| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0535/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0493 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0493
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдаг этгээд Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* нарыг оролцу******* Д.А*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэн Б.О******* нь маргаан бүхий 1******* дугаар нэгж талбарын солбицол болон байршил өөрчлөх хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын кадастрын мэдээллийн системд 01125-44-00004-25 дугаарын өргөдөл үүсгэж бүртгэсэн байна. Иймд иргэн Д.А*******оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.
Гуравдагч этгээд Б.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжийн холбогдох хэсгээр надад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гд 348 мкв газрыг эзэмшүүлсэн боловч тус газар нь иргэн Д.А*******ын өргөдөл гаргасан газартай давхцал үүссэн байна. Б.О******* би хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албатай ярилцаад хариуцагч нар надад өөр байршилд ижил хэмжээний газарт зөвшөөрөл олгохоор тохиролцсон тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.А******* болон гуравдагч этгээд Б.О******* нартай холбоотой маргаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Харин нэхэмжлэгч Д.Х******* болон гуравдагч этгээд Г.М******* нартай холбоотой газрын маргаан цааш үргэлжилнэ гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “манай зүгээс Д.А*******ын нэхэмжлэлтэй маргаан дээр эвлэрэх эрхтэй байдлаар итгэмжлэлээ шинэчлээд, Д.Х*******гийн нэхэмжлэлтэй маргаан дээр өмнөх итгэмжлэлээрээ үргэлжлүүлээд явах саналтай байгаа” гэв.
Гуравдагч этгээд Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд гуравдагч этгээд Б.О*******т өөр байрлалд газар олгох болсон. Үүнийг хүлээн зөвшөөрч гуравдагч этгээд Б.О******* мөн хүсэлт ирүүлснийг шүүхэд гаргаж байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.А*******оос Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.А*******ын гаргасан газар эзэмших эрх хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/232 дугаар захирамжийн иргэн Г.М*******, Б.О******* нарт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, тус газрыг эзэмших талаар иргэн Д.А*******оос гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Б.О*******т тус дүүргийн 24 дүгээр хороо, Гүнтэд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 348 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.А*******ын эзэмших хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Б.О*******ийн эзэмших эрх бүхий газартай давхцалтай тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга “Иргэн Б.О******* нь маргаан бүхий 1******* дугаар нэгж талбарын солбицол болон байршил өөрчлөх хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр газрын кадастрын мэдээллийн системд 01125-44-00004-25 дугаарын өргөдөл үүсгэж бүртгэсэн байна. Иймд иргэн Д.А*******оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******ос шүүх хуралдаанд “...Д.А*******ын нэхэмжлэлтэй маргаан дээр эвлэрэх эрхтэй байдлаар итгэмжлэлээ шинэчлээд, Д.Х*******гийн нэхэмжлэлтэй маргаан дээр өмнөх итгэмжлэлээрээ үргэлжлүүлээд явах саналтай байгаа” гэж Д.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд түүнээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч Д.А******* болон гуравдагч этгээд Б.О******* нартай холбоотой маргаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч Д.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөөд гуравдагч этгээд Б.О*******т өөр байрлалд газар олгох болсон ... хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү” гэж тус тус тайлбарласан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Д.А*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Д.А*******оос Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогду******* гаргасан “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.А*******ын гаргасан газар эзэмших эрх хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны А/232 дугаар захирамжийн иргэн Г.М*******, Б.О******* нарт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, тус газрыг эзэмших талаар иргэн Д.А*******оос гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР