Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 320

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Улсын яллагч Ж.Энх-Амгалан,    

            Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар овогт Э Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2244 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

            Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “О” ХХК-ийн хашаан дахь түүхий эдийн цэгт байранд нэвтэрч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Д өмчлөлийн ТСЛ маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:       

Шүүгдэгч Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаан дахь түүхий эдийн цэгт байранд нэвтэрч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Даваасүрэнгийн өмчлөлийн ТСЛ маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-2-3/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5/

- хохирогч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Орхон түшээ” ХХК-ийн хашааны үүдэнд обьектыг түрээслэж түүхий эд авах цэг ажиллуулдаг. Тэнд манай эхнэрийн дүү Сүхбаатар эхнэр хүүхэдтэйгээ ажилладаг. 2016 оны 8 дугаар сард Төв аймаг руу явчихаад ирэхэд манай обьектын цонхыг онгойлгож ороод 32 инчийн зурагт алдагдсан байсан. Эхнэрийн дүү цагдаад дуудлага өгсөн байсан. TCL маркийн 32 инчийн хар зурагтаа 2015 оны 10 дугаар сард 700.000 төгрөгөөр авч байсан. Э.Э манай түүхий эд авах цэгийн зурагтыг хулгайлаад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-12/, ...Энхбаатар тухайн үедээ би авсан гэж үнэнээ хэлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сард цэрэгт яваад 2017 оны 10 дугаар сард халагдаж ирээд манай компанид ажиллаад хохирол мөнгөө барагдуулж цалингаас нь тооцоод 700.000 төгрөг авсан. Одоо гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-49-50/,

- эд зүйлийн үнэлгээ-500.000 төгрөг /хх-23/,

- гэрч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Энхбаатар бид 2 “Орхон түшээ” ХХК-ийн байрнаас зурагт, дидишийн антенаа аваад Даваасүрэн ахын гэр лүү зөөх гэж очсон. Очихдоо түлхүүрээ мартсан байсан. Тэгээд зөөж чадаагүй. Маргааш өдөр нь уг байшингийн түлхүүрийг аваад очиход байшингийн урд талын цонхны шилийг газар авч тавиад дотор нь байсан зурагтыг хулгайлсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгсэн Энхбаатарыг хулгайлсан байна гэж цагдаа нар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-13-14/,

- гэрч Т.Дорждуламын мөрдөн байцаалтад өгсөн:...Би нөхөр Сүхбаатартай 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Орхон түшээ” ХХК-ийн байшинд очиход байшингийн цонхны шилийг газар аваад тавьсан, дотор нь байсан зурагт алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-15-16/,

- шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Орхон Түшээ” ХХК-ийн Д.Даваасүрэнгийн ноолуур авах цэгт ороод TCL маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч зүс таних хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Тэгээд дараа нь намайг хулгай хийсэн байна гэж цагдаа нар ирсэн. Хэргээ шалгуулж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 1 жилийн цэргийн алба хаагаад 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Би халагдаж ирээд Даваасүрэнгийн түүхий эд авах цэгт ажиллаад зурагтны 700.000 төгрөгийг төлсөн...гэх мэдүүлэг /хх-62-65/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Э.Эыг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хохирол төлбөрийн тухайд:    

Хохирогч Д.Даваасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-49-50/ гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй /хх-24/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

Бусад асуудал     

Шүүх шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Э.Эыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Эын эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Э бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй,  болохыг тус тус дурдсугай.           

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.   

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР