрээний дагуу өгч, авалцсан арматур, төлбөр тооцоог хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд: 

"СШК нь нийтдээ 1,107,183,400 /Нэг тэрбум нэг зуун долоон сая нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийн төлөлт хийсэн. 

-Харин "ППТХХК нь нийт 463 тонн буюу 754,339,634 /Долоон зуун тавин дөрвөн сая гурван зуун гучин есөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийн үнэ бүхий арматурыг манай компанид нийлүүлсэн ба манай компани авлагатай гарсан нь тооцоо нийлэхэд тогтоогдож, "ППТХХК нь уг өрийг хүлээн зөвшөөрч "Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулж "ППТХХК нь "СШК" ХХК-д 352,843,766 Гурван зуун тавин хоёр сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг төлөхөөр "Авлага барагдуулах гэрээ"-г 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 23/01 дугаартай гэрээ байгуулсан. 

Энэ "Авлага барагдуулах гэрээ-ний 2.3-д зааснаар "ППТ" ХХК нь 352,843,766 Гурван зуун тавин хоёр сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийн өр төлбөртөө барилгын дотор заслын хар, цагаан замаскийг 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор үйлдвэрийн үнээр бэлтгэн нийлүүлэх үүргийг "СШК-ын өмнө гэрээгээр хүлээсэн. Энэхүү өр авлага барагдуулах үүргээ хугацаандаа биелүүлж чадахгүй тохиолдолд тус гэрээний 3.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон "СШК-д алданги төлөхөөр харилцан тохирч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. 

Гэвч "ППТХХК нь одоог хүртэл Авлага барагдуулах гэрээ"-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. "ППТ" ХХК-иас өр авлагаа барагдуулахыг удаа дараа шаардахад "төлнө, удахгүй төлнө" гэсээр өдийг хүрсэн, сүүлдээ утсаа ч авахгүй болсон. 

Иймд " Авлага барагдуулах гэрээ-ний үүрэгт 352,843,766 /Гурван зуун тавин хоёр сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг, алданги 176.421.883.00 /Нэг зуун далан зургаан сая дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун наян гурав/ төгрөг, тэмдэгтийн хураамж 2,804,280 төгрөг, нийт 532,069,929 /Таван зуун гучин хоёр сая жаран есөн мянга есөн зуун хорин ес/ төгрөгийг ППТХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч компанийн өмнөх гүйцэтгэх захирал н.Наранцацралтай танилын холбоотой байсан тул эдний компанид итгэсэн, мөнгийг урьдчилсан байдлаар шилжүүлсэн. Гэтэл эдний компани арматур гүйцэт шилжүүлж чадаагүй. Төлбөр тооцоогоо хийе, арматур шилжүүлээч гээд удаа дараа хэлсэн. Нэхэмжлэгч компанийн хуучин гүйцэтгэх захирал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас бичиг баримтуудын зарим нь алга болсон. Бид нар 2020 оны 10 сарын 26-ны өдөр 1 дугаартай мэдэгдлийг явуулсан байдаг. Сүүлд хариуцагч компанид удаа дараа хандаж, албан бичиг, мессеж бичиж байсны үндсэн дээр авлага барагдуулах гэрээ байгуулсан. Тооцоо нийлээд тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдсэн. Отгонбаатар болон манай нягтлан хоёр тооцоо нийлээд хүлээн авсан бараа материалын талаар талууд бараагаа тоолсон, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцооны задаргаа зэрэг 3 баримт үйлдсэн. Авлага барагдуулах гэрээг Иргэний хуулийн 189.1, 189.5-д заасныг үндэслэсэн. Энэ дээр бүх гэрээний тэгш байдлыг харилцан тохиролцоод гэрээг уншаад гарын үсэг зурсан. Гэрээний зорилго нь авлага барагдуулах, хугацаандаа төлөхгүй бол алдангитай гэж байгуулсан. Үүнийг Отгонбаатар хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Нийтдээ хариуцагчаас 352,843,766 төгрөг, 176,421,883 төгрөг, нийтдээ 529,235,649 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 07 дугаар сард барилгын материалын гэрээ хийсэн. Эднийх бартерт нь 2 байр, үлдэгдэлд нь бэлэн мөнгө өгч байсан. Би эхний гэрээний дагуу арматурыг өгсөн. Дараагийн гэрээ дээр эднийх шаардлагаа хангаагүй арматур өгсөн гэсэн. Тийм бол яах гэж надтай дахиж гэрээ хийсэн юм бэ. Надтай 2,150,000,000 төгрөгийн гэрээ хийсэн, би урьдчилгаанд нь 350,000,000 төгрөг өгсөн. Тэгээд арматураа татаад явж байтал эднийх өөрсдөө авахгүй гэсэн. Наранцацрал захирлын өгсөн гээд байгаа баримт ерөөсөө байхгүй. Наранцацрал захирал, Эрдэнэбилэг нар анх надтай арматурын гэрээ хийхдээ гуйж хийсэн, дараа нь 2,150,000,000 төгрөгийн гэрээ хийчхээд манай компани танайхыг алчихлаа гээд Эрдэнэбилэг хэлж байсан. Наранцацрал захиралтай би ерөөсөө уулзаагүй. Үлдэгдэл 350 сая төгрөг байгаа юм чинь гээд би 1 сард гэрээгээ хийж, 05 сарын 01-ний өдрөөс хар, цагаан замаск татах талаар тохиролцсон. Би өгөхгүй гэсэн бол тийм гэрээ хийхгүй. 5 сард би 4-5 удаа уулзаад сүүлдээ би уурлаад гарсан. Энэ охин байсан. Цемент ковидын дараа 150-иас 375 болж өссөн. Материалууд бүгдээрээ 2-3 дахин өссөн. Тэгээд би 15,000 төгрөгийн үнэлгээтэй замаскийг 10,000 төгрөгөөр өгье гэж эднийд би 2-3 удаа очсон. Та нар л үнийн дүнг нь шалд нь буулгаад байсан. Үнийн дүн дээр арай гэж тохиролцсон чинь гуравхан сарын дотор татаж өг гэж дарамталсан. Тэгэхээр нь би чадахгүйгээ хийсэн, энэ ажлыг чинь тасалдуулахгүй явчихъя гээд зөвшилцөлд хүрээгүй. Тэрнээс хойш би эдний утсыг нь аваагүй нь үнэн. Том компани гэхээр жижиг компаниудыг дампууруулах ёстой биш. Наранцацралын найз биш, тэр хүнийг 2 удаа л харсан. Эрдэнэбилэг гээд менежер гуйж байгаад гэрээ хийсэн. Би 2,150,000,000 төгрөгийн объектыг нь хятадуудад зарахаар болсон. Эрдэнэбилэг гээд менежертэй уулзаад яагаад танайх манайхаас авахаа больчихсон юм бэ, яагаад юмаа шилжүүлж өгөхгүй байгаа вэ гэхэд манай эмэгтэй захирал орос арматуртай гэрээ хийгээд чиний объектыг шилжүүлж өгөх гээд Голомтын Баясгалан захиралтай уулзсан чинь боломжгүй болчихлоо гээд Баясгалан захирал орос арматуртай гэрээ хийж өгсөн гээд өөрсдөө алга болсон. Надад хуулийн мэдлэг байхгүй, болсон үйл явдлыг ярьж байна. Ийм учраас өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байсан. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104 тоот Итгэмжлэл /хх-6/, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Авлага барагдуулах гэрээ /хх-7-9/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-12/, ППТХХК гэрээний гүйцэтгэлийн тооцооны задаргаа /хх-13/, Хүлээн авсан бараа материалын тайлан /хх-14/, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/Х-2020-2 дугаартай Арматур худалдах, худалдан авах гэрээ /хх-15-19/, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээ /хх-22-26/, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А,Б блокын 2 давхар, А, Б блокын зоорийн давхрын арматур В блокын зоорийн багана ханын арматур захиалга /хх-27/, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банк дахь **** тоот данс руу 330,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-28/, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хаан банк дахь **** тоот данс руу 487,337,400 төгрөг шилжүүлсэн баримт /хх-29/, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ББГ/2020/0138 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-30-32/, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 30н/7812 тоот албан бичиг /хх-34/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,462,020 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-35/, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 018 дугаартай Итгэмжлэл /хх-60/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэгч СШК нь, хариуцагч ППТ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 352,843,766.00 төгрөг, алдангид 176,421,883.00 төгрөг нийт 529,265,649.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэхүү хэрэгт шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Нэхэмжлэгч СШК нь, хариуцагч ППТ ХХК-д холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 30, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрүүдийн Арматур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үүссэн 352,843,766.00 төгрөгийг барагдуулах 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Авлага барагдуулах гэрээний үүрэгт 352,843,766.00 төгрөг, алдангид 176,421,883.00 төгрөг нийт 529,265,649.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна./х.х-ийн 7-9, 15-19 дүгээр тал/

 

Хариуцагч ППТ ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлага буюу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Авлага барагдуулах гэрээний үүрэгт352,843,766.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд алданги болох 176,421,883.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

3.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч СШК нь, хариуцагч ППТ ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 30, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус Арматур худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ./х.х-ийн 15-26 дугаар тал/

 

Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг удирдлага болгон хариуцагч ППТ ХХК нь бэлэн төлөлтөөр 1 /нэг/ тонн арматурыг 1,630,000.00 төгрөгөөр, бартераар 1 /нэг/ тонн арматурыг 1,750,000.00 төгрөгөөр тооцож 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч СШК-д бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиолцсон ажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч ППТ ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 463 / дөрвөн зуун жаран гурав/ тонн арматурыг нэхэмжлэгч СШК-д бэлтгэн нийлүүлсэн байна./х.х-ийн 14 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

4. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг

 

Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ППТ ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 463 / дөрвөн зуун жаран гурав/ тонн арматурыг нэхэмжлэгч СШК-д хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бэлэн төлөлтөөр 817,337,400.00 төгрөг, 289,846,000.00 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлсэн байна./х.х-ийн 13, 14 дүгээр тал/

 

Улмаар зохигчид нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэхэмжлэгч СШК нь худалдах, худалдан авах гэрээний үнэд нийт 1,107,183,400.00 төгрөгийг хариуцагч ППТ ХХК-д шилжүүлсэн, хариуцагч ППТ ХХК-ийн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 463 / дөрвөн зуун жаран гурав/ тонн арматурын үнийг 754,339,634.00 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 352,843,766.00 төгрөгийн өр төлбөртэй болохыг харилцан тооцсон ба уг үйл баримттай холбоотой талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээнд заасан арматурыг нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлэх үүргээ дутуу биелүүлсэн учир нэхэмжлэгч нь хариуцагчид

дутуу нийлүүлсэн арматурын үнэ 352,843,766.00 төгрөгийг буцаан шаардаж байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь түүнд тэрхүү үүргээ биелүүлэхийг сануулж, тодорхой хугацаа тогтоох, аль эсхүл энэ талаар урьдчилан сануулж байсан бол нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах эрхтэй юм. Зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Авлага барагдуулах гэрээгээр хариуцагч дутуу нийлүүлсэн арматурын үнэ болох 352,843,766.00 төгрөгт 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор барилгын дотор заслын материал болох хар, цагаан замаскийг нэхэмжлэгчид нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч уг үүргээ огт биелүүлээгүй байна./х.х-ийн 7-9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй. мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь хөрөнгө шилжүүлэх үүргээ дутуу буюу бага нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч дутуу нийлүүлсэн хөрөнгийн үнийг шаардах, худалдагч үнийг буцаан төлөх эрх зүйн үр дагавар үүсгэдэг.

 

Иймээс уг үндэслэлээр нэхэмжлэгч нь дутуу нийлүүлсэн хөрөнгийн үнэ болох 352,843,766.00 төгрөгийг хариуцагчаас буцаан нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

5. Талуудын байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Авлага барагдуулах гэрээний 3 дугаар хэсэгт зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувь байхаар харилцан тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, түүнчлэн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч нь дутуу нийлүүлсэн хөрөнгийн үнэ болох 352,843,766.00 төгрөгт барилгын материал нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тул тэрээр гэрээнд зааснаар нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгааг үндэслэн 176,421,883.00 төгрөг гэж тогтоов /352,843,766x0.3%=1,058,531 /1 өдрийн/ 1,058,531x409=432,939,179/.

 

Гэвч, шүүхээс талуудын хооронд бий болсон үйл баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангиас 50 хувь болох 88,210,941.00 төгрөгийг хасч шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн хариуцагчийн Авлага барагдуулах гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлэхээр үнийн саналыг хүргүүлсэн боловч, нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт багаар тооцож авахаар үүргийг биелүүлэх боломжгүй болгосон гэх үйл баримтыг харгалзан 88,210,941.00 төгрөгийн алданги төлөх нь зүйтэй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч хариуцагч ППТ ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 30, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрүүдийн Арматур худалдах, худалдан авах гэрээний дутуу нийлүүлсэн хөрөнгийн үнэ 352,843,766.00 төгрөг, алдангид 88,210,941.00 төгрөг нийт 441,054,707.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СШК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,210,941.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,804,278.25 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 2,363,223.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ППТ ХХК-иас 441,054,707.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СШК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,210,941.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,804,278.25 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 2,363,223.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА