| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 176/2018/0058/э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
-улсын яллагч Ю.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхнаранд холбогдох эрүүгийн 1834000790076 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
|
|
Үйлдсэн хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч М.Мөнхнаран нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Мандал амралтын газрын хажууд байх гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Наранбаатарын баруун гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Мөнхнарангийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа тараад Төв аймгийн Эрдэнэ сумын Мандал гэх амралтын газрын дэргэдэх айлд очсон. Манай захирал Наранбаатарын таньдаг гэх тэр айлд хамт ажилладаг 2 хүний төрсөн өдөр тэмдэглээд архи ууцгаасан. Тэгээд шөнийн 03 цагийн орчимд манай эхнэр намайг архи уулаа гэхээр нь муудалцаад байж байтал хажуунаас манай захирал Наранбаатар юу болоод байгаа юм бэ? яаж байгаа юм бэ гэхээр нь би таньд ямар хамаатай юм бэ гээд маргасан. Нэг мэдэхэд захирал намайг унт гээд дараад байх шиг байсан. Би тэгээд дараад байхаар нь баруун гарынх нь эрхий хурууг хазчихсан. Яаж байгаад хазчихсанаа санахгүй байна. Ноцолдож байгаад хазчихсан байх. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Хохирогч Ц.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 27-ны орой ажилчдынхаа хамт Мандал сумын амралтын газрын хажууд байх айлын хажууд байж байхад манай компанийн ажилчин Мөнхнаран эхнэрээ зодох гээд байхаар
нь салгах гээд бариад автал миний баруун гарын эрхий хурууг хазсан. Би хуруундаа 6 оёдол тавиулсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,
Гэрч М.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ажлынхан Мандал амралтын газрын хажууд айлд ирээд хоёр хүний төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгтэл манай ажлын Мөнхнаран гэх залуу согтчхоод эхнэртэйгээ маргалдаад орилж чарлаад хүмүүсийг унтуулж амраахгүй байсан. Захирал Наранбаатар энэ байдлыг нь болиулах гээд Мөнхнарангийн араас тэврээд таттал Мөнхнаран гарыг нь хазаж захиралын баруун гарын эрхий хуруунаас цус гараад тогтохгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
Гэрч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Шөнийн 03 цагийн орчимд амрах гэж очсон бид унтахаар газар хэвтэцгээсэн. Гэтэл Мөнхнаран эхнэрээ элдвээр хэл амаар доромжлоод байхаар нь бид одоо боль, унтаж амар гэсэн боловч болиогүй. Мөнхнаран эхнэрээ цохиж зодоод эхэлмэгц захирал Наранбаатар болиулах гээд араас нь таттал баруун гарынх нь эрхий хурууг хазсан. Хуруунаас нь цус гараад тогтохгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/
Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 95 тоот:
-Ц.Наранбаатарын биед баруун гарын эрхий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17 хуудас/
Шүүгдэгч М.Мөнхнарангийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 24 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Мөнхнаран нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Мандал амралтын газрын хажууд байх гэрт сотуудаа эхнэрээ зодох гэсэн үйлдлийг салгасан иргэн Ц.Наранбаатарын баруун гарын эрхий хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Мөнхнаран, хохирогч Ц.Наранбаатар, гэрч М.Алтанчимэг, М.Жаргалсайхан нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 95 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхнарангийн үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Мөнхнаранд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Наранбаатар нь шүүгдэгч М.Мөнхнарангаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Шүүгдэгч М.Мөнхнарангийн ажил эрхлэлт, хөрөнгө орлогын байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч М.Мөнхнаран нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Шагшаа овгийн Мөнхбаярын Мөнхнаранг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхнаранг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мөнхнаранд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Мөнхнаран нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Мөнхнаран нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхнаранд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мөнхнаранд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА