Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/002

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Оюунбат

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/624 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2214001450037 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогтой *******ийн *******, / РД: *******/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хутгаар хатгах, зүсэх, гар хөлөөрөө цохих зэргээр эрүүл мэндэд нь халдаж *******ын эрүүл мэндэд нь баруун 4,5,6-р хавирганы зөрүүгүй, сэлтэрхийгүй, хугарал, баруун, шагайн үений шарх, шөрмөсний тасрал, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, гуя хөмсөг, зулайн хуйх, духны шарх, зүүн нүдний алимын салстын цус хуралт, цээжний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр учруулсан,

Мөн ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 25-нас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалгын шарх, баруун нүдний алимын салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун хацар, хөмсөгний зулгаралт гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид:

Яллагдагчаас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хяналтын прокурор хүлээн авч, түүний үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг оногдуулсан ялыг нэмж нэгтгэн гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж яллах дүгнэлт үйлдээ хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болохоор, уг хүсэлтийг прокурор хянаад ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэр гаргахаар журамласан байдаг.

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар уг хуулиар тогтоосон журамд  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид оногдуулах ялыг нэмж нэгтгэх талаар болон яллагдагчаар татагдсан этгээд нь хоёр ба түүнээс дээш төрлийн гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэгдсэн бол тухайн этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянах хэлэлцэх талаар заагаагүй болно.

Иймд шүүхээс яллагдагч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж, яллагдагч *******т холбогдох хэргийг дахин хянуулахаар прокурорт  буцааж шийдвэрлэжээ.       

Прокурор Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Үүнд:

Прокурорын шатанд яллагдагч *******ийн эрүүгийн 2214001450037 дугаартай мөрдөн байцаалтын хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн зааснаар 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж, прокурорын зүгээс тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэл хангагдсан, мөн тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчтай тохирсон өөрөөр хэлбэл 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохирч, уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

            Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд:

            1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,

            2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,

            3. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,

            4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх,

          5. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх,

            Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан байх ба дээр дурдсан нөхцөл байдал хангагдсан байхад шүүхээс хэргийг хуульд байхгүй үндэслэл зааж прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

            Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2023/ШЗ/624 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.  гэжээ.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/624 дугаартай захирамж үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхэд хэргийг эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хууль ёсны зарчмыг хангаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Энхтөрийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  *******ийг  согтуугаар, 2022 оны 5 дугаар сарын 25- 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутагт, хохирогч *******ын эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр   хүндэвтэр  хохирлыг     санаатай учруулсан, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-т хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд “...Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар уг хуулиар тогтоосон журамд  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид оногдуулах ялыг нэмж нэгтгэх талаар болон яллагдагчаар татагдсан этгээд нь хоёр ба түүнээс дээш төрлийн гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэгдсэн бол тухайн этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянах хэлэлцэх талаар заагаагүй...,... яллагдагч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж, яллагдагч *******т холбогдох хэргийг дахин хянуулахаар прокурорт  буцааж шийдвэрлэлээ...” гэх дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Учир нь:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан   хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр   хүндэвтэр  хохирлыг   санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдэд холбогдсон, хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-т “ эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман  жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” , мөн зүйлийн 7-т “ эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй “ гэж заасан  хориглосон зохицуулалт нь *******ийн холбогдсон гэмт хэргүүдэд хамаарахгүй  байна.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн яллагдагч *******ийн хүсэлтийг Прокурор хүлээн авч  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Прокурорын тогтоол үйлдэж хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч  ******* нь   хохирогч *******ын эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр   хүндэвтэр  хохирлыг     санаатай учруулсан, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээрээ хоёр ба түүнээс дээш төрлийн гэмт хэрэгт холбогдсон хэдий ч   шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэг  бүрдээ  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч  *******, ******* нарт  учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хохирогч нар нь гомдолгүй болохоо  бичгээр илэрхийлсэн   байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэхгүй.

5. Анхан шатны шүүх  яллагдагч *******ийг шүүхэд шилжүүлснээр шүүгдэгч  болсон байхад захирамждаа яллагдагч гэж бичсэнээс гадна  “...Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар уг хуулиар тогтоосон журамд  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид оногдуулах ялыг нэмж нэгтгэх талаар болон яллагдагчаар татагдсан этгээд нь хоёр ба түүнээс дээш төрлийн гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэгдсэн бол тухайн этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянах хэлэлцэх талаар заагаагүй...,... яллагдагч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн...” гэж  дүгнэсэн  дүгнэлт нь бүхэлдээ хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл   шүүгдэгч ******* нь  хоёр удаагийн гэмт үйлдэл бүрээ хүлээн зөвшөөрсөн,  гэмт үйлдэл  бүр нь нотлогдон тогтоогдсон, хохирогч  бүрийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч  нар гомдолгүй болохоо илэрхийлсэн  талаарх нотлох баримтууд  хавтаст хэрэгт авагдсан  байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуух  нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “...хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид оногдуулах ялыг нэмж нэгтгэх талаар болон яллагдагчаар татагдсан этгээд нь хоёр ба түүнээс дээш төрлийн гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэгдсэн бол тухайн этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянах хэлэлцэх талаар заагаагүй...” гэж  хийсвэр дүгнэлт хийж хэргийг Прокурорт буцаасан     анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурорын “... Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан...,.... шүүх хуульд байхгүй үндэслэл зааж прокурорт буцаан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...” гэх агуулгаар бичсэн  эсэргүүцлийг  дээрх үндэслэлээр хүлээн авч  хангаж шийдвэрлэсэн болно.

Хэрэв шүүгдэгч ******* нь төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч сонгох боломжгүй байсан бол  Хууль зүйн туслалцааны тухай хуулийн дагуу улсын  өмгөөлөгч  авч өмгөөлүүлэх эрхээ  үнэ төлбөргүйгээр эдлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1,1.3-т    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/177 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч  *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                           Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                      Л.НЯМДОРЖ