Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 182/2021/00663/И |
Дугаар | 210/МА2021/00968 |
Огноо | 2021-06-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2021/00968
А К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А К ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 65,901,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Удамбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 07 сарын 31-ний өдөр ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 60,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлдэгч нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 27,600,000 төгрөг, зээлийн хүүд 2,400,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хуваарийг зөрчиж 517 хоногоор хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, уулзалт зохион байгуулж байсан, оршин суух хаягаар нь 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй болно. 2012 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар Б.Б- нь үндсэн зээлийн төлбөрт 32,400,000 төгрөг, зээлийн хүүд 27,918,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,583,600 төгрөг, нийт 65,901,600 төгрөгийг төлөөгүй байна.
Хариуцагч нь зээл авсан өдрөө БГ/2019/66 дугаар Барьцааны гэрээ-г нэхэмжлэгчтэй байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, 20-70 УБА улсын дугаартай, ФОРД Ф-150 0 маркийн автомашиныг барьцаалж нэхэмжлэгч байгууллагын нэр рүү шилжүүлсэн. Уг автомашин зээл авсан өдрөөс хойш одоог хүртэл нэхэмжлэгч талд хадгалагдаж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь компанийн нэр дээр гарсан боловч хариуцагчийн өмчлөл юм. Биетээр нэхэмжлэгчид байгаа гэдгээр зээлийг төлсөн гэж үзэхгүй. Хариуцагч нь өөрөө автомашинаа худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжтой. Барьцааны гэрээнд автомашины үнийг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа боловч одоо ямар үнэлгээтэй байгааг мэдэхгүй. Манай зээлийн эдийн засагч уг автомашиныг бусдад худалдах талаар зар тавьсан байж болно. Зарагдаагүй учир одоо хүртэл байгаа.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 65,901,600 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. 1 сар орчмын дараа 2019 оны 08 сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөг төлсөн. Үүнээс ББСБ нь сарын хүү, зээл хассан байдаг. Тухайн үед эрхэлж байсан бизнес царцанги байдалд орж зээлээ төлж чадахгүй болсон. Зээл авахдаа өөрийн өмчлөлийн 20-70 УБА улсын дугаартай, ФОРД Ф-150 0 маркийн автомашинаа барьцаалж, гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж бүртгүүлж өгсөн юм. Автомашиныг өөрийн эзэмшилд байлгасан боловч 2019 оны 10 сарын 30-ны өдөр ББСБ-ын ажилтнууд ирж хурааж авсан, одоо нэхэмжлэгчид байгаа. Тухайн үед найз нартайгаа явж байхад ирээд хурааж авсан. Зээл авахдаа нэхэмжлэгчийн хашаанд автомашинаа тавьсан зүйл байхгүй, худал яриад байна. Үүнээс хойш зээлээ төлж барагдуул гэсэн бичиг ирж байсан. Зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт албан ёсоор гаргаагүй, зээлийн 50 хувийг төлж, барьцааны автомашинаа хураалгуулж хүлээлгэн өгсөн тул одоо зээл, хүүд төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед барьцааны зүйлийг 60,000,000 төгрөгөөр үнэлж Барьцааны гэрээ-ний 2.1-д заасан. Автомашиныг бодитоор шилжүүлээд авсан учир зээлийн гэрээг дууссан, 60,000,000 төгрөгийн автомашинаар зээл төлөгдсөн гэж ойлгож байна. Бүтэн жил өнгөрсний дараа автомашин хурааж авсан мөртлөө үндэслэлгүйгээр хүүд мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ-ний 4.2, Барьцааны гэрээ-ний 5.4 дэх заалт болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар үл маргах журмаар уг автомашиныг зээлийн үлдэгдэлд тооцон хурааж шилжүүлэн авсан учир зээл төлөгдсөн, одоо ямар нэгэн төлбөр байхгүй. Тухайн автомашиныг захиран зарцуулах эрх өөрт нь байсан, өөрсдөө хугацаагаа хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу гэж үзэж байна. 2020 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн зээлийн эдийн засагч н.Очирханд нь өөрийнхөө фэйсбүүк хаягаас Автомашин авна, зарна гэсэн группэд уг автомашиныг зарахаар зар тавьсан байсныг харсан. Нэхэмжлэгчид автомашиныг зараад зээлээ хаая гэдэг саналыг амаар олон удаа тавьсан. Барьцааны зүйлийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлээд авсан, үл маргах журмаар захиран зарцуулах бүрэн эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр 517 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Зээлийн гэрээний зээл, хүү төлөгдөж дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-эс зээлийн гэрээний үүрэгт 64,799,398 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,102,201 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох нэхэмжлэгч А К ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 20-70 УБА улсын дугаартай, ФОРД Ф-150 0 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 481,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй гэж дүгнэсэн атлаа ...хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 448 хоногийн хугацаа хэтрүүлсэн ... гэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон байна. Тодруулбал, 2019 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан БГ/2019/66 дугаар Барьцааны гэрээ-ний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч барьцааны зүйлийг 2019 оны 10 сарын 30-ны өдөр хурааж авах хүртэлх хугацаанд хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед буюу 2019 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс автомашиныг хураан авч явахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг уг автомашинаар хангаж байгаа гэх ойлголтыг хариуцагчид ярьсан тухай шүүх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Түүнчлэн нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгийг хурааж авснаасаа хойш буюу 2020 оны 02 сарын 27-ны өдөр худалдан борлуулахаар зар тавьсан нь /хх 56/ хариуцагчид автомашинаа Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд алдаж, улмаар талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний төлбөр тооцоо дууссан гэх ойлголтыг төрүүлсэн байдаг. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч тал 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 18, 2020 оны 06 сарын 09-ны өдрийн 34 дугаар бүхий албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлж байсан гэж тайлбарладаг боловч хариуцагч хүлээж аваагүй. Уг мэдэгдлийг хариуцагчид гардуулсан, албан ёсны шуудангаар хүргүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал нотлох ёстой.
Шүүх нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид албан ёсоор хүргүүлсэн эсэх, хариуцагч тухайн мэдэгдлийг гардаж авч байсан эсэх, нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг гэрээ байгуулагдсанаас хойш эзэмшилдээ байлгаж байсан эсэх, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзэмшлээс гэрээ дуусах үед барьцааны зүйлийг хурааж авсан эсэх зэрэг тодруулах шаардлагатай талуудын маргаан бүхий, эргэлзээтэй нөхцөл байдлуудыг нотлох баримтын үндсэн дээр тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн тайлбарын үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүх хоёр талын маргаантай нөхцөл байдлыг дүгнэхдээ Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид албан ёсоор хүргүүлсэн, барьцааны зүйл нь анхнаасаа манай хашаанд байсан гэх мэт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй нэхэмжлэгчийн тайлбаруудыг дан ганц үнэлж шийдвэрээ гаргасны улмаас хариуцагчийн эрх ашиг илт зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлох үүрэг хүлээдэг боловч ийнхүү нотолж чадаагүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд энэ өдрөөс эхлэн дээрх хуульд заасны дагуу барьцааны зүйл болох автомашиныг захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчид бүрэн хэмжээгээр шилжсэн гэж үзнэ. Нөгөөтээгүүр, талууд анхнаасаа ЗГ/2019/66 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ/2019/66 дугаар барьцааны гэрээг байгуулж 20-70 УБА улсын дугаартай ФОРД Ф-150 0 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлж, тухайн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар барьцаалсан байдаг. Энэхүү гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа дуусах үед нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцааны зүйлийг хурааж авснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих хэмжээнд гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл шүүх ... нэхэмжлэгч тал барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, түүнийг захиран зарцуулах эрхтэй хэдий ч энэ нь хариуцагчийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүргийг бүрэн төлсөн гэж үзэх, төлбөрт тооцон авч үүргийг дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй юм... гэж дүгнэлт хийх байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хариуцагчийн эрх ашиг илт зөрчигдөж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч А К ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 65,901,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ барьцааны гэрээний зүйлийг нэхэмжлэгч худалдан борлуулж зээлийн үүргийг барагдуулах боломжтой байсан, автомашиныг хураан авах үед зээлийн төлбөр хаагдсан гэж ойлгосон гэх агуулгаар тайлбарлан маргажээ. /хх1-2, 51-52/
Талууд 2019 оны 07 сарын 31-ний өдөр ЗГ/2019/66, БГ/2019/66 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А К ББСБ ХХК нь 60,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлд 20-70 УБА улсын дугаартай, ФОРД Ф-150 0 маркийн автомашиныг барьцаалах, зээлдэгч Б.Б- нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 10-13/
Дээрх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон 2019 оны 08 сарын 24-ний өдөр зээлдэгч нь зээл, хүүний төлбөрт 30,000,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, барьцааны зүйл болох 20-70 УБА улсын дугаартай, ФОРД Ф-150 0 маркийн ачааны автомашин нь зээлийн гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч А К ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, эзэмшил нь одоо нэхэмжлэгч талд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.
Гэрээнүүдийн нөхцөл, байгуулагдсан хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан зэргээс үзвэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б-эс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны зээлийн үндсэн хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тус тус шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх талуудын маргаагүй эргэн төлөлтийн дүн болох 30,000,000 төгрөгийг хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргээс хасч, түүнийг үндсэн зээл 32,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 24,117,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,775,232 төгрөг, нийт 64,799,398 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхгүй талаар татгалзал болон давж заалдах гомдолдоо, төлбөрийн үүргийг барьцааны зүйлээр хангагдсан гэж ойлгосон мөн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул талуудын хооронд фидуцийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, зээлдэгч зээл төлөх хуваарьт хугацааг хэтрүүлж, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байхад зээлдүүлэгч барьцааны зүйлийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж мэдэгдсэн гэх баримтыг зээлдэгч хүлээн авсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй, шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг өөрийн нэр дээр бүртгүүлж, эзэмшилдээ авсан нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй.
Тодруулбал, гэрээг байгуулах үед гаргасан талуудын хүсэл зориг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний агуулгыг илэрхийлсэн байх тул үүнийг хожим зээлдэгчээс гаргаж байгаа тайлбарт үндэслэн, хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгчид барьцааны зүйлийг захиран зарцуулах эрх хууль болон гэрээгээр олгогдсон нь түүний хүлээх үүрэг бус харин хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,947 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР