Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/ШШ2025/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

шүүгч Г.Мөнхтулга

Нэхэмжлэгч: Г.М*******

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гуравдагч этгээд: С******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М иргэдийн төлөөлөгч Н.Д нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 221/2024/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

...Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийг бодитой тогтоох үүргийн хүрээнд зөрчлийн дүгнэлт үйлдэгдэж, маргаан шийдвэрлэхдээ өмгөөлөгч намайг өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг маргааны талаар олон нийтэд хэрэгслээр мэдээлэл хийсэн дээрх үйлдэл нь С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан... гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм,

Энэхүү үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан "хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, 4.1.6 дахь хэсэгт заасан "хүнлэг, энэрэнгүй байх" зарчмууд, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дах хэсгийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах" үүрэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална" гэснийг тус тус зөрчсөн. Гэтэл дээрх үндэслэлд нь дурдаад байгаа нөхцөл байдал дараах үйл баримт болон хууль зүйн үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна.

Өмгөөлөгч миний зүгээс иргэн Хишигсүрэн овогтой З*******тай 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тус гэрээгээр үйлчлүүлэгчийн С******* ХХК-д филлер тарилга хийлгүүлсний улмаас баруун нүдний хараагаа алдсан талаарх цагдаагийн байгууллагад хандсан гомдол болон энэхүү хохирсон асуудалтай холбоотой төрийн болон бусад байгууллагуудад гомдол, хүсэлт гаргах зэрэг шаардлагатай бүхий л хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх үйл ажиллагаанд эрх зүйн туслалцааг үзүүлэх байсан.

Ийнхүү дээрх хууль зүйн туслалцаа үзүүлж байх явцад хохирогч нь тус эмнэлгээр үйлчлүүлж үйлчилгээ авсны эцэст баруун нүд нь хараагаа алдаж, абсолют сохролттой болж хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаж, өөрийн аутизмтай охиноо харж хандах байтугай асар их амьдралын бөгөөд сэтгэл санаа, санхүүгийн хийгээд цаашдын амь амьдрал, хувь заяагаараа хохирсон.

Мэдээллийн агуулгын тухайд:

Нэгт. Үйлчлүүлэгчийн зүгээс хохирсон, хувь заяагаа дахин тоглуулахгүй, дахин ийм төрлийн зовлонг дахин өөр шиг болон бусад гоо сайхан харагдахыг хүссэн эмэгтэйчүүд битгий амсаасай, филлер тарилга маш аюултайг,

Хоёрт. Ганц эрүүл байгаа нүд болон цаашид тархинд нөлөөлж болохуйц эрсдлийг гаргуулахгүй тулд эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай байгаагаа,

Гуравт. Эрүүл ганц нүдээ аврахын тулд үйлчлүүлэгчийн нүдэнд хийгдээд байгаа филлер тарилга нь ер хаанаас гаралтай, монгол улсад ямар төрийн байгууллагын ямар стандарт, дүрэм журмын дагуу явагддаг эсэх, үйлчлүүлэгчийн үйлчилгээ авсан эмнэлэг нь энэ асуудалд дээр ямар алдаа дутагдал гаргасны улмаас сохорсон байгааг төрийн эрх бүхий байгууллагууд болох Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монгол улсын эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эрхийн үндэсний комиссруу гаргасан гомдлуудын талаар хүргэхийг,

Дөрөвт. Олон нийтийн зүгээс тухайн үйл баримтыг буруу ташаа ойлгосон, шуналтай хүүхэн зэргээр буруу бодож байгаа тул бодит асуудлыг үнэн зөвөөр хүргэхийг,

Үйлчлүүлэгч Х.З*******ын зүгээс "Өмгөөлөгч нарт хохирогчийн зүгээс өгөх дэлгэрэнгүй мэдээлэл" гэсэн бодит үйл баримт бүхий 5 агуулга бүхий зөвшөөрөлтэй мэдээллийн хүрээнд хүргэхийг хүссэний дагуу зайлшгүй эрүүл мэндийн ноцтой хор уршгийн талаарх, төрийн байгууллагад гаргасан гомдлуудын талаарх мэдээлэл байдаг.

Гомдол гаргагчийн гомдлын агуулгын үйл баримт нь олон нийтэд нэг жилийн өмнө ил болсон илэрхий үйл баримт байсан талаар:

Маргаан хянан шийдвэрлэсэн тогтоолын зөрчилд тооцсон "С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан гэх үйл баримт нь өмгөөлөгч бид нарын үйлчлүүлэгчийн өгсөн зөвшөөрөлтэй мэдээллийг хүргэх асуудлаас нэг жилийн өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр tug.mntac.mn, Цахиур сайтууд дээр "Синдерелла эмнэлгийн арьс гоо заслийн эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж, Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлжээ. Гэвч хараагаа алдсан, эмчлэх боломжгүй гэсэн хариу авчээ", Синдерелла эмнэлэг нь Долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн ажиллагаагаа явуулсаар байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж" гэх зэргээр олон нийтэд ил болсон үйл баримт байсан.

Өөрөөр хэлбэл ерөнхий гомдлын агуулга дотор яригдаад байгаа дээрх үйл баримт нь Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан "Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, олон нийтэд ил болсон, мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно" гэдэгт заасан үйлчлүүлэгчээс зөвшөөрөл өгсөн мэдээлэл, гомдол гаргагчийн агуулгын хүрээнд дурдсан үйл баримт нь олон нийтэд аль хэдийн нэг жилийн өмнө 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ил болсон үйл баримт байсан.

Зөрчил бодитой, хууль заасан үндэслэл журмын дагуу тогтоогдоогүй талаар:

Нэгдүгээрт. Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын Үндэслэх хэсэгт Хариуцагч нар ... хэмээн хийсэн хэмээн тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй байна. Тодруулбал, өмгөөлөгч нь хуулийн хүрээнд явуулах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "Гэм буруутай нь хуулийн дагуу... гэм буруутайд тооцож үл болно..." хэмээн заасан байдаг. Хэдийгээр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон боловч тухайн хохирлыг учруулсан эмч, түүнийг ажиллуулж буй байгууллагын талаар, гэм бурууг тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй байхад энэ талаар олон нийтэд мэдээлэл хийж байгаа буюу "С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан... гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм гэжээ. Гэтэл өмгөөлөгч миний зүгээс "С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан... гэж бол хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хийсэн СD-ний бичлэгийн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан материалууд, хурлын хэлэлцүүлгийн шатанд ч байхгүй, хуульд заасан шаардлага хангахгүй баримтуудад байгаа өмгөөлөгч миний нийтэлсэн, нийтлүүлсэн биш баримтууд дээр байгаа мэдээллийг буруу цэг рүү нь тарьсан гэх мэдээллийг иш татаж, ярьсан хэлсэн мэтээр зөрчилд тооцож буй нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.6-т "зөрчил" гэж өмгөөлөгч хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ, 6 дугаар зүйлийн 6.1-т Өмгөөллийн тухай хууль, Ёс зүйн дүрэм, Хорооны ажиллах журам болон энэ журмаар тогтоосон үндэслэл, журмаас гадуур өмгөөлөгчийг зөрчил гаргасанд тооцох, ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг хориглоно хэмээн заасан хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, үндэслэлгүй, шийдвэр гэж үзэхээр байна.

Хоёрдугаарт. Дээрх зөрчилд дүгнэлт гаргасан үйл баримтыг гэм буруутай эсэхийг тогтоогдсон байна уу, үгүй юу гэдгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолоор нотлохгүйгээр тухайн эрүүгийн хэргийг шийдээгүй байна гэж үзээд шууд тухайн үйл баримттай холбоотой мэтээр материалд хамааруулан дүгнэлт хийж шийтгэл оногдуулсан нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын Зөрчлийг бодитой тогтоох 11 дүгээр зүйлийн 11.1-т Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй..., 11.2-т Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно, 40 дүгээр зүйлийн 40.2-т Хянан шалгагч, бүрэлдэхүүн нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой хянасны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.3-т Хянан шалгагч, бүрэлдэхүүнд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 40.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэснийг зөрчсөн байна.

Гуравдугаарт. Өмгөөлөгч нарын зөрчлийн дүгнэлт үйлдэж, зөрчлийг нотлохдоо хянан шалгагчийн зүгээс гомдол гаргагчаас гаргаж өгсөн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр zarig.mn сайтаар ярилцлага өгсөн, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хэвлэлийн хурал хийж, өгсөн мэдээллийн баримтуудыг CD дээр буулгаж өгсөн байх боловч тухайн CD дээрх үйл баримт нотлох эх сурвалжгүй буюу тухайн бичлэг дээрх үйл баримт яг тухайн сайтуудын эх сурвалж дээр байгаа бичлэг дээр үзлэг хийж бэхжүүлж аваагүй нь, нэргүй нотлох баримтын шаардлага хангахгүй сайтуудын зурагтай мэдээллүүд дээр байгаа зүйлээр буруутгаж, зөрчлийн дүгнэлт үйлдэж буй нь, мөн эмнэлгийн байгууллагын хууль зөрчиж нууцаар хохирогч Х.З*******тай хийсэн уулзалтын бичлэгийг авч үзлэг хийж шинжлэн судлуулсан нөхцөл байдал нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын 29 дүгээр зүйлийн 29.1-т Маргааны үйл баримтын талаар хууль, энэ журамд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, холбогдох этгээдийн тайлбар, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэнэ, 29.3-т Нэргүй захидал болон мэдээлэл нь нотлох баримт болохгүй, 37 дугаар зүйлийн 37.2-т Хянан шалгагч нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар энэ журамд заасны дагуу тайлбар авах, шинжээчээс дүгнэлт, тайлбар гаргуулахаар хүсэлт гаргах, үзлэг хийх, хуулиар хориглоогүй арга хэрэгслээр баримт мэдээлэл цуглуулах ажиллагаа явуулах эрхтэй, 37.5-т Нотлох баримтыг цуглуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсхүл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг аливаа хууль бус арга хэрэглэхийг хориглоно, 38 дугаар зүйлийн 38.1-т Хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримт сэлт, мэдээллийг маргаан шалгах ажиллагааны болон маргаан хянан шийдвэрлэх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ, 38.3-т Нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дуу, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах зэрэг хуульд нийцэх бусад аргыг хэрэглэнэ, 39 дүгээр зүйлийн 39.1-т Хянан шалгагч, бүрэлдэхүүн нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж, шалгах үүрэгтэй, 39.2-т Цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хянаж шалгана гэсэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн.

Дөрөвдүгээрт. Өмгөөлөгч намайг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална", Өмгөөллийн тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан "хүний эрх, эрх чөлөө нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн гэтэл тухайн байгууллага, хувь хүний нууцыг хуулиар хамгаалдаг, өөрөөр хэлбэл үүнийг зөрчсөн байна гэдэг үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмаар нотлож, тогтоох ёстой, гэтэл гомдол гаргагч байгууллагын яг гомдолд дурдаад байгаа үйл баримтын аль нь байгууллагын болон хувь хүний нууц гэдэг нь тодорхойгүй, тогтоогдоогүй байхад зөрчсөн гэж үзсэн нь мөн журмын зөрчлийг бодитой тогтоох хууль ёсны зарчимд нийцээгүй.

Тавдугаарт. Хариуцагч нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ гаргасан зөрчил, түүний шинж нөхцөл байдал, буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хариуцлагыг ялгамжтай оногдуулж өмгөөлөгч надад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дэх хэсэгт зааснаар "өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх" хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл өмгөөлөгч миний зүгээс Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын 9 дүгээр зүйлийн Эрх тэгш байх 9.1-т Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр эрх тэгш байх зарчмыг баримтална, 67 дугаар зүйлийн Талууд тэгш эрхтэй байх 67.1-т Хянан шалгагч болон хариуцагч хүсэлт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох, үг хэлэх талаар тэгш эрх эдэлнэ, 71 дүгээр зүйлийн 71.1-т Маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана, 83 дугаар зүйлийн 83.1-т Хянан шалгагч зөрчлийн дүгнэлтийг уншиж сонсгосны дараа хуралдаан даргалагч нь маргааны талаар хариуцагч тайлбар өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний тайлбарыг сонсоно, 85.2-т Шүүмжлэл нь хянан шалгагч, хариуцагчийн тайлбараас бүрдэнэ, 85 дугаар зүйлийн 85.3-т Шүүмжлэлд оролцогч нь хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг иш татах эрхгүй бөгөөд оролцогч хэлэлцэж байгаа маргаанд холбогдолгүй зүйл яривал хуралдаан даргалагч зогсооно, 31 дүгээр зүйлийн 31.1-т Хариуцагч өөрт холбогдуулан гаргасан гомдол, үүсгэсэн маргааны талаарх тайлбараа гомдлын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гаргана,

Мөн журмын 20 дугаар зүйлийн 20.1.2-т маргаантай холбоотой асуудлаар тайлбар гаргах, 20.1.7-т маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд оролцох, 12 дугаар зүйлийн 12.1-т Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 12.2-т Хянан шалгагч нь өмгөөлөгч зөрчил гаргасныг нотлох, хариуцагч түүнийг үгүйсгэх замаар эрх тэгш мэтгэлцэнэ,

Өмгөөллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй байна, 5.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүн өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бусад хуульд зааснаас гадна энэ хуулийн 13.1.1, 13.1.4, 13.1.5, 13.1.6, 13.1.7, 13.1.8, 13.1.9, 13.1.10, 13.1.11, 13.1.12, 13.1.14-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 14.1.3, 14.1.5, 14.1.11-д заасан үүрэг хүлээнэ гэсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийнхээ дагуу мэтгэлцэж, тэгш эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оролцож буй нөхцөл байдалд ийнхүү дүгнэлт хийж хариуцлага тооцсонд гомдолтой байна.

Эцэст нь хэлэхэд өмгөөлөгч миний зүгээс өнөөдрийг хүртэл хохирсон иргэн, хувь заяа, эрүүл мэнд, бие сэтгэл, цаашид өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ хувь заяаг хүртэл хэцүү байдалд оруулчаад байгаа өрх толгойлсон, ганц бие ээж үйлчлүүлэгчийнхээ төлөө өгсөн тангараг, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, тууштай хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр, хүний энэрэнгүй, хүнлэг байх зарчмыг удирдлага болгон одоо хүртэл үйлчилгээг үзүүлж байна.

Гэтэл саяхан болсон гэм буруугийн хуралд дээр хүртэл гомдол гаргагч С******* ХХК-ийн зүгээс Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын 8 дугаар зүйлийн Өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах 8.1-т Өмгөөлөгчид үүсгэсэн маргааны талаар энэ журамд заасан үндэслэл, журмаас гадуур мэдээлэхийг хориглоно, 8.2-т Хорооны шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл өмгөөлөгчийг зөрчил гаргасанд тооцохгүй хэмээн заасаар байхад түүнийг зөрчин эрүүгийн хэрэгт хамааралгүй дээрх хуульд заасан үндэслэл журмаар хамгаалагдаж шийдэгдсэн хэргийн шийдвэрлэсэн тогтоолыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримтаар хавсарган өгч, гэмт хэрэг хийсэн хүмүүс шиг өдийг хүртэл өөрсдийнхөө ашигч хууль бус тайлбарт ашигласаар байна.

Гэтэл өмгөөлөгч миний хувьд үнэхээр Монгол Улсад, тэр тусмаа энэ орхигдсон хяналт байхгүй эрүүл мэндийн салбарт ороод хохирсон нэг эмэгтэйд хуульд заасан тангарагаа өргөн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд багшийнхаа хэлсэн "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой" гэх үгийг эрхэмлэн үйлчилгээгээ үзүүлсээр явсныхаа төлөө хүн чанар битгий хэл, хууль ёсны зүйлийг хүртэл хэмжээ хязгаараасаа хэтрүүлэн хэрэгжүүлж байгаа энэ эмнэлэгт ороод эмэгтэй хүн, тэр тусмаа бүхэл бүтэн өөрийнхөө болон үр хүүхдийнхээ хувь заяаг яах вэ гээд хэцүү байдалтай 1 жил 7 сарын хугацаанд туулсан эмэгтэйн төлөө ажиллаж байгаад хөдөлмөрлөж олсон мэдлэг, чадвар, нэр хүндээрээ үнэлэгдэх энэ мэргэжлийн ажлыг минь ойлгож хуулийн хүрээнд, хууль ёсны дагуу шийдвэрлэхийг зорьж буй үнэн бодит нөхцөл байдлыг минь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.6 дахь хэсэгт заасан "хүнлэг, энэрэнгүй байх" зарчим зөрчсөн, энэ ээдрээтэй, төвөгтэй, олон нийтэд аюултай эрүүл мэндийн хууль, дүрэм журамгүй байгаа нөхцөл байдалд шийдэгдсэн, шийдвэрлэх процесс нь шинэхэн ийм л нөхцөл байдалд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нөхцөлд Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дах хэсгийн "үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах" үүргийг зөрчсөн хэмээн Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа буюу 26.1-т Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно, 26.2-т Төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хүн, хуулийн этгээд хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, баталгаа шаардах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно, 26.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгих, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно, 26.4-т Өмгөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа тухайн хэрэгт хамааралгүй, бусад үйлчлүүлэгчтэй холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно гэсэн хуульд заасан баталгаа яг хаана, хэрэгжилттэй нийцэхгүйгээр дүгнэлт хийж зөрчил оногдуулсан байх тул дээрх хууль, дүрэмд нийцүүлэн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн МТ\2024\12 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Мэргэжлийн хариуцлагын хороонд С******* ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.М*******аас Манай компанийн Синдерелла эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмчилгээ хийлгэж хохирсон гэх иргэн Х.З*******ын өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нар нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр zarig.mn сайтаар болон 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Ньюс агентлагт хэвлэлийн хурал зарлаж ярилцлага өгч /олон сайтуудаар түгээсэн/ олон нийтэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан, илт худал мэдээлэл тарааж, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсан үйлдэл гаргасан гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна... гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

Дээрх гомдлыг Маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу маргаан үүсгэн хянан шалгасан.

Өмгөөлөгч Г.М*******гаас ... Манай үйлчлүүлэгч Х.З*******аас хэвлэлийн бага хурал хийх хүсэлтийг нийт 4 удаа гаргаж хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо хамт хоёулаа амьдардгийн улмаас хэвлэлд гармааргүй байна гэдгээ хэлсэн. Би дээрх асуудалд та хэвлэлд энэ талаар мэдээлмээр байгаа бол надад өөрийнхөө өмнөөс ийм ийм зүйлийг хэлмээр байгааraa бичээд өг гэдгийг хэлээд Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон олон нийтэд мэдээлэл хийсэн гэх тайлбар хэлдэг боловч өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаагаа хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд явуулах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... хэмээн заасан байдаг. Хэдийгээр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон байх боловч тухайн хохирлыг учруулсан гэх эмч, түүний ажиллаж буй байгууллагын талаар, гэм бурууг нь тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй байхад энэ талаар олон нийтэд мэдээлэл хийж байгаа нь буюу С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү нь тарьсан... гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм.

Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар өмгөөлөгч Г.М*******г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн дүгнэж Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр юм.

Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Г.М*******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С******* ХХК нь иргэн Х.З*******ын өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нараас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Zarig.mn сайтаар болон 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Ньюс агентлагт хэвлэлийн бага хурал зарлаж ярилцлага өгч /олон сайтуудаар түгээсэн/ олон нийтэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан, илт худал мэдээлэл тарааж, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд санаатай халдсан гэж үзэж Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан.

Өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нар нь 2206057301605 дугаартай П.М*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шинжээчийн дүгнэлт, хэрэг болсон үеийн үйл явдал, эмчилгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг үгүйсгэх, буруутгах зэргээр мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, цагдаагийн болон прокурорын байгууллагын үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлж, мөрдөн шалгах ажиллагаанд ихээхэн саад учруулсан.

Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад хохирогчтой С******* ХХК-иас холбогдоогүй, хохирогчид эмчилгээний төлбөр төлөхгүй байгаа, олон улсын стандарт зөрчсөн гэх зэргээр илт худал мэдээлэл тарааж, олон нийтийг айдаст автуулж, манай эмнэлгийн ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Хариуцагч нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн үйлдлээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөлтэй мэдээлэл өгсний үндсэн дээр, олон нийтэд нэгэнт ил болсон мэдээллийг, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд хийсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Тодруулбал, өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд явуулах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... хэмээн заасан байдаг. Хэдийгээр үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ноцтой хохирсон байх боловч тухайн хохирлыг учруулсан гэх эмч, түүний ажиллаж буй байгууллагын талаар, гэм бурууг нь тогтоосон эцсийн дүгнэлт гараагүй байхад энэ талаар олон нийтэд мэдээлэл хийж байгаа нь С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдуулан эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гэм буруу нь тогтоогдсон, буруу цэг рүү тарьсан... гэх зэргээр ярьж байгаа нь өөрөө ноцтой зөрчил юм.

Хариуцагч Г.М*******, Б.А******* нарын өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг маргааны талаар олон нийтэд хэрэгслээр мэдээлэл хийсэн дээрх үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил мэргэжлийн нэр хүндийг хүндэтгэх, 4.1.6 дахь хэсэгт заасан хүнлэг энэрэнгүй байх, зарчмууд 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүрэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн, төр байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална гэснийг тус тус зөрчсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гомдолдоо ...өмгөөлөгч бид нарын үйлчлүүлэгчийн өгсөн зөвшөөрөлтэй мэдээллийг хүргэх асуудлаас нэг жилийн өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр tug.mntac.mn, Цахиур сайтууд дээр ...Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж... гэх зэргээр олон нийтэд ил болсон үйл баримт байсан гэжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална 5.1.1-т хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх 5.1.4-т мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална, 5.1.1-т хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, 5.1.2-т хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 5.1.4-т мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах, 5.1.6-т мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх гэж зааснаар дээрх сайтууд ч Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг тус тус зөрчиж үндэслэлгүй мэдээлэл хийсэн байхад уг хууль бус үйлдлийг аль хэдийн нийтэд ил болсон үйл явдал гэж тодорхойлж байгаа нь өмгөөлөгчийн ёс зүйд байж болохгүй үйлдэл юм.

Дээрхээс үзвэл өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нар нь С******* ХХК-ийн болон тус эмнэлгийн эмч П.М*******ын нэр төр, алдар хүнд, ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан үйлдэл хийсэн нь маргаан бүхий тогтоолоор батлагдсан бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Иргэдийн төлөөлөгч Н.Даваацэнд шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Х.З*******ын эрүүл мэндэд С******* эмнэлэг ноцтой хохирол учруулсан нь тодорхой байхад түүний өмгөөлөгч Г.М*******г буруутай гэж үзэн өмгөөлөх эрхийг нэг жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж өөрийн зүгээс дүгнэсэн болно. Хэвлэл мэдээллээр нэгэнт түгсэн байсан тул өмгөөлөгчийг буруугүй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

1.Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С******* ХХК-иас өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нарт холбогдуулан шүүх хурал болоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмгөөллийн нууц задруулсан гэх гомдол гаргаж тус хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн МТ2024/12 дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.А*******, Г.М******* нарыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, Б.А*******д сануулах, Г.М*******д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэжээ.

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.З******* С******* ХХК-д нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийлгэх явцад баруун нүд нь хараагүй болсон, энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 984 дүгээр дүгнэлтээр тодорхой тодорхойлоогүй ч,

-шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 103 дугаар дүгнэлтээр ...баруун нүдний хараагүйдэл эргэн сэргэхгүй ...баруун нүдний хараагүй болсон нь хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон,

-өмгөөлөгч Г.М*******гийн хувьд иргэн Х.З*******тай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түүнтэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан,

-Х.З*******аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан С******* эмнэлэг болон эмч нарын хариуцлагагүй алдаа гаргаж баруун нүдийг хараагүй болгосон миний эрүүл мэндэд хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгаж, шийдвэрлэж өгнө үү гэх гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2206057301605 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хохирогч Х.З*******, түүний өмгөөлөгч нарын гомдолтой, шүүгдэгч С******* эмнэлгийн эмч П.М*******ад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.М*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч Х.З*******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.М******* болон С******* ХХК-иас хохирол нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2024/ДШМ/772 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ХШТ/121 дүгээр тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

2.Хугацааны хувьд шүүхийн дээрх шийдвэр гаргахаас өмнө Tac.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Синдереллад филлер хийлгэсэн бүсгүйн нэг нүд хараагүй болжээ гэх гарчигтайгаар ...хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. ...бид тус эмнэлэгтэй холбогдож тайлбар хүргэх болно гэх,

-Tsahiur.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Синдерелла эмнэлэгт филлер тариулсан эмэгтэйн өрөөсөн нүд сохорчээ гэх гарчигтайгаар ...Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж. ...тус эмнэлэгтэй холбогдсон ч тайлбар өгөхөөс татгалзлаа гэх,

-Eguur.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Синдерелла эмнэлэг: Манайд филлер шахуулж хараагүй болсон гэх мэдээлэлд гайхаад сууж байна гэх гарчигтай ...энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан талаарх мэдээлэл Tsahiur.mn сайтад гарсан. бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас ...тодруулахад иргэний гомдол мэдээллийн дагуу шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. ...Харин Синдерелла эмнэлгээс тодруулахад манайд ийм яриа ерөөсөө орж ирээгүй. Бид өөрсдөө ч гайхаад сууж байна гэх,

-Ivoice.mn сайтад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хүний эрүүл мэндээр тоглосон Синдерелла эмнэлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэх гарчигтай ...филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарчээ... Тухайн тарилгыг ...эмч М тарьсан аж гэх мэдээлэл тус тус гаргасан.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр мэдээллийг хэний захиалгаар, хэрхэн тавьсан болохыг тодруулах ажиллагаа явуулсан бөгөөд тухайлбал Tac.mn сайтын захирал А.Бгийн ...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эмэгтэй хараагүй болсон гэх мэдээллийг би оруулсан. Би эхлээд шуум сонссон. Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа гэсний дагуу мэдээлсэн. ...энэхүү мэдээллийг гаргахдаа ямар нэгэн захиалагчаас мөнгө аваагүй... гэх гэрчийн мэдүүлэг болон дээрх мэдээллүүдийн утга агуулгаас үзэхэд тухайн үед олныг хамарсан сенсацын дагуу сайтуудад мэдээлэл тавигдсан, үүнд өмгөөлөгч Г.М******* ямарваа хэлбэрээр холбоотой болох нь тогтоогдсонгүй.

Түүнчлэн Zarig.mn сайтын сэтгүүлч 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нартай уулзаж, шүүх, цагдаа дээр энэхүү хэрэг яаж шийдэгдэж байна, хуулийн байгууллагад хандсан уу? гэж асуухад өмгөөлөгч Г.М*******:

...үйлчлүүлэгч тухайн үйл баримт болоход хуулийн байгууллагад хандсан, одоогийн байдлаар эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдоод прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжиж байгаа..., ...эмнэлгийн зүгээс энэ асуудал дээр цаашид ямар улс орнуудад эмчлүүлэх боломж талаар хохирогчтой хамтран ажиллах хугацаа 2022 оны 10 дугаар сараас хойш хангалттай байсан боловч үүн дээр төдийлөн ач холбогдол өгөхгүй байна, ...баруун нүдний мэдрэлийн судсыг зүүн нүднээс нь салгах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ талаар эмнэлгийн удирдлага руу албан бичгээр, мөн эмнэлгийн хэрэгцээтэй төлбөр гарах талаарх баримтуудыг гаргасан боловч өнөөдрийн байдлаар эмнэлгээс хариу ирүүлээгүй, ...эмч, эмнэлгийн зүгээс холбоо барихгүй, өмгөөлөгчөөр дамжуулж холбоо барина... гэсэн ярилцлага өгсөн,

-2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Синдеррелла эмнэлгийн хохирогч фэйсбүүк пэйж хуудсанд Синдерелла эмнэлгийн болон эмчийн буруутай үйлдэл алдаатай эмнэлзүйн удирдамжийн хор уршигаар нэг нүдний хараагаа алдсан хохирогчтой холбоотой маш олон янзын таамаглал болон уршигтай мэдээллүүд олон нийтэд тархаж, Синдерелла эмнэлэг хариуцлага хүлээх сонирхолгүй, эмнэлэг эмч 2 уулаа хохирол барагдуулах хүсэлгүй байгаа, маш олон өөрсдийн хуурамч хаягаасаа хохирогч руу удаа дараалан 500 зуун сая төгрөг авсан, сохроогүй байж сохорсон дүр эсгэсэн гэх мэтээр дайралт хийж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээлэлд болон олон нийтэд зориулан хэвлэлийн бага хурал хийж бодит мэдээллийг хүргэхээр боллоо гэх зарыг байршуулж, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол ньюс мэдээллийн төвд өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нар хэвлэлийн бага хурал хийсэн байх бөгөөд уг хэвлэлийн бага хурлаар:

...үйлчлүүлэгчээ төлөөлж юу хэлэх гээд байна вэ гэхээр, холбогдох төрийн байгууллагууд ажлаа хийдэг байгаач ээ, нөгөө талаар манай хохирогчийг буруутгахаас илүү олон гоо сайхны үйлчилгээ явуулдаг эмнэлгүүд одоогийн байдлаар эмнэлзүйн стандартууд сайжраагүй ийм эрх зүйн орчинд дахиад олон иргэд битгий хохирогч болоосой, прокурорын шатанд нэмэлтээр мөрдөн байцаалтад буцаалгаж өгөөч гээд хүсэлт гаргасан байгаа, ...Синдерелла эмнэлэг асуудалд хариуцлагатай хандаж өөрсдөө ухамсарлаач ээ, өөрсдөө гарч ирээд мэдээллээ хийгээч ээ... гэж ярьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон,

-хохирогч Х.З*******аас өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нарт энэхүү мэдээллийг нийтэд мэдээллүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд энэ талаараа Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ...хохирогч би өөрөө биеэр болон бичгээр өмгөөлөгч нартаа шаардлагатай мэдээллийг нийтэд ил болгох хүсэлтийг гаргасан. ...гүтгэлгүүд ар араасаа гарч миний бие өвдөхөд маш их нөлөөлсөн..., хэвлэлийн бага хурлын өмнө ...мэс ажилбар хийлгэх шаардлагатай талаар Синдерелла эмнэлэгийн захирал, менежер, өмгөөлөгч нартай холбогдож хэлэх гэсэн боловч хэн нь ч миний өмгөөлөгч болон эцэг, эхийн маань утсыг авч хариу хэлээгүй, мөн бичгээр уг асуудлын талаар илгээхэд хариу одоог хүртэл өгөөгүй, нэг удаа ч миний биеийг асуухгүй алга болсон тул хагалгаа 2 удаа хойшилсон гэх тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байна.

Эдгээрээс үзэхэд хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд С******* ХХК-иас өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нарт холбогдуулан гаргасан ...Зариг.мн сайтад С******* эмнэлэг өнөөдрийг хүртэл огт холбоо бариагүй, эмчилгээний төлбөр огт өгөөгүй гэж худал мэдээлэл хийсэн. Мөн Монгол ньюс агентлагт хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгууллагын нэр хүндэд санаатай халдсан гэх гомдол нотлогдохгүй байхад хороо дээрх бодит нөхцөл байдал, түүний уялдаа холбоог бүрэн шалгаж тогтоосонгүй.

Харин ч эсрэгээрээ өмгөөлөгч Г.М*******г Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах, 14.1.4-т өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх, 14.1.6-т үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх заасан үүргээ биелүүлэн ажилласан гэж үзнэ.

3.Түүнчлэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст С******* ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.М*******аас гаргасан өмгөөлөгч Г.М*******, Б.А******* нар нь 2206057301605 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудын талаар мэдээлэл өгч, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан гэх мөрдөн шалгах ажиллагааны хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 914 дүгээр тогтоолоор ...өмгөөлөгч Г.М*******, ... нараас 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын агуулга, мэдээллийн хэмжээ, хязгаар нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хангахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй... гэж дүгнэн хэргийг хааж шийдвэрлэсэн байгааг шийдвэр гаргахдаа анхаарсангүй.

Мөн хариуцагчаас өмгөөлөгч Г.М*******д холбогдох гомдлыг шийдвэрлэхдээ Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам-ын 11 дүгээр зүйлийн 11.1-т Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй..., 11.2-т Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно гэж заасныг бүрэн хэрэгжүүлсэнгүй.

Маргаан бүхий тогтоолд эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг маргааны талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл хийсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх, 4.1.6-д заасан хүнлэг, энэрэнгүй байх зарчмууд, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүрэг, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн, төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална гэснийг тус тус зөрчсөн гэх боловч бодит байдалд өмгөөлөгч Г.М*******гийн хэвлэлийн бага хурлаар ярьсан зүйлсээс Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах дээрх зарчмуудыг зөрчсөн гэж дүгнэж болох ямар ч мэдээлэл хийгээгүй, мөн байгууллага, хувь нууцыг задруулсан гэж үзэхээргүй байна.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний дээрх шийдэлтэй зарчмын хувьд ижил байх тул энэ талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэгэнт түгээгдсэн мэдээллийг өмгөөлөгч Г.М*******тай холбосныг, мөн иргэн Х.З*******ын хувьд эрүүл мэндээрээ хохирсон нь илэрхий тул түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байсны хувьд өмгөөлөгчийг хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллээр нь буруутгасан маргаан бүхий тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4, 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МТ/2024/12 дугаар тогтоолын Г.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА