Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 750

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.М*******

Хариуцагч: Нийслэлийн Соёл, урлагийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.М******* би Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.10-т заасан төрийн жинхэнэ албан тушаалтан учир тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг авах эрхтэй байхад Нийслэлийн Соёл, урлагийн газар нь хуулиар олгогдсон эрхийг минь зөрчин олгохоос татгалзсан учир Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.М*******д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Д.М******* миний бие 1980 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг хөгжимчин, хөгжмийн багш мэргэжлээр, 1991 онд Ленинград хотын Соёлын дээд сургуулийг соёл ажлын зохион байгуулагч 2000 онд Төрийн Захиргаа Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсгөсөн. 1980-1985 онд Улсын ардын дуу бүжгийн чуулганд хөгжимчин, 1991-2004 онд МҮЭСТ ордонд арга зүйч, хэлтсийн дарга, уран сайхны удирдагч, 2004-2005 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Нэгдмэл” ҮЭХолбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 

2005 оноос эхлэн Соёл, урлагийн газрын даргын 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тушаалаар тус газрын уран сайхны удирдагч, соёл урлагийн байгууллага хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон тус байгууллагад тасралтгүй 8 жил ажилласан, улсад нийт 28 жил ажилласан. 

Д.М******* миний бие улсад ажиллаж байх хугацаандаа 2000 онд Соёлын Яамны жуух бичиг, 2003 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд “Алтан гадас” одонгоор болон Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өргөмжлөлүүд авч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай хийж гүйцэтгэсэн Нийслэлийн тэргүүний ажилтан болж байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 28-нд ажлаа хийж гүйцэтгэж байхдаа халтирч унасны улмаас зүүн гарын мөрний толгой бяцарсан холбоос тасран яс хугарч гэмтэл авч үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдож эрүүл мэндийн шалтгаанаар арга буюу ажлаасаа чөлөө авч Бүгд Найрамдах Хятад улсад мэс засал хийлгэн эмчилгээ хийлгэн хэвтэн эмчлүүлсэн. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтыг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас түр чөлөөлсөн. Ажлаас түр чөлөөлөгдсөнөөс хойш Д.М******* миний бие нийгмийн даатгалын шимтгэлээ тасалдуулахгүйн тулд 2014 оны 1 дүгээр сараас эхлэн 1 жилийн хугацаанд сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлж 2015 оны 1 дүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.

Тэтгэвэр тогтоолгосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар байгууллагадаа хандсан боловч Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01/234 дүгээр албан бичгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй гэж мэдэгдсэн.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т заасан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан тушаалтан учир тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг авах эрхтэй гэж үзэж байна. Иймд уг тоотыг үл зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 749 дүгээр албан бичгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх боломж нь танай байгууллагад байгааг уламжилж байна гэсэн хариу өгсөн. 

Уг албан бичгийн дагуу дахин Нийслэлийн Соёл, урлагийн газарт хандсан боловч одоог хүртэл буцалтгүй тусламжийг олгохгүй, хариу өгөхгүй байгаа нь хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчиж байх тул шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.М******* би Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.10-т заасан төрийн жинхэнэ албан тушаалтан учир тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тусламжийг авах эрхтэй байхад Нийслэлийн Соёл, урлагийн газар нь хуулиар олгогдсон эрхийг минь зөрчин олгохоос татгалзсан учир Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.М*******д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгаж өгнө үү.

Энэхүү мэргэжлийг би эзэмших гэж гадаад дотоодод 13 жил сурч боловсорч байсан. Ажлын байр минь миний гэр гэсэн бодолтойгоор төрийн бодлогын соёл урлагын чиглэлийг иргэдэд хүргэх чиглэлээр мэргэжил боловсрол эзэмшсэн. Би Хөгжил бүжгийн коллежийг Монгол Улсын гавъяат багш н.Ц******* багшийн дор төгсөж, Эрдмийн дуурь бүжгийн театрт хөгжимчин хийж байгаад хойшоо явж Үндэсний соёлын дээд сургуулийг төгссөн. Улмаар төгсөж ирээд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд арга зүйчээс хэлтсийн эрхлэгч хүртэл дэвшиж амжилттай ажиллаж ирсэн. 2000 онд Төрийн захиргаа удирдлагын акедимийг төгссөн. Энэхүү сургуульд сурч байхдаа дипломын ажлаа Соёл Урлагын их сургуульд дипломоо хамгаалж “А” үнэлгээтэй төгссөн. Энэхүү мэргэжлийг эзэмшиснээр гадаад, дотоодод Монголын үндэсний урлагыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулсан. Соёл урлагын дээд сургуулийг төгсөхдөө иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, иргэдийн урлаг соёлыг дээшлүүлэх, урлаг соёлоор дамжуулж иргэдийн ухамсарт нөлөөлөх чиглэлээр, мөн төрийн соёлын чиглэлийг иргэдэд хүргэх зорилгоор маш олон ажлыг санаачилан явуулж байсан. Эдгээр ажлаас дурдахад морин хуурь, Монгол хөөмий, Монголын урлагын бие биелгээ дэд хөтөлбөрийг би өөрөө боловсруулж харьяа газруудад чиг үүрэг өгч амжилттай ажиллаж байсан. Мөн Ардын жүжигчин зууны манлай морин хуурч Жамингын нэрэмжит Улсын анхдугаар уралдааныг санаачилан зохион байгуулж байсан. Үүнийг Төр засгаас үнэлж Соёлын тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж байсан. 

Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ажлынхаа гадаа хальтирч унаж мөрөө маш хүнд гэмтээсэн. Үүнээс болж цусан хангамж багасаж 2013 онд Үйлдвэрлэлийн осол тогтоолгоод байж байх 40 хоногийн хугацаад ажлын шаардлагаар ажиллаж эхэлсэн. Тэгэхээр би өөрийн ажлаа гэр бүлээс дээгүүр тавьж ажиллаж байсан нь харагдаж байна гэж ойлгож байна. 

Тэтгэвэр тогтоолгохоос өмнө буюу 1 жилийн өмнө ажлаасаа гарах өргөдлөө өгсөн. Үүний улмаас ажлаа хийх боломжгүй болоод сайн дурын даатгал төлж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тэтгэврээ тогтоолгосон. Тийм учраас энэхүү 36 сарын тэтгэвэр тэтгэмжийг авах нөхцөл бүрдсэн” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.М******* нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн өргөдөл ирүүлсэн. Д.М******* нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтын үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ба 2015 оны 1 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосон байна. 

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн заалттай учир боломжгүй тухай хариуг тус газраас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 01/234 дугаар албан бичгээр иргэн Д.М*******д хүргүүлсэн болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх хоёр шалтгаанаар тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид тусламж олгоно гэсэн заалт нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн заалттай зөрчилдсөн болохоор олгож болохгүй байх гэж үзсэн. Хэрвээ дараа нь бид олгосон байдаг. Энэ талаар дараа нь Аудитын шалгалт орж ирдэг учраас зөрчилтэй хуулийн заалтаар олгосон байна гэж үзэж магадгүй гээд энэ шийдвэрийг гаргасан байгаа. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 28 жил тасралтгүй ажиллаж байсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө хэлж байна. Харин үүнтэй хариуцагч байгууллага маргадаггүй. Хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ажлаасаа гарч яваад үүдний хэсэгт хальтарч унаад энэ нь эмчилгээний дэглэм шаардлагдаж байсан боловч богино хугацаанд эмчлүүлээд ажилдаа орсон байдаг. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн байдаг. Улмаар эргээд ажилдаа орох хүсэлтийг тухайн үеийн Соёл урлагын дарга н.Б******* гэдэг хүнд ажилдаа орох хүсэлтээ тавихад одоо бол таныг авах боломжгүй байна гэдэг хариу хэлдэг. 

Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгоогүй учраас 36 сарын тэтгэмж олгох боломжгүй гэж тайлбарладаг. Төрийн албаны зөвлөл нь энэ хүний материалыг судалж үзээд энэ хүн тасралтгүй 28 жил ажилласан байна. Тэгэхээр Төрийн албаны зөвлөл энэ хүнд 36 сарын цалинтай тэнцэх тусламжийг тухайн байгууллага шийдвэрлэх боломжтой юм байна гэдэг хариуг өгсөн байдаг. Гэтэл байгууллагын удирдлагын зүгээс өгөх боломжгүй гэдэг хариуг өгдөг. Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд ороод Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан нэг удаагийн тусламж олгогдох ёстой. Тэрийг авч үзээгүй. Эмчилгээнд явлаа гэхэд нэг удаагийн тусламж авч үзээгүй. Ганцхан Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах дээд насны хязгаарт хүрчихлээ. Нэхэмжлэгчийн төрд ажилласан шалгуурыг нь хуульд заасан нөхцөл шаардлагаар тэтгэмж авах нөхцөл байдлыг нь үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн тушаал нь Төрийн албан хаагчийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т заасныг бариад гаргаж байгаа юм. Гэхдээ одоо буцаагаад тайлбарлахаар Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т зааснаар тэтгэвэр тогтоолгосон бол танд тэтгэвэр олгох бололцоотой. Харин та Төрийн албан хаагчийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа учраас энэ тусламж өгөх боломжгүй гэдэг. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн хуулийн 2З.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно” гэж заасан байдаг. Гэхдээ энэхүү тусламжийн хэр хэмжээ Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаас өөр гэдэг ч юм уу хэм хэмжээг нь журамласан зохицуулсан захиргааны акт өнөөдөр байхгүй. Тэгэхээр тусламж олгох нь хуулиараа нээлттэй байна. Тусламж олгох хэмжээний дээд хязгаарыг тогтоогоогүй байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нөхцөл бололцоо бүрдчихээд байгаа юм. 

Төрийн албан хаагч нь ямар баталгаатай байдаг гэхээр цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй энэ нь төрийн албан хаагчийн баталгаа байна. Тэгэхээр 1.5 жил эрүүл мэндийн шалтгаанаар биеэ эмчлүүлсэн нь энэ хүнийг төрд ажиллаагүй гэж үгүйсгэх үндэслэл нотолгоо болж чадахгүй. Нэхэмжлэгчийг төрийн албанд шударгаар зүтгэж амжилттай ажилласан гээд Төрөөс одонгоор шагнаж байхад үүнийг төрийн албанд ажиллаагүй гэж үзэх боломж байхгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тэтгэвэр, тэтгэмжийг ямар нөхцөл шаардлагаар олгох юм бэ гэдэг журам байдаг. 26 жил хүртэл төрийн албанд ажилласан, 28 жил ажилласан бол ийм аргачилалаар бодож олгоно гээд заагаад өгсөн байгаа юм. Засгийн газрын 2014 оны 405 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон 164 тоот тогтоол байдаг. Төрийн албанд 1 жил ажилласан хүнд үүнийг өгдөггүй юм байна. Тэгэхээр ямар нэг шалгуур байгаад байна. 28 жил ажилласан бол болно харин түүнээс доош ажилласан бол өөр аргачлалаар бодож байгаа юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 

Мөн хариуцагч нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөхгүй гээд татгалзаад байгаа зүйл байхгүй. Харин шүүхээр шийдвэрлүүлээд ирэхэд өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн байгаа юм. 

Төрийн албан хаагчийн тухай хуулийн 30.1,30.2 дугаар зүйлд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг олгохыг Нийслэлийн соёл урлагын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М******* нь “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах”- ыг хүссэн нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан маргаанаа захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Төрийн албаны зөвлөлд хандан гомдлоо гаргаж хариуг авсан, мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 14.2-т заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр тус шүүхэд хандсан байна.  

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.М*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Нэхэмжлэгч Д.М*******ы төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааны тухайд:

Д.М******* нь Соёл урлагийн газрын даргын 2005 оны 06 дугаар сарын 11 тоот тушаалаар  тус газрын уран сайхны удирдагч, соёл урлагийн байгууллага хариуцсан мэргэжилтнээр томилогдсон ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг  өргөжээ.

Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орсныг холбогдох байгууллагаас тогтоосноор  2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 05 дугаарын 06-ны өдрийг хүртэл өвчтэй байж, эмчилгээ хийлгэж байгаад цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг  гаргасан байна.

Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар  Д.М*******ыг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1. “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;” гэж заасныг үндэслэл болгожээ. 

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болох талаар эрх олгосон заалт байх хэдий ч нэхэмжлэгч Д.М*******д төрийн албанаас түр чөлөөлсөнтэй холбогдуулж тусламж олгоогүй байх ба энэ талаар маргахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан тусламж олгох талаар дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмээгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нь нөөцөд байгаад тооцогдох талаар заасан байна.

Эндээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.М******* нь төрийн албанаас чөлөөлөгдөөгүй харин түүнийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлсөн байх тул төрийн албан эргэж орох эрхтэй байсан байна. 

Д.М******* нь хэдий хугацааны дараа ажил хийх боломжтой болсон талаар эмчилгээний үр дүнг баталгаажуулсан эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт болон төрийн жинхэнэ албанд ажиллахаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хоёр. Нэхэмжлэгч Д.М*******д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн үндэслэлийн тухайд:

 Нэхэмжлэгч Д.М******* нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсний үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өндөр настны тэтгэврийг тогтоолгож  , мөн сараас эхлэн тэтгэвэр авч эхэлжээ.    

 Нэхэмжлэгчээс өвчтэй байсан хугацаанд өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул улсад ажилласан жилийг нь харгалзан үзэж Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар  Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад хандан 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдөр өргөдөл  гаргаж, өргөдөл гаргаж байсан ба өргөдлийн хариуг  Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 01/234 тоот албан бичгээр тусламж олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.   

Үүний дараа Төрийн албаны зөвлөлд хандсанаар тус газрын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 749 дүгээр албан бичгээр  түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх боломж тухайн байгууллагад байгаа талаар хариу өгсөн тул дахин 2016 оны 07 сарын 08-ны өдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад хандан өргөдөл  гаргасанд шийдвэрлээгүй тул тус шүүхэд ханджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх эрхтэй, төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан байх ба 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж, 24.2-т төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах  хүсэлт гаргах, хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэхээр тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц энэ талаар эрх бүхий захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахаар байна. 

Нэхэмжлэгч Д.М******* нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.1-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэж заасны дагуу  болон  Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасан төрийн албанд ажилласанд тооцох хугацааны хувьд  36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж авах болзлыг хангасан гэж маргаж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй  тусламжийг авах шалгуур нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байх хугацаанд тэтгэвэр тогтоолгох насанд хүрч ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардах ба харин тусламжийн хэмжээний хувьд төрийн албанд ажилласан жилтэй уялдуулан тогтоох талаар журмаар нарийвчлан зохицуулсан байна. 

Нэхэмжлэгч Д.М*******ы хувьд улсад ажилласан жилийн хувьд маргаангүй боловч  төрийн албанд ажиллаж байх хугацаандаа бус төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх хугацаанд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх тул Нийслэлийн соёл урлагийн газраас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Иймд нэхэмжлэгч Д.М*******д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа Нийслэлийн соёл урлагийн газрын даргын эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.    

 

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М*******ы “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийслэлийн соёл урлагийн газарт даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ