| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00102/И |
| Дугаар | 141/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2025/00127
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2025/00127 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар П.Г-ийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..........аймгийн ....... сумын ............ багт оршин суух хаягтай Б овогт М-гийн Т-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ........ аймгийн .......... сумын Т-ийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлттэй байна. Мөн миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Т нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч М.Т нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч М.Т нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ......... аймгийн ........ сумын Т-ийн аж ахуйн үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь:
............ аймгийн Т-ийн Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай: “Тушаах нь: ...5. М овогтой Т-ыг үйлдвэрт ажилчнаар томилоод тушаал гараагүй байсан учир үйлдвэрт ажилчнаар 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөө эхлэн томилсугай...” гэсэн ажилчин ажилчид ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
...........аймгийн Т-ийн Т-*ийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай: “...Доорх хүмүүсийг ажлаас чөлөөлж 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэмж олгож сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх хөдөлмөрийн захад шилжүүлсүгэй. ...М.Т-ыг 3 дугаар сарын 25-ны өдрөөс ...тус тус үйлдвэрийн нормчноос чөлөөлсүгэй...” гэсэн зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч С.Э-ийн “...1989 оноос хойш М.Т нь Тэсийн аж ахуйд нормчноор ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед бид нар уутны ам оёх, бордоо буулгах, өвс ачих, буулгах, тэжээл ачих, тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Тэсийн аж ахуйн даргаар Д гэдэг хүн ажиллаж байсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь 3 үтрэм, 5 бригад, 1 үйлдвэртэй байсан. Т-ын нөхрийг Л.Г гэдэг 2 хүүтэй айл. Нөхөр нь бас Тэжээлийн аж ахуйд цахилгаанчин хийдэг байсан юм. Г нь манай нөхөртэй нэг ангид суралцдаг байсан ба бид нэг нутгийн хүмүүс учир Т, и нарыг ямар ажил эрхэлж байсан талаар мэдэх юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Ж-ны “...М.Т нь 1989 онд ........аймгийн Т сумын Т*ийн аж ахуйд нормчноор анх ажилд орж байсан. 1991 онд Д руу гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаад буцаад Т-лийн аж ахуйд ажилд орж байсан. Би 1993 оноос Тэжээлийн аж ахуйгаас гараад холбооны монтёроор ажилд орсон. М.Т нь Тэжээлийн аж ахуйд тогооч, гручик, өвс ачих, уут оёх зэрэг нормын ажлуудыг хийж байсан. Манай Тэжээлийн аж ахуй нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан ба хавар тариа тарьж намар нь тариагаа хураадаг байсан юм. 4 үтрэмтэй. Үтрэм нь будаа цэвэрлэх техник тоног төхөөрөмжтэй будаа цэвэрлэх үйл ажиллагаа хийдэг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
4. Иймд нэхэмжлэгч М.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт М-гийн Т*-ыг ...... аймгийн Т... сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Т*ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ