Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

И.Х-, И.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000920167 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч И.Х-, С.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч И.Х-, С.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.      

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц  суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт И-ийн Х-, /РД:********/.

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц  суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, *****оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт С-ийн Б-, /РД:**********/.

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

3.1. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц  сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Г-ын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 128/а дугаар яллах дүгнэлтээр И.Х-, С.Б- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Н овогт И-ийн Х-, Н овогт С-ийн Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нарын тус бүрд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.5. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Х-, С.Б- нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50.000 төгрөгийг хоёр хувааж, шүүгдэгч тус бүрээс 25.000 төгрөгийг ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлын агуулга:

6.1.  И.Х-, С.Б- нар нь гэмт хэрэг хийгээгүй тухай, холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр прокурорын хяналтын ажилтанд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд 8 хэсэг болгон үндэслэлээ дурдаж бичсэн бөгөөд эрхэм шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг уншиж танилцаж хэргийн байдалд дүгнэлт хийнэ үү.

6.2. Шүүх хуралд шүүгдэгч нарыг цагаатгахаар хэлсэн тайлбар болон гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэл болгож байна.

6.3. Түүнээс гадна шүүх хуралд хохирогч гэх Г- болон түүний эгч, Т.О-, эхнэр Б.Э- нар нь мэдэн будилж, он, сар, өдөр хоногийг, болсон үйлдлийг худал хэлж зөрүүтэй мэдүүлэг өгч байсан зэрэг нь шүүгдэгч нарыг зориуд гүтгэсэн байх гэсэн эргэлзээ төрүүлсэн. Эдгээр гэрчүүдийн зөрүүтэй, гүтгэсэн байж болох магадлалтай эргэлзээтэй мэдүүлгүүдийг, хурлын явц дахь тайлбар, асуулт, хариулт болон өмгөөлөгчдийн энэ байдалд дүгнэлт хийж хэлсэн үгнүүдийг хурлын тэмдэглэл, видео бичлэгээс үзэж танилцаж дүгнэлт хийж өгөхийг хүсье.

6.4. Түүнээс гадна шүүх хурлын дараа дараах нөхцөл байдал шинээр илрэн гарч байна. Үүнд: Авлигатай тэмцэх газарт У-ын На-, Х-ийн Н- нар Ц  сумын нутаг дэвсгэрт улс төр, удирдлага, намын бодлогууд санхүүжилт, үндэстний байдал зэрэг бүх юм болж бүтэхгүй байна гэж өөрсдийн дүгнэлт, бодсон зүйлээ дурдаж гомдол мэдээлэл, өргөдөл маягтай юм бичсэн байдаг. Түүний дотор С.Б-, И.Х- нарыг ч Г-тай үгсэн тохирч гүтгэж бичсэн байна.

 

Гүтгэсэн гэх учир нь: Мэдээлэл бичигч У.На-ын нөхөр Буянтын А- гэгч нь Ц  сумын төвд 9 дүгээр багт өөрийн гэр хашаандаа том оврын “Хөрөө-рам-самарам” гэх эртнээс нэршиж ирсэн мод хөрөөддөг, зүсдэг хөрөөний жижиг аж ахуй ажиллуулдаг юм байна. Б.А-ын энэ аж ахуйн үйлдвэрт Ч.Г- ажилладаг бөгөөд хувь ашиг хүртэгч юм байна. Б.А- нь хэд хэдэн удаа ой модны хууль зөрчиж анхааруулга сануулга авч байсан гэх бөгөөд С.Б-, И.Х- нарын шалгалтад өртөж байсан гэсэн. С.Б-, И.Х- нар ч гэсэн модны зөвшөөрөл авах хууль, журмыг тэдэнд ойлгуулж хууль бусаар мод бэлтгэхгүй байхыг сануулж байсан, тэдний найраанд ороогүй байдлыг тэд өширхөж нийлж гүтгэж эцэст нь гэмгүй хоёр иргэнийг хилсээр ял шийтгүүлж санаа нь амарч байгаа тухай Г- нь ярьдаг” гэх байдал илрээд байна. Ийм явдал болохгүй гэх баталгаа ч алга байна. Энэ байдлыг уншсан эрхэм шүүх бүрэлдэхүүн миний энэ бичсэнийг хэрэгт огт хамаагүй нотлогдоогүй байна гэж үзэх байх. Гэвч хэргийн үнэн зөвийг олж тогтоон нотолбол зохих зүйлүүдийг нотлоод мөрдөлт явуулах байгууллага болох Авлигатай тэмцэх албаны мөрдөгч нар энэ үүргээ тодорхой биелүүлээгүй, хэргийг хагас дутуу шалгасан, шалгуулахыг хүссэн хүсэлтүүдийг шалгаж тогтоогоогүй бөгөөд дутуу ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх шууд хангалттай байна гэж үзэж шүүгдэгчдийг ялласан нь харамсалтай байна.

6.5. Иймд хэргийг прокурорт нэмэлт ажиллагаа /хүсэлтэд дурдсан/ хийлгүүлэхээр буцааж өгнө үү.      

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, 1.7 дугаар зүйлийн 1 -т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, З-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан юм.

7.2. Шүүгдэгч И.Х-, С.Б- нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бөгөөд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, яллах, цагаатгах нөхцөл байдлыг тогтоогоогүй, анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон бодит нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7.3. Хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоогоогүй, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр зөвхөн яллах талыг баримтлаад цуглуулсан эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн яллаж байгаа талаар:

7.4. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 202Э/ШЗ/297 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байсан боловч тухайн захирамжид дурдсан ажиллагаанууд дутуу хийгдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллагдагчийн цагаатгах талын нотлох баримт цуглуулах эрхийг нь зөрчсөн. Тухайн шүүгчийн захирамжийн 15-д яллагдагч нарын нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах эрхийг хангаж ажиллахыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл яллагдагч нарт хэргийн материал танилцуулсны дараа шууд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллагдагч нарын прокурорт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийг хангаагүй.

7.5. Захирамжийн 11-т И.Х-, С.Б- нарын хамт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамт ажилласан эсэх, холбогдох цагдаагийн албан хаагч нараас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гэрчийн мэдүүлэг ав хэмээн заасан. Яллагдагч нар Ц  сумын 3,5,6,7 дугаар багт хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу цагдаагийн ажилтан П.Баярсайханы хамт ажилласан байсан. Хэргийн гол гэрч болох цагдаагийн ажилтан П.Баярсайханыг асуугаагүй, энэ талаар түүний нотариатаар гэрчлэн бичиж өгсөн баримтыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

7.6. Захирамжийн 12-т яллагдагч И.Х-, С.Б- нарын эзэмшил, өмчлөлд болон нутгийн захиргааны байгууллагын хөрөнгийн данс бүртгэлд бор, ногоон өнгийн Уаз-469 загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх, тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчлөлийн талаарх нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас хуульд заасан нотлох баримтуудын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах талаар заасан. Гэтэл мөрдөгчөөс энэхүү ажиллагааг хийгээгүй. **** БӨҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Б- эзэмшдэг мэтээр хэрэгт хамааралгүй хүнээс тайлбар авсан байсныг анхан шатны шүүх дүгнээгүй. Гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь үгүйсгэгдэж байгаа хэмээн үзэж байна.

7.7. Шийтгэх тогтоолын 8-т “Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэрч Ч.Г-, Б.Э, Т.О, Ш.А, С.С нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, мэдүүлэг авсан, мөн гэрч нарын зүгээс "шүүгдэгч И.Х-, С.Б- нартай төрөл садангийн холбоо болон өс хонзонгийн байдал байхгүй" болохыг илэрхийлж, тухайн үйл баримтын хүрээнд мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгсөн байна.”, 9-т “Гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг хооронд нь, мөн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулж, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлж дүгнэхэд гэрч Г-ын мод бэлтгэж, Ш.Т-ын тээврийн хэрэгслээрээ ачиж ирсэн, улмаар байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нар зогсоож, хэтрүүлэн мод бэлтгэсэн тул 50.000 төгрөгөөр торгох болсон, уг мөнгийг бэлэн авах талаар Ч.Г-т хэлсэн, улмаар Ч.Г- нь 50.000 төгрөгийг хэрхэн яаж хэнээс авч, хэнд өгсөн тухай үйл баримтыг агуулгын хувьд зөрүүгүй, дэс дараалалтай, тодорхой мэдүүлсэн болох нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Гэрч Ч.Г-, Б. Э-, Т.О-, Ш.Т нар нь гэр бүл хамаатан садан хүмүүс бөгөөд шүүх хуралдаанд өмнөх өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй, урьд мэдүүлээгүй нөхцөл байдал болох Цогт-Эрдэнэ гэх хүнтэй хамт мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн. Мөн Ч.Г- модыг нэг хонож бэлтгэж ирсэн гэж байгаа бол Б.Э- өглөө явж орой ирсэн гэж мэдүүлсэн, Ш.Т нь 3 хонож мод бэлтгэсэн гэх байдлаар зөрүүтэй мэдүүлсэн. Мөн Ш.Т цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн, Б.Э- дэлгүүрээс мөнгө авахдаа хамт очсон, мөнгийг пос машинаас карт уншуулж авсан гэх, данс руу шилжүүлж авсан гэх мэтээр илтэд зөрүүтэй худал мэдүүлсэн нь тогтоогдоно. /давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны гэр асуусан хэсгийн видео бичлэгийг бүрэн үзэж судлуулах шаардлагатай/ Дэлгүүрийн эзний буюу данс эзэмшигчээс мөнгө бэлэн авсан эсхүл бараа авсан зэргийг тодруулах юм бол Б.Э-, Ч.Г- нарын худал мэдүүлсэн нь тогтоогдоно. Мөн Т.О- нь худал мэдүүлсэн нь цаг хугацааны хувьд үгүйсгэгдсэн талаар шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Гэрч Ч.Г-ын ажилладаг модны үйлдвэрийн эзэн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан ба тухайн гомдол мэдээлэл гаргагч нь шүүгдэгч нартай хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь Ц  сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Ч.Г-ын ажиллаг модны үйлдвэрт тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хууль ёсны дагуу тавьж байсан. Тус модны үйлдвэрийн эзэн У.На-ын эхнэр Х.Ц- нь И.Х-, С.Б- нарт өс санаж ийм гомдол гаргуулсан гэх нөхцөл байдлыг шүүгдэгч нар тайлбарлаж байгаа.

7.8. Гэрч С.С нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаандаа шүүгдэгч нарыг Ц  сумын төвд байгаагүй гэдгийг нотлох шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь цагдаагийн ажилтан П.Баярсайхан, сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А, Б.С, А.М, Х.С, Ж.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн баримт болон тухайн үед томилолтоор ажиллахаар болсон удирдамж, томилолт, тайлан, илтгэх хуудас, фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх үнэлээгүй нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

7.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            9. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нарын өмгөөлөгч С.Нургайыптай хамтран гаргасан, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтайн дангаараа гаргасан давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянасан байх, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг бүх талаас нь эргэлзээгүй тогтоох, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн сэргээх ба энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

 

10. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагаа хууль ёсны гэж тооцогдох үндсэн шалгуурын нэг болно.

 

            11. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

 

            Гэтэл И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтаас гадна хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хэргийн бусад нөхцөл байдлуудыг сэргээн тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байна.

 

            12. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/297 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар “Баян-Өлгий аймгийн Ц  сумын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нарын хамт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамт ажилласан эсэх, холбогдох цагдаагийн албан хаагч нараас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

 

            13. Хэргийг хүлээж авсан прокурор И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсний дараа шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлийн хүрээнд мөрдөгчөөс Ц сумын хэсгийн төлөөлөгч ажилтай И.Хасбаатараас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мэдүүлэгт тэрээр “2022 оны 9 сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. 2022 оны 9, 10 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Ц  сумын нутагт байгаль хамгаалагч нартай цуг эргүүл, шалгалт хийхээр удирдамж төлөвлөгөө боловсруулж цуг эргүүл, шалгалт хийсэн зүйл байхгүй” гэж мэдүүлснээс өөр шүүгчийн захирамжид дурдсан хэргийн нөхцөл байдлыг өөр нотолгооны хэрэгслүүдээр нягталж, шалгасан, уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зүйл байхгүй байна. Мөрдөгчөөс хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол үйлдэн прокуророос хүлээн авч, шүүгчийн захирамжид заасан тухайлсан дээрх асуудлаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөвхөн нэг гэрчээс мэдүүлэг авсан, өөр ажиллагаа хийгээгүй атлаа хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн саналаар прокурорт буцаан шилжүүлснийг шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            14. Хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөгчөөс хүлээж авсан прокурор 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ гэрч И.Хасбаатарын дээрх мэдүүлгийг яллах үндэслэл болгосон бөгөөд гагцхүү түүний мэдүүлгээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан “2023 оны 9, 10 дугаар сард байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нарын хамт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамт ажилласан эсэх” гэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй байхад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж бодитой биелэгдсэн эсэх, хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мөрдөгч нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг шалгаж, хянах үүргээ прокурор хангалтгүй биелүүлжээ.

 

            15. Мөрдөгчийн саналаар хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө хавтаст хэргийн материалыг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч С.Нургайыпт 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан, энэ хугацаанд буюу хэргийг шүүхэд шилжүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс цагаатгах талын нотлох баримтуудыг гаргаж өгөх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны журмаар цуглуулах хүсэлт гаргах эрхтэй, боломжтой боловч энэ талаар оролцогчоос хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл нотлох баримт, хүсэлт гаргаагүй, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэх хүсэлтийн хамт шүүгдэгч С.Б- нь сумын Засаг дарга Т.А, байгаль хамгаалагч И.Х- нарын үйлдсэн “Ц  сумын байгаль хамгаалагчийн 10 дугаар сарын тайлан”-г гэрэл зургуудын хамт, тус Ц  сумын Засаг дарга баталж, байгаль хамгаалагч И.Х-н үйлдсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт, шалгалт хийх тухай удирдамж, 2022 онд Баян-Өлгий аймгийн Ц  сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан гэх П.Баярсайханы /РД:********/ бичиж, үнэн зөвийг нь нотариатчаар гэрчлүүлсэн “...ажиллаж байх хугацаанд Ц  сумын Засаг даргын захирамжийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 13-ний хооронд байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нартай хамт хяналт шалгалт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэй уулзаж, яриа таниулга хийж ажиллах хугацаанд ямар нэгэн хэрэг, зөрчил илрээгүй болно” гэх баримт тодорхойлолт, иргэн Х.С-ийн нотариатчаар гэрчлүүлсэн “...манай гэр 2022 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл Ц  сумын Ховдын хавцал гэх газар намаржиж байсан. Тухайн үед буюу 2022 оны 10 сарын 11-ний орой сумын хэсгийн цагдаа П.Баярсайхан, байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нар нь ажлаар явж байна хэмээн манай гэрт ирж хоноод явсан нь үнэн болно” гэх баримт тодорхойлолт, мөн иргэн Ж.Ж, Ц  сумын Засаг даргаар ажиллаж байсан гэх Т.А нарын баримт тодорхойлолт, Ц  сумын байгаль хамгаалагч И.Х-н 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нарын жилийн эцсийн бичмэл тайлан, түүнд хавсаргасан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

            Ц  сумын Засаг дарга Т.А баталж, байгаль хамгаалагч И.Х-н үйлдсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн 1-т “Ховдын Хавцал ...” гэж, 2-т “Шалгалтын хэсгийн ахлагч ... И.Х-, гишүүнээр Ц  сумын цагдаа дэд ахлагч П.Баярсайхан, байгаль хамгаалагч С.Б- нар” гэж, 4-т “Шалгалт хийх хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл 3 хоног” гэж тус тус тусгагджээ.

 

            16. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны үед дээр дурдсан, баримтат мэдээллүүдэд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгагдсан нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокуророос мөрдөн шалгаж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх боломжтой байсан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчим алдагдах нөхцөл, шалтгаан болсон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            17. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэргийн үйл баримт болон түүнийг тогтооход шаардагдах яллах болон цагаатгах нөхцөл байдлуудыг зэрэгцүүлэн эргэлзээгүй тогтоох, хэргийн бодит байдал, болж өнгөрсөн үйл баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоох үүрэгтэй боловч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо гагцхүү яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэн, харин шүүгдэгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа оролцогчоос гаргаж өгсөн баримтууд,  тэдгээрийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэлүүдийг шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

            Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудыг хангаагүй шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар хүчингүй болгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилжээ.

 

            18. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Алтайн “хэргийн үнэн зөвийг олж тогтоон, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг дутуу шалгасан” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаагүй гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч И.Х-, С.Б- нарын өмгөөлөгч С.Нургайыптай хамтран гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч И.Х-, С.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК