| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0224/З |
| Дугаар | 128/ШШ2025/0494 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0494
2025 07 01 128/ШШ2025/0494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бада******* би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.М /РД:М/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А /РД:Ц/,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль зүйн асуудал хариуцсан референт О.Д нарын хоорондын захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 294 дүгээр зарлигаар С******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх /С******* аймгийн М сум дахь сум дундын шүүх/-д шүүгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгч Ч.М******* шүүгчээр томилоогүй орхисон байна.
1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр, Ч.М******* шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М******* урьд эрхэлж байсан С******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх /С******* аймгийн М сум дахь сум дундын шүүх/-ийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналын дагуу Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар С******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ.
1.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ч.М******* шүүгчээр ажиллаагүй 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулан Ч.Мт олгож, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 8 жил 5 сар 16 хоногийн цалин хөлс болох 304,299,661 төгрөгийг Ч.Мт олгож, түүний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгажээ.
1.4. Тус шүүхээс Ч.М******* шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос, мөн хугацааг ээлжийн амралтын хоног тооцох хугацаанд оруулах тооцохоос татгалзсан С******* аймгийн шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Ч.М би 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 294 дүгээр зарлигаар С******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд /Одоогийн нэрээ М сум дахь сум дундын шүүхэд/ шүүгчээр томилогдон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад шүүгчээр томилоогүй орхигдуулж, чөлөөлсөн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн, Улсын дээд шүүхээр шүүгчийн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн асуудлаа шийдвэрлүүлсний эцэст 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 тоот Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр дахин томилогдон ажиллаж байна.
Миний бие шүүгчээр 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 7 жил, 3 сар, 11 хоног, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2 жил, 8 сар, нийт шүүгчээр 10 жил ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил, 5 сар, 16 хоногийн хугацаанд ажилгүй байсан. Энэ хугацаанд шүүгчээр буюу төрийн албанд ажилласан болохоо тооцуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 182/ШШ2023/0725 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2022/00911 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөө гаргуулан авсан. Гэтэл С******* аймгийн шүүхийн тамгын газраас миний ээлжийн амралтыг бодож олгохдоо 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 8 жил, 5 сар, 16 хоногийн хугацааг ажиллаагүй гэсэн үндэслэлээр хасаж тооцож, ээлжийн амралтын нийгэм, эдийн засгийн эдлүүлэхгүй, ээлжийн амралтад оруулж тооцохгүй байна.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Бу******* гэж хүн утасдаж таны ажилгүй байсан 8 жил, 5 сар, 16 хоногийн шүүгчээр буюу төрийн албанд ажилласан хугацаа нэмэгдэл чинь хасагдаж тооцогдсон шүү гэж мэдэгдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э*******ийн санаачилсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны 409 шүүгчийг шинээр өөрчлөн байгуулсан шүүхэд томилон ажиллуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг албан тушаалаас чөлөөлж, эдгээр шүүгчдийг буцаан томилсон Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигийг гаргахдаа намайг шүүгчээр томилоогүй орхигдуулсан байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчээр томилохоор дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхгүйг би эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр намайг шүүгчээр томилохгүй үлдээсэн нь хууль бус гэж дүгнэн шүүгчээр буцаан томилуулах саналаа өргөн мэдүүлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалган шийдвэрлэсэн.
Уг шүүхийн шийдвэр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ч.М намайг шүүгчээр буцаан томилж, С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Нэхэмжлэгч миний хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болоод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дагуу шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн авах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалуудыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын нэгдсэн санд бүртгүүлэх, ажилгүй байсан хугацааг шүүгчээр болон төрийн албанд ажилласанд тооцуулах, ээлжийн амралт, нэмэгдлээ авах хууль ёсны эрх үүссэн. Гэтэл С******* аймгийн шүүхийн тамгын газар нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шүүгчээр ажилласныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэдэг үндэслэлээр ажилласан хугацаанд улмаар ээлжийн амралтын хоног тооцох ажилласан хугацаанд оруулан тооцохоос татгалзаж, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчээр буюу төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзаж шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн нь хууль бус нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, дээр дурдсан ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоос татгалзаж байгаа нь шүүгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох, ээлжийн амралт эдлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудаар баталгаатай эдлэх олон эрхийг зөрчиж, сөрөг үр дагавар үүсгэж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтад шүүгчийн тэтгэвэртэй холбогдсон харилцааг холбогдог хуулиар, ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, мөн зүйлийн 61.1.2 дахь заалтад “...хүнийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж, мөн зүйлийн 61.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэж тус тус заасан нь шүүгчийг үндэслэлгүйгээр албан тушаалд нь томилолгүй орхигдуулсан нь хууль бус байсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосноор шүүгчийн хөдөлмөрийн харилцаа бүрэн сэргэж, шүүгчид эдлүүлэх нийгэм, эдийн засгийн бүх баталгаануудыг сэргээн эдлүүлэх, эрх олгосон заалт юм.
Иймд дээр дурдсан хуулийн заалтын дагуу шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласан байсан хугацаанд оруулан тооцохоос татгалзсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Чойнор овогт М******* 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулах тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э*******ийн санаачилсан шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчлөхтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны 409 шүүгчийг шинээр шүүхэд томилон ажиллуулах саналыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж эдгээр шүүгчдийг буцаан томилсон Монгол Улсын ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигийг гаргахдаа Ч.М******* шүүгчээр томилоогүй орхигдуулсан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөр шүүгчээр дахин томилуулахаар өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр шүүгчээр эргүүлэн томилохгүй үлдээсэн нь хууль бус гэж дүгнэж, шүүгчээр буцаан томилуулах саналыг өргөн мэдээлэхгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгч нь уг 70 дугаар шийдвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар шүүгчээр буцаан томилж С******* аймгийн сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 182075 дугаар шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0100917 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулан авсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгчийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар шүүгчээр дахин томилох хүртэлх хугацаа буюу 8 жил, 5 сар, 16 хоногийг шүүгчээр ажилласанд тооцохгүй байгаа тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацаанд төрөл бүрийн ажил хийж байсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад шүүгч нь төрийн тусгай албан хаагч юм. Мөн Төрийн албаны хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь хэсэгт зааснаар болбол төрийн тусгай албан хаагчийн албан тушаалыг эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн албаны онцгой ажлын нөхцөл төрийн алба хаасан цол зэрэг дэвийн нэмэгдэл цалин хөлс авах ёстой, энэ эрхээ эдэлж чадахгүй байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон хөдөлмөрийн хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан 5 жил тутамд ажлын 3 хоногийн нэмэлт амралт олгох эрхийг эдэлж чадахгүй байна. Ийм учраас хууль бусаар томилохоос татгалзсан 8 жил, 5 сар, 16 хоногийг төрийн албанд, шүүгчээр ажилласнаар тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатын шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Ч.М нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтад заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх буюу 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгчид олгосныг тухайн үед маргаангүйгээр авсан байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа нь дуусгавар болсон байна. Нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн, хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцааг дуусгавар болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг нь хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр одоог хүртэл гараагүй байдаг. Нэхэмжлэлд дурдагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М******* шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн огцруулсан тухай нотлох баримт эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул шүүгчээр ажилласан жилд тооцох хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.М нь төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл болон онцгой нөхцөлийн нэмэгдлийг эдэлж чадахгүй байгаа гэж тайлбарлаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 удаагийн тогтоол байдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаартай зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай тогтоолд С******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Чойнорын М******* төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тогтоосон байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 02 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-д заасан 25 хувийн нэмэгдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор авч байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор бүх шатын шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтаар Чойнорын М******* төрийн алба хаасан хугацааг 28 жил, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувийн нэмэгдэл гэж заасан байх бөгөөд одоо энэ нэмэгдлээ авч байна. Мөн С******* аймаг дахь шүүхийн тамгын газраас ирүүлсэн цалингийн картаас харахад Ч.М шүүгч нь төрийн албаны нэмэгдлийг 25 хувиар онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувиар авч байна. Тухайн үеийн Засгийн газрын тогтоол болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолд зааснаар 25 хувь болон 40 хувиар нийт 65 хувийн нэмэгдлийг авч байгааг хэлэх нь зүйтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
4. Маргаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2122 дугаар албан бичгээр “...Ч.М******* шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд дахь 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байснаар тооцож шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч ... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 227 дугаар тогтоолоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоосон бөгөөд тус тогтоолд хамааралгүй хугацааг төрийн албанд ажилласанд тооцох эсэх асуудлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй” гэж хариу мэдэгджээ.
5. Нэхэмжлэгч нь дээрх албан бичгийг татгалзсан шийдвэр /эс үйлдэхүй/-ээр нэрлэж хууль бус болохыг тогтоолгохоор буюу “2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос, мөн хугацааг ээлжийн амралтын хоног тооцох хугацаанд оруулах тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
6. Үйл баримтын тухайд,
6.1. Ч.М нь анх 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 294 дүгээр зарлигаар С******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд /Одоогийн нэрээр М сум дахь сум дундын шүүхэд/ шүүгчээр томилогдон ажиллаж байсан.
6.2. Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгч Ч.М******* шүүгчээр томилоогүй орхисон.
6.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр “Ч.М******* шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М******* С******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж” шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчээр томилуулах саналын дагуу Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ч.М******* С******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон.
6.4. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ч.М******* шүүгчээр ажиллаагүй ажиллаагүй 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 304,299,661 төгрөг гаргуулан Ч.Мт олгож, Ч.М болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.
7. Дээр дурдсан үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр шүүгчийн албан тушаалд томилогдоогүй 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан хугацаанд тооцох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар маргаж байна.
8. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг” ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан.
9. Энэ утгаараа шүүгчээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тоочин заасан, тухайлбал, 16.1.1.“шүүх хуралдааныг даргалах”, 16.1.2.“шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох”, 16.1.3.“шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах”, 16.1.4.“хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох”, 16.1.5. “хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх”, 16.1.6. “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах” зэрэг нийтлэг бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхээр заасан.
9. Тэрчлэн үүний нөгөө талд шүүгчид хориглох зүйлийг мөн Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-ээс 50.1.40 хүртэл мөн тоочин заасан, тухайлбал, 50.1.16-д “багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах”-ыг хориглосон нь хатуу зохицуулалт байна.
10. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг”, 3.1.2. “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг”, 19 дүгээр зүйлийн 19.5. “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно”, 19.6.“Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч, прокурор, шүүгчээр ажиллана” гэж заасан бол,
11. Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэх”-ээр заасан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1.“өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг”, 7 дугаар зүйлийн 7.1.“Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.“Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд нэгдсэн бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, аймаг, нийслэлийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан.
12. Эдгээр хуулийн заалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр иргэний хуульчийн хөдөлмөрлөх харилцаа үүсэхээр болон хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болохоор байна. Мөн хуульчаар ажиллах боломжтой ажил, албан тушаал нь өмгөөлөгч, нотариатч, прокурор, шүүгч байх бөгөөд эдгээрийн тус тусын бүрэн эрх зохих шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд хэрэгжихээр байна.
13. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан,
13.1. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/1450 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “тус Тамгын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Бүртгэх тухай” 111 дүгээр тушаалаар Ч.М******* бүртгэж, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 2082 дугаар бүхий гэрчилгээ, үнэмлэхийг олгосон” гэх,
13.2. Монголын өмгөөлөгчдийн холбооны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/149 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “...Ч.М******* өмгөөллийн эрхийг Монгол Улсын дээд шүүхийн тамгын газар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс бүртгэсэн бөгөөд 2025 оны байдлаар Монгол Өмгөөлөгчдийн холбооны ӨНБД-2082 дугаарт бүртгэлтэй, ... мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/270 дугаар тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ өөрийн хүсэлтээр түдгэлзүүлсэн” гэх,
13.3. Монголын өмгөөлөгчдийн холбооны С******* аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “...хуульч Ч.М нь С******* аймгийн М сум дахь салбар зөвлөлд харьяалагдаж өмгөөллийн үйл ажиллагааг 2017 оны 03 сараас 2022 оны 5 сар хүртэл хугацаанд явуулж байсан” гэх,
13.4. С******* аймгийн М сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Нотлох баримт гаргаж хүргүүлэх тухай” 137 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “... шүүхийн тамгын газарт 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан, шүүхийн тамгын газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж баталгаажуулсан” гэх,
13.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М нарын “...Ч.М нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн талаарх баримтууд байна.
14. Тэгвэл, нэхэмжлэгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааг шүүгчээр ажиллаж байсан гэж үзэхийн тулд дээрх хуулиудын заалтыг хэрэгт авагдсан үйл баримттай уялдуулан тайлбарлах, шүүгчээр ажилласан хугацаанд тооцох ямар хууль зүйн үндэслэл байгааг тогтоох, хариу өгөх шаардлага гарч байна.
15. Хэдийгээр энэ хэсгийн 6.3, 6.4-т заасанчлан шүүхийн шийдвэрүүд гарч, одоо нэхэмжлэгч нь шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “амьдрахын тулд ажил хөдөлмөр эрхэлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан” гэж тайлбарлах авч ийнхүү шүүгчээр ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
16. Учир нь “шүүгч”-ийн албан тушаал нь нарийвчилсан хуулиар зохицуулагдаж, шүүгчээс хэрэгжүүлэх бүрэн эрх, үүрэг хатуу чанд хуульчлагдсан, хуулиар тогтоосноос бусад ажил, албан тушаал эрхлэх, хавсрах боломжгүй, нөгөөтээгүүр шүүгч нь хуульч байх шаардлагатай ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрлийн дагуу нэгэн зэрэг “шүүгч”, “өмгөөлөгч”-өөр ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, энэ нь хуулийн зохицуулалтаар шууд хориглогдох утгатай, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн энэ маргааны тухайд хариуцагч захиргааны байгууллагад Шүүхийн тухай хуулиар эрх олгогдоогүй байна.
17. Иймд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа тохиолдолд л Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн эдийн засгийн баталгаа, шүүгчийн нийгмийн баталгаа хангагдах учиртай, тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7. “...шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно” гэх заалт нь нэхэмжлэгчийн шүүгчийн бүрэн эрхийг хуулиар тогтоосны дагуу хэрэгжүүлж байгаагүй цаг хугацаанд хэрэгжих боломжгүй, хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 16 дугаар зүйлийн 16.1, 47 дугаар зүйлийн 47.7, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Ч.М******* шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос, мөн хугацааг ээлжийн амралтын хоног тооцох хугацаанд оруулах тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН