Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Г******* даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Г.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК, РД:*******.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******.

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У*******.

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах”.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Х*******ийн Хэрлэн суманд байрших Моносын эмийн сангуудыг хариуцан ажиллуулдаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий” жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Дээрх харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7, 3.1.8, 9.1.7 дахь заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” тухай гэрээний 2.4.4 дэх заалтын дагуу тухайн сарын хөнгөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны дотор Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасан хэлбэрээр, мөн цахим хаягаар хүргүүлж эмийн унийг авдаг журамтай. Манай компани 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн үнэ болох 6,174,275 төгрөгийн нэхэмжлэхээ Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цаасаар илгээсэн бөгөөд Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын эмийн хөнгөлөлтийн үнэ болох 6,174,275 төгрөгийн нэхэмжлэхийг маань хугацаа хоцроосон гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй бегеед эмийн үнийг манайд олгоогүй.

Энэ талаар тухайн үед Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс асууж тодруулахад тухайн үедээ олгоно гэж хэлж байсан боловч одоо болохоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ямар хамааралгүй огт өөр хариу буюу төлбөр тооцооны өглөг авлага байхгүй тооцоогүй гэсэн хариуг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгч байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтөөс дутуу олгосон төлбөр болох 1,157,272 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 62 дугаартай албан бичгээр Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн боловч мөн адил олгоогүй.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалты үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу 2022 оны 05 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлттэй олгосон эмийн үнэ болох 6,174,275 төгрөг, 2022 оны 12 дугаар сары эмийн үнийн хөнгөлтийн дутуу төлбөр болох 1,157,272 төгрөг нийт 7,331,547 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 05/994 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож хариуцагчаас дээрх мөнгийг нөхөн гаргуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс албан бичгийн бүртгэл ирсэн. Тэгээд тэр бүртгэлийг сайн харвал цаасаар нэхэмжлэл ирүүлэхгүй гэдэг нь үндэслэлгүй. Яагаад гэвэл дан эмийн сангууд эмийн увдис ч гэдэг юм уу, тийм хуулийн этгээд эмийн сангууд дан нэхэмжлэлээ явуулсан хойд талд нь 5 сарын нэхэмжлэлээ хүргүүллээ гэсэн ийм баримтууд байдаг юм байна лээ. Тэгэхээр тухайн үед цаасаар ч ирүүлдэг байсан, цахимаар ч ирүүлдэг байсан. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байна гэрээний нэг тал нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар энэ гэрээтэй холбоотой бид урьд нь хандаж ямар нэгэн хариу авч байгаагүй. Гэрээн дээр янз бүрийн маргаан гарвал ингээд гомдлоо гаргана шүү гэдэг заалттай, тэрнийх нь дагуу гомдлоо гаргахад биднийг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрчихсэн учраас гомдлыг чинь хүлээж авахгүй гэдэг юм уу, ийм байдлаар хариу өгөөгүй. Шүүхэд гомдол гаргах хугацаагаа бид хэтрүүлээгүй. Хөнгөлөлттэй жорын хувьд байгууллагууд өөрсдөө хөнгөлөлтийг авах гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Эндээс тийм өндөр ашиг байдаггүй, ямар компаниудыг сонгож аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд гэрээ хийдэг вэ гэхээр тухайн аймагт байршил сайтай эмийн сангуудыг сонгож өөрсдөө гэрээ хийдэг. Ингээд хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүл гэдэг гэрээг бол өөрсдөө ирж хийдэг. Үүнийх нь дагуу хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлдэг үүнд ажиллах хүч, цалин хөлс гээд өчнөөн зардал гарч байгаа. Ингээд хөнгөлөлтөө авъя гэхээр хугацаа хэтэрчихсэн байна гэдэг нь шударга бус гэж үзэж байна” гэв.

            3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дахь заалтад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтойг байсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ”, мөн зүйлийн 14.9 дэх хэсэгт “Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй”, 14.9.7 дахь заалтад “эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэ”" гэж, 141.1 дэх хэсэг “Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна” гэж заажээ. Хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулаагүй буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэхээр байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаргасан нэхэмжлэлдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох гэсэн бөгөөд тус бичиг нь М******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдэлгүй гэж гэрээний 2 тал гарын үсэг зурж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсныг албан бичигт дурдсан байна. Нэхэмжлэлд дурдсан 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн нэхэмжлэлийн хянахгүй гэсэн шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 32/69 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэлийг хянах боломжгүй тухай шийдвэр нь манай байгууллагын нэхэмжлэл хянах үйл ажиллагаатай холбоотой бөгөөд 2022 оны 07 дугаар сард уг шийдвэр гарснаас хойш тухай байгууллага нь тус албан бичгийг гаргасан байгууллагад мөн дээд шатны байгууллага, шүүхэд нэхэмжлэлийг хянуулах талаар гомдол гаргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл 33.14-т “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж, 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл 54.3.3-т "гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэхээр байна.

3. Манай байгууллага М******* ХХК-ийн Х*******ийн Хэрлэн суманд байрших М*******тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭ-04/006, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭ-04/007 дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулан ажиллаж байсан байна. Тус байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1- т "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ" гэж 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж тус тус зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан уг гэрээнд нэхэмжлэл илгээх хугацааг тодорхой тусган өгсөн байдаг.

Нэхэмжлэлд дурдсан 2022 онд Иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 05 дугаар тогтоол "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам"-ыг мөрддөж байсан байна.

Тус журмын 3.4-т "Энэхүү журмын хавсралтаар тодорхойлсон чанар, төлбөрийн хяналтын үйл явцын зураглал доторх хяналтын дэс дарааллыг дараах байдлаар тайлбарлана. Үүнд:" гэж 3.4.1-д "Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь эрүүл мэндийн байгууллага сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг илгээх үйл явцаар эхэлнэ" гэж 3.4.2-т "ЭМДЕГ нь эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаар нэхэмжлэлийн хяналт эхэлнэ" гэж заасан бөгөөд нэхэмжлэл илгээх хугацааг Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээнд 2.4-т үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ. 2.4.4-т "тусламж баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын Балтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх"-ээр тус тус заасан байна.

"Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2 дугаар зүйл Талуудын эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс 2.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж үйлчилгээний заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх; үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул гэрээний 2.1.7. дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах; 2.1.7.2-т гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл:" гэж заасны дагуу "М*******" ХХК нь Х*******ийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 05, 12 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй нь Эрүүл мэндийн даатгалын еренхий газар нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна. Иймд хууль, тогтоол, журамд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “М*******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 2.4-т нэхэмжлэлээ орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийг албан ёсны цахим хаягаар сар бүрийн 05-ны өдрийн дотор хүргүүлнэ гэж заасан. Ингээд сар бүрийн 05-ны өдөр цахимаар ирүүлээ гэсэн болохоос биш цаасаар орон нутгийн хэлтэст ирүүл гэсэн үг өгүүлбэр байхгүй. Цаасаар 03-ны өдөр ирүүлж чадсан юм чинь яагаад тэр өдрөө ч юм уу, 05-ны өдрөө ч юм уу багтаагаад цахимаар илгээх боломжгүй байсан юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Цаасаар ирүүлсэн гээд байгаа нь ч өнөөдөр хэрэгт нотлогддоггүй тэр тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаа өнөөдрийг болтол нэхэмжлэгч байгууллага өөрсдөө тодорхойлж чадаагүй. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.б-д “эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан” гэж заасан.  Энэ магадалгаа нь өнөөдөр хавтаст хэрэгт байдаггүй. Түүнээс биш нөхөр нь байсан эхнэр нь байсан гэтэл осолд орсон зэрэг нь хамаагүй. Хууль дээр юу гэж заасан гэхээр үнэхээр тэр өвчтөн байгаад осолд ороод өвчтөн болсон байж болно. Тэр хүн өөрөө эмнэлэгт хэвтсэн байж болно гэхдээ хэвтсэн байвал магадалгаагаа, хэвтсэн хүнийг сахисан бол магадалгаагаа ав гэдэг л ийм хуулийн шаардлага байгаад байгаа. Ингээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэхийг гэрээнд заасан хугацаанд хоцроосон гэдэг үндэслэлээр манайх нэхэмжлэхийг олгоогүй тухайгаа Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3269 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Тухайн албан бичигт гомдол гаргаагүй Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байдаг. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн албан бичигт гомдол гаргахгүй явсаар байгаад 2024 оны 02 дугаар сард гэнэтхэн ухаан ороод гомдол гаргаад яваад эхэлдэг. Хууль дээр хугацаа заагаад өгчихсөн байгаа түүнээс биш ингээд явж байгаад л гэнэт санахаараа гомдол гаргаад явах асуудал яригдахгүй гэж үзэж байгаа.

Мөн алданги хэрэглэн тооцох боломжтой байсан гэдэг, гэрээний дагуу алданги тооцож болно. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаантай бол гэдэг заалт байгаа шүү дээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаад нэхэмжлэлээ хоцроочихсон бол бид хүндэтгэн үзэх шалтгааныг харж байгаад энэ зохицуулалтаараа алдангиа тооцоод нэхэмжлэлийг олгоё гэдэг асуудал яригдана гэтэл хүндэтгэн үзэх шалтгаанаа өнөөдөр болтол тодорхойлж чадаагүй, алданги хэрэглэх боломжтой хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол гэрээний 2.1.7-д эмийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацааг дуусгавар болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээрх хугацаа дахь тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг олгохгүй гээд заачихсан. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа 12 дугаар сарын 04-ний өдөр дуусаад, 12 дугаар сарын 13,19-ний аль нэг өдөр хурлаар ороод сунгагдсан. Гэхдээ энэ хугацааны санхүүжилтийг олгохгүй шүү гээд гэрээн дээрээ урьдчилаад хоёр тал харилцан тохиролцоод гарын үсгээ зураад баталгаажуулчихсан. Тэгэхээр 12 дугаар сарын хугацаа дууссан үеийн буюу 1,152,272 /нэг сая нэг зуун тавин хоёр м******* хоёр зуун далан хоёр/ төгрөгийг нэхэмжилдэг нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримт дээр 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ний өдрийг хүртэл 123,492 төгрөгийг тусгай зөвшөөрөлтэй байх хугацаандаа олгосон эмийн нэхэмжлэхийг олгочихсон гэсэн ийм баримтыг гаргаж өгсөн.  Иймд тусгай зөвшөөрөлгүй байх хугацаандаа нэхэмжлэх нь хууль болон гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төвд байгаа эмийн сантай өөрсдөө ирж гэрээ байгуулдаг агуулгатай юм яриад байх шиг байна. Уучлаарай та шүүгчийг төөрөгдүүлэх ёсгүй. Танайхаас манайд ирүүлсэн хүсэлт зэрэг анхнаасаа яаж гэрээ байгуулсан тэр болгоныг нь харах шаардлагатай болох байх. Түүнээс биш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэг байгууллага дээр очоод танайх манайхтай эрүүл мэндийн хөнгөлөлттэй эм олгох гэрээ байгуулаад өгөөч гээд хөөцөлдөөд яваад байдаг газар биш. Манайх хуульд зааснаар даатгуулагч иргэний өмнөөс гэрээ байгуулдаг төрийн байгууллага.

Тусгай зөвшөөрөл тэртээ тэргүй сунгагдана тэр хугацаанд гэрээ хатуу чанга гээд байна. Танай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан л бол танайх үйл ажиллагаагаа харин явуулах ёсгүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаад арав гаруй хоног болчхоод байхад чинь үйл ажиллагаагаа явуулаад байгаа нь өөрөө харин өөр байдлаар шалгагдах үндэслэл болох уу, үгүй юу гэдэг зүйл харагдаад байна. Нэхэмжлэгч хугацаа хоцорсон гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ өөрсдөө тодорхойлж чадаагүй тусгай зөвшөөрлийг хугацаа нь дууссан үед даатгуулагч иргэнд хөнгөлөлттэй олгосон гээд байгааг хууль болон гэрээнд зааснаар олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.

3.Нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ “Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс компанийн 2002 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлттэй үнийг нэхэмжлэхэд хугацаа хоцроосон үндэслэлээр татгалзсан, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “өглөг, авлагын тооцоо байхгүй” гэх үндэслэлээр үнийн хөнгөлөлтөөс дутуу олгосон, хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтаа хүргүүлсэн боловч хүлээн аваагүй нь хууль бус” гэж, хариуцагчаас “”М*******” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хөнгөлөлттэй эмийн жагсаалт ирүүлэх хугацаа хоцроосон, уг хоцроосон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийг хянах журамд хугацааг нэмж олгоогүй” гэж тайлбарлан маргасан.

5.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгчийн даатгуулагчдад үзүүлсэн эмийн үнийн хөнгөлөлтийн 2022 оны 05 дугаар сарын 6.174.275 төгрөг, 12 дугаар сарын 1.157.272 төгрөг, нийт 7.331.547 төгрөгийн үнийн дүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй.

6.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “М*******” ХХК-ийн Х*******ийн Хэрлэн суманд байрших “М*******-1”, “М*******-2” эмийн сантай байгуулсан Даатгуулагчийн эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах ХЭ-04\006, ХЭ-04\007 дугаар гэрээний 1.3-т “Талууд үйл ажиллагаандаа ... Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ... холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж, мөрдөх”-өөр, 2.1.7.-д “дарааах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”-аар, 2.1.7.2-т “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл;” гэж, 2.4.4-д “тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх;” гээд 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

7.”М*******” ХХК 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 32, 33 дугаар албан бичгээр “М******* 1, 2 дугаар салбарын 2022 оны 05 дугаар сард эмийн хөнгөлөлттэй жороор 99, 59 хүнд тус тус 4.438.311 төгрөг, 1.735.964 төгрөгийг олгуулахаар Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст ханджээ.

8.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл “М*******” ХХК 2022 оны 05 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн нэхэмжлэлийг гэрээнд заасан хугацаанд нь буюу сар бүрийн 5-ны дотор хүргүүлээгүй, хугацаа хэтрүүлж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цахимаар Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлжээ.

9.”М*******” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст “2022 оны 05 дугаар … сарынхаа нэхэмжлэх тайлан мэдээг 06 дугаар сарын 10-ны өдөр явуулснаа хүлээн зөвшөөрч, нягтлан бодогчийн ар гэрийн хүн аваарт орсон, холбогдох баримтуудаа хавсарган 05 дугаар сарын хөнгөлөлттэй эмийг олгоогүй үнийн дүнгээс хугацаа хоцроосон алданги тооцуулан олгуулах”-аар, үүний дагуу тус хэлтэс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 32/13 дугаар албан бичгээр хандсанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газраас 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хоцорсон нэхэмжлэхийг хянан шийдвэрлэх боломжгүй тухай албан бичиг хүргүүлж ажиллах” талаарх чиглэлийг Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.

10.Үүний дараа Х*******ийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс “М*******” ХХК-тай “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр төлбөр тооцооны үлдэгдэлгүй” гарсан талаарх “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн, улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр албан бичгээр “танай байгууллага ... нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тооцооны үлдэгдэлгүй гарсан, 2022 оны 05, 12 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлсэн нэхэмжлэлийг манай байгууллага хянах боломжгүй” гэх хариу өгчээ.

11.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.

12.Нэхэмжлэгчээс хугацаа хоцроосон шалтгаанаа холбогдох баримтын хамт, хөнгөлөлттэй эмийг олгоогүй үнийн дүнгээс хугацаа хоцроосон алданги тооцуулан олгуулах хүсэлтийг хүргүүлсэн энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнөх бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, шууд даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт, үйлчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэхгүй татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

13.Хариуцагч төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг шалган тогтоосноор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан Даатгуулагчийн эмийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах ХЭ-04\006, ХЭ-04\007 дугаар гэрээний 2.4.4-т заасны дагуу “хоцроосон хоног тутамд үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцох” боломжтой.

14.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зорилт нь эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулдаг бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу нэхэмжлэгч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй”, 13.1.1-д “даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;” эрхтэй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэгтэй, нөгөө талаас зөвхөн цахимаар нэхэмжлэлийг хоцроож ирүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах нь үндэслэлгүй.

15.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, холбогдох баримтуудаар нэхэмжлэгч “М*******” ХХК даатгуулагчдад эмийг хөнгөлөлттэй үнээр олгох үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага “даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах” зорилго, хуулиар өөрт ногдсон үүргийн хүрээнд даатгуулагчдад нэгэнт үзүүлсэн үйлчилгээний хөнгөлөлтийг нэхэмжлэгчид олгохгүй татгалзаж байгаа нь хууль бус байна.

16.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5046 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандах зүйтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

17.Нэхэмжлэгчийн даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгуулах тухай гомдолд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр “ ... үндэсний зөвлөл уг хүсэлтийг шууд шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгч, улмаар “М*******” ХХК 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

18.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

19.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

20.Нэхэмжлэгч хуулийн этгээдэд ажиллаж байсан нягтлан бодогчийн нөхөр 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авто осолд орсонтой холбоотой болон нягтлан бодогч дээрх шалтгаанаар тухайн хугацаанд ажил үүргээ хэрэгжүүлээгүй буюу чөлөөтэй байсныг тогтоосон нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгөх боломжгүй талаар шүүх хуралдаанд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 103.1.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М*******” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан м******* хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114  дүгээр  зүйлийн

114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ГАНБААТАР

                       ШҮҮГЧ                                    А.МӨНХ-ӨЛЗИЙ

                                          ШҮҮГЧ                                    Б.УУГАНЗАЯА