Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/05

 

А.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С-д холбогдох эрүүгийн 2313002320220 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч А.С-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, хохирогч Ж.Ж-, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Халх, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт ***** оршин суух хаягтай, урьд нь:  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт А-ийн С-, РД:************. 

 

2. Шүүгдэгч А.С- нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Ж-ийн нүүрний шанаа хэсэгт гутлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 24-ний  өдрийн 191 дүгээр яллах дүгнэлтээр А.С-ы дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12  дугаар сарын 06-ны өдрийн  2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Ш овогт А-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн. давж заалдах гомдлын агуулга:

5.1. Би шүүхэд "Ж.Ж- бид хоёр 15 жил хөрш байсан бөгөөд өдөр болгон шахуу гэр гэртээ орж гаралцаж явдаг сайн харилцаатай. Ж.Ж- нь манайд ирээд надад хүүхдийн /тавчик/ улавч шидсэн. Би эргүүлээд шидсэн. Бид хоёрт ямар ч гэмтэл учраагүй байсан. Гэрт Ж.Ж- над руу дайрч байхад түүний охин Х.А гаднаас орж ирж ээжийгээ хүчээр аваад явсан. Улавч тавчикаар шидэлцсэнийг хараагүй. Харин тэр үед манай гэрт байсан хүү С-ныг мөрдөгч асуугаагүй. Тэр бүгдийг нь харсан гэрч. Ж.Ж- нь хиймэл шүдтэй байсан бөгөөд тэр хиймэл шүдийг нь шүүх хуралд нотолгоо болгож үзлэг хийж үзвэл “Ж.Ж-ийн 4 дүгээр араа шүд унасан байдал тодорхой тогтоогдох болно” гэж шүүхэд хүсэлт гаргахад шүүх Ж.Ж-ийг оролцуулалгүй, хэргийг нотлогдоогүй байхад шийдвэрлэсэн.

5.2. Хэрэг дутуу, мөн бүрэн гүйцэт биш, нотолбол зохих зүйлүүд нь бүрэн гүйцэт нотлогдож байгаад шалгагдаагүй, ялангуяа мөрдөн байцаалтын шатнаас Ж.Ж-ийн хиймэл шүдийг нотлох баримтаар авч хэрэгт хавсаргах, үзлэг хийж тэмдэглэл хийж өгнө үү гэсэн хүсэлт хангагдаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

5.3. Ж.Ж- нь доод эрүүндээ ганц ч шүдгүй хиймэл шүд хийлгүүлсэн хүн гэдгийг би өдөр болгон түүнтэй уулзаж ярилцаж байсны хувьд, түүний зөвлөснөөр би өөрөө доод эрүүндээ шүд хийлгүүлэхээр доод арааны хэдэн шүдээ авхуулж байсны хувьд сайн мэдэх тул энэ тухай шүүхэд тодорхой бичиж хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлт тайлбарыг эрхэм шүүх бүрэлдэхүүн уншиж танилцана уу.

5.4. Ж.Ж- нь “шүүх хурал дээр хиймэл шүд үзэх юм” гэсэн талаар дуулж мэдээд Улаанбаатар луу явсан гэж худал хэлж шүүх хуралд ирээгүй. Би анхнаасаа мөрдөгчид Ж.Ж-ийн хиймэл шүдийг нотлох баримтаар аваад үзлэг хийж өгөөч гэж олон хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Ж.Ж- шүднийхээ ормыг зориуд гэмтээгээд өмнө нь хиймэл шүд хийлгэхдээ авхуулсан тэр хэсгийн шүдийг шинжээч, мөрдөгчид үзүүлж, хуурамч байдлаар хандаж гэмтлийн зэрэг тогтоолгосон гэж үзэж байна.

Тодруулахад: Доод эрүүнд хиймэл шүд хийхэд эмч ганц ёрдойсон шүдийг үлдээдэггүй юм байна лээ. Бүтэн цулгай эрүүнд битүү хиймэл шүд хийгддэг. Энэ тухай Ж.Ж-ийн зааж өгсөн шүдний их эмч надад мөн бүх шүдээ авхуул” гэж зөвлөж байсан болохоор Ж.Ж- нь цагдаа, шинжээчийг хууран мэхэлсэн гэж үзэж байна.

5.5. Би шүүхэд “өрх толгойлсон 12 хүнийг тэжээж байгаа даралт 220 орчимд байдаг орлогогүй ядарсан эмэгтэй” гэж хэлээд байхад шүүх хэт харгис хандаж 800.000 төгрөгөөр торгож намайг хашрааж бахаа хангаж тавлаж шийтгэсэн.

5.6. Хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад Ж.Ж-ийг шүүх хуралд оруулж хиймэл шүдийг нь авхуулж үзлэг хийлгүүлэх, шаардлагатай бол уг хиймэл шүдийг хийсэн “Асем шүд” шүдний эмч Күлзатыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авч хэргийг дахин шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү.  

 

6. Хохирогчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

6.1. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн худлаа мэдүүлэг өгөөгүй. Миний шүд гэмтсэн нь үнэн. Би А.С-д ямар нэгэн хатуу үг хэлээгүй. Ахмад хүмүүс учраас над дээр ирж уучлалт гуйх байх гэж бодсон. Цохисноос болж нэг шүд маань сул, нэг шүд маань унасан. А.С- гэмээ ухаарахгүй байна, ирж надаас уучлалт гуйвал би уучлах байсан. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

7.1. Хавтаст хэрэгт авагдсан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн үйл баримтыг үндэслээд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй. Тухайн нотлох баримтууд болон болж өнгөрсөн үйл баримтуудыг харахад, хохирогчийг шүүгдэгч цохисон. Цохилтын улмаас шүд унасан үйл баримт тогтоогдсон. Тухайн болж өнгөрсөн үйл баримт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл учруулсан хохирол, хор уршигт тохирсон эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулсан байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.С-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            9. Шүүгдэгч А.С- нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Ж-ийн биеийн нүүрний шанаа хэсэгт гутлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ. 

            10. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч А.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

12. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

13. Шүүгдэгч А.С-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч А.С-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

14. Шүүгдэгч нь “...Ж.Ж- нь доод эрүүндээ ганц ч шүдгүй хиймэл шүд хийлгүүлсэн хүн  гэдгийг би өдөр болгон түүнтэй уулзаж ярилцаж байсны хувьд сайн мэдэн. Анхнаасаа мөрдөгчид Ж.Ж-ийн хиймэл шүдийг нотлох баримтаар аваад үзлэг хийж өгөөрэй гэж олон хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй. Ж.Ж- шүднийхээ ормыг зориуд гэмтээгээд өмнө нь хиймэл шүд хийлгэхдээ авхуулсан тэр хэсгийн шүдийг  шинжээч, мөрдөгчид үзүүлж, хуурамч байдлаар хандаж гэмтлийн зэрэг тогтоолгосон гэж үзэж байна. Би шүүхэд өрх толгойлсон 12 хүнийг тэжээж байгаа даралт 220 орчим байдаг орлогогүй ядарсан эмэгтэй гэж хэлээд байхад шүүх хэт харгис хандаж 800.000 төгрөгөөр торгож намайг хашрааж бахаа хангаж тавлан шийтгэсэн... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь” харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь А.С-ы үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

15. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ