Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

2024/ДШМ/11

 

 

 

М.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч: Б.Н

            Шүүгдэгч: М.Д

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Дт холбогдох 2312001240329 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 0, эхнэрийн хамт А аймгийн И сумын Х багийн Х гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт М Д/РД:00000000000000/ 

 

Шүүгдэгч М.Д нь “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 4-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас М.Дт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Арлан овогт Мягмаржавын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Дээс 4.575.000/дөрвөн сая таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан иргэний  нэхэмжлэгч Ч.М /А аймгийн Э хэлтэст/-д олгож, Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгч М.Дийн давж заалдах гомдолдоо: Миний бие тухайн осол болох үед барилгын талбай дээр байгаагүй, уг барилгын бүх ажлыг гүйцэтгүүлэх захиалгыг би А.Жид өгч гүйцэтгүүлж байсан. А.Ж нь өөрөө тухайн барилга дээр ажиллах ажилчдаа сонгож, ажлын чиг үүргийг хуваарилж, цалинг олгодог. Тухайн хүмүүсийг хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй учир нь би тухайн ажилчдын ажил олгогч нь биш захиалагч нь бөгөөд А.Ж ерөнхий гүйцэтгэгч буюу нь ажил олгогч юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох шинжээч Ч.Мөнхбаярын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна" гэсэн үүрэг А.Жид хамааралтай хуулийн заалт байтал анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэн намайг ерөнхий гүйцэтгэгч гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дараах зүйлсийг нэмж шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан боловч огт шийдвэрлэж өгөөгүй. Үүнд: Би 2023 оны 4 сард БНХАУ үйлдвэрлэгдсэн барилгын материалыг өргөх, буулгах зориулалттай хэрэгсэл буюу бидний хэлж заншсанаар краныг үйлдвэрээс нь 3.5 сая төгрөгөөр худалдан авч А.Жид хүлээлгэн өгөхөд ажилчдынхаа хамтаар өөрсдөө угсарч бэлтгэсэн. Өмнөх жил тухайн барилгыг бариулахдаа ижил краныг ашиглаж байсан учраас ажиллуулах журам, зааврыг бүгд мэдэж байсан. Би шинээр худалдаж авч ирсэн краныг унахаас сэргийлж суурийн хөндрүүлэгчээр 20 шуудай буюу 1 тонн элсийг ашиглуулахаар А.Жид өгсөн. Гэтэл тухайн осол болж кран унасны дараа намайг барилгын талбай дээр очиход краны суурийг 5 ширхэг блок, нэг шуудай цементээр буюу 175 кг ачаагаар дарж хүндрүүлснээс осол болсон байсан /хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бусад нотлох баримтаар нотлогдоно/. Би тэр даруй А.Жтой уулзаж яагаад миний өгсөн 20 шуудай элсээр краны сууриа хүндрүүлээгүй юм бэ гэж асуухад “үгэнд ордог хүнгүй болсон ахаа” гэхээр “чи тэгээд ажлаа зогсоохгүй яасан юм бэ” гэхэд “би өдрийнх нь хоолыг авч ирэхээр явсан байсан” гэж надад хэлсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх шатанд тухайн краны суурийг хүндрүүлэхээр 20 шуудай элс өгсөн эсэхийг, хэрэв өгсөн бол тухайн хүндрүүлэгчийг тавиагүй байгаа нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэл болохыг, мөн тухайн хүндрүүлэгчийг тавьсан бол кран унах боломжтой байсан эсэхийг тогтоож өгөөч гэж хүссэн боловч уг үйл явдлыг тогтоох талаар ажиллагаа огт хийгээгүй. Би барилгын ажлыг гүйцэтгэгч А.Жийг өөрийн ажилтандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг өгөөгүйгээс тухайн ослыг гарсан гэж үзэж байна. Мөн уг ослын маргааш өглөө нь А.Мийг У хотын гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн авто машинаар эмчтэй нь хамт явуулсан. Уг машины бензиний зардалд 641.600 төгрөгийг өгсөн. Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс А.Мөнх-Эрдэнийн гэмтлийн хугацаанд эмчлүүлсэн төлбөрт 4.575.000 төгрөг нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогчийн биеийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд ямар эмчилгээ хийсэн болох нь тодорхойгүй, үнийн дүн нь хэт өндөр, хот руу явахад бензинд өгсөн дээрх мөнгө алсын дуудлагын төлбөрөөс хасагдаж тооцогдсон эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байхад шүүх үүнийг анхаарч үзэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхилгүй надаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч А.Мын биеийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж бичигдсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Барилгын талбай дээрээс А.Жийн төрсөн дүү А.М гэдэг нэртэй нэг л хүн унасан. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байх тул хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь унаж түүний биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогддог. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         

Шүүгдэгч М.Дийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээч өөрийнхөө бичсэн тайлбарт эсрэг дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж бичигдсэн байна. Үүний оронд ерөнхий захиалагч хариуцна гэсэн бол ийм зүйл яриад зогсох эрхгүй. Ажил хийхдээ ажлын хариуцлага алдсан хүнийг захиалагч хариуцна гэдэг нь ерөөсөөр ойлгогдохгүй байна. Би бээлий, бүс, хангаж өгөөгүйгээс болж тэр хүн унаагүй. Яагаад унасан гэхээр хэрэглэх ёстой байсан хүндрүүлэгчийг хэрэглээгүйгээс болж унасан. Энэ ажиллаж байгаа хүмүүс архи уудаггүй учраас ийм зүйл гаргана гэж бодоогүй. Харин карказ хийдэг хүн нь шавартайгаа холилдоод согтуу зүтгээд байдаг. Энэ хүмүүсийг л архи ууж байгаад уначхав дээ гэж айдаг байсан. Шинжээчийн дүгнэлтэд ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсэн мөртөө захиалагч М.Д гэж оруулсныг ойлгохгүй байна. Ажлын хариуцлага алдсан хүнийг ажил захиалсан хүн хариуцах уу. Жишээ нь төрийн албанд ажиллаж байсан хүнийг ажлаас хоцроод байхад нь халбал төрөөс болоод халагдчихлаа гэх үү. Өөрөө ажлаасаа хоцорч ирээд ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдаж байна. Үүнтэй яг ижилхэн. Хуулийг ухаантай хүн бичсэн байна. Ийм маргаан гарч болзошгүй гэж үзэж захиалагчийг үлдээж ерөнхий гүйцэтгэгч ажил хийж буй хүн хариуцна гэсэн байна. Ерөнхий гүйцэтгэгч гэсний оронд ерөнхий захиалагч хариуцна гэсэн бол би хариуцна. Гэтэл ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж бичсэн байна. Иймд байхад би яагаад хүний урдаас буруутах ёстой юм. Хар ухаанаар бодсон ч гэсэн хүндрүүлж 2 кноп ажиллуулсан бол ийм зүйл гарахгүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж яриад байна гэж бодож байна. Эрүүл мэндийн газраас төлбөр нэхэмжилж байгаа М гэх хүн хэлэхдээ чамд хамаагүй гүйцэтгэж бригад ахалж байгаа хүнд хамааралтай гэсэн. Яагаад хүндрүүлэгч хэрэглээгүй талаар цагдаа, прокурорт хэлэхэд шүүх дээр яриарай гэсэн. 2 жилийн хугацаанд хэцүү байсныг яриад яах вэ. Ковид цар тахлын үеэр ажил олдохгүй хэцүү л байсан байх. Бололцоогоороо хүмүүсийг цалинжуулж үйл ажиллагаа явуулсны төлөө гэж байгаа юм шиг хандаж байна. Хуульд заасныг хэрэгжүүлж өгнө үү гэж хүсэж байна. Барилгын батлуулсан зургийг өөрчлөх эрх нь барилгын зураг гаргасан анхны компанид байдаг. Прокурор барилгын зургийг зөвшөөрөлгүй гаргасан гэж яриад байх шиг байна. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Хуульд захиалагч гэж байхгүй байхад мушгиж оруулж ирээд байна. Хууль их ухаантай юм гэж хэлмээр байна. Энэ нь аргаа ядсан хүний л хэлэх үг байх гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч М.Дийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

 Шүүгдэгч М.Дт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах тухай тогтоолоор /хх-ийн 49/ гэмт хэргийн шинжтэй 838 дугаартай гомдол мэдээлэлд хохирогч А.М нь хэний буруутай үйл ажиллагааны улмаас унаж гэмтсэн эсэхэд шинжилгээ хийхийг, мөн  мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах тухай тогтоолоор /хх-ийн 111/  хэрэг бүртгэлийн 231200124 дугаартай хэрэгт хохирогч А.М нь хэний буруутай үйл ажиллагааны улмаас унаж гэмтсэн эсэхэд шинжилгээ хийхийг тус тус шинжээч Ч.Мөнхбаярт даалгажээ. /хх-ийн 49, 111/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т шинжилгээ хийлгэх шийдвэрт шинжилгээ хийх байгууллагын нэр, шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэрийг тусгахаар заасан.

 

Гэтэл дээрх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолуудад  шинжилгээ хийх байгууллагын нэрийг тусгаагүй, шинжээч Ч.Мөнхбаяр нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Мөн шинжээч Ч.М 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 02 дугаартай хэрэг бүртгэлтийн 231200124 дугаартай хэрэгт нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтийн 2-т Монгол улсын  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна" гэж заасан байдаг. Гэтэл барилгын эзэн иргэн М.Д, барилгын ажил хариуцан гүйцэтгэж байсан иргэн А.Ж нар нь барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын асуудлыг хэн нь хариуцахаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд тухайн барилга дээр ажиллаж байсан А.М болон бусад ажиллаж байсан ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг барилгын эзэн иргэн М.Д хариуцах нь зүйтэй гэж үзэж байна гэж дүгнэсэн нь харилцан зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээтэй болжээ.

 

А аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 325 дугаартай яллах дүгнэлтийн яллаж байгаа хэргийн товч агуулга хэсэг, Тогтоох хэсэгт   хохирогч А.М гэхийг А.М гэж тус тус ташаа бичсэнийг анхан шатны шүүх зөвтгөж, засуулаагүй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт энэ алдааг давтсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, дээрх үндэслэлүүдээр гаргасан шүүгдэгч М.Дийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

  

Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.Д

 

                 ШҮҮГЧИД                                      В.Ц

 

                                                                                    Н.Э