| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0302/З |
| Дугаар | 128/ШШ2025/0464 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0464
2025 06 17 128/ШШ2025/0464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******, төлөөлөгч Ц.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д*******,
Хариуцагч: Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* нарын хоорондын “Хариуцагчийн хууль зөрчиж гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Өгөөдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/55 тоот албан бичгээр “... гэрээ байгуулах эрх олгосон” болохыг мэдэгдсэн.
1.2. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/48 тоот албан бичгээр “... танай газраас нийлүүлсэн 2200 ширхэг “Н*******” зуухыг хэрэглэсэн айл өрхүүдээс гомдол, санал, хүсэлтийг манай газарт ирүүлсэн тул уг зуухны хийцлэлд сайжруулалт хийх хэрэгцээ шаардлага тулгараад байгаа тул дараах саналыг хүргүүлж байна ... дээрх сайжруулалтыг хийх саналыг хариуг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэнэ үү” гэсэн,
1.3. Мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 тоот албан бичгээр “... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай газартай байгуулсан УТ20******* дугаартай гэрээгээр нийлүүлсэн “Н*******” зуухыг хэрэглэсэн иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсээр байгаа тул худалдан авах ажлын гэрээ байгуулахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
1.4. “Э*******” ХХК-иас дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 25/11 тоот албан бичгээр гомдол гаргасан.
1.5. “Э*******” ХХК-иас Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан “Хариуцагчийн хууль зөрчиж гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Э*******” ХХК нь тус компанийн гүйцэтгэх захирал Ц.М*******ын шинээр зохион бүтээсэн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан дахин шаталтат утаагүй “Н*******” зуухны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн үндэсний хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1350 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зарласан НХААГ дугаартай “Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд 32,000 ширхэг стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор “Э*******” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03/55 дугаартай албан бичгээр ирүүлсний дагуу 32,000 ширхэг зуухны бэлтгэн нийлүүлэлтийг хийж, тоо ёсоор бэлэн болгоод байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 03/119 тоот албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмжийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлсэн байна. Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу НХААГ дугаартай тендер шалгаруулалтын дүн гарсны дараа 01/48 тоот албан бичгээр “Н*******” зуухны доор дурдсан техникийн хийцлэлд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч, гэрээ байгуулан нийлүүлэх хугацаа баталгаажсан тохиолдолд харилцан зөвшилцөж, шийдвэрлэх бүрэн боломжтой талаарх хариуг заасан хугацаанд нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 25/03 тоот албан бичгээр хүргүүлсэн. Үүнд:
5. Хурдан халдаг, дулаанаа удаан барьдаг болгох
6. Үнс буулгагчийг томруулах
7. Зуухны хойно байрлах хөө буулгагчийг нээж хаах боломжтой болгох
8. Зуухны жинг хөнгөрүүлэх
Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн саналд тусгагдсан бүтээц хийцлэлийн өөрчлөлтийг нэхэмжлэгч нь 2024 оны зуух нийлүүлэх гэрээний хэрэгжилтэд үндэслэн өмнө нь хийж нэвтрүүлсэн байгаа тухай хариуг заасан хугацаанд нь хүргүүлсэн боловч 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... иргэдээс гэр байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсээр байгаа тул худалдан авах ажлын гэрээ байгуулахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” ΗΧΑΑΓ дугаартай тендер шалгаруулалт, шалгаруулалтын үр дүнтэй хамааралгүй шалтгаанаар хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна.
Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д захиалагч “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсоноос бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, “4.2.8.захиргааны үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтална” гэж заасныг тус тус зөрчиж НХААГ дугаартай тендер шалгаруулалттай хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй шалтгаанаар тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, эдийн засгийн хохирол учруулсан, сөрөг нөлөө үзүүлсэн эрх зүйн үр дагаварт хүргэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацааны дотор мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг үндэслэн, гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан.
Дээд шатны захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөхөөр, 94.4-д шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хонр сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэхээр хуульчилсан байх ба Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хуулийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасныг үндэслэн хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01/49 дугаартай албан тоотоор НХААГ дугаартай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт оролцож хууль тогтоомж, тендерийн баримт бичиг, технологийн шаардлага, техникийн баримт бичгийн дагуу оролцож шалгараад гэрээ байгуулах эрх олгогдсон хуулийн этгээд болох нэхэмжлэгч талтай гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны акт гаргасан. Тухайн захиргааны актыг нэхэмжлэгч тал хүлээж аваад хууль зөрчсөн захиргааны акт гаргасан гэж үзсэн. Тус захиргааны актаар гэрээ байгуулахаас татгалзсан үндэслэлээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай газартай байгуулсан УТ******* дугаартай гэрээгээр нийлүүлсэн “Н*******” зуухыг хэрэглэсэн иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсээр байгаа тул худалдан авах ажлын гэрээ байгуулахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэдэг. “Э*******” ХХК нь 2024 онд нийтийн худалдаа хугацааны газраас зарласан тендерт оролцож “Н*******” зуухыг 2200 ширхэг нийлүүлсэн. “Н*******” зуухыг Улаанбаатар хотын Нийслэлийн Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Хариуцагчийн татгалзсан үндэслэл болгосон өмнөх тендерийн гэрээгээр нийлүүлэн хүлээж авсан иргэдээс гомдол ирүүлсэн учраас татгалзсан гэдэг агуулгатайгаар үндэслэлээ болгож ирүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт материалаас үзэхэд нийт ирүүлсэн 20 гомдлыг хэрэгт хавсаргасан. Түүн дотор Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдээс “Н*******” зуухтай холбоотой гаргасан өргөдөл гомдол бус өөр бусад дүүрэг, аймаг, хорооны иргэдийн өргөдөл гомдол байдаг. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангаж гаргуулсан 8 иргэний өргөдөл гомдол байдаг. Бгийн 10, 22, 23 хороо буюу 2024 онд нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нийлүүлсэн “Н*******” зуухыг хэрэглэсэн айл өрхөөс ирсэн гомдол хэрэгт авагдсан нотлох баримт материалд байхгүй. Мөн шүүхээс Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, иргэд олон нийттэй харилцах 11-11 төв болон түлш нийлүүлдэг “Т” ХХК-иас нотлох баримтын шаардлага хангаж гаргуулсан баримт материал дээр компанийн УТ******* дугаартай гэрээгээр Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт нийлүүлсэн Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдээс “Н*******” зуухтай холбоотойгоор гомдол, санал ирүүлсэн зүйлгүй бүртгэл мэдээлэлд авагдаагүй талаар тухайн төрийн эрх бүхий байгууллага нотлох баримтын шаардлага хангуулж хариугаа ирүүлсэн.
2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Нэгдүгээрт хариу тайлбар үндэслэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д заасныг баримтлан татгалзлыг үндэслэл болгосон байсан. Иргэний хуульд заасан үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч үүрэг хүлээгээгүй байх тул хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д хуульд заасан нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэрээр буюу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/55 дугаартай гэрээ байгуулах эрх захиргааны албанд олгосон уг захиргааны акт иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болох гэрээ байгуулагдсанаар үүргийн эрх зүйн харилцаа үүсэхээр байна. Хариуцагчийн хариу тайлбарын 2 дахь үндэслэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй тул гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг “Э*******” ХХК-д хүргүүлсэн гэж тайлбарладаг. Энэ ирүүлсэн мэдэгдэл дээр гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй гэдэг үндэслэл тусгагдаагүй. Энэ гүйцэтгэлийн баталгаатай холбоотойгоор тайлбарыг хэлэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг баримтлан НХААГ нээлттэй тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зарлал хэсгийн 6 дугаарт тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар, тус баримт тендерийн баримт бичгийн 3 дугаарт тендер нээх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минут байхаар тус тус заасан. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа товловол уг тендер хүчинтэй байх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9 цаг ба түүнээс хойш хугацаанд хамаарахаар байгаа юм. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон 03/55 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-д заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ баталгаажуулах маягт, гүйцэтгэлийн баталгааг Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлэхийг мэдэгдэж гэрээ байгуулах эрх олгосон. Тендер хүчинтэй байх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлнэ. Нэхэмжлэгч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гэрээ баталгаажуулах маягт, гүйцэтгэлийн баталгааг Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлэхээр удаа дараа утсаар болон биечлэн холбогдсон. Мөн хуулийн хэлтсийн мэргэжилтэн тайлбарлахдаа манай дарга хүлээлгэж бай бэлэн болохоор мэдэгдье ээ гэсэн энэ хариуг удаа дараа өгсөн. Нэхэмжлэгч тендерт оролцож Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж байсан учраас тендерийн процесс хуулийн дагуу яаж явагдахыг бүрэн мэднэ. Тийм учраас “Э*******” ХХК-ийн зүгээс удаа дараа гүйцэтгэлийн баталгааг хүргүүлэхээр шаардлага хүлээж аваагүй. Гүйцэтгэлийн баталгаа хүргүүлэх хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай энэхүү захиргааны актаар мэдэгдэл ирүүлсэн. НХААГ дугаартай тендерийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцөл хэсгийн 5.5 дугаарт гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах мэдэгдэлд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах болсон үндэслэл, цаашид гэрээг дуусгавар болсонтой холбоотой авах арга хэмжээний тухай тусгасан байна гэж заасныг зөрчсөн. Хуульд заасан тендер хүчинтэй байх хугацааг нь зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гаргасан.
Хэрвээ нэхэмжлэгч тогтоосон хугацаанд буюу тендер хүчинтэй хугацааны дотор гүйцэтгэлийн баталгааг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлээгүй тохиолдолд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутаас хойш гэрээ байгуулахаас татгалзсан захиргааны шийдвэр гаргах боломжтой байсан. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын үндэслэл гуравд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийг хэрэгжүүлэх төсөвт батлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн оролцогчид шалгарсан НХААГ дугаартай тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг, өгөгдлийн хүснэгт (ӨХ) хэсгийн ТШ 2.1 дүгээрт санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсөв, нийт төсөвт өртөг 28,296,000,000 төгрөг үүнээс 2024 онд санхүүжүүлэх дүн 28,296,000,000 төгрөг гэж заасан нь хэрэгт цугларсан нотлох баримт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний дөрийн 105 дугаар тогтоолын 102 дугаарт тусгагдаж батлагдсан нь 2024 оны Нийслэлийн төсөв болох нь бол нотлогдож байгаа. Иймд Нийслэлийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зарлагдаж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээлтээ үнэлгээний хороо хууль тогтоомждоо байнгын сайн тендерийг үнэлж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг буюу гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн 01/49 дугаартай захиргааны акт гарснаас хойш 2 сарын дараах тогтоолыг татгалзлын үндэслэл болгосон хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаар татгалзах хууль ёсны үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер шалгаруулалтад тендерийн баримт бичигт заасан бүрдлийг хангаж, техникийн тодорхойлолтод заасны дагуу бүтээгдэхүүнийхээ тодорхойлолт, техникийн үзүүлэлт, холбогдох баримт материалыг бүрдүүлэн хүргүүлж оролцож хамгийн сайн тендерээр үнэлэгдээд, гэрээ байгуулах эрх олгогдсон байхад 2024 оны 07 дугаар сард БОАЖЯ/2 дугаартай тендерт оролцож, нийлүүлсэн зуухны техникийн хийцэл, үйл ажиллагаатай холбоотой үндэслэлгүй 01/49 тоот захиргааны актад дурдсан иргэдээс ирүүлсэн гомдол хэрэгт авагдсан материалаар нотлогдохгүй бөгөөд үндэслэлгүйгээр хариу тайлбартаа тусгаж ирүүлсэн байгаа юм. “Э*******” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Энэнээсээ хойш дахин шаталттай, утаагаа дахин шатаадаг угаарын эрсдэлгүй, давхар шаталттай, агаар орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой зуух төрлийн бүтээгдэхүүнийг нийт дотоодын зах зээлд 20,000 орчмыг нийлүүлсэн компани. “Э*******” ХХК нь утаагаа дахин шатаах давхар шаталттай, утаагүй угаар эрсдэлгүй бүтээгдэхүүн болохыг тохирлын гэрчилгээ, мөн оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан патентаар, инновацийн газруудаас тохирох тодорхойлолт гаргасан. Монгол улсын шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/316 дугаартай дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг харахаар Т*******ийг бүрдүүлсэн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг шатаах үед дутуу шаталтын бүтээгдэхүүн болох угаарын хий(CO) үүсэлт илрэхгүй байгаа нь шатаалт гүйцэт явагдаж байгааг харуулж байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 7 удаагийн шинжилгээний дүгнэлт байгаа. Монгол Улсын угаарын эрсдэлийн угаарын стандартаас хэд дахин хамаагүй бага байгаа хэрэгт авагдсан нотлох баримтыг бид гаргаж өгсөн нь харагдана. Мөн стандарт хэмжил зүйн газрын 2 удаагийн тодорхойлолт байна.
Шинжлэх ухаан үйлдвэрлэл, инновацийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/197 дугаартай инновацийн бүтээгдэхүүн мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт байна. Мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хятад Улсын итгэмжлэгдсэн лаборатори болох “Х” ХХК-иас 2030 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй, угаарын хийн ялгаралтгүй утааг дахин шатаах технологи бүхий “Н*******” зуухыг шинжилгээний дүгнэлтийг бол гаргасан. Энэ баримтыг бол шүүхэд хавсаргаагүй хэргийн материалд оруулаагүй эх хувийг баталгаат орчуулгаар орчуулуулчихсан байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай захиргааны акт гарахаас өмнөх өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/48 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Э*******” ХХК-д ирүүлсэн байдаг. Зуухны техникийн хийцийг өөрчлөх засан сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч өгнө үү гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. “Э*******” ХХК-иас хариу явуулахад тухайн өөрчлөлтүүдийг үе шаттай хийгээд хэрэгжүүлээд явж байгаа бэлэн болсон гэдэг талаараа тайлбарыг өгсөн боловч 01 дүгээр сарын 28-ны өдөр татгалзсан мэдэгдлийг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны сонирхлыг зөрчиж гаргасан захиргааны актыг хянан шийдвэрлүүлэхээр дээд шатын захиргааны байгууллага болох Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчид 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны акт гарснаас 3 хоногийн дараа гомдол гаргасан. Дээд шатын захиргааны байгууллагын зүгээс хуульд заасан хугацаанд буюу хянан шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тендерт оролцож шалгарсан “Э*******” ХХК-д мэдэгдсэнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхтэй холбоотой үлэмж хэмжээний санхүүгийн зардал өнөөдрийн байдлаар бодитоор гарчихсан байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Энэ хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 тоот гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны актын үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгож “Э*******” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил”-ын тендерийг зарлаж, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж, үнэлэн, манай газарт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/119 дугаартай албан бичгээр “Э*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн.
“Э*******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж /Улаанбаатар, Бэг/” бараа нийлүүлэх тендерт шалгарч 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай газартай УТ******* дугаартай гэрээг байгуулан Бгийн 10, 22, 23 дугаар хорооны 2200 өрхүүдэд ахуйн хэрэглээний “Н*******” зуухыг нийлүүлсэн.
Гэвч “Э*******” ХХК-ийн “Н*******” зуухыг авсан иргэдээс зуухны түлш зарцуулалт өндөр, галлагааны давтамж олон, бүрэн шатдаг ч дулаанаа түгээдэггүй, түлшний хотол, үнсний сав жижиг тул үнс хурдан дүүрч, соролт багасдаг нь угаартах эрсдэл их, модны орц багадсан тохиолдолд асалт удаан зэрэг өргөдөл, гомдлыг утсаар, өөрийн биеэр, албан бичгээр, цахимаар, олон нийтийн мэдээллийн сувгаар удаа дараа гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт “Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй тул гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаар албан бичгээр “Э*******” ХХК-д хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх төсөв татагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандарт нийцсэн ахуйн зуух худалдан авах ажлын тендерийг зарлаж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тендерийг нээсэн. Тендерийг үнэлээд манай газарт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 03/119 дугаартай албан бичгийг “Э*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн. Тус зөвлөмжийг манай газрын дарга танилцуулсан. Тус компани 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай газартай Бгийн 10, 22, 23 дугаар хороонд 2200 ширхэг зуух нийлүүлэхээр УТ******* гэсэн дугаартай гэрээ байгуулсан байсан. Тус гэрээний үүргийн 2200 ширхэг зуухных баталгаат хугацаа нь 4 жил байсан. Бэгт тараасан зуухан дээр гомдлууд гарсан. Манай дээр ирсэн халахгүй, ахуйн хэрэглээнд нийцэхгүй, төмрийн хувьд хүнд, ашиглахад хэцүү олон дахин гар төлөвлөдөг, түлш хэрэглэдэг гэсэн гомдлууд манай газарт утсаар болон цахим системээр ирүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдэд тандалтын судалгаа явуулсан. Тус судалгаагаар 230 айл өрхүүд хамрагдах байснаас судалгаанд хамрагдсан 141 айлаас зуухаа хэрэглэж байгаа 61 айл, зуухаа хэрэглээгүй 57 хувьтай байсан. Өмнө нь ашиглаж байсан зуухны харьцуулалтынх нь сэтгэл ханамжийн судалгаа авахад 26 хувь сайн, 41 хувь нь муу, 33 хувь нь дунд гэсэн үнэлгээг 141 айлаас авсан. Бэгт 2200 ширхэг зуух тараасан айлынх нь 1-7 орчим хувийнх нь судалгаа байгаа. Өмнөх гэрээний гүйцэтгэл өөрөө энэ сэтгэл ханамжийн судалгаагаар гарч, үр дүн харагдаж байгаа. Иргэний тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт заасны дагуу манайх өмнөх 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн энэ гэрээг үндэслэн дараагийнх нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээс татгалзаж, гэрээ байгуулахаас татгалзсан байгаа. Нэхэмжлэгч болохоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэлийн баталгааг манай газарт ирүүлэх ёстой байсан. Энэ өөрөө “Э*******” ХХК-ийн цэвэр үүрэг байх ёстой. Эндээс манайхаас ямар ч оролцох шаардлагагүйгээр ямар нэгэн дурын банканд гүйцэтгэлийнхээ баталгааг байршуулаад, бичгээр гаргаж ирэх ёстой байтал гүйцэтгэлийн баталгаагаа бичгээр болон ямар нэгэн байдлаар гаргаж авчирч өгөөгүй гэх үндэслэлүүдээр манайх гэрээ байгуулахаас татгалзсан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Э*******” ХХК-иас Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан “Хариуцагчийн хууль зөрчиж гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Манай байгууллагаас өмнө нийлүүлсэн н******* зуухтай холбоотой бус өөр бусад зуухтай холбоотой гомдлыг үндэслэсэн бөгөөд тендер хүчинтэй байх, гүйцэтгэлийн баталгаа хүргүүлэх хугацаа дуусаагүй байхад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сүүлд гаргасан тогтоолыг үндэслэж гэрээнээс татгалзсан нь хууль бус” гэх зэрэг агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр “Э*******” ХХК-ийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил” тухай тендер шалгаруулалтыг зарлан зохион байгуулж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тендерийн үр дүнг гаргаж, мөн өдрийн 03/55 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүргүүлжээ.
3.2. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас
3.2.1. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/55 тоот албан бичгээр “... гэрээ байгуулах эрх олгосон” болохыг мэдэгдэж,
3.2.2. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/48 тоот албан бичгээр “... танай газраас нийлүүлсэн 2200 ширхэг “Н*******” зуухыг хэрэглэсэн айл өрхүүдээс гомдол, санал, хүсэлтийг манай газарт ирүүлсэн тул уг зуухны хийцлэлд сайжруулалт хийх хэрэгцээ шаардлага тулгараад байгаа тул дараах саналыг хүргүүлж байна. ... дээрх сайжруулалтыг хийх саналыг хариуг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэнэ үү” гэж,
3.2.3. Мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 тоот албан бичгээр “... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай газартай байгуулсан УТ20******* дугаартай гэрээгээр нийлүүлсэн “Н*******” зуухыг хэрэглэсэн иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсээр байгаа тул худалдан авах ажлын гэрээ байгуулахаас татгалзаж байгаа”-г мэдэгдсэн.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй”, 28 дугаар зүйлийн 28.6-д “Энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Төсвийн шууд захирагч болон захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бусад этгээд энэ хуульд заасан захиалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус заасан.
5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, нэгэнт зохион байгуулагдаж үр дүн гарсан, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж гарсан тендер шалгаруулалтын хувьд тендерт оролцогч гэрээ байгуулаагүй, эсхүл гүйцэтгэлийн баталгаа гаргаж ирүүлээгүйгээс бусад тохиолдолд захиалагч гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэж үзэхээр байна.
6. Гэтэл тухайн тендерийн захиалагч болох нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь “Э*******” ХХК-иас тендерийн баталгаа гаргаж ирүүлэх хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий актыг “... “Н*******” зуухыг хэрэглэсэн иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсээр байгаа” гэх үндэслэлээр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус шийдвэр болжээ. Тодруулбал,
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байх”-аар, НХААГ тоот тендерийн баримт бичгийн зарлалд “Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана” гэж тус тус заасан ба Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд “Стандартад нийцсэн ахуйн зуух” худалдан авах ажил” тендерийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн, нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас тус тендерийн хүчинтэй хугацааг “нээснээс хойш 45 хоног байх”-аар хүсэлтдээ дурьдсанаас үзвэл тус компанийн гүйцэтгэлийн баталгаа гаргах хугацаа дуусаагүй байсан байх үед хариуцагч нь өөрт олгогдоогүй эрх хэмжээ хэрэгжүүлж гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг гаргасан гэж үзнэ.
8. Мөн маргаан бүхий 01/49 тоот актын үндэслэлд дурьдсан “...“Н*******” зуухыг хэрэглэсэн иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсэн” гэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй. Үүнд:
8.1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн х/608 тоот албан бичигт “... Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд “Н*******” зуухтай холбоотой асуудлаар нийт 3 иргэн хандсан байх бөгөөд эдгээр санал хүсэлтэд нийслэлийн Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдээс гаргасан санал хүсэлт бүртгэгдээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн,
8.2. “Т*******” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/636 тоот албан бичигт “... Бгийн 10, 22, 23 дугаар хорооны иргэдээс “Н*******” зуухтай холбоотой гомдол мэдээлэл нь тус компанид ирээгүй ба бичиг хэргийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэсэн,
8.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05-02/1752 тоот албан бичигт “... Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж жил болгон зарлаж, нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мега төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээр дурдсан ажлыг хийж хэрэгжүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байгаа болно. Иймд агаар бохирдлыг шийдвэрлэхтэй холбоотой цогц бодлогын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасны дагуу танай компанитай гэрээ байгуулах боломжгүй байна” гэсэн,
8.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гомдол гаргасан гэх иргэд нь Дорнод аймагт оршин суугч Д.Х, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч Т.Б, Баянзүрх дүүрэгт оршин суугч М.Т, Н.М, Ц.Эрдэнэт*******, Сүхбаатар дүүрэгт оршин суугч Б.Амарт*******, Хан-Уул дүүрэгт оршин суугч Д.Т******* нар байх бөгөөд тус иргэдээс гаргасан гомдол нь саналын шинжтэй байхын зэрэгцээ Н******* зуухыг хэрэглэж үзээгүй, нэхэмжлэгчийн тухайн зуухыг тараасан Бгийн 10, 22, 23 дугаар хорооны оршин суугч иргэд биш болох нь хэрэгт авагдсан баримтууд(1 дүгээр хавтаст хэргийн 197-215 дахь тал)-аар тогтоогдсон.
8.5. Харин нийслэлийн Бэгт оршин суух иргэн А.Ц нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би энэ зуухыг хэрэглэдэггүй. Орон сууцанд амьдардаг ... Өмнөговь аймгийн айлуудад тараасан зуухыг ихэнхийн гаргаад хаячихсан гээд фэйсбүүкээс сонсоод Нийслэлийн гомдол мэдээлэл хүлээн авах утсанд залгаж гомдол гаргахдаа хэлсэн шаардлага л байгаа ... Фэйсбүүк дээр айлууд гаргаад тавьчихсан байсан ... Миний хувьд хэрэглэж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд утаагүй зуух гэдэг чинь гайхамшигтай. Тэр галын орцоо томсгоод сайхан халдаг болгочихвол утаа гардаггүй байна гэдэг өөрөө гайхамшигтай. Тэр “Н******* зуухыг гаргаж тавьсан гэдэг дээр яагаад тэгснийг мэдэхгүй. Тухайн үед тийм зүйлүүдийг хараад залгаж яагаад ийм шаардлага хангахгүй зуухыг тараах гээд байгаа юм гэж хэлсэн” гэж, иргэн З.Б нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Би өөрөө хэрэглэж байгаагүй, хэрэглэж байсан хүнийг мэдэхгүй ... Би энэ компанийн зуух руу чиглэсэн гомдол гаргаагүй. Миний хувьд байшингаа “тог”-оор халаах гээд бүх зүйлээ бэлдчихсэн байсан. Ингээд гарч болох эрсдэлийг тооцоолж пийшингээ буулгаагүй байсан. Гэтэл энэ зуухыг хорооны Засаг дарга тавьж пийшинг буулгана гэж хэлсэн. Тэгэхээр нь хорооны Засаг даргад холбогдуулж гомдол гаргасан” гэж тайлбарласан.
9. Иймд иргэдээс өргөдөл, гомдол гаргасан нь “Э*******” ХХК-ийн нийлүүлсэн “Н*******” зуухны хэрэглэгчдээс гаргасан гомдол гэж үзэхээргүй байна.
10. Түүнчлэн өмнө хэрэгжсэн УТ20******* дугаар гэрээний дагуу нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүй тохиолдолд энэ нь дараагийн тендер шалгаруулалтын үнэлгээнд харгалзан үзэх нөхцөл болох тул хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/567 тоот албан бичгээр “... УТ******* тоот гэрээг манай байгууллагатай байгуулж, хангалттай дүнтэй ажилласан” гэж тодорхойлж байсан атлаа “... иргэдээс гэр, байшин бүрэн халаахгүй байна гэсэн гомдол ирүүлсэн“ гэсэн үндэслэлээр тендер шалгаруулалт дууссан дараа гэрээ байгуулахаас татгалзсан нь логикийн хувьд хүлээн авах боломжгүй, өмнө гаргасан тодорхойлолтоо үгүйсгэсэн шийдвэр байх тул нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 тоот дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 4 дүгээр зүйлийн 4.1.23-т ““худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална” гэж тус тус зааснаас үзвэл орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нь холбогдох төсөвт урьдчилан тусгагдсан тохиолдолд хэрэгжихээр байна.
12. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар тогтоолоор нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, 2 дугаар хавсралтын 102-т “Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил: Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төсөл, Эхлэх он: 2024, Дуусах он: 2024, Төсөвт өртөг: 30,000.0, 2024 онд санхүүжих дүн: 30,000.0” гэж тусгасан боловч мөн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24/33 дугаартай “Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай” /https://ulaanbaatar.mn/shilenDans/budget-info/67720118c36a201c1c87bae1 тогтоол болон мөн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 25/50 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн төсвийн нэмэлт, өөрчлөлтөд дээрх арга хэмжээ тусгагдаагүй байна.
13. Хэдийгээр дээрх нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, харин хариуцагч нь тухайн төсөл, арга хэмжээ нийслэлийн төсөвт тусгагдсан 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан үүргээ хэрэгжүүлэлгүй удаашруулсан, улмаар худалдан авах ажиллагаа удааширч төсвийн жил дууссан дараа үр дүн гарсан, 2025 оны төсөвт уг арга хэмжээ тусгагдаагүй, гэрээ байгуулах боломжгүй болсонтой холбоотойгоор хуулиар эрх олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн буруу байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх нөхцөлийг агуулдаг тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
14. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.23, 14 дүгээр зүйлийн 14.6.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.6, 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/49 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ