| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2314000000212 |
| Дугаар | 2024/ДШМ/005 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/005
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2314000000212 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, регистрийн дугаар: *******,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 33-09 тоот иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь мултлан, хууль бусаар нэвтэрч мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан 1 хос гутлыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1.Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэх зүйл ангиар зүйлчлүүлэх санал гаргасан боловч миний саналыг хүлээн авах боломжгүй байна гээд шийтгэх тогтоолын үндэслэлээ “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох" гэмт хэрэг нь Үндсэн хууль болох Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл... өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд *******ын гэрт зөвшөөрөлгүйгээр орж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Хүний халдашгүй байх эрх нь өөрийн жам ёсны шинж чанараас үүдэлтэй бөгөөд хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох салшгүй эрхийн цогцолбор. Халдашгүй байдлын баталгаанд \эрхэд\ бие махбодын халдашгүй байх, орон байрны халдашгүй байдал, нууцын болоод нэр төрийн халдашгүй байдал, өмчийн халдашгүй байдал бүгд хамаардаг байна. ******* нь *******ын зөвшөөрөлгүйгээр түүний гэрт хууль бусаар нэвтэрсэн нь хохирогчийн эд хөрөнгийн \өмчийн\ халдашгүй байдалд халдсан үйлдэл мөн.
Тиймээс ч ******* хэргийн материалд өгсөн мэдүүлэгтээ “гэрийнх нь түлхүүрийг гээсэн тул хаалганы цүүг нь хөшиж онгойлгоод орсон” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Харин шүүхээс Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийг хэрэглэхдээ зөвхөн орон байранд хууль бусаар нэвтрэн орж хүний бие эрх чөлөөнд халдсан байх ёстой гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна.
Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд өмчийн халдашгүй байдал хамаарах тул Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзсэн.
2. ******* нь *******ын төрсөн дүүгийнх нь нөхөр бөгөөд 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос эхнэр хүүхдийн хамт ирж хохирогчийнд байж байгаад Баянцагаан сум явсан. Баянцагаанаас ******* эхнэр хүүхдүүдийн хамт түрүүлж ирэхэд нь нэг түлхүүрээ тэдэнд өгч явуулсан гэдгийг хохирогч хэлдэг.
Харин ******* 7 дугаар сарын 17 ноос 21 хүртэл ынд байж байгаад дүүгийндээ очих гэж гараад 3 хоног архи ууж яваад эргэж ирэхэд нь эхнэр нь нар бүгд хот явсан гэр нь эзэнгүй хаалга нь цоожтой байсан.
******* тухайн үед гар утсаа ын гэрийн түлхүүр зэргийг хаясан тул гэрийн хаалгыг эвдэж орсон байдаг. Шөнө архи ууж яваад гудамжинд хоноод өглөө эрт 6-7 цагийн хооронд ынд ирсэн. Ингээд ынд ороод ус уугаад цай чанаж ууж байгаад хэсэг хугацаанд унтаж байгаад өдөр 13 цагийн үед хот руу гэр лүүгээ явахаар болж унааны мөнгө зардал байхгүй тул гэрт нь орсны дараа тэнд байх хугацаандаа мөнгөн аягыг зарж зардал хийж явахаар шийдсэн байдаг.
******* нь зардал олох гэж гэрт нь орсны дараа аягыг нь авах санаа төрсөн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь Аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 07 дүгээр сарын 24 ний өдрийн орой 20 цагийн автобусаар явсан тухай албан бичиг, гэрч гийн "нэг хүн ирээд жаахан аяганы мөнгө байна авах уу хот руу явах гэсэн чинь зардалгүй болчихлоо” гэсэн гэх 2 удаагийн мэдүүлгээр нотлогдож байгаа.
Тэгэхээр ******* нь урьдаас төлөвлөж мөнгөн аягыг хулгайлахын тулд ын гэрт нэвтрэн ороогүй, орсны дараа хэсэг хугацаа өнгөрсний дараа хулгай хийх санаа төрсөн тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 д зааснаар зүйлчилснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. *******ын хувьд хохирогч ын хаалгыг эвдэж орсон гэхдээ хулгай хийх санаа байгаагүй гэрт байх хугацаандаа хот руу явах зардалгүй, гэрийнхэнтэйгээ холбоо барих боломжгүй зэргээс аягыг авах болсон гэдгээ хэлдэг.
Тэгэхээр хулгайлах гэмт хэргийн тухайд хууль бусаар нэвтэрч байгаа нь энэ хэргийг үйлдэх арга байдаг бол энэ хэргийн тухайд шууд санаатайгаар хулгай хийхийн тулд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэхэд учир дутагдалтай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 д зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09 ний өдрийн 231 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 д зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж оногдуулсан ялыг тухайн зүйл хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хохирогчийн гаргасан гомдлын дагуу түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг авсан. Хохирогчийн эхний мэдүүлэгт манай гэрт хулгай орж өөр ямар нэгэн зүйл оролдоогүй мөнгөн аяга авч явсан байна. Өөрийн төрсөн дүүгийн нөхөр ******* гэх хүнийг сэжиглэж байгаа талаар хэлснээр түүнийг гэрчээр тогтоож мэдүүлэг авсан. Гэтэл ******* нь ус уух зорилгоор тухайн айлд нэвтэрсэн гэж мэдүүлдэг. Яллагдагчийн хоёр дахь удаагийн мэдүүлэгт тэр айлд түлхүүр болон хувцсаа орхисон байсан талаар мэдүүлдэг. Уг мэдүүлгийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан үр дүнд мэдүүлсэн гэж үзээд сүүлд өгсөн хоёр мэдүүлгийг үнэлээгүй. Яллагдагч нь гэрийн түлхүүр надад өгсөн гэж мэдүүлдэг боловч уг үйл баримт тогтоогдоогүй.
Яллагдагч нь өмгөөлөгч авсныхаа дараа гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгоо өөрчилсөн. Эдгээр нөхцөл байдлыг үнэлж, тус зүйл ангиар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.Иймд өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай ..гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулах ял шийтгэлийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.
Учир нь ******* нь замын зардал олох гэж гэрт нь орсны дараа аягыг нь авах санаа төрсөн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******ыг 3 удаа, гэрч *******г нэг удаа асууснаар өөрөөр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгч нь тухайн айлын гэрт ямар хугацаанд байсан, цай чанаж, боорцог идсэн эсэх, хувцас нь байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй зөвхөн айлын гэрт хууль бусаар нэвтэрсэн л бол хулгай хийх зорилгоор нэвтэрсэн гэж нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, ялласан нь хуульд нийцэхгүй байна..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч ийн давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 33-09 тоот иргэн *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь мултлан, хууль бусаар нэвтэрч мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******т 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Хавтаст хэргийн 63-64 дүгээр талд авагдсан “...Би бусдын эд зүйлийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин хууль бусаар нэвтэрсэн гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Улаанбаатар хотоос 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймагт ирээд тэгээд хөдөө очиж байж байгаад ургийн баярт оролцчихоод тэгээд аймаг ирээд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хүртэл манай эхнэрийн төрсөн ах ын гэрт нь байсан. 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би тэднийхээс гараад өөрийн төрсөн дүү ийнд оччихоод гадуур найз нөхөдтэйгөө 2 хоног архи уусан.
Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би ахынд очсон чинь гэр нь цоожтой байсан. Гар утсаар ярих гэсэн чинь би гар утсаа хаячихсан байсан. Гэрийнх нь түлхүүрийг хайгаад олоогүй. Гэрт нь миний цүнхтэй хувцас байсан. Тэгээд яадаг юм билээ гэж бодож байгаад гэрийнх нь хаалганы цүүг нь салгаад гэрт нь ороод ус буцалгаж уугаад жаахан хэвтэж байгаад хотруу явах гэсэн чинь зардал мөнгө байхгүй байсан. Аяганых нь шургуулгаас аяга авч ус уусан чинь тэр шургуулгад мөнгөн аяга нь байж байхаар нь аягыг нь зараад зардал хийгээд явчихъя гээд аягыг нь аваад аяганы гадна талынх нь мөнгийг нь салгаж аваад, аягыг нь хаячихсан. Тэгээд аяганаас салгаж авсан мөнгийг нь авч яваад Есөн-Эрдэнэ зах дээр очоод алт мөнгөний дархан хийдэг хүнд 107,000 төгрөгөөр зарсан. Бас нэг жаахан мөнгө үлдэхээр нь би авч яваад захын хойд талд нэг машинтай 2 залуу байхаар нь тэрэнд нөгөө мөнгөө үзүүлээд 20,000 төгрөгөөр зарсан...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 15-16, 19, 88-89 дүгээр талд тус тус авагдсан “...Би гэрээсээ гарахдаа алдсан гэх дунд гарын мөнгөн аяганд цай уучихаад гэрийнхээ хойморт байх модон ширээнийхээ нүдэнд хийгээд үлдээсэн. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед ирээд цайгаа чанаад уух гээд аягаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би мөнгөн аягаа алга болсон байна гэдгээ мэдээд хүн ороод авчихсан юм байхдаа гэж бодоод гэр болон хашааныхаа гадна, дотор талыг шалгаж үзтэл өрхний баруун талд даруулж уядаг уяаны хажуу талаар харагдсан. Монгол цоожны гол бага зэрэг мурийсан, том болон жижиг хаалгыг хооронд нь уяагаар холбож уясан, хашааны гадна талд жижиг хаалганы орчимд нэг гутлын өлмий хэсгийн мөр байсан. Тэр мөр бол бороо орсны дараа үлдсэн мөр байсан... Надад хардаж байгаа нэг хүн байгаа миний төрсөн дүү ийн нөхөр болох ******* гэх хүн байгаа. Тэр хүн эхнэрийнхээ эд зүйлийг аваад зараад архи уучихдаг гэсэн. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянцагаан сумаас ирээд манайхаар хонож өнжөөд яваад байсан. Намайг аяганы шүүгээнд аягаа хийдэг гэдгийг тэр хүн мэдэж байгаа. Гэрийн өөр эд зүйл, хөдөлгөөнгүй байхыг бодоход тэр хүн мөнгөн аягыг авсан байх магадлалтай..гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 24, 93 дугаар талд авагдсан “...Эртний эдлэл авна гэсэн хаягтай үнэт эдлэлийн дэлгүүртэй байж байхад үл таних эрэгтэй хүн орж ирж мөнгөн аяганы ёроолын мөнгө болон эмэгтэй хүний жижиг цагариган мөнгөн бөгж гаргаж ирээд энийг тушаамаар байна наадамд ирсэн буцах зардалгүй болчихлоо гэхээр нь би аваад дэнсэлж үзэхэд 50.6 грамм буюу 1.4 лан болсон. Үүнийг би 1 лангийг нь 80,000 төгрөгөөр үнэлж, нийтдээ 107,000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгийг бэлнээр өгсөн..Тэгсэн чинь тэр хүн мөнгөн аяганы эвдчихсэн ёроол гаргаж ирээд энийг авах уу гэхээр нь би наадах чинь ямар учиртай аяганы ёроол юм гэсэн чинь тэр хүн ах нь нутгийнхаа наадамд ирчихээд буцах гэсэн чинь зардалгүй болчихоод тушаах гэсэн юм гэсэн. Тэгээд тэрийг нь жинлэж үзсэн чинь 1 лан, 4 цэн мөнгө байсан. Тэгээд 107,000 төгрөг бэлэн мөнгөөр нь өгөөд уг мөнгийг нь авсан...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан “...уг мөнгөн аяга нь их гарын, хуучны мөнгөн аяга, орц сайтай, Дарьганга хийц гэх, зах зээлийн дундаж ханшаар үнэлэв. 1 ширхэг, нэг бүрийн үнэ 2,500,000 төгрөг, үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2,500,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон үйлдэл нь шүүгдэгчийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл бөгөөд хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* тухайн үед гар утас, *******ын гэрийн түлхүүр зэргийг хаясан тул гэрт нь орсон. Улаанбаатар хот руу гэр лүүгээ явах унааны мөнгө зардал байхгүй замын зардал хийх зорилгоор мөнгөн аягыг хууль бусаар авсан тул орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдээгүй.
Энэ үйлдэл нь тусдаа гэмт хэргийн шинжтэй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй...” гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гэрч *******гийн “...2023 оны 07 сарын 24-ний өдөр 12 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр хашаанд байрлах Эртний эдлэл авна гэх хаягтай дэлгүүрт байж байхад үл таних эрэгтэй хүн орж ирж мөнгөн аяганы ёроол ирж тушаасан...” гэх мэдүүлэг /ХХ-24 тал/, хохирогч *******ын ... ******* нь худ ургийн холбоотой шалтгаанаар удаа дараа гэрт ирж хоноглож байсан.
Мөнгөн аягаа хаана хадгалдаг болохыг тэрээр мэднэ. Монгол цоожны гол бага зэрэг мурийсан. Гэрийн бусад зүйл зүгээр байсан..” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын үнэ бүхий мөнгөн аягаа хаана хадгалдаг болох, гэрийн эзэд эзгүй байх цаг хугацааг сайтар мэдэж байснаас Улаанбаатар хот явах унааны замын зардал олох зорилгоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч ийн “*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх”ээр бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 11 сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Л.НЯМДОРЖ