Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 222

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Шүүгдэгч Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЖАт холбогдох эрүүгийн 17060079700012 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Боржигон овогт ЖА, Монгол Улсын иргэн, 1984 оны 10 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20-461 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд: - 2004 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Сум дундын Шүүхийн 18 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 326 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 172 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял,

2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 390 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 21 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар,

 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 212 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар нийт 6 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, .......................................................

Шүүгдэгч Ж.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20-600 тоотод оршин суух, иргэн Д.Оюунпүрэвийн өвлийн сууцны цонхны хамгаалалтын төмрийг эвдэн дотогш нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран, цахилгаан дрилль, мужааны сүх зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 700.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 15 дугаар гудамжны 659/Б тоотод оршин суух Б.Бямбасүрэнгийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дэнжийн мянгын хуучин эцсийн нэрийг нь сайн мэдэхгүй байна, буудалд 25000 төгрөгөөр нэг ортой буудалд ганцаараа хоноод өглөө хүнсний Шонхор зах руу явж байтал Баяраа гэх зүс таних 3 залуутай таарч 2 шил Ерөөл 0.75 литрийн архи, Их монгол нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад дээшээ Нарантуул 2 худалдааны төвийн зах руу орж эгч Байгалмаа, Болорцэцэг дээр очсон. Тэгсэн эгч Байгалмаа эмээ болох Ивановын гэрт оч гэсэн. Тэгэхээр нь би эмээгийн гэрт очих гээд явсан. Тэгээд эмээгийн гэрт очсон чинь эмээ болон Батбаяр хоёр байсан. Би цай уучихаад гэр лүүгээ харих гэж гарсан. Тэгээд би харих гэж байхдаа айл руу орж эд зүйлс хулгайлах гэж байгаад баригдсан. Тухайн айлын гэрийнх нь тооноор нэвтэрч гэрт нь орсон. Тэр айлын гэрийн тооно нь гялгар ууттай байсан. Би тэр гялгар уутыг нь урж дотогш орсон” гэх мэдүүлэг /хх-48х/, түүний “2017 оны 8 дугаар сарын эхээр байх өдөр хоногийг нь сайн санахгүй байна 17-18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Шинэ буудлын Элбэг дэлгүүрийн зүүн талд байх би өөрөө явбал олно, тэнд нэг байшинтай айлын цонхных нь жижиг салхивчийг түлхэн орж гал тогооных нь өрөөний шүүгээнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 жижиг дрилль, 1 ширхэг дуран зэрэг эд зүйлс хулгайлсан. Хулгайлсан эд зүйлсээ тэр өдрөө Нарантуул зах дээр аваачаад зарсан. 2 ширхэг мөнгөн аяга нийлүүлээд 120000 төгрөгөөр, дурангаа 100000 төгрөгөөр, дриллийг нь Дарь эхэд нэг залууд 6000 төгрөг болон нэг шил Ерөөл архиар зарсан” гэх мэдүүлэг /хх-37х/,

 

Шүүгдэгч Ж.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Оюунпүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 8 цаг өнгөрч байхад би гэрээ цоожлоод гараад явсан. Тэгээд орой 23-н цагийн үед ирсэн чинь байшингийн цонхны төмөр авагдаж хулгай орсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, Kendo брэндийн цахилгаан дрилль, модон иштэй мужааны сүх, сейфэнд байсан бэлэн 300,000 төгрөг эд зүйлс хулгайд алдагдсан байна. Том аяга дээр нь “аав Оюунпүрэв”-т цэргийн баярын мэнд хүргэн дурсгав” гэсэн бичигтэй, жижиг мөнгөн аяга нь ёроолдоо өлзий хээтэй бусад эд зүйлсийг харвал танина” гэсэн мэдүүлэг /хх-32-32х/,

Хохирогч Б.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагийн үед би гэрээ цоожилж гараад өөрийн төрсөн дүү Мягмарсүрэнгийн гэрт нь хоноод 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 12 цагийн үед гэр лүүгээ харих замдаа автобусны эцсийн буудал дээрээс 30-н шуудай нүүрс аваад нүүрс худалдаж байсан хүний машинд суугаад хамт гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд нүүрс зардаг хүн манай хашаанд нүүрсээ буулгаад оруулж байхад нь би гэрлүүгээ орсон чинь манай гэр дотор зүс үл таних залуу авдрын урд сөхрөөд авдар ухаад сууж байсан. Тэгээд тэр залуу намайг хараад ...өө чи муу гээд дайрахаар нь би ...туслаарай, хулгайч манай гэрт байна гээд гэрээсээ гүйгээд гарсан чинь хулгайч залуу бас манай миний араас гарч ирээд хажуу талын хашааг даваад зугтаах гэж байхад нь нүүрс буулгаж байсан залуу араас нь очиж хашаан дээрээс нь буулгаж барьж авсан. Тэгээд нүүрс зардаг залуу намайг цагдаа дууд гээд би цагдаа дуудсан. Манай гэрээс эд зүйлс алдаагүй, тэр залуу манай гэр дотор авдар ухаад сууж байхад нь би гэртээ ирж таараад тэр залуу гэрээс гарч зугтааж байгаад баригдсан. Тэр залуу манай гэрийн тооноор нэвтэрч орсон байна лээ. Тэр залуу манай гэрийн авдарыг ухаад авдар дотор байсан хувцаснуудыг гаргаад шалан дээр тараагаад тавьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-35х/,

Гэрч Э.Хонгорзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр манай нүүрсийг нэг эгч авсан ба 30 шуудай нүүрс гэхээр нь би өөрийн автомашинаар гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд нүүрсээ хашаанд нь зөөгөөд оруулж байсан ба нүүрс худалдаж авсан эгч удалгүй “туслаарай, хулгайч” гэж орилсон чинь гэрээс нь нэг эрэгтэй хүн гараад хашаа давах гэж байхаар нь би араас нь очиж татаж газар унагаагаад нөгөө эгчийг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би тэр хүнийг урьд харж байгаагүй ба 170 см өндөртэй, нимгэн хар куртиктай, хар өмдтэй, согтуу хүн байсан. Тэр хүн намайг тавьчих, би хохирлыг чинь барагдуулна гээд байсан. Тухайн үед хар өнгийн савхин бээлийтэй байсан ба тэрийгээ тайлаад шидчихсэн. Дараа нь нөгөө эгч бээлийг нь аваад нэг газар тавьсан” гэсэн мэдүүэг /хх-44х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5907 тоот дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. 1 дугаартай гарын мөр нь Жүгдэрнамжил Анхбаяр, Жүгдэрнамжил Анхбаатар нэрээр бүртгэгдсэн гарын дардасны зүүн гарын эрхийн хурууны хээтэй тохирч байна.

3. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэжээ /хх-50х/,  

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-18х, 20-25х/,

Хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл /хх-26х/,  

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-62х/,

Шүүгдэгч Ж.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-97-129х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Шүүгдэгч Ж.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 20-600 тоотод оршин суух, иргэн Д.Оюунпүрэвийн өвлийн сууцны цонхны хамгаалалтын төмрийг эвдэн дотогш нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн дуран, цахилгаан дрилль, мужааны сүх зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 700.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Булгийн 15 дугаар гудамжны 659/Б тоотод оршин суух Б.Бямбасүрэнгийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ж.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Мөн  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоогоор гарсан /хх-61-62х/ 700.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ааас гаргуулан хохирогч Д.Оюунпүрэвт олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 82 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.