Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00970

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00775 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Т Б А" ХХК-д холбогдох, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу түүний төлөх төлбөрийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: "Т Б А" ХХК-аас 2019 оны 10 сарын 08-ны өдөр бизнесийн бүтээгдэхүүн авах шаардлагатай болсон тул өөрийн эзэмшилийн Лексус RX 4386 тоёота маркийн автомашиныг 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн автомашиныг барьцаанд тавих үедээ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэгч 3000 иргэнээс 53-т шалгарсан. Санхүүжих эрх нь тухайн ондоо орно гэж удаа дараа мэдэгдэл ирж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас болж дахин санхүүжих боломжгүй гэсэн мэдэгдлийг 2020 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авснаар бизнесээ өргөжүүлэх боломжгүй болсон. "Т Б А" ХХК-ийн менежер н.Баярмагнай гэдэг хүнтэй байнга холбогдож, “зээлийн хүүг төлөх боломжгүй, түр хүлээх” талаар харилцан тохиролцож байсан. 2020 оны 02 сарын 08-ны өдөр "Т Б А" ХХК-аас гэрээ цуцлахыг мэдэгдэлгүй, тухайн автомашиныг авч явсан. н.Баярмагнай менежертэй холбогдоход зээлийн гэрээг цуцалсан, автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хэлэхэд битгий худалдаарай, тус автомашины зах зээлийн ханш нь 30,000,000 гаруй төгрөг байгаа, одоо төлөх төлбөрийн талаар асуухад эргээд ярина гээд ахиж холбогдоогүй. Ажил дээр нь очиж уулзахад үнийн дүнгийн тооцооллыг нарийвчлан гаргачихаад холбогдоно гэж хэлсэн. 2020 оны 06 сарын 03-ны өдөр "Т Б А" ХХК дээр өөрийн биеэр очиж үнийн дүнгийн тооцооллыг гаргуулах хүсэлт гаргасан. Тэр үед 5,000,000 төгрөг хийчих, н.Дөлгөөн гэдэг хүнийг ирэхээр бодит дүнгийн гаргаж өгнө гэж хэлсэн. 2020 оны 06 сарын 03-ны өдөр "Т Б А" ХХК-ийн шаардлагын дагуу “Хаан банк” ХХК-ийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Орой ахин залгахад “тооцоолол гаргаагүй байна” гэхээр нь “хүү нь яваад байна, бодит тооцоолол хэрэгтэй байна” гэж н.Баярмагнайд хэлсэн. 2020 оны 06 сарын 04-ний өдөр захирал н.Мягмар гэдэг хүнтэй уулзсан боловч н.Баярмагнай, н.Цэдэндамба, н.Дөлгөөн гэсэн 3 залуу “30,000,000 төгрөг өгвөл автомашиныг суллаж өгье” гэж хэлсэн. 3,5 хувийн хүүтэй авсан зээл 30,000,000 төгрөг байх боломжгүй гэхэд 4 ажилтан залуу нь намайг бүлэглэн зодсон. Тухайн асуудлаас болж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст н.Баярмагнай, н.Цэдэндамба, н.Дөлгөөн нарт эрүүгийн хэрэг үүсэж, шалгагдаж байгаа. Тэр өдөр ажлын байрнаасаа хөөж, чирч гаргаснаар тооцооллоо мэдэж авч чадаагүй. Утсаар лавлахад Эрүүгийн хэрэг үүсгэсэн учир автомашиныг чинь өгөхгүй, 33,000.,000 төгрөг төлөөд автомашинаа аваарай гэж хэлсэн. 2020 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2020 оны 10 сарын 07-ны өдөр нөхөртэйгөө цуг очиж “гэрээ дууслаа, бодит зээлийн хэмжээ”-г гаргаж өгөхийг хүссэн боловч өгөөгүй. Өөрийн эзэмшлийн автомашинаа худалдан борлуулахгүйн тулд боломжит бүх аргыг авсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн, эрүүгийн хэргийг шалгаж байгаа прокурорт, хандаж болох бүх газарт хандсан. "Т Б А" ХХК-аас 2020 оны 10 сарын 12-ны өдөр Д.О-ээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 5,900,0000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 7,500,000 төгрөг, нийтдээ 23,922,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гэрийн хаягаар шуудангаар ирсэн. Одоогийн зах зээлийн ханш нь 32,000,000 төгрөгтэй байгаа автомашиныг худалдан борлуулахгүй нь тулд бодит үнийн дүнгийн тооцооллыг гаргуулах гэж хөөцөлдсөн боловч мэдэж авч чадаагүй.

Иймд шүүхээс зээлийн бодит үнийн дүнг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Д.О-ийн тооцооллоор одоогийн байдлаар 13,600,000 төгрөг байх ёстой. Зээлийн үнийн дүнг үнэн зөвөөр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 10 сарын 08-ны өдөр "Т Б А" ХХК Д.О-тэй 25900617 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээг тус тус байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутам хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 43-86 УБЗ улсын дугаартай Лексус RX тоёота маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч мөнгийг хүлээн авч, зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч Д.О- нь үндсэн зээлийг хүүгийн хамт 2019 оны 11 сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 сарын 08-ны өдөр хүртэл төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч зээл авсан өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний 1.26-д заасан ноцтой зөрчил гаргасан. Д.О- нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Зээлийг эргүүлэн төлөх хугацааг 235 хоногоор хэтрүүлсэн учир автомашиныг хураан авсан. 2020 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 4,165,000 төгрөг, алданги 4,496,919 төгрөг нийт 23,961,619 төгрөг хуримтлагдсанаас зээлдэгчийн 2020 оны 06 сарын 03-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллаар тооцож суутгасан. 2020 оны 10 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 5,919,419 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 7,500,000 төгрөг, нийт 23,922,500 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг 125 хоногоор хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээ 2020 оны 10 сарын 08-ны өдөр дууссан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх мөн хуулийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй заасан байхад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн төлбөрийн бодит хэмжээг тогтоолгох гэж өөрчилсөн. Зээлийн төлбөрийн бодит хэмжээг шүүх тогтоон шийдвэрлэх нь хууль зүйн боломжгүй. Хариуцагч талаас зээлийн төлбөрийн гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн төлбөрийн бодит хэмжээг шүүхээр тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Т Б А" ХХК-д холбогдох, төлбөл зохих төлбөрийг хуулийн дагуу үнэн зөв тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөн, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 102/ШЗ2020/15495 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.О- нь 2019 оны 10 сарын 08-ны өдөр "Т Б А" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, ХХААҮЯ-ны жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас авах зээлийн нөхцлийг ханган шалгарсан бөгөөд санхүүжилтийг хүлээх хугацаанд бизнесээ өргөжүүлэх зорилгоор дээрх зээлийг авсан нь үнээн. Зээлийн гэрээний графикийн дагуу хуү эргэн төлөлтийг хийж чадаагүй байсан, зээлдүүлэгч талаас 2020 оны 02 сарын 08 ны өдөр барьцааны зүйл болох автомашиныг мэдэгдэлгүй, хураан авч явсан. Үүнээс хойш удаа дараа очиж уулзаж, 5,000,000 төгрөг төл гэсний дагуу 2020 оны 06 сарын 03-ны өдөр төлсөн боловч автомашин эргүүлж өгөөгүй, 5,000,000 төгрөгийг хүү болон үндсэн зээлээс огт хасаагүй тул маргалдаж өнөөдрийг хүрсэн.

Сүүлдээ бидний биед халдах айлган сүрдүүлж зодсон, хувцас хунар урж, бид хуулийн байгууллагад хандах болсон. Тэд үндэслэлгүйгээр 30,000,000 төгрөг төлөөд автомашинаа ав, үгүй бол зарлаа гэж хэлсэн. Үүнийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төв газар, Хүний эрхийн Үндэсний комисст, мөн шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй илт ломбардыг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, 13,639,638 төгрөг төлөх ёстой гэх үндсэн зээл, хүүгийн талаарх тооцооллоо хэрхэн гаргасан талаар баримт байхгүй гэж илт үндэслэлгүй дүгнэсэн.

Хэрэгт зээлийн гэрээ хавсаргаж өгсөн бөгөөд гэрээний эргэн төлөлтийн хуваарь бий. Гэрээний хавсралтад тусгасан эргэн төлөлтийн хуваариар хүүгийн хэмжээг 1 сард 535,068 төгрөг төлөхөөр заасан бөгөөд мөн сард 3,5 хувийн хүү төлөх ёстой гэж заасан нотлох баримт болох зээлийн гэрээ, фидуцийн гэрээ өгсөн. Түүнчлэн шүүх хариуцагчийн ирүүлсэн мэдэгдлийг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Энэ мэдэгдэл хавтаст хэрэгт байгаа, удаа дараа ломбарданд очиж уулзаж Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус хандаж байсан. 5,000,000 төгрөгөөс 2020 оны 02 сарын 08-ны өдөр автомашиныг авч явсан удаа дараа ирж маргаан үүсч зохицоогүй талаар хариуцагчийн иттэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярьсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдэн үлдсэн гэж бодож байна.

Шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Зөрчигдөөд байгаа эрхээ, эд хөрөнгөө хамгаалуулах гэж, ломбард үндэслэлгүй хөрөнгөжөөд байна гэж хандсан. 2020 оны 02 сарын 08-ны өдөр зээлдүүлэгч авто машиныг мэдэгдэхгүйгээр хураан авч явсан энэ хураан авч явсан нь 2020 оны 10 сарын 08 ны өдрийн зээлийн гэрээний 2.12.35-д зааснаар зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд ноцтой хугацаагаар хэтэрсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлан барьцаа болох автомашинаар хохирлоо барагдуулна гэж зааснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Үүнээс хойш удаа дараа очиж уулзаж 2020 оны 06 сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн боловч хүү, үндсэн зээлийн алинаас нь ч хасагдаагүй. Харин шүүхэд хандсаны дараа ирүүлсэн тайлбартаа 2020 оны 06 сарын 03 ны байдлаар үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 4,165,000 төгрөг, алданги 4,496,419 төгрөг, нийт 23,661,919 төгрөг хуримтлагдсан байснаас зээлдэгч 5,000,000 төгрөг төлсөн гэж мэтгэлцдэг боловч гэрээний дагуу төлсөн  мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу төлөх үүрэгтэй ч бас шударгаар төлбөл зохих ёстой төлбөрийг төлөх, өмнөх төлсөн 5,000,000 төгрөгөө тооцуулж хасуулах эрхтэй хэмээн маргаж, зээлдүүлэгч тал 30,000,000 төгрөг төл гэж үндэслэлгүй нэхсэн тул эд хөрөнгөө өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хандсан байхад, нотлогдохгүй гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүгч хохироогүй, нотлогдохгүй байна гэсэн. Заавал автомашинаа алдсан эсхүл хохирсон хойноо шүүхэд хандах ёстой, эсвэл үндэслэлгүй нэхэмжилсэн 23,922,500 төгрөг, 30,901,909 төгрөг мэдэгдэлд бичсэн төгрөгийг төлж, өмнөх төлсөн 5,000,000 төгрөгөөр хохирсон хойноо шүүхэд хандах ёсгүй. Анхан шатны шүүх юуг ойлгохгүй, ямар нотлох баримт олж харахгүй байгааг нэхэмжлэгч ойлгохгүй байна. Ломбард үндэслэлтэй мөнгө нэхсэн болж байна. Мөн шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөг төлсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсүгэй гэсэн нь ойлгомжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч "Т Б А" ХХК-д холбогдуулан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг анх гаргаж /хх 1-3/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзаж /хх 45/, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу түүний төлөх төлбөрийн хэмжээг тогтоолгохыг хүссэн байна. /хх 46-47, 62-64/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдгийн нэгэн адилаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөх, харин хариуцагч нь шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох, нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөх үүргийг өөрсдөө хэрэгжүүлдэг.

 

Шүүхийн зүгээс зохигчдын маргаанд хөндлөнгөөс оролцох, тэдгээрийн өмнөөс гэрээний аль нэг талын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, тогтоож өгөх үүргийг хүлээхгүй бөгөөд харин зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэгт заасны дагуу явагдсан мэтгэлцээний үр дүнд үндэслэн нэхэмжлэлийг хангах эсэхийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

Нэхэмжлэгч Д.О-ийн хариуцагч "Т Б А" ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу түүний төлөх төлбөрийн хэмжээг тогтоолгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 9 дугээр зүйлийн 9.4.1 - 9.4.10-т заасан аргаар хамгаалах боломжгүй шаардлага байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Зохигчдын зүгээс тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаар “Зээлийн гэрээ” болон 25900617 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний эрх, үүрэгтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган маргахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Т Б А" ХХК-д холбогдох, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 25900617 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу түүний төлөх төлбөрийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                             

ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР