Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00992

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/00751 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан 3 136 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баатар, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2020 оны 09 сарын 10-ны өдөр Б.Б- нь 2 000 000 төгрөг, түүний найз С.Гэрлээ 3 000 000 төгрөг тус тус гаргаж Да хүрээ захаас 2011 онд орж ирсэн саарал өнгийн “Хонда фит” маркийн автомашиныг 10 200 000 төгрөгөөр худалдаж авахаар болж, Д.Э-д 5 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 5 200 000 төгрөгийг “Жи эс би капитал ББСБ” ХХК-аас Д.Э- нь зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Харин Д.Э-тэй 2 жилийн хугацаатай, сар бүрийн 1-ний өдөр 550 000 төгрөг төлөх гэрээг байгуулсан. Үүний дагуу 2020 оны 10 сарын 01-ний өдөр 550 000 төгрөгийг түүний “Хаан банк” ХХК-ийн дансанд хийсэн. 2020 оны 10 сарын 23-ны өдөр 11 цагийн орчим Д.Э- нь нэхэмжлэгчийг дуудаж “сарын төлбөр хүртэл 7 хоног үлдлээ танд одоо хэдэн төгрөг байна, хаанаас төлбөрийн мөнгө олох гэж байна, тэтгэврийн мөнгөө өг” гээд маш ихээр уурлаж автомашины түлхүүр булааж авсан. 2020 оны 11 сарын 01-ний өдөр “550 000 төгрөгөө төлье, автомашинаа авъя” гэсэн боловч “5 200 000 төгрөг төлөөд барьцаанаас чөлөөл” гэсэн болзол тавьсан. 2020 оны 12 сарын 14-ний өдөр “Жи эс би капитал ББСБ” ХХК руу холбогдтол “автомашиныг 8 200 000 төгрөгөөр зарагдсан, Д.Э-д 3 800 000 төгрөг өгсөн, тантай яриа байхгүй” гэж хэлсэн. Б.Б- “Жи эс би капитал ББСБ” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас Д.Э-ийн дансанд шилжүүлсэн 2 550 000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгал 70 000 төгрөг, авто тээврийн хэрэгслийн даатгал 150 000 төгрөг, 4 ширхэг өвлийн дугуй худалдан авсан 200 000 төгрөг, автомашины өвлийн зориулалттай тос, масло сольсон 166 000 төгрөг, нийт 3 136 000 төгрөгийн хохирол учирсан тул Д.Э-өөс гаргуулж өгнө үү. Уг шаардлагын 1 136 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн дансруу шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.Б-тай ах дүүгийн харилцаатай байсан тул “Жи эс би капитал ББСБ” ХХК-аас дээрх автомашиныг өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулснаар авч өгсөн. 2020 оны 09 сарын 10-ны өдөр Б.Б- 2 000 000 төгрөг, найз эмэгтэй нь 2 500 000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг нь “Жи эс би капитал ББСБ” ХХК-аас зээлж нийт 10 200 000 төгрөгөөр автомашин авсан нь үнэн. Б.Б-г сар бүрийн 25-ны өдөр 550 000 төгрөгийг Д.Э-ийн дансанд байршуул гэж хэлсэн, гэтэл байршуулаагүй, тэр автомашинаар самранд яваад эвдээд ирсэн, хариуцагчийг гомдоосон. 2020 оны 10 сарын 25-ны өдөр Б.Б-д “одоо яах юм бэ, энэ зээлээ өөрийнхөө нэр дээр шилжүүл” гэсэн. Зээлийн төлбөрт 2020 оны 11 сарын 01-ний өдөр 550 000 төгрөг, 12 сарын 01-ний өдөр 550 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл ББСБ-аас 2020 оны 12 сарын 07-ны өдөр ирээд автомашин хураагаад явсан. ББСБ-аас авсан мөнгөнөөс өөрийн гаргасан 1 100 000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг нэхэмжлэгчийн найз эмэгтэй С.Гэрлээгийн дансанд хийсэн.

Б.Б-гаас мөнгө илүү авсан үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э-өөс 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 136 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан “Жи эс би капитал ББСБ” ХХК-ийн албан тоот болон Б.Б-гийн тус ББСБ-д хоёр cap дараалан мөнгө төлсөн баримт зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулсан, улмаар Б.Б- ББСБ-д өөрөө хандан автомашиныг хураан авч борлуулах хүсэлт гаргасныг нь тодорхой байдаг. Гэтэл шүүхээс энэ үйл баримтад эрх зүйн үнэлэлт дүгнэлт хийж тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүйгээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж буруу дүгнэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр дээрх автомашин зарагдсан байхад “талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Харин бодит байдалд Б.Б- уг автомашиныг худалдан авсан өмчлөгч нь бөгөөд өөрийнх нь хүсэлтээр дээрх автомашиныг ББСБ худалдан борлуулсан байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид тусалж, зээлийн гэрээ түүний нэр дээр байсан тул автомашин худалдан борлуулагдсаны зөрүү мөнгийг түүнд шилжүүлсэн. Үүнийг нэхэмжлэгчийн найз гэх С.Гэрлээгийн данс руу шилжүүлсэн. С.Гэрлээ нь дээрх автомашины урьдчилгаа төлбөрийг төлсөн.

Иймд шүүхээс хэргийн бодит байдлыг нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан “Хонда фит” маркийн автомашин худалдан авах зорилгоор түүнд шилжүүлсэн 2 000 000 төгрөг, ББСБ-аас авсан зээлийн төлбөрт төлсөн 550 000 төгрөг, автомашинтай холбоотой гарсан зардал 586 000 төгрөг, нийт 3 136 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, 1 136 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байна. /хх1-3/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “дээрх автомашиныг худалдан авахад нь нэхэмжлэгчид тусалж, өөрийн нэрээр “Жи эс би капитал ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлж өгсөн, уг зээлийн төлбөр 550 000 төгрөгийг Б.Б- нь сар бүрийн 25-ны өдөр миний дансанд байршуулахаар тохирсон боловч хугацаанд нь хийгээгүй, улмаар нэхэмжлэгч өөрөө ББСБ-д автомашинаа худалдан борлуулах хүсэлт гаргаснаар автомашин борлуулагдаж, түүний зөрүү мөнгийг Б.Б-гийн найз гэх С.Гэрлээгийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгчээс илүү мөнгө аваагүй” гэх агуулгаар тайлбарлажээ. /хх14, 50-51/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь Б.Б-, Д.Э- нарын дансны хуулга /хх6, 28-34/, “Жи эс би капитал ББСБ” ХХК, Д.Э- нарын хооронд 2020 оны 09 сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ1006200767, ЗБ1006200767 дугаартай зээл болон фидуцийн гэрээ зэргээс үзвэл, Д.Э- нь Б.Б-гийн 10 200 000 төгрөгөөр бусдаас худалдан авсан “Хонда фит” маркийн автомашины төлбөрийн зарим хэсгийг буюу 5 500 000 төгрөгийг дээрх ББСБ-тай байгуулсан гэрээний дагуу зээлсэн мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэж, энэ утгаараа уг автомашины өмчлөх эрхийг тухайн ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн, Б.Б- нь зээлийн гэрээний үүргийг сар бүр Д.Э-ийн дансанд байршуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх байдлаар тогтоогдсон, талуудын маргаагүй үйл баримтаар Д.Э- нь Б.Б-гийн бусдаас худалдан авч байгаа автомашины үнэд төлөх мөнгийг ББСБ-аас зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн автомашины өмчлөлийг ББСБ-д шилжүүлсэн байна. Энэ нь хариуцагч Д.Э- нэхэмжлэгчид автомашин худалдсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Д.Э- нь уг зээлийн гэрээний үүрэгт буюу Б.Б-гийн худалдан авсан автомашины төлбөрт 2020 оны 11 сарын 01-ний өдөр 550 000 төгрөг, мөн оны 12 сарын 01-ний өдөр 550 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. /хх33-34/ Улмаар “Жи эс би капитал ББСБ” ХХК нь дээрх зээл болон фидуцийн гэрээний дагуу автомашиныг биет байдлаар өөрт шилжүүлэн авснаар Д.Э-тэй байгуулсан гэрээ дуусгавар болж, зөрүү үнэ 3 737 000 төгрөгийг хариуцагчийн данс руу 2020 оны 12 сарын 11-ний өдөр шилжүүлсэн байна. /хх30/

 

Хариуцагч нь бусдын өмнөөс зардал төлөх үүрэг хүлээхгүй ба ББСБ-д төлсөн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчийн автомашин худалдан авахтай холбоотой учраас уг мөнгөн хөрөнгийг автомашин худалдсаны зөрүү болох 3 737 000 төгрөгөөс суутгаж авах эрхтэй. Үүний үлдэгдэл 2 637 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд гэх С.Гэрлээгийн данс руу шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул хариуцагч Д.Э- нь илүү гарсан 637 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих эрхгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т …үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай байгаа харилцааны хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн тохиолдолд түүнийг буцаан гаргуулна гэсэн зохицуулалт бий. Энэхүү хуулийн зохицуулалт ёсоор бол хариуцагч Д.Э- нь ББСБ-аас шилжүүлж өгсөн мөнгөнөөс өөрийн гаргасан зардлыг авч илүү гарсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгох учиртай.

 

Б.Б- С.Гэрлээг 2 000 000 төгрөг авах эрхгүй гэж үзэж байгаа тохиолдолд энэ талаар шаардах эрх нь нээлттэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд анх нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа болон хэлэлцүүлгийн шатанд мөн нэмэлт тайлбар гаргахдаа тус тус 1 136 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байгаа гэдгээ илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад энэ агуулгыг нэмсэн өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/00751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-өөс 637 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, үлдэх 1 363 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

                 тогтоох хэсэгт “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1 136 000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.” гэсэн заалт нэмж,

                 тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-өөс улсын тэмдэгтийн хураамжид 19 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 06-ны өдөр төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                                                ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.НЯМБАЗАР