| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2025/00156/И |
| Дугаар | 192/ШШ2025/02373 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/02373
| 2025 03 27 | 192/ШШ2025/02373 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
Өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие Д.Х нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн хажууханд байрлах, төв замаасаа холгүй байх нэг байшин баригдаж байгааг сонирхож, очиж уулзахад Ч.Ж гэдэг хүний утсыг өгч утсаар холбогдон ...ла гэх хаус хотхоны мэдээлэл аваад явсан. Ч.Ж нь эргэн надтай холбогдож, маш сайхан хотхон болно. Өөрийн гэсэн газартай хаусыг 3 сарын дотор гүйцэтгэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй, чанартай, түргэн шуурхай барьж өгнө, хүмүүс асуугаад хаусууд хурдан зарагдаад байна та авахуу гэж шавдуулж байсан. Миний мөнгө бүрэн биш байгаа тухайгаа хэлэхэд эхлээд та урьдчилгаа хийчих үлдсэнийг нь увуулж цувуулаад өгчих гээд ханиадтай хүүхдээ харж байхад манай гэрт ирж 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Амины орон сууц (хаус) захиалах болон хөрөнгө оруулах тухай...тоот гэрээг байгуулсан. Тухайн үедээ би өөрт байсан 90 сая төгрөгийг маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ч.Ж...ийн хувийн дансанд нь шилжүүлж өгсөн ба 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 37,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 23,710,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 19,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг гэж цувуулсаар нийт 204,000,000 төгрөгийг гэрээний төлсөн. Гэхдээ зүгээр хуваарьт графикийн дагуу биш утсаар залган одоо яаралтай тэдэн төгрөг хийчих, ажил явах гээд байна одоо яаралтай мөнгө хийчих гэх бүрт нь боломжоороо яаравчлан хийж байсан. Гэтэл захиалсан хаус маань баригдахгүй юу ч хийгдэхгүй байсаар хоног хугацаа өнгөрсөөр, сүүлдээ аргаа барж өөрөөсөө илүү зардал гарган барилгын ажилдаа зарцуулсан ч хаанаа ч хүрэхгүй дутуу орхигдож, хаусандаа ч орж чадахгүй байна. Энэ хугацаанд Ч.Ж...г хаусаа бариад дуусгаад өгчих байлгүй гэж итгэж, найдаж явсаад өдийг хүрчихлээ. Гэвч одоог хүртэл барилгыг актаар хүлээлцэхгүй, гэрээний үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг маань гаргаж өгөхгүй иргэн Д.Х... намайг туйлын ихээр чирэгдүүлж, хохироож байна. Иймд А... ХХК-ийн захирал Ч.Ж...тэй 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Амины орон сууц захиалан бариулах ...тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу ... гурван өрөө Амины орон сууцны өмчлөгчөөр Д.Х... намайг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Манай байгууллага нь А... ХХК нь 2021 оноос 2025 онуудад ... хаус хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Захиалагч Д.Х...ы захиалсан "С эгнээ" -ий 2 дугаар хаус нь бүрэн баригдаж дууссан бөгөөд уг айл нь тухайн хаусыг өмчлөлдөө хүлээн авсан ба ҮХХ-ийн гэрчилгээ гаргаж өгөхтэй холбоотой харилцаа үлдсэн байгаа юм. Манай байгууллагаас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас уг дүүрэг хороонд бүртгүүлэх, хаягжилт авахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж төр захиргааны байгууллагат хандаад байгаа тул бид уг хаягжилт авсны дараа ҮХХ-ийн гэрчилгээг захиалагч айл тус бүрт гаргаж өгөхөөр ажиллаж байна. Иймд бидний энэхүү үйл ажиллагааг тодорхой хугацаанд хүндэтгэн үзэж хүлээнэ гэдэгт гүйцэтгэгч байгууллагын хувьд хичээнгүйлэн хүсье.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс амины орон сууц захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ, итгэмжлэл, хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа, хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нэмэлт шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь ... орон сууны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Х.. нь ... өрөө орон сууцыг 204,600,000 төгрөгөөр А... ХХК-иар бариулахаар тохиролцсон болох нь амины орон сууц захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Х... нь 204,600,000 төгрөгийг хариуцагч А... ХХК-д шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Худалдаа, хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний нэмэлтээр тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд тодорхой хугацаанд хүлээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч А...ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд тодорхой хугацаанд хүлээхийг хүсжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй.
10. Иймд Д.Х...г ... өрөө орон сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 3.1.15-т заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х нь өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ