Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2025/0025

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ** овгийн ** /РД:**/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,                                                                            

Хариуцагч: Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Гуравдагч этгээд: **, **,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““** тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч **ыг хасч, **ийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд **, ** нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гэрч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан

Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг ** айл хотхоны ** дугаар байрны ** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигчээр ** намайг тооцож гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гэрээний хамтран эзэмшигчээр тооцож гэрээг шинэчлэн байгуулахыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.  

2. **, ** нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан хөтөлбөрт хамрагдахаар холбогдох материалуудыг бүрдүүлж, сугалаагаар ** түрээсийн орон сууцанд амьдрах эрхтэй болжээ.

Ийнхүү түрээсийн орон сууцанд амьдрах эрх үүсэж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас Орон нутгийн өмчийн газар, түүнийг төлөөлж Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн **, нөгөө талаас **, ** нар харилцан тохиролцож ** дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг “** айл” хотхоны ** дугаар байрны ** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцыг ** эзэмшсэн байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. ** би **тай 2017 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба тухайн үед бид хоёр манай ажлын газрын албаны орон сууцанд 2020 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан юм. Бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, сугалаа татахад нь хамтдаа нэрсээ өгч 300 орчим айлаас **ын нэр гарч ирсэн тул түрээсийн орон сууцанд орж амьдрах эрхтэй болсон ба тухайн үед 2020 оны 12 сарын 10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул ** ээж **ыг хамтран эзэмшигчээр оруулсан байдлаар гэрээг байгуулсан юм.

3.2. Би **аас сална тусдаа амьдарна гэж бодож байгаагүй болохоор ганцаараа гэрээ байгуулчихсан гэхээр нь тоогоогүй юм, гэтэл одоо би охин ** гийн хамт орох оронгүй, амьдрах газаргүй болох нөхцөл байдал үүссэн. Гэтэл сүүлд орон сууцны гэрээг байгуулахдаа өөрийнхөө ээжийг хамтран эзэмшигч гээд байгуулж гарын үсгийг зураад гэрээ байгуулсан байсныг хараад би ** т “чи гэрээг ганцаараа байгуулсан гэчихээд яагаад ээжийн гарын үсэг байгаа юм бэ” гэхэд ** “би хамтран эзэмшигч байх ёстой гэхээр нь ээжийн гарын үсгийг дуурайлгаад зурчихсан” гэж хэлэхээр нь би түрээсийн гэрээ байгуулдаг хүмүүст очиж хэлэхэд “иймэрхүү асуудал зөндөө болж байгаа, бид нар жаахан туршлагагүйдээд, хэн хаана гарын үсэг зурж байгааг сайн анзаараагүй” гэж хэлж байсан юм.

3.3. Тухайн гэрээнд зурсан ** гэх гарын үсэг бол **ын өөрийнх нь бичвэр байна лээ, хадам ээжийн гарын үсэг бол биш байна. Энэ гарын үсэг **ын гарын үсэг биш гэдгийг ** иргэний хэргийн шүүх хуралдаан дээр ч тодорхой хэлсэн.

3.4. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд **тай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө ** гарын үсэг хуурамчаар зурж ээжийгээ оруулж ирсэн.

3.5. Хариуцагч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар нь түрээсийн орон сууцны хамтран эзэмшигчээр намайг бүртгүүлээд баримт бүрдүүлээд явж байгааг мэдсэн мөртлөө ямар ч баримт бүрдүүлээгүй ** гэх хүнийг хамтран ззэмшигчээр оролцуулан, түрээсийн гэрээ байгуулж хууль, журмыг илтэд зөрчсөн, хуурамч гарын үсэг зуруулж гэрээг байгуулсан мөртлөө намайг хамтран эзэмшигчээр тогтоох боломжгүй гэдэг тайлбарыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ** нь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 жил шүүхээр уг маргаан шийдвэрлэгдээд Улсын Дээд шүүх захиргааны хэргийн харьяаллын маргаан байна гэсэн учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. **ийн хувьд **тай 2017 оны 12 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед энэ 2 ажлын газрынхаа албаны орон сууцанд 3 жил орчим амьдарсан. Удаан хугацаанд албаны орон сууцанд байх боломжгүй болсон учраас түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, ** дангаараа орох гэхээр 850,000 төгрөгийн цалин авдаг учраас цалин орлого нь шаардлага хангахгүй байсан учир хоёулаа баримт бүрдүүлж өгөх юм бол боломжтой гэж анх хүлээж авч байсан хүмүүс нь хэлсэн. Ингээд **, ** хоёр хамтдаа баримтаа бүрдүүлж өгсөн. Иргэний болон захиргааны хэрэгт энэхүү бүрдүүлж өгсөн бүх баримтууд авагдсан байгаа. Хамруулах өргөдлийн маягтыг хүртэл хоёулангийнх нь зургийг нааж байгаад, банкны, ажлын газрын, өр зээлтэй эсэх гэх зэрэг бүх баримтуудыг бүрдүүлж авсан. Энэ баримтуудыг бүрдүүлж өгснөөр тухайн орон сууцыг **, ** нар сугалаанд оролцох эрхийг бий болгосон.

Түүнээс биш **, ** хоёр баримт бүрдүүлж өгөөгүй. Сугалааны дагуу **ын нэр гарч ирээд, энэ байранд амьдарч байгаа. Гэрээ байгуулдаг өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ** ковидын хамгаалалтад түр эмнэлэгт ажиллаж байсан. 14 хоног ажиллаад 14 хоног буудалдаа карентинд байсныг бүгд мэдэж байгаа. Эмнэлгийн ажилчид ийм байдалтай байсан. ** ганцаараа гэрээ байгуулсан гэсэн боловч сүүлд ээжийгээ авч очоод гэрээ байгуулсан байсан. Өнөөдөр бид юуны эс үйлдэхүй яриад байна вэ гэвэл Орон нутгийн өмчийн газар бол гэрээ байгуулах ёстой хүнтэйгээ л гэрээ байгуулах ёстой байсан. Ямар ч баримт бүрдүүлж өгөөгүй, ** шаардлага хангасан талаар ямар ч баримт аваагүй байж хуурамч гэрээ байгуулсан. **ын гарын үсэг биш гэдгийг ** өөрөө хэлдэг. ** өөрөө **ын гарын үсгийг нь зурсан гэж хэлдэг. Энэ түрээсийн орон сууц гэдгийг зохицуулсан зохицуулалт байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц хөтөлбөр” батлах тухай, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” батлах тухай, энэ хоёр журмыг дагаад Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаартай “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” гэж гаргасан. Үүн дээр залуу гэр бүл, төрийн албан хаагч  гэж байдаг. Түүнээс биш гэр бүлийн гишүүд гэсэн эзэмшигч байхгүй. Орон нутгийн Өмчийн газрын хариу тайлбарыг харахаар гэр бүлийн гишүүд учраас өгсөн гээд байгаа. Хамруулах журмыг нь харахаар гэр бүлийн гишүүд гэдэг зүйл байхгүй. Залуу гэр бүл гэдэг чинь эхнэр нөхөр хоёрыг хэлэх болохоос ээж хүү хоёрыг хэлэхгүй. Төрийн албан хаагч гэж үзэж байгаа бол тэтгэвэрт гарсан ** гэх хүнийг төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй. Ингэхээр түрээсийн гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл нь **, ** хоёрын бүрдүүлж өгсөн баримт материалын дагуу энэ хоёр хүнтэй л Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар гэрээ байгуулах ёстой. Гэтэл нэг хүнийх нь ээжийг авч ирээд гэрээ байгуулж байгаа нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын хууль бус эс үйлдэхүй болж байна. Байгуулах ёсгүй хүнтэйгээ гэрээ байгуулсан. Өнөөдрийн энэ маргааны эх үүсвэр бол Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй юм. Хэрэв үнэхээр **тай гэрээ байгуулах ёстой бол 2019 оны журмынхаа аль заалтыг баримталж хамтран эзэмшигч гэж бүртгэж байгаа юм бэ? Үүнийгээ тайлбарлаж чадаагүй байгаа. Зорилтот бүлэгтээ багтаж байгаа хүмүүсийг дэмжих зорилготой шүү дээ. Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг 315 айлын ** дугаар байрны ** тоот 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран эзэмшигчээр **ийг тооцож, гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний хамтран эзэмшигчээр тооцож гэрээг шинэчлэн байгуулахыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Яагаад вэ гэвэл хамтран эзэмшигч **ыг солихын тулд Орхон аймгийн Засаг даргад ** өөрөө өргөдлөө өгч байсан, ** ч өргөдлөө өгч байсан. Тухайн үед боломжтой, нотариатаар батлуулаад ир гэсний дагуу ** нотариатаар батлуулсан, гэтэл ** нь батлуулаагүй зугтсан. Үүнээс хойш ийм маргаантай асуудал яваад байгаа. Тухайн үед хэрэв Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар байгуулах ёстой хүмүүстэйгээ гэрээгээ байгуулаад, өгөх ёстой хүнд нь юмыг нь өгсөн бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байх байсан. Нэхэмжлэгч **ийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр, сумын ** багийн нутагт баригдаж байгаа 315 айлын орон сууцны байрыг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэх, худалдан борлуулах журмыг баталсан байдаг. Энэхүү журмын 2.4 дэх хэсэгт дараах Залуу гэр бүл /гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөр/, Төрийн албан хаагч, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Өрх толгойлсон эцэг эх, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн зэрэгт “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх”-ээр заасан байдаг. Харин ** нь тухайн үед Төрийн албан хаагч байсан боловч дангаараа санхүүгийн шаардлагыг хангахгүй байсан тул төрийн захиргааны байгууллагаас өрхийн орлогыг хамтран өргөдөл гаргагчийн хамтаар тооцож, түрээслээд өмчлөхөөр энэхүү байранд орох орлогын эх үүсвэртэй гэж үзсэн тул сугалаанд оролцох боломжийг хангаж өгсөн.

Хэдийгээр сугалаанд оролцох нөхцөл шалгуурыг дээрх байдлаар хангаж сугалаанд оролцож шалгарсан боловч гэрээ байгуулах үед **, ** нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд **ийг гэрээнд хамтран түрээслэгчээр оролцуулах боломжгүй хэмээн үзсэн байдаг. Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутагт баригдаж байгаа 315 айлын орон сууцны түрээсийн гэрээний 2.11 дэх хэсэгт Түрээсийн гэрээг үндсэн түрээслэгч нас барсан тохиолдолд хамтран түрээслэгч болон хууль ёсны асран хамгаалагч, ойрын төрөл саданд шилжүүлж болно хэмээн заасан. Иймээс үндсэн түрээслэгч нь энэ гэрээнд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдүүдээс хэн нэгнийг сонгон хамтран түрээслэгчээр оруулах нь үндсэн түрээслэгчийн эрхийн асуудал юм. Иймд иргэн **ээс Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Иргэдийн төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаартай тогтоолоор түрээсийн орон сууцтай холбоотой журмыг баталсан. Энэ бол Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд өөрийн хариуцсан нутаг дэвсгэр дээр тухайн журмыг хэрэгжүүлж байгаа үйлдэл. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 138 дугаартай “Түрээсийн орон сууц өмчлүүлэх журам”, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 16 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын холбогдох заалтуудыг үндэслэсэн байдаг. Гэхдээ тодорхой заалтуудыг нь авсан. Үүн дээр нэхэмжлэгч тал түрээслэгч иргэнтэй хамтран түрээслэгч нь үндсэн түрээслэгчийн эрх үүргийг адил хүлээнэ гэсэн. Засгийн газрын 138 дугаар журмаар явдаггүй юм уу гэж тайлбарладаг. Үүгээр явахгүй, үүнийг үндэслэхгүй, үүнийг баримтална гэдэг зүйл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан 106 дугаар тогтоолоор баталсан журам дээр байдаггүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 106 дугаартай журмаар тодорхой зорилтот бүлгийн иргэдэд тухайн байрыг түрээслүүлэхээр журамласан.

Үүнд Нэгдүгээрт: залуу гэр бүл гэдэгт гэрлэлтээ батлуулсан 35 хүртэл насны иргэд, Хоёрдугаарт: төрийн албан хаагч, Гуравдугаарт: хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, Дөрөвдүгээрт: 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Тавдугаарт: өрх толгойлсон эцэг эх, Зургаадугаарт: өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, Долоодугаарт: хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, Наймдугаарт: гамшигт аюулт үзэгдлийн улмаас гэр оронгүй болсон иргэн гэсэн ийм 8 бүлгийн иргэдэд энэ байрыг түрээсэлнэ гэсэн хүрээг тогтоож өгөөд иргэдээс тухай байрыг түрээслэх хүсэлт, материал авч сугалааны журмаар цааш хуваарилсан. **, ** хоёр цуг материалаа бүрдүүлж Хууль, эрх зүйн хэлтэст бүртгүүлж байсан гэж сонсож байсан. Тухайн үед би ажиллаж байгаагүй болохоор яг ямар процесс болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн энэ хоёр хүн хоёулаа материал бүрдүүлж өгөөд сугалаанд ** оролцсон. 3 өрөө, 2 өрөө, 1 өрөө байр гээд хүмүүсийн сонирхол, санхүүгийн чадамж гэх зэрэг зүйлсийн дагуу хуваарилсан юм байна лээ. Өөрсдийнх нь хүсэл сонирхлын дагуу ч юм уу. Энэ талаар ** гэдэг гэрч ярих байх. ** одоо түрээсэлж амьдарч байгаа байраа сугалаад, эрхийн батламжаа авсан. Батламжаа авсан хүн тэр байранд орох хамтран түрээслэгчээ сонгоод түүгээрээ ээжийгээ авч ирсэн гэж өмнөх хурал дээр ярьж байсан. Ээж нь гарын үсгээ зурж чадахгүй байсан учраас хүүгээрээ зуруулсан гэж би ойлгосон. Сүүлд нь Орхон аймгийн Засаг даргын орлогч ** гэдэг хүнтэй энэ хоёр хүн хоёулаа **ийг хамтран түрээслэгчээр оруулъя гэдэг хүсэлт өгөөд тэр нь зөвшөөрөгдөөгүй. Ийм боломж байхгүй, яагаад гэвэл гэр бүлийн баталгаа байхгүй. Үндсэн түрээслэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд байх ёстой. Түүнээс биш бид нар ямар харилцан хамааралтай гэдэг нь тодорхой бус хүмүүсийг оруулахгүй гэдэг үүднээс боломжгүй гэдэг хариуг тухайн албан тушаалтан амаар өгч байсан. Албан бичгээр хариу өгч байгаагүй. Журам дээр зааснаар залуу гэр бүл гэж солих гэхээр энэ хүмүүст гэр бүл гэдгийг нотлох зүйл байхгүй. Ийм учраас хамтран түрээслэгчийг солих боломжгүй юм. Төлбөрийг 100 хувь төлж байж өөрсдийн өмчлөлд авна. Энэ нь үндсэндээ Монгол улсын Хөгжлийн банкны байр. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгож хугацаа нь дуусах гэж байгаа. Энэ хугацаанд төлбөрөө барагдуулж дуусахгүй бол буцааж авах эрх зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууц түрээсийн гэрээ”-г Орхон аймгийн Засаг дарга ** баталж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 137 тоот  гэрээг түрээслүүлэгчийг төлөөлөгч Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар  буюу мэргэжилтэн **, нөгөө тал ** болон ** нар байгуулсан. Энэ талаар нэхэмжлэгч маргаж мэтгэлцдэггүй. Харин ** хамтран эзэмшигч байх үндэслэлгүй, би байх ёстой гэдэг агуулга бүхий маргааныг нэхэмжлэгч үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл гол үндсэн этгээд болох гэрээг хэрэгжүүлж байгаа эзэмшигчийг ** мөн гэдгийг  нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Харин ** миний дэмжлэгтэйгээр орон сууц авсан учраас би хамтран эзэмшигч байх ёстой гэдэг шаардлага тавиад байдаг. Хамтран эзэмшигч гэдэг ойлголтоо авч байж дараа нь үнэхээр мөн эсэх асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж байна. **ын хувьд **ийг хамтран эзэмшигч биш, ямар нэг үүрэг хүлээсэн этгээд биш, миний орон сууцанд хамтрагч байх үндэслэлгүй гээд хэд хэдэн үндэслэл тавьдаг. Яагаад гэвэл ** бол гэр бүлийн гишүүн биш. Гэр бүлийн гишүүн мөн гэсэн үндэслэл бүхий баримтыг ** өнөөдрийн байдлаар гаргаж өгөөгүй. Хамтын амьдралтай байсан гэдэг үйл баримт бас тогтоогдоогүй. Миний оролцоотой дэмжлэгтэйгээр орон сууц эзэмших эрхтэй болсон гэж ** тайлбарладаг боловч өрхийн орлого болгож өөрөөр хэлбэл **ын орлого гарцаагүй **ийн орлогоос шалтгаалах хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт энэ хэрэгт байхгүй. Өрхийн орлогод **ийн орлого багтаж байгаа эсэхийг шүүх дүгнэж өгөөч. ** энэ байрны төлбөрийг гүйцэтгээгүй. Энэ талын шаардлагатай нотлох баримт хэрэгт байхгүй.

 **ын хувьд “бид хоёр нэг гэр бүлийн гишүүн биш, тус тусын амьдралтай байсан. Харин бидний дундаас үр хүүхэд гарсан, хамт амьдрах гэж үзсэн боловч энэ хүн хамт амьдрахгүй гэсэн” гэж тайлбарладаг. Тэдний салж нийлсэн харилцааны асуудал 2023 оноос эхэлсэн. Энэ хугацаанд өрхийн орлого нэг байсан, нэг хамтын амьдралтай байсан, зайлшгүй хамтран эзэмшигч байх ёстой гэдэг үндэслэлээ иргэний хэрэгт ч нотолдоггүй, энд ч нотолдоггүй. Ганц зүйл тайлбарладаг нь би цалин орлоготой байсан учраас тэр бүрдүүлбэрийг үндэслэж энэ орон сууцыг олж авсан гэдэг. Гэтэл өрхийн орлого буюу **ээс шалтгаалж энэ орон сууцыг авсан гэсэн баримт байхгүй. Сугалаагаар хожсон үндэслэл нь төрийн албан хаагчийнхаа хувиар оролцсон. Тухайн үед ** төрийн албан хаагч байсан. Төрийн албан хаагч байсан үндэслэлийг ** хүлээн зөвшөөрдөг. ** орон сууцны түрээсийн гэрээнд хамрагдах этгээд ерөөсөө биш. Төрийн албан хаагч биш, **тай гэр бүлийн гишүүн ч биш. ** нь Засгийн газрын 2019 оны 138 дугаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх” журамд нийцсэн этгээд буюу шаардлага хангасан этгээд биш. Үндсэн ч бай, хамтрагч ч бай шаардлагад нийцсэн байх ёстой. Тэр хүнээс зайлшгүй өрхийн орлого тодорхойлогдсон баримт байхгүй. **тай **гүй түрээсийн орон сууцанд хамрагдах иргэн мөн байна гэж тогтоогдож байж сая хамтран эзэмшигчээр тогтоогдох эрхтэй болно. Гэтэл энэ нөхцөл байдлыг хангаагүй байж **ыг орон сууц авахад би нөлөө үзүүлсэн гэдгээ бүрэн нотолж чадаагүй. ** оролцсон нь хууль зөрчсөн гэж тайлбар тавьдаг хэр нь энэ хоёр хүнийг гэр бүлийн гишүүн болохыг зөвшөөрдөг. Иргэний хуулийн 126, 129-д заасан гэр бүлийн гишүүн тусдаа гарсан гэдэг нотлох баримт байхгүй. Өнөөдрийг хүртэл ** ээжийнхээ гэр бүлд багтаж явдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3.1-д гэр бүлийн гишүүн гэж хэн болохыг тодорхойлсон байдаг. Гэр бүлийн гишүүн гэж төрсөн эцэг эх, өрх тусгаарласан тохиолдолд эхнэр, нөхөр байх буюу гэрлэлтийн баталгаатай гэрлэгсэд байна гэж тодорхой заасан. Ийм байдлаар ээжтэйгээ амьдардаггүй юм чинь өрх тусдаа гэж үзнэ гэж бид шууд үзэж болохгүй. Яг албан ёсоор энэ хэрэгт үүнийг нотлоод байгаа, тайлбарлаад байгаа зүйл нь ялангуяа 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж байх үед энэ хүн ** гэдэг хүнээс өрх тусгаарласан гэдэг баримт байгаагүй. Тийм учраас **ыг хамтран эзэмшигчээр **ын хүсэлтээр оруулсан болохоос Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар энэ хүнийг олж авч ирээд та заавал хамтран өмчлөгч байх ёстой гэж гэрээ хийлгээгүй.

 Хамтран эзэмшигчгүй энэ түрээсийн гэрээг байгуулах боломжтой байсан. Харин **ын хувьд ээжийгээ оруулъя, миний гэр бүлийн гишүүн гэж байгаа учраас ээжийгээ хамтран эзэмшигчээр оруулсан. Намайг хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа бол миний ээж хариуцлага хүлээж байна гэдэг байдлаар ** үүрэг хариуцлага хүлээж аваад бодит үйлдлүүд хийсэн буюу тодорхой хэмжээнд өөрийн дансаар дамжуулан төлбөрөө төлсөн баримт Иргэний хэргийн холбогдох баримтуудаар нотлогдоно. ** гуай иргэний хэргийн 25-р хуудаст болон тухайн хэрэгт тайлбар гаргахдаа өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн байдаг. ** бол тасралтгүй төлөлт хийж байсан баримтуудаа тухайн иргэний хэрэгт гаргаж өгсөн. Шүүх бүрэлдэхүүн анхаарч судалж өгнө үү. Өнөөдрийн байдлаар ** өөрөө түрээсийн гэрээний шаардлага хангаж чадаж байгаа гэдгээ нотлоогүй байгаа. Тэгсэн хэр нь ** байх ёсгүй гээд байдаг. ** байгаа нь **ийн ямар эрхийг ашгийг хөндөөд байгаа юм бэ гэдэг нь захиргааны хэргийн гол агуулга. Засгийн газрын 2019 оны 138 дугаар журам **ийн эрх ашгийг хохироосон гэвэл ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаардана. Хамтран эзэмшигч байх эрхтэй этгээд мөн байна гэдэг нь нотлогдож байгаа тогтоогдож байгаа тохиолдолд шаардах эрх үүснэ. Хоёрдугаарт Орон нутгийн өмчийн газрын холбогдох этгээд ямар эс үйлдэл гаргаад, ямар үндэслэлээр татгалзаад байгаа вэ гэдгийг нэхэмжлэгч нотлох ёстой. Орон нутгийн өмчийн газраас 138 дугаар журмыг биелүүлэх гээд байдаг. Нотариатаар хамтран эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн баримт байсан, энэ бол эх үндэс юм гэж тайлбарлаад байдаг гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг харахад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  ковидтой байсан гээд янз бүрийн бичиг баримт одоог хүртэл ирээгүй байж энэ зүйлийг тайлбарлаад байдаг.

 Гэхдээ энэ 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах 30 хоногийн дотор энэ хүн түрээсийн гэрээг буруу этгээдтэй байгуулсан талаар гомдол гаргаж болох байсан. Гэтэл энэ хүн мэдсэн боловч тоогоогүй гэж мэдүүлдэг. Зохих этгээд гомдол гаргаагүй байж 5 жилийн дараа энэ хүмүүс миний эрх ашгийн хөндсөн гээд байгаа нь хэр үндэслэлтэй вэ? Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47, 48-н алийн барьж гаргаад байгаа юм? Өөрийнхөө ямар эрх ашиг хөндөгдсөн гэж үзээд байгаа юм бэ? Эсвэл энэ акт гарахдаа зохих журмаар гараагүй гээд байгаа юм уу? нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжтой биш байна. Энэ гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах гээд байгаа юм уу гэхээр **ыг хүлээн зөвшөөрөөд байдаг. Хамтран эзэмшигчийг үгүйсгээд өөрөө болох ёстой гэж тооцоолоод байдаг. Тайлбар нь ердөө ** байх ёсгүй гэдэг. Гэтэл өөрөө байх ёстой гэдгээ нотолж чадаагүй. Засаг даргыг яагаад тайлбарлуулаад байгаа вэ гэхээр хэдийгээр Орон нутгийн өмчийн газар нэг тал нь болж энэ гэрээг байгуулаад байгаа боловч энэ 138 дугаар журмыг хэн хэрэгжүүлээд байгаа юм бэ? Субъект нь хэн юм бэ гэхэд хариуцагч нь Орон нутгийн өмчийн газар гээд өөрөө тодорхойлсон. Хариуцагч бие даасан шийдвэр гаргаж байгаа этгээд мөн үү. Баталж байгаа этгээд нь Засаг дарга байгаад байдаг. Ийм эргэлзээ бүхий шаардлага гаргаад байдаг. Эс үйлдэл гаргасан учраас орон сууцны түрээсийн гэрээг надтай байгуулаад гэдэг асуудал тавьдаг. **ын хувьд үүнийг үгүйсгэж энэ хүнтэй хамтын амьдрал байхгүй, гэрээ байгуулахгүй, удаан хугацаанд маргаж байгаа, 2023 оноос гэртээ байхгүй, ** өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрөөд хэрэгсэхгүй болоод шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иймээс ** энэ хүнтэй хамтран эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргадаг. Ямар нэг байдлаар түрээсийн гэрээний шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулахгүй гэдэг. **ын хувьд энэ гэрээг байгуулахдаа үндэслэл бүхий байгуулсан. Гагцхүү маргаан үүсгэж байгаа үндэслэл буюу гарын үсэг биечлэн зураагүй гэдэг нь би энэ гэрээг байгуулаагүй гэсэн үг биш. Харин энэ олон жил гэрээ байгуулагдсаныг мэдсээр байж яагаад салсан үедээ шаардлага гаргах болсон юм бэ? гэдэг асуудал гарч ирдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2020 оны 12 дугаар сард Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Орон сууц түрээсийн гэрээ”-г байгууллагаа төлөөлж байгуулж байсан.  Тухайн үед хуулийн шаардлага хангасан хүмүүсийн нэрсийн жагсаалт аймгийн Хуулийн хэлтсээс ирсэний дагуу дагуу бид сугалаа явуулсан. Сугалаа явуулаад хожсон нэрсийн дагуу гэрээг байгуулсан. Тэгэхэд хамтран эзэмшигчээр гэр бүлийн хүмүүстэй гэрээ байгуулсан. Хамтран түрээслэгчийн материалыг бүрдүүлж аваагүй. Хамтран түрээслэгч нь зөвхөн өөрийн биеийн байцаалттайгаа ирээд л гэрээ байгуулж байсан. Иргэд анх материалаа бүрдүүлж Хуулийн хэлтэст өгч, түүгээр дамжин манайд ирж байсан. ** баримт бүрдүүлж өгсөнийг мэдэхгүй байна. Ээж нь л гэж ирсэн, харахгүй байна гээд ** өмнөөс нь гарын үсэг зурсан.  Сугалаанд хожсон хүний нэр батламж дээр байдаг, тэгээд батлаж дээр байгаа хүний нэрээр дагуу гэрээ байгуулсан. **ын нэрийг **ийн нэрээр солиод өгөөч гэж **, ** нар надтай ирж уулзсан ба миний хүрээнд шийдэх асуудал биш гээд би тухайн үеийн ажлын хэсэг ахалж байсан Засаг даргын орлогч **тай орж уулзуулсан. Тэгээд гэрээг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг хэлсэн” гэв.

Гэрч ** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2020 оны 01 дүгээр сарын 17-нд Орхон аймгийн Хуулийн хэлтэст эрх зүйн хөтчөөр ажиллаж байсан.  Тухайн үед иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдөл маягтыг та хүлээж авч байсан. “Орон сууц түрээслүүлэх журам” гэж гаргасан байсан. Тэрний дагуу ямар ямар материал бүрдүүлж авах вэ гэдгийг зохион байгуулж байсан хүмүүс гаргаж өгсөн. Тэр материалыг бүрдүүлбэрийнх нь  дагуу хүлээж авч байсан. Бидэнд шийдвэр гаргах эрх байхгүй, боловсруулсан журамд ч бид оролцоогүй. Зөвхөн материалын бүрдүүлбэрийг хүлээж авч ажилласан. **, ** гэдэг хүмүүс өргөдөл, орон сууцны лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, орлогоо нотолсон баримт гээд нийт 17 хуудас баримт бүрдүүлж өгсөнийг тодорхой  санахгүй байна. Ямар ч байсан би материалыг нь хүлээж авсан болоод л намайг дуудсан байх. **, ** гэж ямар хүмүүс байдаг юм бол, энд өөрсдөө байхгүй юм байна. Материал хүлээж авсан бол шаардлага хангасан болоод л хүлээж авсан байх.  Түрээсийн орон сууцыг түрээслэх, өмчлөх зорилгоор авч байсан. Нэг хүний орлого, тухайн орон сууцанд хамрагдах хүний худалдан авах чадвар, ам бүлээс шалтгаалаад материалын төрлүүдээс хамаараад янз бүр байсан. Ямар ч байсан цаанаасаа хамтран эзэмшигч заавал байна гэж байсан. Тийм болохоор гэр бүлийн хүмүүс, хамтран амьдрагч, ээж аав ах дүүгээ хамтрангаар оруулж байсан” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан

Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг ** айл хотхоны ** дугаар байрны ** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигчээр ** намайг тооцож гэрээг шинэчлэн байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гэрээний хамтран эзэмшигчээр тооцож гэрээг шинэчлэн байгуулахыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

1.1. Нэхэмжлэгчийн “Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг ** айл хотхоны ** дугаар байрны ** тоот 51.62 м.кв талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигчээр ** намайг тооцох, тус гэрээний хамтран эзэмшигчээр тооцох” гэх шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй бөгөөд “**тэй гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  гэрээг шинэчлэн байгуулахыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах” шаардлагыг шүүх хангах эсэхээс шалтгаалан “**ийн маргаан бүхий түрээсийн орон сууц хамтран эзэмших” эрх сэргэх эсэх нь дагаж шийдвэрлэгдэх учиртай тул шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч **ыг хасч, **ийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

1.3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагын тухайд: 

2.1.Нэхэмжлэгч **, гуравдагч этгээд ** нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” заасан гэрлэгчид биш бөгөөд **ыг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралтын “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын Хоёрын 2.4-ийн 2-т зааснаар “Төрийн албан хаагч” гэх ангилалд түрээсийн орон сууцны сугалаанд оролцсон гэж үзэхээр байна.

2.2 Монгол улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар, түүнийг төлөөлж мэргэжилтэн ** /түрээслүүлэгч/, нөгөө талаас сугалааны ялагч буюу түрээслэгч **, хамтран түрээслэгч ** нар харилцан тохиролцож **дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулжээ. /ХХ-ийн 36-39 дүгээр тал/

2.3. Дээрх  гэрээнд заасны дагуу  Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар нь **ын эзэмшилд Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багт байрлалтай ** айл хотхоны ** дугаар байрны ** тоот 51.62 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, гуравдагч этгээд **, хамтран эзэмшигч ** нар нь гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон иргэний хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /Иргэний хэргийн 76-96, 215-217 дугаар тал/

2.4. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар, нөгөө талаас **, ** нар нь маргаан бүхий орон сууцыг түрээслэж, түрээслүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөлийн талаар бичгээр хэлэлцэн тохирч, Аймгийн Засаг даргаар гэрээг батлуулж, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгч, харин түрээслэгч нь түрээслүүлэгчийн тохирсон төлбөрийг төлж эхэлсэнээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”,  318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэтус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

2.5.Хэдийгээр нэхэмжлэгч **ээс “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууцны түрээсийн гэрээ”-г байгуулах үед би Ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул ** ээж ** ыг хамтран эзэмшигчээр оруулсан байдлаар гэрээг байгуулсан” талаар нэхэмжлэлдээ дурьдаж, уг байдлаа хүлээн зөвшөөрснөөс гадна “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оролцохоор холбогдох материалуудыг бүрдүүлэн өгч байсан гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

2.6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ын “...**, ** нар нь гэр бүлийн баталгаа байхгүй. Үндсэн түрээслэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд байх ёстой. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолын журамд зааснаар “Залуу гэр бүл” гэж солих гэхээр энэ хүмүүст гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр болсон зүйл байхгүй. Үндсэн түрээслэгч ** нь төрсөн ээж **ыг хамтран эзэмшигчээр оруулахыг өөрөө зөвшөөрсөн тул хамтран түрээслэгчийг **ээр солих боломжгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ** болон гуравдагч этгээд ** нар нь гэр бүлж болж гэрлэлтээ батлуулаагүй болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 22/867 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргээр тус тус нотлогдож байна. /ХХ-ийн 112-114 дүгээр тал/

2.7.Түүнчлэн, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралтын “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын Хоёрын 2.4-ийн 1-т зааснаар “Залуу гэр бүл” гэх ангилалд тавигдах шаардлага нь гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр байх шаардлагыг тавьсан байна. /ХХ-ийн 41-47 дугаар тал/

2.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 /утга агуулгын илэрхий алдаатай/ болон 47.1.7-д /түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй/ заасныг зөрчсөн гэж тодорхойлж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцов.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл /Захиргааны акт илт хууль бус болох/,  мөн хуулийн 47.1 /дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно/, 47.1.1 дэх хэсэгт заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх ойлголт нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр, мөн хуулийн  47.1.7 дахь хэсэгт засан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх ойлголт нь “бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй” гэх шаардлага бүхий эрх зүйн үндсэн зарчимд нийцэх ойлголтыг тус тус илэрхийлж байдаг.

2.10.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсоноос үзвэл нэхэмжлэгчийн “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

2.11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Нэхэмжлэгчийн “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-ээс хамтран эзэмшигч **ыг хасч, **ийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”  нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-ээс хамтран эзэмшигч **ыг хасч, **ийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй.

3.2. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй.

3.4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан “**тэй гэрээ байгуулахгүй байгаа Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай “Орон сууцны түрээсийн гэрээ”-нээс хамтран эзэмшигч **ыг хасч, **ийг хамтран эзэмшигчээр нэмж оруулан гэрээг шинэчлэн байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Д.САРАНГЭРЭЛ