Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2025/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

шүүгч Г.Билгүүн

Нэхэмжлэгч: С.М*******

Нэхэмжлэгч: Д.Х*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын 5.3.1.2, 5.3.1.3-т Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно гэж тус тус заасныг хүчингүй болгуулах,

Уг журмаар хөндлөнгийн хараат бус шинжээчийн боловсруулсан даалгавар, хариулт, үнэлэх аргачлалгүй шалгалтуудыг хэн хэрхэн үнэлэх, нэр дэвшигч нарын гүйцэтгэсэн даалгаврыг үнэлэхэд тухайн салбарын мэргэшсэн шинжээчийг оролцуулах зэрэг зохицуулах ёстой хуульд заасан харилцааг зохицуулаагүй орхисныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12, 72 дугаар зүйлийн 72.1.5-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, уг хуульд заасан зохицуулах ёстой харилцааг бүрэн зохицуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М*******, Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, иргэдийн төлөөлөгч Х.Э нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 221/2025/0025/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

...1.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-д /цаашид Журам гэх/ тус зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт авах журамд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /цаашид Шүүхийн тухай хууль гэх/ заалтуудыг зөрчсөн, "шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах" зорилгод нийцээгүй, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 198 дугаар тогтоолоор уг журмын 5.3.1 дэх хэсгийн 5.3.1.2-т хууль тайлбарлах мэдлэг, чадварыг хууль тайлбарлан хэрэглэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно, 5.3.1.3-т шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно гэж тус тус өөрчилсөн.

Эдгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4-д Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ гэж, Тавьдугаар зүйлийн 1-д Монгол Улсын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Тавин нэгдүгээр зүйлийн 3-д Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр... томилж болно гэж,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна, 34.3-д Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх ...-ыг Ерөнхий зөвлөл хариуцна тус тус заасныг зөрчиж байна.

Учир нь шүүхийн дээд байгууллага болох Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийг хуульчдын дундаас шилж олохдоо сугалаагаар эрх зүйн нэг салбарын даалгавраар шалгах нь тэдний мэдлэг чадварыг бодитой, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулж, хамгийн сайн үнэлэгдсэн хуульчийг шилж олж, хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар нэр дэвшүүлэх зорилгодоо нийцэхгүй байна.

Шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааны төрлөөр эрүү, иргэн, захиргааны хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаа явуулж, шүүгч нар дагнан мэргэшиж ажиллаад 20 жил болж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.4-т Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна дараах шаардлагын аль нэгийг хангасан байна, 31.4.1-т шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, 31.4.2-т прокурор, эсхүл өмгөөлөгчөөр дагнан 10-аас доошгүй жил ажилласан 31.4.3-т магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд 10-аас доошгүй жил багшилсан гэж заасан шүүгч, өмгөөлөгч, прокурор, бусад хуульч нар сүүлийн 20 гаруй жил эрүү, иргэн, захиргааны аль нэг салбараар мэргэшиж ажилласан, мөн хууль зүйн сургуульд багшлахдаа аль нэг салбар эрх зүйн багшаар мэргэшиж ажилласан хуульчид нэрээ дэвшүүлэх боломжтой.

Гэтэл салбар эрх зүйн шалгалтын даалгаврууд сугалаагаар сонгогдсоноор нэг салбарт мэргэшсэн нэр дэвшигч нөгөө салбарын даалгавар гүйцэтгэх нь тухайн салбараар мэргэшсэн нэр дэвшигчтэй тэгш, шударгаар өрсөлдөх боломжгүйд хүргэж байна.

Мөн зөвхөн сугалагдсан салбараар шалгалт өгөх нь нөгөө салбарын мэдлэг чадварын шаардлага хангах эсэхийг тодорхойлж чадахгүй, өөрөөр хэлбэл энэхүү өөрчлөлт оруулах болсон зорилгыг Улсын Дээд шүүхийн шүүгч нар эрүү, иргэн, захиргааны аль ч танхимд ажиллах боломжтой байх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оролцож хуульд заасан асуудлыг шийдвэрлэхэд оролцдог учраас ийнхүү өөрчлөлт оруулсан гэж үзвэл энэ зорилго огт хангагдахааргүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5-д Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд уг журмыг баталсан боловч журмын дээрх заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна, 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2-т тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх зэрэг шаардлагыг хангахгүй, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн.

1.2.Журмын 5.4.2-т Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгаврыг боловсруулахдаа тухайн чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн хараат бус шинжээчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсэгт заасны дагуу оролцуулж болно гэж заасан нь тухайн чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн хараат бус шинжээч нь зөвхөн даалгавар боловсруулахад оролцож, харин даалгаврыг үнэлэхэд тухайн салбарын мэргэшсэн этгээдийг оролцуулахгүй байгаа нь хуулийн зорилго, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34.3-т Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх ...-ыг" гэж заасантай нийцэхгүй байна.

Хэдийгээр 5.4.3-т Ерөнхий зөвлөлийн гишүүн эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргаар авсан шалгалтын хариуг үнэлэхдээ тухайн шалгалтын даалгаврыг зохиосон Ерөнхий зөвлөлийн гишүүн, эсхүл хөндлөнгийн хараат бус шинжээчийн хариулт, аргачлалыг баримтална гэж заасан боловч ямар нэгэн даалгаврын дагуу авдаггүй, шинжээчийн хариултгүй зарим даалгаврын тухайд шууд тухайн салбараар мэргэшээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд өөрсдөө үнэлж байгаа нь Шүүхийн тухай хуульд заасан журам батлах эрх олгосон хүрээнээс болон мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хуулиар олгосон эрхээс хэтэрсэн байна.

Тухайлбал, энэ журмын 5.3.1.3-т заасан шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх даалгаврын тухайд нийт шүүхийн шийдвэрийн цахим сангаас тохиолдлын журмаар анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хянасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шалгуулагчид өгч, хариулах ёстой даалгаврыг хэргийн аль нэг оролцогчийн зүгээс хяналтын шатны журмаар гомдол гаргах байдлаар хариулна гэж амаар хэлсний дагуу гүйцэтгэсэн даалгаврын тухайд шинжээчийн боловсруулсан тусдаа даалгавар, түүний хариулт, үнэлэх аргачлал байхгүй байхад ямар шалгуур, аргачлалаар тухайн эрх зүйн салбараар мэргэшээгүй гишүүн хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байна.

Энэ төрлийн даалгаврыг гүйцэтгэхэд хэргийн аль нэг талын гомдлоор шүүхийн шийдвэрт бүрэн дүн шинжилгээ хийх даалгавар хариулагдах боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь хэн, ямар зорилгоор хийж байгаагаас бүтэц, агуулга өөр байхаас гадна тухайн шийдвэрийг тал бүрээс нь бүрэн шинжилж, шийдвэрлэсэн үйл баримт, түүнд хийсэн эрх зүйн дүгнэлт, материаллаг болон процессийн хууль хэрэглээ, шийдвэр бичих аргачлал, журмыг баримталсан эсэх зэрэг бүхий л талаас нь дүгнэлт өгснөөр дүн шинжилгээ бүрэн хийгдэж, үнэлэгдэж болохуйц хариулт болохоор байна.

Гэтэл уг заалтад шалгалт авах арга хэлбэр, үнэлэх аргачлал тодорхойгүй, /гүйцэтгэх даалгавар нь өөрөө тодорхой бус, түүнийг үнэлэх аргачлалгүй/ байгаа нь Шүүхийн тухай хуулийн 34.12-д Шалгалт авах арга, хэлбэр, үнэлэх аргачлал, нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, олон нийтээс санал хүлээн авах болон холбогдох бусад харилцааг энэ хуулийн 72.1.5-д заасан журмаар зохицуулна гэж заасны дагуу зохицуулах харилцааг бүрэн зохицуулж чадаагүй, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухайн салбарт мэргэшээгүй гишүүдийн хувьд хуулиар олгоогүй бүрэн эрхийг эдлүүлэхээр заасан нь хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй.

Түүнчлэн уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61, 62 дугаар зүйлд заасан нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго, шалтгаан, нэмэлт, өөрчлөлт орсны дараа үүсэх нөхцөл байдлыг тодруулж нөлөөллийн шинжилгээ хийгээгүй, санал авах, хэлэлцүүлэг хийх журмыг зөрчсөн байна.

Иймд уг хэм хэмжээний акт хууль зөрчсөний улмаас нэхэмжлэгч бидний хяналтын шатны шүүхэд дахин нэр дэвшиж, өөрийн мэдлэг чадварыг ижил тэгш үнэлүүлж шударгаар өрсөлдөх эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч С.М*******, Д.Х******* нараас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын зарим заалтыг хүчингүй болгуулах, зарим харилцааг зохицуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

2.1. Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын талаар:

Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ыг 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан.

Дээрх журамд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, өөрчлөлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлсэн.

Ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний акт батлах шаардлагын дагуу Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд, мөн тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх, иргэд, олон нийтээс санал авсан байх, нөлөөллийн шинжилгээ хийх, эдийн засаг, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох зэрэг бүхий л шаардлагуудыг ханган боловсруулсан болно.

Мөн энэ хүрээнд журмыг батлан гаргахаас өмнө иргэд, олон нийт, эрх ашиг нь хөндөгдөх бүлгээс санал авч боловсруулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан журмын холбогдох заалтыг хүчингүй болгуулах талаар санал ирээгүй болно.

Улмаар журмыг Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан шаардлагыг хангасан болохыг хянуулсан бөгөөд Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар болон журамтай танилцсаны дагуу бусад холбогдох материалаа ирүүлсэн байсан бөгөөд уг журмыг хууль зөрчсөн гэж үзээгүй, дагаж мөрдсөн болохыг харуулж байна.

2.2.Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын 5.4.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч сонгон шалгаруулахдаа нэр дэвшигчийн шалгалтын даалгавар, тухайн даалгаврын хариу буюу түлхүүрийг тухайн чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн хараат бус шинжээчээр боловсруулуулдаг бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийн шалгалтын материалыг түүнд нийцүүлэн үнэлж байгаа бөгөөд шалгалтын түлхүүрээс өөрөөр үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгчдийн шаардлагыг зөв гэж дүгнэж байна. Үндэслэл нь Сугалаа бол мэдлэг, чадвар, хариуцлага хүлээх, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадварыг шударгаар үнэлэх арга болохгүй. Аливаа ажил албан тушаалд өргөгдөх дүрэм, заавар, дүгнэх аргачлал бүгдээрээ тодорхой байх нь зөв. Нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М*******, Д.Х******* нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр журмын зарим заалтыг дахин шинээр гаргатал түдгэлзүүлж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор батлагдсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын 5.3.1.2-т хууль тайлбарлах мэдлэг, чадварыг хууль тайлбарлан хэрэглэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа сонгоно;,

-5.3.1.3-т шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхээ сонгоно; гэж зохицуулсаны тус тус Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлах, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхээ сонгоно гэснийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаар тогтоолоор Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно гэж өөрчилжээ.

Хариуцагчаас ийнхүү өөрчлөх болсон үндэслэлээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн 32.6.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүх болон сэлгэн ажиллах боломжгүй давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу шүүгч гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана, 32.7.Энэ хуулийн 32.6-д заасан шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгон шалгаруулалт зарлахгүй гэсэнтэй холбогдуулан шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахдаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д заасан хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг харгалзан үзэх, мөн энэ талаарх Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс ирүүлсэн хүсэлтийн хүрээнд холбогдох өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн,

-түүнчлэн дээрх өөрчлөлтийн талаар санал авахаар өөрийн цахим хуудсанд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1 сарын хугацаанд байршуулсан боловч санал ирээгүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан Захиргааны хэм хэмжээний актын төсөл бүртгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал-ын дагуу хийсэн гэх Нөлөөллийн шинжилгээнд тус тус тусгасан байна.

Хэдийгээр тухайн үед маргаан бүхий төслийн талаар санал авахаар өөрийн цахим хуудаст байршуулсан болох нь баримтаар тогтоогдсон, мөн ямар нэгэн санал ирээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын дээд шүүхээс тайлбар хүссэний дагуу нийт шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 24-ний өдрийн 02/2152 дугаар албан бичгээр ирүүлсэн хариунд:

Улсын дээд шүүхийн шүүгч нь аль танхимд харъяалагдсанаас үл хамаарч эрх зүйн хэрэг, маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх, эрүү, иргэн, захиргааны аль ч салбарын хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас санаачлан ирүүлсэн хуулийн төсөлд эрх зүйн салбар харгалзахгүйгээр санал өгөх, хууль, журмын төсөл тус тус боловсруулж хэлэлцүүлэх, эрх зүйн харьцуулсан болон практик судалгаа, шинжилгээ хийх зэрэг мэргэшлийн өндөр мэдлэг, ур чадвартай байхыг шаарддаг. Аль ч тохиолдолд сугалаа нь хяналтын шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, хууль тайлбарлах, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг шалгах, үнэлэх шаардлагыг хангахгүй гэжээ.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хэлэлцсэн мөн оны 3 дугаар сарын 10-ны өдрийн болон тус журамд өөрчлөлт оруулсан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс тус тус үзэхэд Улсын дээд шүүхийн шүүгч танхим сэлгэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэнтэй, мөн Улсын Дээд шүүхээс сул орон тооны захиалгыг анх танхим зааж ирүүлдэг байсныг өөрчилж, Улсын дээд шүүхийн шүүгч гэж ирүүлж байгаатай холбогдуулан нэр дэвшигчдийн мэдлэг чадварыг хэрхэн, ямар хэлбэрээр шалгаруулж болох талаар Зөвлөлийн гишүүдээс олон янзын санал гаргаж байсан ч эцсийн байдлаар хууль тайлбарлах мэдлэг, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг эрх зүйн аль салбараар дүгнүүлэхээ зөвхөн сугалаа-аар сонгохоор журамласан нь тухайн нэр дэвшигчийн мэдлэг чадварыг шалгах, үнэлэх оновчтой арга биш, өөрөөр хэлбэл сугалагдсан салбар эрх зүйн чиглэлээр шалгалт өгсөн нь сугалагдаагүй үлдсэн салбар эрх зүйн талаарх нэр дэвшигчийн мэдлэг чадварыг үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь хууль зүйн төдийгүй энгийн ухамсарын төвшинд ч ойлгомжгүй зохицуулалт болно.

Тухайлбал шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс энэ талаар сугалаа нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг шударгаар үнэлэх арга болохгүй, ер нь аливаа ажил, албан тушаалд өрсөлдөх дүрэм, журам нь ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байх ёстой гэсэн дүгнэлт гаргасан нь үүний хангалттай нотолгоо юм.

Мөн 2022 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан журмын Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар гэсэн 3 дугаар хэсгийн 3.12-т Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд иргэн, эрүү, захиргааны танхимаас сонгож нэрээ дэвшүүлнэ гэсэн нэмэлтийг Зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолоор оруулсан байсныг мөн оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаар тогтоолоор Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэж өөрчилсөн, үүнийгээ хариуцагчаас Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Улсын дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах эрх хэмжээтэй нийцсэн гэж үзэж байгаа энэ тохиолдолд хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг чадварыг бүрэн гүйцэд үнэлэхийн тулд сугалаагаар бус, магадгүй 3 салбар эрх зүйн чиглэлийн аль алинаар нь шалгалт өгөх байдлаар журамлах тохиолдолд нэр дэвшигчийн мэдлэг чадварыг илүү бодитойгоор үнэлэх, шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх боломжтой.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд журмын 5.3.1.2, 5.3.1.3-т оруулсан өөрчлөлтийг дээрх үндэслэлээр хүчингүй болгох тохиолдолд шалгалтыг хэрхэн авах зохицуулалтгүй болохоор байх тул хариуцагчаас дахин шинээр захиргааны акт гаргах байдлаар журмын маргаан бүхий заалтыг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна, 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна, 72 дугаар зүйлийн 72.1.5-д Ерөнхий зөвлөл шүүгч -д тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасантай журмын дээрх зохицуулалт нийцэхгүй, нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2-т заасан тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй, түүнчлэн салбар эрх зүйн бичгийн шалгалтын даалгаврыг ийнхүү сугалаагаар сонгохоор зохицуулсан нь өөр өөр салбараар мэргэшсэн нэр дэвшигчдийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжгүйд хүргэж болохоор байна.

2.Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах ажлыг гагцхүү Ерөнхий зөвлөл зохион байгуулж бие даан хэрэгжүүлэх бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн гэж тодорхойлжээ.

Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хүрээнд Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсгийн Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авахдаа зохих журмын дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулж болно гэснийг одоогийн маргаан бүхий журмын 5.4.2-т зөвхөн шалгалтын даалгавар боловсруулахад л хэрэглэхээр зохицуулсан нь хангалтгүй, түүнчлэн ямар нэгэн даалгаврын дагуу авдаггүй, шинжээчийн хариултгүй зарим шалгалтын тухайд тухайн салбараар мэргэшээгүй Зөвлөлийн гишүүд өөрсдөө үнэлж байгаа нь хуулиар олгогдсон эрхээс хэтэрч байна гэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь журмын 5.4.2-т Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгаврыг боловсруулахдаа тухайн чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулж болох-оор заасан, бодит байдалд ч энэ хүрээнд бичгийн шалгалтын даалгавар, үнэлэх аргачлалыг боловсруулуулж хэрэгжүүлж байгаа нь дээрх хуулийн 34.11-т заасантай нийцсэн, харин хөндлөнгийн шинжээчээр шалгалтын үнэлгээ хийлгэж болохоор журамлахыг шүүхээс даалгах нь хуулиар олгогдсон Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд халдах үр дагавартай.

Тухайлбал хуулийн Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт гэсэн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ, 34.2 дахь хэсэгт Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ, 34.3 дахь хэсэгт Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх бөгөөд шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Ерөнхий зөвлөл хариуцна, 34.7 дахь хэсэгт Ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй ярилцлага хийсний дараа дараах зүйлийг үндэслэн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцно гэж зааснаас тус тус үзэхэд хяналтын шатны шүүгчид нэр дэвшигчдээс шалгалт авах, үнэлэх нь гагцхүү Ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүхийн тухай хуулийн 34.12 дахь хэсэгт Шалгалт авах арга, хэлбэр, үнэлэх аргачлал, нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, олон нийтээс санал хүлээн авах болон холбогдох бусад харилцааг энэ хуулийн 72.1.5-д заасан журмаар зохицуулна, 72.1.5-д шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасны дагуу шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор одоогийн маргаан бүхий журмаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал-ыг баталсан байна.

Уг аргачлалын 9.3-т хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтын даалгавар боловсруулахад буюу тухайлбал Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн, хууль тайлбарлах мэдлэг чадварын, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварын, хууль хэрэглэх мэдлэг чадварын, хэрэг маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэгийн шалгалтын даалгаврыг тус тус боловсруулахад тавигдах шаардлагыг, 10-т шалгалтыг хэрхэн үнэлэх харилцааг тус тус зохицуулжээ.

Жишээ нь эдгээрээс шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх шалгалтын даалгавар боловсруулахад тавигдах шаардлагыг:

9.3.3.1.шүүхийн шийдвэр, магадлал, дүн шинжилгээ хийх чадварыг тодорхойлох зорилготой /эрүү, иргэн, захиргаа/ анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хэлбэртэй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх мэдлэгийг шалгах агуулгатай байх;

9.3.3.2.Шүүхийн шийдвэр, магадлал /эрүү, иргэн, захиргаа/-ыг хянах онол практикийн мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар эзэмшсэн байдлыг үнэлэх боломжтой байх;

9.3.3.3.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, дүн шинжилгээ хийсэн тогтоолын зөв шийдлийг хавсаргах;

9.3.3.4.үнэлгээний 15 онооны хуваарилалт буюу хариултыг үнэлэх үндэслэл, шалгуур, гаргалгааг заах гэж журамласан байх тул хэрэв нэхэмжлэлд дурдсанчилан тухайлбал, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх даалгаврын тухайд ... шинжээчийн боловсруулсан тусдаа даалгавар, түүний хариулт, үнэлэх аргачлал байхгүй байхад ямар шалгуур, аргачлалаар тухайн эрх зүйн салбараар мэргэшээгүй гишүүн хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй гэж үзвэл энэ нь журмын зохицуулалт дутмаг гэхээс илүүтэй хэрэглээнд буюу шалгалт авах процесст гарч буй ойлгомжгүй нөхцөл байдал болно.

Түүнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-аар хөндлөнгийн хараат бус шинжээчийн боловсруулсан даалгавар, хариулт, үнэлэх аргачлалгүй шалгалтуудыг хэн, хэрхэн үнэлэх, нэр дэвшигч нарын гүйцэтгэсэн даалгаврыг үнэлэхэд тухайн салбарын мэргэшсэн шинжээчийг оролцуулах зэрэг зохицуулах ёстой хуульд заасан харилцааг зохицуулаагүй орхигдуулсан гэж хариуцагчийг буруутгах, мөн энэ шалтгаанаар маргаан бүхий журам Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12, 72 дугаар зүйлийн 72.1.5-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, уг хуульд заасан зохицуулах ёстой харилцааг бүрэн зохицуулахыг даалгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны ирцийн хувьд өмнөх шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, Г.Насанжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр хариу тайлбар гарган оролцож буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяраас хуулийн хэлтсийн дарга эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй болсон, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих гэж байгаа, мөн өнөөдөр шүүх хуралдаанд оролцох байсан Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга яг одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа учраас ирэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч холбогдох нотлох баримтыг гаргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1 дугаарт заасантай нийцэж байгаа тул тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.3.13112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3, 72 дугаар зүйлийн 72.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т заасныг баримтлан С.М*******, Д.Х******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор батлагдсан Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам-ын 5.3.1.2, 5.3.1.3-т Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно гэснийг тус тус хариуцагчаас дахин шинээр захиргааны акт гаргатал нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, харин уг журмаар хөндлөнгийн хараат бус шинжээчийн боловсруулсан даалгавар, хариулт, үнэлэх аргачлалгүй шалгалтуудыг хэн, хэрхэн үнэлэх, нэр дэвшигч нарын гүйцэтгэсэн даалгаврыг үнэлэхэд тухайн салбарын мэргэшсэн шинжээчийг оролцуулах зэрэг зохицуулах ёстой хуульд заасан харилцааг зохицуулаагүй орхисон нь Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12, 72 дугаар зүйлийн 72.1.5-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, уг хуульд заасан зохицуулах ёстой харилцааг бүрэн зохицуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий журмын түдгэлзүүлсэн заалтуудыг хүчингүй болгохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН