Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/211

 

 

 

 

 

 

  2024            02            15                                       2024/ДШМ/211

 

 

          Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Э,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.О-д холбогдох ........................ дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд ....... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” баарны хойд талд байрлах караокены үүдэнд Д.Ц-г түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.О-аас 581.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож, эрүүгийн ................... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогч Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 957.600 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй эмэгтэй юм. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянаж үзэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн хувьд баримттай 581.500 төгрөгийг нэхэмжилдэг. 6.000.000 төгрөгийг баримтгүй нэхэмжилдэг. 581.500 төгрөгийг хохирогчид төлөх гэхэд хохирогч авахгүй гэдэг. Хохирогчийг “авахгүй гэж байгаа бол авахгүй гэдгээ бичээд өг” гэхээр бичиг үйлдэж өгдөггүй. Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлын мөнгийг барагдуулахаар оролдсон байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Хохирлыг өгье гэхээр авдаггүй. ...” гэв.

Прокурор С.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.О нь хохирогчтой холбогдож уучлалт гуйгаагүй. Эмчилгээний төлбөрийг төлөх сэтгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байгаагүй талаар хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлдэг. Хохирлыг барагдуулахаар 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг барагдуулаагүй. Ингээд шүүхээс шүүгдэгч Б.О-д хорих ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шударга ёсны зарчимд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд ................. дүүргийн ...............дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... баарны хойд талд байрлах караокены үүдэнд Д.Ц-г түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ц-ийн “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз З, П нарын хамт ............... дүүргийн ............ хороо ........... баарны хойд талд байх караокены хаалгаар орсон. З-ийн яг хойноос танихгүй хоёр эмэгтэй орж байгаад намхан нуруутай, махлагдуу, бор царайтай эмэгтэй эргэж хараад ямар нэгэн зүйл хэлэхгүй намайг шууд довжоон дээрээс түлхэж унагаасан. Би хүчтэй түлхэгдэж баруун хөлөөрөө газар эхэлж унахад хөлийн шилбэний яс нь товойж гарч ирээд цус гараад байсан. Энэ үед манай найз нар ирээд нөгөө эмэгтэйг явуулахгүй байж байгаад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 22, 48/,

гэрч Б.О-ийн “...тухайн шөнө найз Б.О-ийн хамт ................. дүүргийн ........ дугаар хороо, ........... баарны хойд талын караокед орж хоёр шил пиво уучихаад тамхи татахаар гарсан. Бид хоёр зогсож байгаад буцаад ортол үүдэнд нэг согтуу залуу “үхсэндээ муухай орилолдоод инээлдээд байгаа хоёр ..... вэ” гэхэд Б.О “чамд ямар хамаатай юм, чиний амаар ярьж байгаа юм уу” гээд хэрэлдсэн. Б.О шууд хоёр гараараа нөгөө танихгүй залууг түлхэж унагаасан. Гэтэл тэр залуу “хөл хугалчихлаа” гээд орилоод байсан. ...”  /хх 24/,

гэрч Г.П-ын “...2023 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчим Д.Ц, З нарын хамт ............ дүүргийн ....... дугаар хороо, .......... баарны хойд талын караокены үүдэнд таксины төлбөрөө төлөхөөр үлдсэн. Д.Ц, З нар караоке руу түрүүлээд алхаад явсан. Д.Ц караокены үүдэнд хөлөө дараад суусан, хөлөөс нь цус гарч, баруун шилбэний яс нь арьсыг нь нэвтэлж гарч ирсэн байдалтай “энэ эмэгтэй түлхээд унагаачихлаа” гэж хэлж байсан. Хажууд нь нэг намхан нуруутай, махлагдуу эмэгтэй, нэг найзын хамт байсан. ...” /хх 26/,

гэрч О.З-ийн “...Д.Ц, Г.П нарын хамт караокены үүдэнд такси барьж ирээд Д.Ц бид хоёр караоке орохоор түрүүлээд алхсан. Дөнгөж ороход хойноос Д.Ц “ёо” гээд орилсон. Эргээд харахад надтай хаалгаар зөрсөн намхан нуруутай эмэгтэй түлхээд унагасан гээд газар сууж байсан. Д.Ц-ийн хөлөөс цус гарч, баруун шилбэний яс нь арьсыг нь нэвтэлж гарсан байдалтай харагдсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан. ...” /хх 28/ гэх мэдүүлгүүд,

“...Д.Ц-ийн биед баруун шаант ясны ил хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 11018 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 31-32/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Ц-г түлхэсний улмаас баруун шаант ясны ил хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүх, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх, шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж үзэв. Мөн шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийг төлөөгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлэх буюу хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.О-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч А.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ