Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 158/ШШ2025/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Б.*******   

            Хариуцагч: Булган аймаг дахь Төрийн аудитын газрын менежер Ж.*******, ахлах аудитор П.******* нарын хоорондын “2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.*******, П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Б.*******ас  Булган аймаг дахь Төрийн аудитын газрын менежер Ж.*******, ахлах аудитор П.******* нарт холбогдуулан “Төрийн аудитын газрын 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, цалингийн зардлаас хэмнэгдсэн 9,801.6 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй,
    2. Анхан шатны албан ёсны баримтуудыг үндэслэж ажил гүйлгээг хийсэн тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй,  
    3. Засгийн газрын 83 дугаар тогтоолын дагуу төрийн захиргааны ажилтанд мөнгөн урамшуулал олгох журамд зааснаар урамшууллыг тооцож олгосон,
    4. Маргаан бүхий актыг гаргахдаа тайлбар гаргах боломж олгоогүй тул төлбөрийн акт үндэслэлгүй” гэж,   
  3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшууллыг олгохдоо цалин бодогдоогүй 4 дүгээр сарын цалинг тооцоололд оруулан илүү олгосон нь Төсвийн тухай хуулийн хэмнэлттэй байх зарчим, хуулийн зохицуулалтыг зөрчсөн,
    2. Мөнгөн урамшуулал бодсон тооцооллын задаргааг санхүүгийн баримтад хавсаргаагүй, анхан шатны баримт байхгүй, сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоолсон задаргааны баримтыг баримтжуулаагүй,
    3. Нэхэмжлэгчид маргаан бүхий актыг 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч тайлбартаа: “Булган аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас 4 хүнд тасралтгүй ажилласан 5 жилийн урамшуулал өгсөн байгаа. Засгийн газрын 83 дугаар тогтоол дээр үндсэн цалингаас бодно гэсэн байгаа. Үндсэн цалин гэдэг нь албан тушаалын цалинг хэлж байгаа. Бодогдсон цалин гэдэг маань үндсэн цалин дээр нэмэгдлүүдээ нэмсэн цалинг хэлнэ. Хэмнэлт гэж ярьж байгаа: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т .төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн гэж байгаа. Энэ дээр жишээ хэлсэн байгаа. Булган аймгийн Тамгын газар, аймгийн хурал дээр жишээ бичсэн байгаа. Санхүүгийн тайлангаа уншиж чадахгүй байна уу гэж харамсаж байна. Аймгийн тамгын газар 121,778,338 төгрөг, аймгийн Иргэдийн хурал 1,106,600 төгрөгийг хэмнэсэн гэж байгаа. Аймгийн тамгын газрын санхүүгийн тайлан дээр 88,000,000 төгрөгийг хэмнэсэн байгаа. Манай Санхүүгийн хяналтын дотоод аудитын газар 8 хүнтэй 9,800,000 төгрөгийг хэмнэсэн байгаа. Энэ тоог санхүүгийн тайлан дээрээс яагаад харж чадаагүй юм бол гэж гайхаж байна. Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж бичсэн байгаа. Би яг хуулийн дагуу зарцуулсан. Хэмнэлттэй 9,000,000 төгрөгийг зарцуулсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын даргын Б/04 тоот тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цалин шинэчлэн тогтоосон байгаа. Цалин шинэчлэн тогтоосон тушаал нь байна. 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр урьдчилгаа цалингаа тавьсан. 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тэтгэмжээ өгсөн. Бодогдсон цалингаас биш үндсэн цалингаас гэсэн учраас өгсөн байгаа. Бодогдсон цалин үндсэн цалингаа ялгахгүй байгаад харамсаж байна. Оюун, Цэрэнбүтэд, Азхишиг гэдэг хүнд олгосон. 22,771,000 төгрөгийг олгосон. Төлбөрийн хүсэлт дээр 5 жил ажилласан цалингийн лавлагаа, анх томилогдсон тушаал, e-мongolia-гаас авсан цалингийн лавлагаа зэрэг бүх материалууд хавсрагдсан байгаа.  2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр миний дансанд мөнгө нь орсон. ******* аудитораа 4 сар орохгүй гэдэг заалтаа тавьчих тэгвэл би төлье гэж хэлсэн. Тэгсэн хамаагүй хуулийн зүйл заалт тавьсан. Засгийн газрын 83 тогтоолын хавсралтыг зөрчсөн гэж байгаа. Ямар журам зөрчсөн. Бүх материалууд хавсрагдсан байгаа. Үндсэн цалингийн дундаж гэж заасан байгаа. Манай аймгийн хэмжээнд зөвхөн 4 сарыг оруулсан байгаа. Хуулийн заалтууд нь сонин зүйл заалт тавьсан байгаа. Тайлбар дээр тооцооллын алдаа гэж тайлбарласан. Энэ актыг чөлөөлүүлэх хүсэлттэй байгаа. Санхүүч мэргэжлээр 32 жил ажиллаж байна. Шүүх дээр ойлголцъё гэж орж ирж байгаа. Акт тавьсан заалтууд нь хортой байгаа. Санхүүгийн тайлангаа уншиж чадахгүй байгаад харамсаж байна. Гаргасан акт нь хавсралтгүй. Тооцооллын алдаа гэж ярьж байна. Төрийн аудитын газар эрсдэлээс урьдчилан сэргийлэх байгууллага гэж үздэг. Өнөөдөр ямар ч юмны дээр хууль байдаг гэдгийг харуулъя гэж бодсон юм” гэв.
  2. Хариуцагч Ж.******* тайлбартаа: “Энэ актыг Санхүү дотоод аудитын газар сонсох ажиллагаагаар хүлээн зөвшөөрсөн. Эргээд бид нар хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэдгээ хэлэх боломжтой байсан. Бид нар хуулийн зөвлөхөөс наад байгууллага чинь сонсох ажиллагаагаар зөвшөөрсөн байна. Танай актыг үндэслэлтэй гэж үзлээ гэж хэлсэн. Санхүү дотоод аудитын газар нь Захиргааны хуулийн 93 зүйлийг зөрчиж байна. 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгдсэн. 4 сарын эхээр тэтгэмжийг олгосон. Манай 2 байгууллагын хооронд цаашид энэ асуудлыг яах вэ гэдэг асуудал үүсээд байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох журам гэж ахлах аудитор хэллээ. Манай 2 байгууллагын маргаан бол 2024 оны 4 дүгээр сард нэмэгдсэн цалинг цаашид хэрхэх вэ гэдэг дээр маргаж байгаа” гэв.
  3. Хариуцагч П.******* тайлбартаа: “4 сарын үндсэн цалинг нэмэгдүүлж тооцсон гэж төлбөрийн акт тавьсан. Энэ дээр Засгийн газрын 83 дугаар тогтоол дээр сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно гэсэн байгаа. Тэтгэмжийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр олгосон. Өнөөдрийн хурал дээр гаргаж өгсөн баримтыг нөхөж гаргасан байна. Тухайн үед нэхэхэд гаргаж өгөөгүй. Дундаж цалин хөлс тодорхойлох хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмыг одоо хэрэгжихгүй байгаа боловч хуулийн сайт руу орохоор хүчинтэй байгаа. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар зарцуулах гэж байгаа. Үүн дээр 9.8 сая төгрөгийг хэмнэсэн гэж үзэж байгаа. Аймгийн тамгын газрын үлдэгдлийг хэмнэлт гэж үзээд байгаа. Гүтгэж хэлмэгдүүлсэн зүйл байхгүй. Хавсралт байхгүй гэж байна. Хавсралт хийх шаардлагагүй. Тухайн үед сонсох ажиллагаагаар хоёр ч удаа мэдэгдсэн. 4 ажилтанд нь танилцуулаарай гэж нягтлан бодогчид нь үүрэг болгоод явуулсан. Эрүүл мэндийн шалтгаанаар гэж байна. Эрүүл мэндийн шалтгаанаас өмнө 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр менежерийн өрөөнд сонсох ажиллагаа хийгээд эцсийн байдлаар гарын үсэг  зураад явсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байгууллагын нэхэмжлэгч захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэсэн заалтаар Булган аймгийн Төрийн аудитын газар болон Үндэсний аудитын газар гомдол санал хүсэлтээ гаргаагүй юм бэ гэсэн асуулт тавимаар байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д зааснаар анхан шатны тооцоол байхгүй холбогдох баримтуудаа хянан шийдвэрлүүлээгүй баримтууд гэдэг агуулгаар зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн байгууллагын дотоод журамд заагаад өгсөн. Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т энэ журмын 9.1-т заасан ажлын цагийг бүртгүүлээгүй тохиолдол бүрд ажлын 4 цагийг тооцно. 9 дүгээр зүйлийн 9.3-т энэ журмын 9.1-т заасан бүртгэлийг үндэслэн цагийн бүртгэлийн урьдчилан тооцож гаргаж болох ба урьдчилан тооцсон хугацаанд ажиллаагүй цагийг дараагийн цагийг бүртгэлд хасаж тооцно гэж байгаа. Энэ заалтуудыг үндэслэл болгоогүй. Тэтгэмжийг сар эхлээд 9 өдөр ажиллаж байхад олгосон. Засгийн газрын 83 дугаар зүйл заалтыг зөрчсөн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/91 дүгээр тогтоолыг би техникийн алдаа гаргасан. А92 гэж тавьсан. Ажлын 168 цагийг дутуу ажилласан тохиолдолд тэтгэмж олгосон байна гэж акт тавьсан. Манайх 9 байгууллагад акт тавьсан“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга Б.*******ас  Булган аймаг дахь Төрийн аудитын газрын менежер Ж.*******, ахлах аудитор П.******* нарт холбогдуулан “Төрийн аудитын газрын 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
  2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “мөнгөн урамшуулал олгохдоо журмын дагуу тавигдах шаардлагыг бүрэн хангасан ажилтнуудад олгосон ба анхан шатны баримтын бүрдэл хангалттай байхад анхан шатны баримт дутуу гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, төлбөрийн актад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг үндэслэл болгосон боловч тус хуулийг ямар байдлаар зөрчсөн, ямар баримт материал дутуу гэдгийг бодитоор нотлоогүй нь хууль зөрчсөн” гэж;

3. Хариуцагч талаас “төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгохдоо дуусаагүй байгаа буюу 2024 оны 4 сарын цалинг бүтнээр бодож тооцоололд оруулсан нь төсвийн хөрөнгийг илүү зарцуулсан, анхан шатны баримтын бүрдэл дутуу” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

   4.1. * аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн А/232 дугаар бүхий “Төсөвт зохицуулалт хийх тухай” захирамж /хэргийн 11-12 дугаар тал/-аар төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсөв хооронд хийх зохицуулалтыг хавсралтаар баталж, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 32,733.1 мянган төгрөгийн төсвийг батлан, зарцуулах эрхийг олгожээ.

  4.2. Дээрх захирамжийн дагуу орж ирсэн төсвийг нэхэмжлэгч Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал /хэргийн 16-17 дугаар тал/-аар нэр бүхий алба хаагч нарт Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасны дагуу мөнгөн урамшууллыг олгосон.

         4.3. Ийнхүү мөнгөн урамшуулал олгохдоо Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ”-ын 2.1-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна”, 2.3-т “Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно” гэж заасныг баримталж, төрийн албан хаагч нарын ажилласан жилийн тооцооллыг шимтгэл төлсөн баримтаар тодорхойлон, тухайн албан хаагч нарын ажилд орсон тушаал, байгууллагад гаргасан хүсэлт /хэргийн 29-38 дугаар талууд/ зэрэг баримтад үндэслэжээ.

4.4. Хариуцагч Булган аймгийн Төрийн аудитын газраас нэхэмжлэгч байгууллагын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд санхүүгийн тайлангийн аудит хийж ажиллажээ.

4.5. Тус аудитын явцад нэхэмжлэгч байгууллага нь төрийн албан хаагч нарт мөнгөн урамшууллыг олгохдоо Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 13.7 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” шийдвэрийг гаргасан байна.

4.6. Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий төлбөр барагдуулах актыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5. Булган аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор болон тэргүүлэх аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох журамд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

6. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэж гаргасан хариуцагчийн “Төлбөр барагдуулах тухай” 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, шийдвэр хуульд нийцсэн эсэх болон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

7. Хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ гарган, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 158/ШЗ2025/0060 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

8. Мөн хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д заасны дагуу захиргааны акт гаргасан байгууллагад гомдол гаргаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар маргаж байх боловч дээрх хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэсэн нь нэхэмжлэгч хүсвэл захиргааны байгууллагад гомдол гаргаж болно гэж ойлгох ба нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хянуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм. 

9. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх талаар:

10.1. Хариуцагч Төрийн аудитын газрын аудитораас маргаан бүхий 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг гаргах болсон үндэслэлээ “цалин бодогдоогүй 2024 оны 4 сарын үндсэн цалинг нэмэгдүүлж тооцож олгосон нь Төсвийн тухай хуульд заасан төсвийг хэмнэлтгүй, ашиггүй зарцуулсан, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримт үнэн зөв байх, анхан шатны баримт дутуу ажил гүйлгээг тайланд тусгахыг хориглох хуулийн заалтуудыг зөрчсөн нь акт тавих үндэслэл болсон” гэж тайлбарласан.

10.2.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь нэр бүхий төрийн албан хаагчдад мөнгөн урамшууллыг олгохдоо 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэлх хугацаа буюу 2024 оны 4 дүгээр сараар дуусгавар болгон 12 сарын хугацааны цалингийн дунджаас уг урамшууллыг бодож олгосон байна. 

10.3.  Харин хариуцагч нар нь мөнгөн урамшуулал бодох хугацааг 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар дуусталх хугацааны цалингаас бодож олгох ёстой гэж мэтгэлцсэн.

10.4. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ”-ыг баталсан. Уг журмын 2.1-д “... Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагч нараас хуульд заасан шаардлага хангасан нэр бүхий албан хаагч нарын төрийн албанд ажилласан хугацаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудад үндэслэж, тэдэнд мөнгөн урамшууллыг олгожээ.

10.5. Журмын 2.3 /Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно/-т заасан “төрийн албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалин” гэдгийг урамшуулал авч байгаа сарын өмнөх сараар дуусгавар болгож тооцохоор зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч нь мөнгөн урамшууллыг олгохдоо 4 сарын үндсэн цалинг сүүлийн 12 сард багтаан тооцсон нь албан хаагч нарт ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн, тэдний эрх зүйн байдлыг дордуулаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгч “Засгийн газрын тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан төрийн албан хаагч нарын үндсэн цалин нь өөрчлөгдөхгүй, Засгийн газрын тогтоол цаашид үргэлжлэн мөрдөгдөх учраас алба хаагч нартаа ашигтай байдлаар шийдвэрлэсэн” гэж тайлбарласан.

10.6. Нэхэмжлэгч байгууллагын төрийн албан хаагч нарт олгосон мөнгөн урамшууллын зардал нь зөвшөөрөгдсөн санхүүжилтийн хүрээнд, батлагдсан төсвийн дагуу олгогдсон ба тооцооллын ялимгүй алдаа гаргасныг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 /төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах/,  16 дугаар зүйлийн 16.5.5 /батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/ -д заасныг зөрчсөн гэж буруутгаж төлбөрийн акт тавьсан нь үндэслэлгүй байна.

10.7. Мөн нэхэмжлэгчийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж төлбөрийн актад дурдсан.

10.8. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс “мөнгөн урамшуулал олгохдоо болзол, шаардлага хангасан төрийн албан хаагч нарын ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн тодорхойлолт болон тухайн төрийн албанд томилсон зэрэг баримтуудыг үндэслэл болгосон байхад анхан шатны ямар баримт байхгүй” гэж буруутгасныг хариуцагч нараас тодруулахад хариуцагч нар нь энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй ба анхан шатны баримтын бүрдэл дутуу, хуурамчаар бүрдүүлсэн гэх үйл баримтын талаарх тайлбар болон бодит байдалд хэрхэн нотолсон талаарх нотлох баримтыг гаргаж чадсангүй.

10.9. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч байгууллагын зөрчсөн гэж дүгнэсэн хуулийн холбогдох зүйл, хэсгийг хэрхэн ямар байдлаар зөрчиж, хууль зөрчсөнийг хангалттай баримтаар нотлоогүй ба бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж чадаагүй гэж дүгнэлээ.

11. Маргаан бүхий захиргааны акт нь шийдвэр гаргах ажиллагааны журам болон захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хангасан эсэх талаар:

11.1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасан.

11.2. Маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай акт нь бусдад хариуцлага ногдуулж, үүрэг үүсгэсэн сөрөг нөлөөлөл бүхий төлбөрийн /захиргааны/ акт байх ба уг актын талаар шалгагдагч этгээдэд заавал мэдэгдэж, нотлох баримт цуглуулж, баримтжуулахыг хариуцагчид Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “ АЛБАН ШААРДЛАГА ӨГӨХ, ТӨЛБӨРИЙН  АКТ  ТОГТООХ  ЖУРАМ”-аар үүрэг болгосон байна.

11.3. Дээрх журмын 1.1-т “Төрийн аудитын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аудитын явцад алдаа, зөрчлийг арилгах албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино”, 1.3-т “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид “Төлбөрийн акт” гэнэ”, 3.1-т “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална”, 5.1-т “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж, баталгаажуулна” гэж тус тус заасан.

11.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг хуульчилсан ба 4 дүгээр зүйлийн 4.2-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг тусгаж, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэжээ.

11.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй, хуулийг хэрхэн ямар байдлаар зөрчсөн гэж үзсэн талаараа танилцуулаагүй гэж тайлбарлаж байх ба хариуцагчаас 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 522 дугаартай албан бичиг /хэргийн 84 дүгээр тал/-ээр ирүүлсэн “Санхүүгийн тайлан баталгаажуулах аудитын ажлын баримт”-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан ажиллагааг хийсэн талаарх баримт авагдаагүй байна. Тус ажлын баримтад “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл” /ажлын баримтын 10 дугаар тал/ гэх баримт авагдсан байх ба уг баримтад “...таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа захиргааны шийдвэр гаргах талаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийг танилцуулж, сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр хийх болсныг үүгээр мэдэгдэж, уулзалтыг хийж ажилласан” гэж тэмдэглэгдсэн байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “оролцогчийг сонсох ажиллагаа”-г хийгдсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь тус “мэдэгдэл” гэх баримт нь оролцогчид сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэх агуулгыг илэрхийлж байх боловч сонсох ажиллагаа хийх хугацааг тодорхойлоогүй ба “оролцогчийн саналын тэмдэглэл” хэсэгт “нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчтой биечлэн урьдчилсан байдлаар танилцуулсан болно” гэснийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хариуцагч Б.*******гаас шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэгчид 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр сонсох ажиллагаа хийгээд гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий акт нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

11.6. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “сонсох ажиллагааг явуулах” арга хэлбэр, хугацааг тодорхой заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж тус тус заажээ.

11.7. Хариуцагч талаас хуульд заасан сонсох ажиллагааг явуулах, тэмдэглэл хөтлөх зэргийг Үндэсний аудитын газраас баталсан маягт, баримтын дагуу үйлддэг ба аудитын уулзалтын тэмдэглэлээр баталгаажуулдаг гэж тайлбарлаж байх боловч ажлын баримт /баримтын 11 дүгээр тал/-д авагдсан “Аудитын уулзалтын тэмдэглэл” гэх баримтаас харахад захиргааны шийдвэр гаргахаас өмнө хуульд заасны дагуу хийгдэх сонсох ажиллагааны тэмдэглэл гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг уулзалтын тэмдэглэлд тусгагдсан мэдээллээс харахад “алдаа зөрчлийг танилцуулж, маргаан бүхий захиргааны актын шийдлийг танилцуулсан гэж ойлгогдохоор байна.

11.8. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн аудитын ажлын баримтын “Аудитаар илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл” /ажлын баримтын 43 дугаар тал/-ийн 4 дүгээрт “ажил гүйлгээний анги”, товч утга хэсэгт “төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохдоо илүү тооцож олгосон” гээд “төлбөрийн акт тогтоох” гэж, “Шийдвэрийн дэлгэрэнгүй бүртгэл” /ажлын баримтын 46 дугаар тал/ -ийн 2 дугаарт маргаан бүхий төлбөрийн актын талаар тусгаж, товч утга хэсэгт “төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохдоо илүү тооцож олгосон” гээд хууль тогтоомжийн заалт хэсэгт маргаан бүхий актад дурдсан хуулийн заалтуудыг тусгажээ.

11.9. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

11.10. Гэтэл аудитын ажлын баримтад авагдсан “Аудитаар илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл” болон “ Шийдвэрийн дэлгэрэнгүй бүртгэл”-д анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэх, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон эсэх зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй, төлбөрийн актад тусгасан холбогдох хууль, тогтоомжийг хэрхэн яаж зөрчсөн, зөрчил нь ямар баримтаар тогтоогдсон талаарх мэдээлэл тусгагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч буюу шалгагдагч этгээдэд танилцуулаагүй нь хариуцагч нар бусдад үүрэг хүлээлгэсэн, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт гаргахдаа гаргасан зөрчлийн талаар болон холбогдох баримт материалыг шалгагдагч этгээд буюу нэхэмжлэгчид танилцуулах, зөрчлийн талаар санал, тайлбар гаргах боломжоор хангах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй нь хуульд заасан шаардлага, захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.

12. Хариуцагч нар нь Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим болон захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн тусгай зарчмуудыг зөрчиж, оролцогчийг сонсох ажиллагааг заавал хийх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй нь тэдний шийдвэр хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4,  25, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6,  37 дугаар зүйлийн 37.1, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/17 А0660247 Буа-2025/028/НА-СТА-ТШЗ дугаартай * аймаг дахь Төрийн аудитын газрын “Төлбөр барагдуулах тухай” төлбөрийн актыг хүчингүй болгосугай.   
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108, 114 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХЖАРГАЛ