Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/217

 

 

 

 

 

 

  2024            02            20                                       2024/ДШМ/217

 

 

   Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Э,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1574 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.О-ын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ........... тоот өөрийн гэртээ Г.Ш-оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 0.0143 грамм цэвэр жинтэй метафетамин /methamphetgmine/-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.0502 грамм цэвэр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тус бодисуудыг 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух гэртээ буюу ...................... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан эд мөрийн баримт савлах уутанд хийсэн шавар гэх зүйл “2” гэж дугаарласан шилэнд хийсэн цагаан нунтаг зүйл, “3” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан улаан өнгийн соруул, тугалган өнгийн цаас, “4” гэж дугаарласан зөөврийн жин, олон тооны зиплок түгжээтэй уут мэт эд зүйлс, ........... гэсэн бичиглэлтэй цэвэр жин нь 0.0143 грамм жинтэй “мөс” мэт зүйл, эдгээр нотлох баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор Э.О бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1574 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “шүүгдэгч Б.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв” гэж, тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Р.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Э.О-ын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эсэргүүцэл дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүхээс дээрх зүйл ангиар шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Түүнд оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хорих ялыг яагаад оногдуулсан талаараа тодорхой дүгнэлтийг хийсэн. Хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1574 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаанд хорих шийтгэлийг өөрчилж өгнө үү. Шүүгдэгч Б.Б нь сурагч байхдаа хамт олонтойгоо нийтэч, элдэв буруу зуршилгүй, хамт олондоо нэр хүндтэй, сахилга баттай байсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Аялал жуулчлалын мэргэжлээр Солонгос улсад сурч бакалаврын зэрэгтэй болсон байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.О-ын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ............. тоот өөрийн гэртээ Г.Ш-оос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 0.0143 грамм цэвэр жинтэй метафетамин /methamphetgmine/-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.0502 грамм цэвэр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух ................. тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

яллагдагч Б.Б-ийн “...Би энэ үйлдэл дээрээ маш их харамсаж байгаа. ...” /хх 155-157/ гэх мэдүүлэг,

“...Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан зиплок ууттай улаан судалтай цагаан өнгийн соруул тус бүрээс метафетамин /Methamphetamine/ илэрсэн. “1” гэж дугаарласан зиплок ууттай бор өнгийн шавар мэт зүйл, “3” гэж дугаарласан зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын АН7454057 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад хамраана. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0502 грамм, “2” гэж дугаарласан цагаан өнгийн цаасан мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0143 грамм байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1949 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-46/,

“...“Б.Б ...... 2023.04.20” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс метафитамин, тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1950 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-52/,

 “...Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх баримт, шинж үгүй байна. ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 383 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 58-59/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 14-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-24/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/, дансны хуулга /хх 68-71/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 4 дүгээр сарын 16-наас 20-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.0143 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, мөн 0.0502 грамм цэвэр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч М.Ч-ийн “...Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Б.Б-д тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв. 

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ялыг өөр ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...олж авсан...” гэх гэмт хэргийн шинжийг орхигдуулсныг нэмж оруулах, мөн 4 дэх заалтад “...№3 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгасан хэсгийг хасаж, мөн заалтын эд мөрийн баримтыг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасан өөрчлөлтийг тус тус оруулж шийдвэрлэв.  

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан 100 /нэг зуун/ төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхээр нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор Э.О-ын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1574 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт, нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1574 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

            4 дэх заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан эд мөрийн баримт савлах уутанд хийсэн шавар гэх зүйл №2 гэж дугаарласан шилэнд хийсэн цагаан нунтаг зүйл, цагаан улаан өнгийн соруул, тугалган өнгийн цаас, №4 гэж дугаарласан зөөврийн жин, олон тооны зиплок түгжээтэй уут мэт эд зүйлс, ................. гэсэн бичиглэлтэй цэвэр жин нь 0.0143 грамм жинтэй “мөс” мэт зүйлсийг эдгээр нотлох баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй. 

             2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

             “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 100 /нэг зуун/ төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

             4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ