МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа * аймаг дахь Политехникийн коллеж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.*******,
Хариуцагч: Булган аймаг дахь Төрийн Аудитын газар,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.*******,
Хариуцагч: Булган аймаг дахь Төрийн аудитын газрын менежер У.******* нарын хоорондын “Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” болон 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/81 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 04/84 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугааруудтай “Зөрчил арилгах тухай”, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн захирал Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Булган аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч тус Төрийн аудитын газрын менежер У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллеж нь Булган аймаг дахь Төрийн Аудитын газарт холбогдуулан “Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” болон 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/81 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 04/84 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугаарууд бүхий “Зөрчил арилгах тухай”, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252) дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
- Булган аймаг дахь Төрийн Аудитын газар нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитыг 2025 оны 02 дугаар сард хийжээ.
- Тус аудитаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг, мөн сарын 24-ний өдөр[1] 01/81 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 04/84 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугаарууд бүхий “Зөрчил арилгах тухай”, 03 дугаар сарын 19-ний өдөр 06/145[2] (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагуудыг тус тус гаргасан байна.
- Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актуудыг хүчингүй болгуулахыг хүсч буй нэхэмжлэлээ 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
- Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.3 буюу "Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох" гэсэн заалттай нийцээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор * аймаг дахь МСҮТ, ХАА-н МСҮТ-ийг нэгтгэн ХААИС-ийн харьяа * аймаг дахь Политехник коллеж болгон нэгтгэсэн бөгөөд уг тогтоолын 8.1-д "өөрчлөн байгуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах хүний нөөцийг хөгжүүлэх, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, хуульд заасан нийгмийн баталгааг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх" гэж заасны дагуу Политехник коллежийн Захирлын 2024 оны А/01 дугаар тушаалаар нийт багш, ажилтнуудыг Политехник коллежид шилжүүлэн цалингийн сүлжээ, хэмжээг тогтоож 2024 онд орон тоог хэтрүүлээгүй буюу захиргааны ажилтнуудын давхардлыг арилгаж, ажил олгогчийн санаачилгаар нэг ч хүнийг ажлаас чөлөөлөөгүй, сул гарсан орон тоонд дотооддоо зохицуулалт хийж зэрэг хавсран гүйцэтгүүлэх зэргээр төсвийн үр ашигтай байдлыг хангаж ажилласны үр дүнд цалингийн сангийн 94,5 сая төгрөгийн хэмнэлт үүсгэж үүнээс нийт багш, ажилтнуудад 46,2 сая төгрөгөөр нийгмийн баталгааг нь хангах зорилгоор түлээ, нүүрсний хөнгөлөлтийг холбогдох хуулийн дагуу олгосон нь дээрх төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг зөрчсөн бус хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан гэж үзэж байна. Бүтэц, орон тооны хувьд Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолын 8.1-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарт багтаан 95 багш, ажилтныг МСҮТ болон ХАА-н МСҮТ-ээс Политехник коллеж руу шилжүүлэн авсан. Төсвийн тухай хуулийн 11.1.3-т "төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох" нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, 14.2.12-т "эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох" нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн удирдлагын талаарх бүрэн эрхэд тус тус хамаарч байгаа бөгөөд 2020 оны А/185 дугаар тушаалаас хойш өнөөдрийг хүртэл дээрх эрх бүхий Засгийн газрын гишүүд бүтэц, орон тооны талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг төсвийн шууд захирагчийн хувьд дур мэдэн шийдвэрлэх боломжгүй юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай тушаалын төслийн хэлэлцүүлэг хийж санал авах тухай Боловсролын сайдын 2025 оны 02 сарын 12-ний өдрийн 1/573 тоот албан бичгээр санал авч, 2025 оны 03 сарын 11-ний өдөр цахимаар дахин санал авсан байдалтай байгаа тул Аудитын дүгнэлтийн үндэслэл нь хуульд нийцээгүй гэж,
Төсвийн тухай хуулийн 16.5.5 буюу "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалттай нийцээгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. 2024 оны төсвийг холбогдох эрх зүйн хүрээнд Сангийн сайдын 2021 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан "Зардлын эдийн засгийн ангилал ашиглах заавар"-ын дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд Булган аймгийн Төрийн сангийн хэлтсээр тухай бүр гүйлгээг холбогдох нотолгооны хамт хянуулан батлуулж ажилласан тул Аудитын дүгнэлтийн үндэслэл нь хуульд нийцээгүй...
-Аудитаар илрүүлсэн алдаа зөрчилтэй асуудлын бүртгэл”-ийн 7-д захиралд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгөх гэснээс албан шаардлага нь бичигдээгүй огноо дугаар нь тодорхойгүй байсан... Уг албан шаардлагыг... 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 дугаартай гарсныг олж мэдлээ. Албан шаардлагын үндэслэл нь дотуур байрны хүүхдийн хоолны материал, нүүрс худалдан авах ажиллагаанд тендер дахин зарлаагүй шууд гэрээ байгуулсан буруутай гэж ХААИС-ийн харъяа... Политехникийн коллежийн захирал Н.*******д “сахилгын шийтгэл” оногдуулахаар албан шаардлага гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй хирнээ шууд арга хэмжээ авахаар шаардлага хүргүүлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай хязгаарлалттай дүгнэлтээс эхлэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж явъя. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д ...төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хуульчилсан байгаа. Энэ заалтыг миний зүгээс огт зөрчөөгүй. 2024 онд батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Мөн батлагдсан орон тооны дээд хязгаарыг хэтрүүлээгүй, харин ч орон тоог багасгаж хэмнэж ажилласан. Давхардсан албан тушаалуудыг нэг болгон цалингийн төсвийг хэмнэж ажилласан байгаа. Тодруулахын бол Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан хоёр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нэгдэж нэг коллеж болсон байгаа. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан. Зориулалтын бусаар ашигласан зүйл огт байхгүй. Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэл хэсэг нь Үндэсний аудитын газрын албан бичгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5-д заасныг зөрчөөгүй байна гэсэн байгаа. Мөн хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэл хэсэг болон дүгнэлт хэсэг хоёр хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй байгаад байна. Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Политехник коллеж болсон ба Боловсролын ерөнхий газраас бүтэц орон тоог шинэчлэн баталж өгөөгүй байна гэсэн байгаа. Тийм учраас хязгаарлалттай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус гэж үзээд байгаа юм. Дараагийн дугаарт 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 дугаартай албан шаардлагыг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад шүүхийн зүгээс түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Шүүхийн захирамжийг өөрийн тайлбарын хамт Боловсролын ерөнхий газарт хүргүүлэхэд тухайн шүүхийн захирамжид дурдагдсан албан шаардлагын дугаар, манайд анх ирүүлсэн албан шаардлагын дугаартай зөрүүтэй байна гэх тайлбарыг ирүүлсэн байгаа. 2025.06.23-ны өдрийн албан бичгээр уг албан шаардлагыг Боловсролын ерөнхий газраас авахад 01/145 дугаартай албан шаардлага гэж хүргүүлсэн байна. Тэгсэн мөртлөө шүүхэд гаргаж өгсөн албан шаардлага нь 06/145 дугаартай албан шаардлага яваад байна. Тэгэхээр энэ хоёрын алийг нь хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэх вэ? гэдэг нь их эргэлзээтэй байгаад байна. Ямар ч байсан шүүхэд ирүүлсэн 06/145 дугаартай албан шаардлагатай холбоотой тайлбараа хэлье. Тендер буюу худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй гэж дээрх албан шаардлагад дүгнэсэн байсан. Политехник коллежийн захирлын А/08 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулсан. Уг Үнэлгээний хороо нь хуралдаад тухайн жилд худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг үйлдэж захирлаар батлуулаад тухайн тендерийн баримт бичгийг баталгаажуулсан.
Үнэлгээний хорооны нарийн бичгийн ж-мэйл хаяг болон Үнэлгээний хорооны даргын цахим мэйлийг шалгахад 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 49 минутад тендерийн баримт бичгүүдийг PDF файл болгоод албан мэйл солилцсон түүхийг харахад цахим системд оруулсан болох нь харагдаж байна. Харин энэ дээр Үнэлгээний хорооны гишүүд тухайн цаг хугацаанд тендерийн баримт бичгийг цахим системд оруулахдаа андуурсан өөр файл оруулсан байна. Түүнээс биш манай байгууллагын удирдлагаас огт буруу зөрүү, хуулийн хугацаа хэтрүүлсэн зүйл огт байхгүй. Тендерийн зарын дагуу манайд ирсэн материалыг үндэслэн нүүрс бэлтгэн нийлүүлэгчийг шалгаруулж зөвлөмж гаргасан. Уг Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу “Ариун ган бумба” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж халаалтын зуухны нүүрсийг бэлтгэн нийлүүлэхээр болсон байна. Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжөөр дотуур байрны сурагчдын хоол хүнсний асуудал 3 багц болгон иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаруулсан. Ингээд Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/36 дугаар захирлын тушаалаар нэг иргэн, хоёр аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, худалдан авах ажиллагааг хийж ажилласан. Энэ ажиллагааг цахимаар зарлаагүй гэж зөрчил болгон шаардлага хүргүүлсэн байгаа. Бидний хувьд цахимаар худалдан авах ажиллагааны талаар зарлал тавьж хуулийн шаардлагыг хангасан. Гэтэл бидэнд цахимаар аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нэг ч үнийн санал, баримт материалаа ирүүлээгүй. Харин Үнэлгээний хороонд хувиараа бизнес эрхэлдэг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд цаасан хэлбэрээр үнийн санал бүхий баримт, материалуудаа ирүүлсэн байсан тул тухайн ирүүлсэн материалуудаас шалгаруулж нэг байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. Манай аймгийн хэмжээнд махны чиглэлээр 2-3-хан аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хүмүүсээс цахимаар боловсролын байгууллагуудын хүүхдүүдийн хоолны тендерт оролцож байсан эсэхийг судалгаа авч үзэхэд боловсролын байгууллагуудын цахим тендерт цахимаар огт оролцож байгаагүй гэдэг. Жишээлбэл Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Хангал, Хялганат, Бугат, Дашинчилэн зэрэг сумдууд хүүхдийн өдрийн хоолны асуудал дээр 6-13 удаа цахим системд урилга нийтлэхэд нэг ч оролцогч ороогүй тул амжилтгүй болсон гэх тайлан судалгаа байна. Ганцхан Тэшиг сумын зар дээр 1, 2 хоёр гүйцэтгэгч орсон байдаг. Гэтэл Аудитын газар болохоор биднийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан гэж үзээд байна. Бид цахимд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Яагаад гүйцэтгэгч нар цахимаар орж ирэхгүй байгаа юм бэ? гэхээр тодорхой шалтгаанууд байдаг. Үүнд: Засгийн газрын 492 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 4300 төгрөгөөр баталсан. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд өдөрт 4300 төгрөгөөр өдрийн 3 удаа хоол хийж өгөх болчихоод байгаа юм. Гэтэл 2024, 2025 онуудад нэг таваг хоолны үнэ ямар байгаа билээ?, та бүхэн бүгдээрээ мэднэ шүү дээ. Зах зээл дээр нэг таваг хоолны үнэ 15.0 мянгаас 20.0 мянган төгрөг байгаа. Мах ямар үнэтэй байгаа билээ. Нэг кг үхэр, хонины мах доод тал нь 14,000 төгрөгийн үнэтэй байгаа. Үүнээс доош үнэтэй байх ямар ч боломжгүй гэж махны худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд илэрхийлдэг. Гэтэл дээрх Засгийн газрын тогтоолын дагуу мах худалдан авах болоход нэг кг махыг 13,000-13,500 төгрөгөөр авах шаардлага тулгардаг. Тэгээд бид 13,500 төгрөгөөр мах нийлүүлээчээ гэж мах худалдан борлуулдаг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд руу урилга хүргүүлэхээр бидэнд ямар ч ашиггүй тул оролцохгүй гээд татгалздаг. Манай Үнэлгээний хорооны гишүүд бүгд “А3”-н сертификаттай хуульд заасан шаардлагыг хангасан байгаа. Манай байгууллагын зүгээс 13,000 төгрөгөөр мах худалдан борлуулж байгаа иргэд, байгууллагыг хайж сураглаж явсаар байгаад олж очин худалдан авалт хийж арай гэж хүүхдүүддээ хоолыг нь хийж өгдөг. Гэтэл өнөөдөр би хүүхдүүддээ захирал нь тендерийн тухай хууль зөрчих гээд байна. Тийм учраас та бүхэнд хоол өгөх боломжгүй байна гэж хэлэх юм уу?. Би ямар ч аргаар хамаагүй хямд чанартай мах олж авч ирээд хүүхдүүдийн хоолыг залгуулъя, сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ийм эрсдэлтэй байнга тулгарч байна. Манай зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 дахь удаагаа хүүхдийн хоолны мах нийлүүлэх худалдан авах ажиллагааны урилгыг цахимд оруулахад нэг ч иргэн, аж ахуй нэгж байгууллага оролцоогүй, амжилтгүй дуусгавар болоод явж байна. Өнөөдөр бүхий л боловсролын байгууллагууд ийм байдалтай байгаа. Гэтэл Булган аймгийн Төрийн аудитын газар зөвхөн манайхыг фокуслаж албан шаардлага хүргүүлээд акт тавиад байгааг сайн ойлгож өгөхгүй байна.
Надад хариуцлага тооцуулах тухай албан шаардлага ирүүлсэн байгаа учир миний ажил мэргэжилтэй холбоотой зүйл яригдана. Надад хуулийн дагуу албан шаардлага хүргүүлэхдээ сонсох ажиллагаа огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1..., 26.2..., 27 дугаар зүйлийн 27.2 ..., 27.2.1... хуульчилсан байна. Аудитор маань хүчингүй болсон сайдын тушаалыг бариад албан шаардлага, акт бичсэн байна. 23-ны өдөр аудитор ******* над руу утсаар яриад орой ирж уулзаач, танай байгууллагын баримтуудыг шалгаж байна гэж хэлсэн. Тэгээд очиж уулзахад аудитор надад хүнс, нүүрс авах тендер зарлаагүй, шууд худалдан авалт хийж хууль зөрчсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би манайх тендер зарласан, Үнэлгээний хороо байгуулсан, тушаал гаргаад гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Энэ талаарх баримтууд нь тухайн үед шалгаж байсан баримтууд дотор нь байсан. 27, 28-ны өдөр ирүүлсэн албан шаардлагатай бидний гаргаж өгсөн баримтуудыг авч хэлэлцээгүй, ерөөсөө л албан шаардлага өгнө, захиралд нь акт тавина гэсэн шийдвэрээ гаргасан... Бүхэл бүтэн төрийн байгууллага руу албан шаардлага явуулж байж засвартай, алдаатай зүйл явуулаад байдаг... Хагас жилийн болон жилийн эцсийн албан шаардлагатай холбоотой тайлбараа хэлье... 01/81, 04/84 дугаартай албан шаардлагууд бол бараа материалтай холбоотой эд хөрөнгийн тооллогыг үндсэн хөрөнгө дээр үнэн зөв бүртгээгүй байна гэж дүгнэсэн байсан. Жилийн эцсийн тооллогын хувьд сургуулийн захирлын зүгээс комисс томилж тооллого хийлгэсэн. Аудитын газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгөө тоолж дууссан атлаа 25-с 31-ний өдрийн хооронд гарсан хөдөлгөөнийг бүртгэсэн байна гэж буруутгасан. Гэтэл манай сургуулийн зүгээс 25-ны өдөр тооллого дуусаагүй байсан. Тухайн үед тооллого үргэлжлэн явагдаж байсан талаар тухайн үеийн Тооллогын комиссын хоёр гишүүнээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан байгаа. Мөн Тооллогын комиссын гишүүд гар утсаараа программ ашиглаж тооллого хийж байсан цаг хугацааны баримтыг зураг хэлбэрээр гаргаж хэрэгт баримтаар хавсаргасан байгаа. Эдгээр нотлох баримтуудыг харахад тооллого 2025 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжлээд явагдсан гэж харагдаж байгаа. Булган аймгийн Боловсролын газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01/653 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт тус газрын үндсэн хөрөнгөөс 20,302,249 төгрөгийн тоног, төхөөрөмж бараа материалыг блансаас бланс хооронд шилжүүлж холбогдох баримт бичгийг хүргүүлэв гэсэн байдаг. Мөн дахиад бараа материалын хувьд 25-ны өдөр тооллого дуусаад тайлан гаргасан атлаа хөрөнгө, мөнгөний хөдөлгөөн хийсэн гэж буруутгасан. 2024 оны төсвийн хувьд хуваарийн дагуу хөрөнгө, мөнгөө цагтаа өгөөгүй, хойш сунжирч явсаар байгаад оны эцсээр орж ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 25-аас 31-ний өдрийн хооронд зайлшгүй худалдан авалтууд хийгдсэн ба энэ нь тайлан тооцоо, хөрөнгийн тооллого хойшлох болсон бас нэг шалтгаан болсон байгаа. Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал гээд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт дээд газраас орж ирсэн. Ингээд уг мөнгийг төрийн сан хаагдахаас өмнө тухайн ондоо багтаан зарцуулах зайлшгүй хийгдэх зарлагууд байсан тул гүйлгээ хийж зарцуулсан. Тийм учраас энэхүү зөрчлүүдийг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм... Зөвхөн тооллогын комиссын гишүүдийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгав гэсэн ганцхан бичвэрийн төлөө 2-3 удаа албан шаардлагыг манай сургууль дээр Аудитын газраас тавиад байна. Үүн дээр би энэ бол механик алдаа болсон, тооллого дуусаагүй байгаа гэж тайлбараа хэлээд нотлох баримтаа өгсөн. Өөрсдөө болохоор зөрчилтэй, засвартай албан шаардлагууд гаргадаг атлаа биднийг техникийн шинжтэй алдаа гаргахаар ойлгохгүй, зөрчил гэж үзээд байгаа нь ялгавартай тэгш бус хандаж байна гэж үзэхээр байна.
...02/82, 03/83 дугаартай албан шаардлагуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хэсгээсээ татгалзаж байна. Албан шаардлагуудын огноо засвартай холбоотой асуудлын хувьд дан ганц энэ удаа гаргаж байгаа асуудал биш юм. Ноднин бас огнооны засвартай асуудал гарч байсан. Ачаалал ихтэй гэх шалтгаанаар төсвийн шууд захирагчийн үүргийг шууд зөрчих асуудал үүсгэдэг. Тэгэхээр 24-ний асуудал бол өөрөө техникийн алдаа бол биш юм. Өөрсдөө хуулийн цаг хугацаанд тааруулан баллаж сохлон алдаатай зүйл гаргаад байна. Төрийн аудитын үйл ажиллагааг шалгадаг дээд шатны байгууллага байхгүй. Тийм учраас ямар ч алдаа гаргасан бидний эрхийн асуудал гэх маягаар асуудалд хандаж болохгүй. Энэхүү тушаал нь Сангийн сайдын тушаалаар хүчингүй болсон байсан. А/229 гэсэн анх ирүүлсэн албан бичгээ дараа нь ирүүлэхдээ зассан байна. Тэгэхээр өөрсдөө бол алдаагаа чөлөөтэй засаж залруулаад яваад байдаг. Гэтэл шалгуулагч байгууллага болохоор алдаа гаргаж болдоггүй. Гэхдээ манай байгууллага ноцтой алдаа гаргаагүй гэж үзэж байна. Өнөөдөр энэ албан шаардлагыг түдгэлзүүлэх хүсэлтийг бид гаргаагүй байсан бол бид нар мэдэхгүй л өнгөрөх байсан байх. Зассан акт маань хүчин төгөлдөр гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна” гэв.
4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч 02/82, 03/83 дугаартай албан шаардлагуудыг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа юм байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгох нэхэмжлэл нь хэвээрээ байгаа юм байна. 02.24-ний өдөр гэсэн огноотой албан шаардлагаа 28-ны өдөр гэсэн огноо болгон зассан байдаг. Нэг талаасаа адилхан мэт боловч үр дагаврын хувьд өөр өөр байна. 2025.01.03-ны өдөр хүртэл 2024 оны хөрөнгийн тооллого үргэлжилсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудаар нотлогдож байна. Хязгаарлалттай дүгнэлтийн гол үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Албан шаардлага өгөх, акт тавих зэрэг асуудалд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх гэх тусгай зарчмыг баримтлах ёстой гэж заасан байна. Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг бүрт Н.*******д тулгарч байгаа асуудлууд байдаг. Боловсролын газраас цахим тендер шалгаруулалттай холбоотой судалгааг авч үзэхэд цахим тендерийг дор хаяж 7-8 удаа зарласан байдаг. Гэтэл нэг ч аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцоогүй байдаг юм байна. Иймд хүчингүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
5. Хариуцагч Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлийг нэхэмжлэгч тал уншиж танилцууллаа. Танилцуулагдаагүй хэсгийг тайлбарлая. Жилийн эцсийн тооллогыг үнэн зөв хийгээгүй, дотуур байрны хүүхдүүдийн хоол, хүнс, нүүрс худалдан авах тендерийг хуулийн дагуу зохион байгуулаагүй зэрэг зөрчлүүд нь хязгаарлалттай дүгнэлт гаргах үндэслэл болсон юм. Энэ үндэслэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас Үндэсний аудитын газарт гомдол гаргасан. Бид нарын ажил бол эрсдэлтэй гэсэн асуудлууд дээрээ түүврийн горим сорилт буюу нотлох баримтуудыг тулгалт хийж явдаг. Дугаарын хувьд газрын хэмжээнд дандаа өссөн дүнгээр явдаг. Өөрөөр хэлбэл акт, албан шаардлага зэрэг эрх зүйн актуудын дугаар өсөж явдаг гэсэн үг юм. Дугаарын өмнөх 1, 2 гэсэн тоо нь тухайн байгууллага дээр гаргаж байгаа хэд дэх албан шаардлага, хэд дэх акт болохыг илэрхийлдэг байгаа. Засвар орсон асуудлын хувьд 23-ны өдөр шалгагдагч байгууллагын захирлыг дуудаж тайлбарласан. Санхүү, тайлан гэдэг маань төсвийн тухай хуулиар цаглабартай хугацаа зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч байгууллагыг шалгах хуваарийг 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэхээр хийсэн байгаа. Хуваарийг аудиторууд өөрсдөө гаргадаг. Нэг аудитор дээр нэлээн олон байгууллага шалгагддаг. Энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байгаа. 1 аудитор 20 орчим байгууллагыг 1 сарын дотор шалгана гэхээр нэлээдгүй цаг хугацаа зарцуулж, нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгардаг. Нэхэмжлэгч тал бидний товлосон хугацаанд ирээгүй ба яагаад ирээгүй вэ? гэхээр Боловсролын ерөнхий газраас үнэлгээ, шалгалтын комисс ирчихсэн ажиллаж байгаа гэсэн тул тэгвэл та хэд надад санхүүгийн тайлангаа авч ирээд өгчих, би олон улсын стандартын дагуу шалгаж байя гэсэн. Яагаад бид нар нягтлантай ч юм уу?, няравтай цуг сууж тулгалт хийдэг вэ? гэхээр тухайн баримтуудыг засах , солих, эсхүл ийм баримт байгаа, байхгүй гэдэг асуудлууд их гардаг. Дотуур байрны хүүхдүүдийн хоолны хүнсний материал болон нүүрс худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй гэсэн зөрчил илэрсэн. Үүнийг бол Үндэсний аудитын газраас хариу ирүүлэхдээ дээрх алдаа зөрчил мөн юм. Алдаа зөрчлийг зөв илрүүлэн тусгасан боловч хуулийн зүйл заалтаа алдаатай буруу илэрхийлсэн гэдгийг хэлсэн. 03/83 дугаартай албан шаардлагын хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 266 дугаартай блансаас бланс руу шилжүүл гэсэн тогтоол ирсэн. Мэдээж хоёр байгууллага нийлж байгаа тул хөрөнгө нэг болно. Танай дээр нэг болгох ямар шийдвэр ирсэн юм бэ? тэр шийдвэрийг чинь үзье гэж байж шийдвэрийг нь нягтлангаас авсан. Блансаас блансад шилжүүл гэдэг маань өөрөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор зохицуулагдсан байгаа. Уг тогтоолд зааснаар үл хөдлөх хөрөнгө болон их хэмжээний хөдлөх хөрөнгийг блансаас бланс руу шилжүүлэх тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан хөрөнгө хүлээлцэх ажлыг зохион байгуулж болно гэж заасан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ” гэж, 12.2.5-д “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэр гарсан...” гэж тус тус хуульчилсан байгаа. Миний бие нэхэмжлэгч байгууллагаас хагас жилийн хөрөнгө тооллогын талаарх баримт нотолгоогоо заавал ирүүл гэж албадаж яриагүй. Танайх бүтцийн хувьд өөрчлөлт орж байгаа тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийсэн байх шаардлагатай гээд тооллогын баримтаа авч ир гэхэд баримтаа авчирч өгсөн... 01/81, 04/84 дугаартай албан шаардлагын хувьд жилийн эцсийн тооллогын түүврийн горим сорилоо идэвхжүүлээд бараа материал, үндсэн хөрөнгө гэж салгаж ялгах ёстой гэж тайлбарласан. Тооллогын комиссын илтгэх хуудас дээр тооллогыг 2025.12.19-өөс 2025.12.25-ны өдөр хийж гүйцэтгэсэн гэсэн байдаг. Бидний зүгээс танайх заавал 25-ны өдөр гэхэд тооллогоо дуусгасан байх ёстой гэж хэлээгүй. Тухайн хөрөнгө яг газар дээрээ байна уу?, байхгүй байна уу? гэдгийг нягтлан, нярав нарын оролцоогүйгээр тоолдог ажиллагааг тооллого гээд байгаа юм. Нягтлан, нярав нар энэ хөрөнгө маань энэ шүү гэж хөндлөнгийн зүгээс оролцоод хөрөнгөө зааж өгч болно. Гэтэл Тооллогын комисс дотор нягтлан, нярав нар орчихсон явж байсан. 31-ний өдрийг хүртэлх ямар ажил хийсэн бэ?, ямар тооллого хийсэн бэ? гэхээр ямар ч зүйл дуугарахгүй байсан. Мэдээж эдний байгууллага нийтдээ 4 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй тул тооллого хийхэд хэцүү болохыг ойлгож мэдэж байна. Нягтлан үнэн зөв мэдээллээр хангаагүй байдлаасаа болоод ийм зөрчлүүд гарсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Сүүлд ирүүлсэн хурлын тэмдэглэл дээр харахад бас л Өмч хамгаалах зөвлөлийн гишүүд бас өөрчлөгдсөн байсан. 20 сая төгрөгийн хөрөнгийг 7 дугаар сард авсан байж 12 дугаар сард авсан гэж тайлагнасан байсан. Энэ бол яалт ч үгүй зөрчил юм. 8 гэсэн дугаартай Тооллогын комиссын хурлын тэмдэглэлийг намайг шалгах хугацаанд надад огт үзүүлээгүй. Энэ хурлын тэмдэглэлийг харахад Өмч хамгаалах зөвлөлийн гишүүд бас өөрчлөгдсөн байсан. Тэгэхээр нь бид нар Өмч хамгаалах зөвлөл хэзээ, хэдэн удаа өөрчлөгдсөн бэ? гэх нотлох баримтуудыг шаардахад ямар ч баримт гаргаж өгөөгүй. Тендерийн материалыг үзээгүй байж яагаад зөрчил гэж үзээд байгаа юм бэ? гэж нэхэмжлэгч тал хэлээд байна. Учир нь 2024 оноос эхлээд тендерийн тухай хууль маань шинэчлэгдэн батлагдаж тендерийг цахимаар явуулна гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал тендерээ нээгээд урилгаа байршуулж, амжилтгүй болсон, эсхүл амжилттай болсон бол үр дүнгийн талаарх мэдээллийг 15 хоногийн дотор цахим системд оруулах ёстой гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр зааж өгсөн байтал нэхэмжлэгч тал үр дүнгийн асуудал болон гэрээгээ огт цахимд мэдээлэл оруулаагүй байсан.
Хуулийн хугацаа бол 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор шалгасан материалын талаар зөвлөмж, дүгнэлт, хариу гарсан байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын нярав, нягтлан 14-өөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ирээгүй. Нягтлан нь ирэхгүй байсан болохоор захирал руу утсаар залгаж хэлэхэд захирал нь ирж уулзахад нь... аман тайлбараар ийм ийм учиртай гэж тайлбарласан. Санхүү тайлангийн аудит учраас аман тайлбарт тулгуурладаггүй юм. Зөвхөн нотлох баримтад үндэслэж дүгнэлт гаргадаг. Манай зүгээс хэн нэгний нөлөөнд автаж буруу шалгана гэж байхгүй... Ер нь бол бидний зүгээс ийм ийм учиртай танайх ийм ийм баримтуудаа аваад ирээчээ гэхээр аваад ирье гэж явчихаад ирдэггүй байсан. Хариуцлага тооцох ажил дээр сонсох ажиллагаа хийгээгүй гээд байна. Нягтлан бодох бүртгэлийн асуудал тул заавал сонсох ажиллагаа хийгээд байх шаардлагагүй байдаг юм. Шаардлага хүргүүлээд хариу тайлбар авсан учир хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс хариу тайлбарыг бичмэл хэлбэрээр авчихсан учир сонсох ажиллагаа хийгдэх шаардлагагүй гэж үзсэн байгаа... Албан шаардлагын хувьд Монгол Улсын Ерөнхий аудиторын А/95 дугаар тушаалаар баталсан журмын дагуу гарсан бөгөөд алдаа зөрчил илрүүлсэн тохиолдолд тэр дор нь залруулга хийлгэх ёстой. Залруулахгүй гэвэл ямар алдаа зөрчил гэхээсээ хамаараад албан шаардлага өгөх үү, зөвлөмж өгөх үү? гэдэг нь шийдэгддэг юм” гэв.
5.1. Хамтран хариуцагч Булган аймаг дахь Төрийн Аудитын газрын менежер У.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хязгаарлалттай дүгнэлтийн хувьд нэхэмжлэгч талаас нийцсэн гэж бичсэн атлаа зөрчилтэй дүгнэсэн нь хоёр өөр агуулгатай гэж яриад байна. Тодруулж хэлэхийн бол зөвхөн хууль, дүрэм, журмын дагуу шалгаад албан шаардлагуудын хэмжээнд байгаа зөрчлүүдийн хэмжээнд хязгаарлаад тайлан маань үнэн зөв гарчээ гэж дүгнэж байгаа эрх зүйн акт юм. Энэ бол мэргэжлийн үг хэллэгээрээ хэлээд ирэхээр нэхэмжлэгч тал буруу ойлгоод байх шиг байна. Манай зүгээс ийм ийм алдаа зөрчил илэрлээ. Үүнийг засаж сайжруулаад цаашид үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж, алдаагүй ажиллана уу? гэх шийдвэрийг гаргадаг онцлогтой байгууллага юм. Ийм учраас хязгаарлалттай дүгнэлт, албан шаардлагууд маань тодорхой хэмжээнд уялдаа холбоотой юм. Албан шаардлагуудыг бүгдийг нь хүчингүй болгоно гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Бидний зүгээс хууль, дүрэм, журамд заасан бүхий л арга хэрэгслээр тайлбар хийж, нэмэлт нотлох баримт байвал гаргаж өг, засаж янзлах зүйл байвал засаад өгчих, тайлбар байвал бичгээр гаргаж өг, аудитортай уулзаад засаж сайжруулах, эсхүл буруу зөрүү ойлголцсон зүйлүүдээ сайн хэлж өгнө үү? гэж тухайн үед ойлгомжтой тодорхой хэлсэн. Үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгө, авлага, өглөг гэж салж тус тусдаа тайлан тооцоо гарах учиртай. Ингээд ирэхээр энэ маань өөрөө нягтлан бодох бүртгэл, санхүү, олон улсын стандарт журмаараа тус тусад нь бүртгэж тоолох ёстой байтал тэгээгүй тул хоёр албан шаардлага болоод байгаа юм. Бид нар зориудаар хоёр албан шаардлага болгоод байгаа зүйл биш юм. Шийдвэр гаргахаасаа өмнө алдаа дутагдлаа залруулах, нэмж нотлох баримт тайлбараа гаргаж өг Үндэсний Аудитын газраас гаргасан гомдолтой холбогдуулан хүний захиалгаар биднийг унагаах гээд шалгасан гэж яриад байх юм... Төрийн аудитын газрыг захиалгатай үзлэг, шалгалт хийж байна гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна... Бүх ажиллагаа хуулийн хүрээнд болсон... 145 дугаартай албан шаардлагын 4.2.2 гэх заалтад залруулга хийгдээгүй байгаа. Шүүхээс албан ёсоор шийдвэр гарсны дараа залруулга хийх асуудал яригдана гэж бодож байна. Бид өөрсдөдөө олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шалгалт хийсэн байгаа. Ерөнхий аудитороос ямар ямар зүйлд албан шаардлага хүргүүлэх үү?, ямар ямар асуудалд акт тавих уу? гэдгийг тодорхой зааж журам гаргасан байдаг. Үүний дагуу л холбогдох албан шаардлага, акт тавигдсан байгаа” гэв.
6.Гэрч:
-
- Ч.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би байгууллагын 2024 оны жилийн эцсийн тооллогын комиссын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн жилийн эцсийн тооллогыг хийхдээ урьдчилж ажлаа төлөвлөж хийсэн. Ажлын хэсэг тооллогыг чанартай хийж гүйцэтгэх чиглэлээр хуралдаж байсан. Тус тооллогод 80-аад албан хаагч жилийн эцсийн тооллогод оролцох төлөвлөгөөтэй байсан. Тэгээд бага эд хөрөнгөтэй алба хаагч нараас тооллогыг эхлүүлсэн. Тоолох явцад цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тооллогын ажил саатсан. Тус тооллогоор багш, ажилтнуудын хөрөнгийг нэг бүрчлэн тоолсон. Учир нь хоёр байгууллага нэгдээд удаагүй байсан учир байгууллагын эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолсон. Байгууллагын хөрөнгийн тооллого бол 12 сарын 31-ний өдрөөр гарах ёстой. Бидний хувьд няравын гаргаж өгсөн жагсаалтын дагуу тоолж дүнг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр мэдээлэгдсэн байгаа. Ер нь бол манай тооллого он дамнасан болон цаг үеийн шинжтэй болон Боловсролын газраас балансаас балансад 20 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлэх зэрэг асуудлууд байсан учир тооллогыг 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл хийсэн. Илтгэх хуудсыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр бичсэн миний буруу байгаа юм. Байгууллагын үндсэн хөрөнгийн тооллогыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож дуусгасан. Байгууллагын өмч хамгаалах зөвлөлөөс комиссоос Боловсролын газраас мужаан болон компьютерын ангид тавих хөрөнгө шилжиж ирлээ гэсэн ба бид тооллогын явцад картжуулж бүртгэж тооллогын мэдээ тайландаа нэгтгэж тайлагнасан. ...2025 оны 01 сарын 03-ны өдөр хуралдсан талаарх материалыг санхүүгийн албанд өгсөн. Гэхдээ хурал хийсэн тэмдэглэлийн огноо нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр өгсөн. Эхлээд бол тооллогыг ажлын 7 хоногт багтаана гэсэн боловч цаг үеэс шалтгаалаад удсан. 2024 оны 12 сарын 24, 25-ны өдрүүдэд тооллого хийгээгүй. Бусад өдрүүдэд нь бол тоолж байсан. Ер нь 2024 оны 12 сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 сарын 03-ны өдрүүдийг хүртэл ажлын өдрүүдэд тоолсон. Дундуур ганц нэг ажлын өдрүүд болон амралтын өдөр тоолоогүй... Хөрөнгийн хувьд их байсан учир 01 сарын 02, 03-ны хавьцаа нэг өдөр тоолсон. Тушаалаар тооллого хийх хугацааг 2024 оны 12 сарын 25-ны өдөр гэсэн байсан учир түүгээр нь ойлгож тайлангаа тус огноогоор хийсэн байх. Боловсролын газраас балансаас балансад шилжүүлж ирсэн хөрөнгүүд нь ...Санхүүгийн баримтаар ирээгүй байсан...” гэжээ.
- Х.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Боловсролын газраас балансаас балансад 19.4 сая төгрөгийн хөрөнгө шилжүүлж байгаа талаар мэдсэн ба Өмч хамгаалах зөвлөлөөс Тооллогын комисст эд бараа материалын тоонд оруулж, эзэнжүүлж, эд хөрөнгийн картанд бүртгэж жилийн эцсийн тооллогын тайланд оруулж тайланд нэмж тусгахыг дуулгаж үүрэг болгосон Өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Боловсролын газрын албан бичигтэй хамт Тооллогын комисст ирүүлсэн. Жилийн эцсийн тооллогоор багш, ажилтнуудын хөрөнгийг нэг бүрчлэн нүдээр харж шигшин нарийвчлан тоолсон. Шинээр ирсэн хөрөнгө болон зарим багш ажилтнуудын ажлын зохион байгуулалттай холбоотой тооллогыг 1 сарын 03-ны өдөр дууссан. Тухайн үед тооллого хийж байх үеийн зураг гар утсан дээр байгаа. ...2025 оны 01 сарын 02-ны өглөө ажил цуглахад шинэ ирсэн хөрөнгийг нэмж тоолох бичиг ирсэн тул нэмж тоолох нь ээ гэж байсан. Яг хуралдаж тэмдэглэл гаргасан зүйл бол байхгүй. ... Өдрийг нь нарийн санахгүй байна. Няравыг ямартай ч хамгийн сүүлд тоолсон. ... Тушаалын дагуу бол 2024 оны 12 сарын 25-ны өдөр гээд дуусгах ёстой байсан ч зарим нэг мэргэжлийн багшаас шалтгаалаад 25-нд гэхэд дуусаагүй. ... Захирлын тушаалын дагуу ажлын хэсгээрээ 25-нд дуусгана гэж төлөвлөөд тооллогын тайлангийн нооргийг 25-ны өдрөөр гэж тавьсан байсан... Нэмэлтээр ирсэн хөрөнгийг мэргэжлийн багшийн эд хөрөнгийн бүртгэл дээр бүртгэсэн. Тооллого хийхдээ эд хөрөнгийн картны жагсаалтыг эзэмшигчтэй нэг бүрчлэн тулгаж тоолоод гарын үсэг зуруулсан. ...Тооллогын үйл ажиллагаа 2025 оны 01 сарын 03-нд дууссан. Ноорог тайлан бичиж байсан ба нэмж тайлангаа бичсэн. Тусдаа тайлан байхгүй. ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллеж /цаашид “Политехникийн коллеж” гэх/ нь анх “Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 312 дугаар Хязгаарлалттай дүгнэлтийн үндэслэлд заасан Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.5 дахь заалтад нийцээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд төсвийн шууд захирагчийн эрх, үүргээс шалтгаалаагүй, мөн төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж ажилласан тул уг дүгнэлтийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, мөн Аудитаар илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэлд туссан 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 01/81 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 04/84 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ А0670252) дугаарууд бүхий зөрчил арилгах тухай албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах” гэх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг Булган аймаг дахь Төрийн аудитын газар /цаашид “Төрийн аудитын газар” гэх/-т холбогдуулан гаргаж, маргаан үүсгэсэн.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 06/145 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252) дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
- Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагуудын “Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252) дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудыг хүчингүй болгуулах” гэх хэсгээс татгалзаж байгаагаа илэрхийлэв.
- Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу “Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/82 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252), 03/83 (БУА-2025/137/НА-СТА-ТШЗ A0670252) дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудыг хүчингүй болгуулах” гэх хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдсэн шаардлагад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулан шийдвэрлэв.
- Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
- Нэхэмжлэгч Политехникийн коллежийг төлөөлж захирал Н.******* нь:
- Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалтуудыг зөрчөөгүй,
- Хөдөө аж ахуйн Их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн 2024 оны жилийн эцсийн тайланг үнэн зөв алдаагүй гаргасан. Байгууллагын хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тоолсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлж, тооллогыг бодитоор явуулсан. Харин Тооллогын комиссын тайланд “25” гэж өдрийг техникийн алдаатай байдлаар тусгасан байсан.
- Булган аймгийн Боловсролын газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгө балансаас балансад шилжүүлж авах албан бичиг ирсэн тул манайх үндсэн хөрөнгөдөө бүртгэж авсан,
- 2024 оны төсвийн хувьд хуваарийн дагуу хөрөнгө, мөнгөө цагтаа өгөөгүй, хойш сунжирч явсаар байгаад оны эцсээр хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх зардал гээд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Уг мөнгийг Төрийн сан хаагдахаас өмнө тухайн ондоо багтаан зарцуулах зайлшгүй хийгдэх зарлагууд байсан тул гүйлгээ хийж зарцуулсан... энэ нь тайлан тооцоо, хөрөнгийн тооллого хойшлох болсон бас нэг шалтгаан болсон,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний материал, нүүрс худалдан авах тендерийг зохион байгуулсан боловч тендер нээхэд цахимаар нэг ч оролцогч тендер ирүүлээгүй, цаасан суурьтай 3 тендер ирсэн байсан тул тухайн оролцогчидтой шууд гэрээ байгуулсан. Дотуур байрны хүүхдүүд өвлийн хүйтэнд халаалтгүй хүйтэн байранд хоол ундгүй амьдрах нөхцөлд орох байсан тул цахим тендер дахин зарлах боломж байгаагүй,
- Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгүүдэд заасан аль зөрчлийг гаргасан гэж надад сахилгын арга хэмжээ авахуулаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй,
- Маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан өдрүүдийг засварласнаас болж тухайн албан шаардлагуудыг яг хэзээ гаргасан болох нь тодорхойгүй болгосон,
- Менежер У.******* болон аудитор ******* нар нь надтай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр биечлэн уулзаж тайлбар, нотлох баримт гаргаж өгч болно гэсэн хэдий ч түүнээс өмнө тухайн шийдвэрүүдийг урьдчилж гаргачихаад түүнийг хамгаалсан байна гэж би хардаж байна,
- Надад сахилгын шийтгэл оногдуулахаар Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн албан шаардлага нь “1/145” гэсэн дугаартай, шүүхэд гаргаж өгсөн хувь нь “6/145” гэсэн дугаартай. Дугаарлалтын зөрүүгээс болж яг аль нь надад сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр болох нь тодорхойгүй,
- Тухайн 145 дугаартай албан шаардлагыг гаргахдаа надтай сонсох ажиллагаа хийгээгүй, түүнд Үндэсний аудитын газрын даргын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-д байхгүй “4.4.2” гэсэн заалт бичсэн зэргээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нөхцлийг бүрдүүлж байна гэж тус тус маргасан.
- Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаартай “Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.5-д зааснаар Булган аймгийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүд нэгтгэгдэн “Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллеж” болж өөрчлөн байгуулагдаж, 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
- Дээрх тогтоолын 8, 8.2-т тус тус заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 266 дугаар тогтоолыг гарган * аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн болон Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн нэр, балансын үнээр тодорхойлогдсон эргэлтийн болон үндсэн хөрөнгүүдийг Политехникийн колежид балансаас балансад шилжүүлж, бүртгэхийг зөвшөөрсөн бөгөөд зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг заан, биелэлтийг 2024 оны 3 дугаар улиралд багтаан хүргүүлэхийг Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******д даалгасан байна. /Эх баримт” “Баримтын жагсаалт-2”-ын 1-17 дугаар хуудас, Хэргийн 2 дугаар хавтсын 54-70 дугаар хуудсууд/
- Политехникийн коллеж нь Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/143 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Боловсролын ерөнхий газрын даргын баталсан “Агуулахын эд хөрөнгө, бараа материалын тооллого хийх ажлын удирдамж”, Политехникийн коллежийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/33 дугаартай “Агуулахын эд хөрөнгө, бараа материалын тооллого хийх комисс томилох тухай” тушаал, тус комиссын гаргасан “ХААИС-ийн харъяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн агуулахын эд хөрөнгө, бараа материалын тооллого хийсэн тухай” гэх тэргүү бүхий баримт, тус Коллежийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 03 дугаартай тэмдэглэл, “БУЛГАН АЙМАГ ХААН МСҮТ, БУЛГАН МСҮТ-ИЙН БҮРТГЭЛД БАЙСАН ҮНДСЭН ХӨРӨНГӨ, БАРАА МАТЕРИАЛД ЭД ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО ХИЙСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ”, “ХААИС-ийн ХАРЪЯА БУЛГАН АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО” гэх баримтуудыг заан Боловсролын ерөнхий газраас гаргасан удирдамжийн дагуу 2024 оны эхний хагас жилд хөрөнгийн тооллого хийсэн болохыг нотлоно гэж тайлбарлаж байх ба энэ тооллогын үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн аудитын газраас 2025 оны 02 дугаар сард гаргасан 03/83 “Албан шаардлага”-ыг нэхэмжлэгч эс зөвшөөрч үүсгэсэн байсан маргаанаасаа татгалзсан талаар өмнө /2/ хэсэгт тусгасан. /Эх баримт: “Баримтын жагсаалт-2”-ын 22-111 дүгээр хуудас, Хэргийн 1 дүгээр хавтсын 131-138 дугаар хуудсууд/
- Политехникийн коллежийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар дотуур байрны хүүхдүүдийн хоолны материал, халаалтын зуухны нүүрсийг 2024 онд бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны даргаар сургалтын менежер Ч.Пүрэвсүрэн, гишүүнээр дотуур байрны жижүүр Н.Түвшинбаяр, нарийн бичгээр Дотоод чанар баталгаажуулалт статистик хариуцсан ажилтан Х.******* нарыг томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. /Эх баримт: “Баримтын жагсаалт-2”-ын 112 дугаар хуудас, Хэргийн 1 дүгээр хавтсын 68 дугаар хуудас/
- Дээрх Үнэлгээний хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдан “1. Дотуур байрны хүүхдийн хоолны материал нийлүүлэх тендерийг хэлэлцэх, 2. Түлш халаалт, нүүрс худалдан авах тендерийг хэлэлцэх” гэх асуудлуудыг хэлэлцээд нийт
- 123,259,500 төгрөгийн төсөв бүхий хүүхдийн хоолны,
- 60,000,000 төгрөгийн төсөв бүхий түлш, халаалт, нүүрс худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх ба хүүхдийн хоолны худалдан авалтыг
- Багц 1: Мах, махан бүтээгдэхүүн – 92,525,000 төгрөг,
- Багц 2: Хүнсний ногоо – 11,034,500 төгрөг,
- Багц 3: Бэлэн бүтээгдэхүүн – 19,700,00 төгрөг гэж хуваан худалдан авах, үүнээс “Багц 2” болон “Багц 3”-ыг шууд худалдан авах журмаар, “Багц 1” болон түлш, халаалт, нүүрсийг худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэн, тендерийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр user.tender.gov.mn сайтаар зарласан,
-
-
- 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдан мөн өдрийн 10 цаг 23 минутад цахим тендерийг нээхэд нэг ч тендер ирээгүй бөгөөд 1 тн нүүрсийг 250,000 төгрөгөөр худалдах үнийн санал бүхий цаасан суурьтай тендерийг “Арвин ган бумба” ХХК-аас ирүүлснийг шаардлага хангасан гэж дүгнэн, тус аж ахуйн нэгжийн талаар сургуулийн захиралд танилцуулан, нүүрс шууд худалдан авах гэрээ байгуулах мэдүүлгийг хүргүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 01 дугаартай зөвлөмжийг,
- 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдан мөн өдрийн 10 цаг 30 минутад цахим тендерийг нээхэд нэг ч тендер ирээгүй бөгөөд
- “Багц 1”-д буюу мах худалдан авах багцад хувиараа махны худалдаа эрхлэгч иргэн Д.Дуламрагчаа,
- “Багц 2” буюу хүнсний ногоо худалдан авах багцад “Хүрэн дэнж агро” ХХК,
- “Багц 3” буюу хүнсний бэлэн бүтээгдэхүүн худалдан авах багцад “Булган Сэлэнгэ” ХХК-ууд тус тус цаасан сууриар материал ирүүлснийг шаардлага хангасан гэж дүгнэн, тус иргэн, аж ахуйн нэгжийн талаар сургуулийн захиралд танилцуулан, багц тус бүрт заасан барааны төрөл нэг бүрийн үнийг тодорхой тусгасан дотуур байрны хүүхдийн хоолны материал шууд худалдан авах гэрээ байгуулах мэдүүлгийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлэхээр шийдвэрлэн, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай зөвлөмжийг тус тус Политехникийн коллежийн захиралд хаяглан гаргасан байна.
-
- Харин Политехникийн коллежийн захирал нь дээрх зөвлөмжүүдийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/25, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/36 дугаартай “Гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай” тушаалуудыг гаргаснаар тус коллеж нь
- “Арвин ган Бумба” ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Худалдан авах гэрээ”-г,
- “Булган-Сэлэнгэ” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-г,
- иргэн Д.Дуламрагчаатай 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Мах, махан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх түр гэрээ”-г,
- “Маргад Орхон” ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Хүнсний ногоо худалдах, худалдан авах гэрээ”-г,
- иргэн Д.Даваабаатартай 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Мах, махан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх түр гэрээ”-г,
- иргэн Ш.Батбаяртай 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Мах, махан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх түр гэрээ”[3]-г тус тус байгуулсныг “Баримтын жагсаалт-2”-т цуглуулсан байна. /Эх баримт: “Баримтын жагсаалт-2”-ын 113-134, 138-140, 144-195 дугаар хуудсууд, Хэргийн 1 дүгээр хавтсын 69-81, 85-99, 204-214 дүгээр хуудсууд/[4]
- Политехникийн коллежийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/101 дугаартай “2024 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ХААИС-ийн харъяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн 2024 оны санхүүгийн тайлан гаргахтай холбоотой жилийн эцсийн эд хөрөнгө, бараа материалын тооллогыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан Ч.*******, гишүүдээр нягтлан бодогч Г.Ханнамнан, дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан Х.*******, ХАБЭА-н ажилтан Г.Оюунтуяа, захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтан Г.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тооллогыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө чанартай зохион байгуулж, 25-ны өдөр захирлын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэжээ. /Эх баримт: “Баримтын жагсаалт-1”-ийн 1 дүгээр хуудас/
- Дээрх Тооллогын комисс нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс мөн сарын 25-ны өдрийн хооронд байгууллагын эд хөрөнгийн тооллогыг хийж гүйцэтгэсэн талаар тусгасан “Илтгэх хуудас” “Баримтын жагсаалт-1”-д авагдсан байна. /Эх баримт “Баримтын жагсаалт-1”-ийн 2-5/
- Тус комисс нь 2024 оны 12 дугаар сарын 19, 20, 25-ны өдрүүдэд тус тус хуралдан хөрөнгийн тооллогыг явуулахад анхаарах асуудлууд болон тооллогын дүнг хэлэлцсэн талаар тусгасан тэмдэглэл, мөн нийт үндсэн хөрөнгө, бараа материалыг тоолж, хөтөлсөн бүртгэлүүд “Баримтын жагсаалт-1”-д хадгалагджээ. /Эх баримт “Баримтын жагсаалт-1”-ийн 6-103 дугаар хуудас/
- Нэхэмжлэгч нь Булган аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/159 дугаартай “Хөрөнгө шилжүүлэх тухай” тушаалыг хавсралтын хамт, мөн Газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/653 дугаартай албан бичиг, хөрөнгө хүлээлцсэн болон орлогоор хүлээж авсныг нотлох баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан бөгөөд албан бичигт “Тус газрын үндсэн хөрөнгөөс 20,302,249 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материалыг балансаас баланс хооронд шилжүүлж, холбогдох баримт бичгийг хүргүүлэв” гэсэн байх ба хавсралтад үндсэн хөрөнгийн 7 нэр төрөл, бараа материалын 7 нэр төрлийг жагсаан бичсэн байна. /Хэргийн 1 дүгээр хавтсын 127, 245-250 дугаар хуудсууд, 2 дугаар хавтсын 1-8, 42 дугаар хуудсууд/
- Политехникийн коллежийн Өмч хамгаалах байнгын зөвлөл нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж дээрх албан бичгээр балансаас балансад шилжүүлсэн хөрөнгийг орлогод авч, үндсэн хөрөнгө болон бараа материалын дансанд бүртгэн, харъяалагдах албанд өгч эзэнжүүлэх, мөн жилийн эцсийн хөрөнгийн тооллогын бүртгэл, тайланд нэмж тусгуулахыг үүрэг болгосон шийдлийг гаргасан болох нь тус Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай тэмдэглэлд тусгагджээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 128-130 дугаар хуудас, 2 дугаар хавтсын 43-45 дугаар хуудсууд/.
- Төрийн аудитын газар нь 2025 оны 02 дугаар сарын сүүлийн хагаст Политехникийн коллежийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын хяналт шалгалтыг явуулж, захиргааны акт гаргах ажиллагааг явуулан, мөн сарын 28-ны өдөр 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт” болон тухайн сард 01/81, 02/82, 03/83, 04/84[5], 03 дугаар сарын 19-ний өдөр “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагууд, аудитын тайланг тус тус гарган, нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримтуудыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан. /Хэргийн 1 дүгээр хавтас-6-38, 162-163 дугаар хуудсууд, 2 дугаар хавтсын 80-83, 91-104 дүгээр хуудас/
- Нэхэмжлэгч нь Төрийн аудитын газрын 2024 оны 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”, 01/81, 04/84, 06/145 дугаартай “Албан шаардлага”-уудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар маргаж байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчдын маргааны үндэслэлээ тайлбарлаж буй агуулгын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтууд, холбогдох хуулиудын зохицуулалтуудыг судлан үзээд дараах байдлаар дүгнэн шийдвэрээ гаргалаа.
- Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална”,
- 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”,
- 8.1-д “…Төсвийн тухай хуульд заасны дагуу …төсвийн байгууллага… ийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн …тайланд аудит хийнэ”,
- 10.2-т “…шалгагдагч этгээдийн мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын нийцэлд аудит хийнэ”,
- 10.3-т “…нийцлийн аудитыг санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудиттай хослуулан хийж болно”,
- 15.1-д “Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 5 үндэслэл заасны дотор шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах, шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, аливаа эд зүйлстэй үнэ төлбөргүйгээр танилцах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, түүний эх код, цахим мэдээллийн сан, лог бүртгэлд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах, тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах, Төрийн аудитын тухай хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах эрхийг эдлэхээр,
- 16.1-д “Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч дараах үүрэгтэй” гээд 6 үндэслэл заасны дотор төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг ажлын байр, холбогдох бусад газар, цахим мэдээллийн санд чөлөөтэй нэвтрүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохгүй байх, тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх, төрийн аудитын байгууллагын албан хаагчтай харилцах, туслах үүргийг тодорхой ажилтанд хариуцуулах, хуульд заасан бусад үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан байна.
- Харин мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”,
21.3-т “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага… нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна” гэжээ.
- Булган аймаг дахь Төрийн аудитын газрын
- 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн тухайд: Хариуцагч нь дүгнэлтийн үндэслэлээ “...Жилийн эцсийн тооллогыг үнэн зөв хийгээгүй, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал, нүүрс худалдан авах тендерийг хуулийн дагуу зохион байгуулаагүй зэрэг зөрчлүүд нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан бөгөөд дангаар буюу нийт дүнгээрээ санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй боловч өргөн тархаагүй байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалттай нийцээгүй бөгөөд санхүүгийн тайлагналын эрх ба үүрэг, иж бүрэн байх, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангахгүй байна...” гэж тодорхойлсон.
- Политехникийн коллеж нь дээрх 2025 оны 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт дахь зөрчлийг гаргаагүй хэмээн мэтгэлцэж байна.
- Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг, 16.5-д түүний төсвийн талаар эдлэх бүрэн эрхийг тус тус хуульчилсан байх ба 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэжээ.
- Энэхүү зохицуулалтуудын 16.5.3 дахь хэсэг нь Политехникийн коллеж 2024 онд батлагдсан орон тоо, цалингийн санг тогтоосон хязгаараас хэтрүүлэн зарцуулсан, эсхүл зардлын эдийн засгийн ангилал /орон тоо, цалингийн сан доторх/-ыг зөрчиж зарцуулсан тохиолдолд, 16.5.5 дахь хэсэг нь батлагдсан төсвийг зориулагдсан арга хэмжээнд нь зарцуулалгүй, өөр арга хэмжээнд зарцуулсан тохиолдолд тус тус хэрэглэгдэхээр байна.
- Гэтэл хариуцагч нэхэмжлэгч байгууллагыг “Жилийн эцсийн тооллогыг үнэн зөв хийгээгүй, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал, нүүрс худалдан авах тендерийг хуулийн дагуу зохион байгуулаагүй” зөрчил гаргасан гэж маргаан бүхий дүгнэлтийг гаргасан байдаг. Тодруулбал: Тус 312 дугаартай дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, Политехникийн коллежийг буруутгаж буй санхүүгийн үйл ажиллагааны зөрчил хоёр харилцан хамааралгүй нөхцөл байдал тогтоогдов.
- Дээрх байдал нь Үндэсний аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06/1489 дугаартай нэхэмжлэгчид хаягласан албан бичгийн “…Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаар “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн үндэслэл хэсэгт “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалттай нийцэхгүй байна” гэж дурдсан нь зөрчигдсөн хуулийн заалтыг зөв илэрхийлээгүй байна” гэх хэсгээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Төрийн аудитын байгууллага өөрийн дотоод хяналтаар маргаан бүхий 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг хууль зүйн зөрчилтэй гарсныг тогтоосон байна. /Хэргийн 2 дугаар хавтсын 117-118 дугаар хуудас/
- 2025 оны 02 дугаар сарын 01/81, 04/84 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудын тухайд: Тус албан шаардлагуудын хууль зүйн үндэслэлээр “...“...Жилийн эцсийн тооллогыг ...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дууссан ч тооллогын дүнг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дүнгээр илэрхийлсэн буюу тооллогыг үнэн зөв хийгээгүй ...Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.6..., Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72.4..., 73.2..., Төсвийн тухай хуулийн 16.5.6-д... заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, нийцсэн бөгөөд зохистой байх, тохиолдсон байх батламж мэдэгдлийг хангахгүй байна. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т..., Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын 4.2.1.2...” гэж тодорхойлжээ.
- Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг нь албан шаардлага гаргах зохицуулалт байх ба
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл нь ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэж,
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлд тооллогын комисс, түүний эрх, үүргийг заасан бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэг нь “Тооллогын комисс дараах үүрэгтэй” гээд
“1/ эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
2/ тоолсон эд хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн үнийн жишигтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
3/ агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, урьдах тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тооллогын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
4/ комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
5/ эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг илрүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих” гэх таван заалттай,
73 дугаар зүйлд эд хөрөнгийн тооллого явуулах журмыг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт “Байгууллагын нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш 5 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж дансны үлдэгдлийг тулган шалгана” гэж,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 16.5.6 дахь заалтад “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж,
- Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1-д албан шаардлага өгөх нийтлэг үндэслэлүүдийг журмалсан бөгөөд 4.2.1.2-т “хөрөнгийн тооллогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй” гэж тус тус заасан байна.
-
- Аудитор 01/81 дугаартай албан шаардлагыг гаргах болсон гол шалтгаан буюу нэхэмжлэгчийг буруутгаж буй алдаа, зөрчилтэй асуудлыг “...2024 оны 12 дугаар сарын 25-аас 31-ний өдрийн хооронд ерөнхий журналаар 19,469,750... төгрөгийн үндсэн хөрөнгийн орлого бүртгэгдсэн...” гэж,
- 04/84 дугаартай албан шаардлагыг гаргах болсон алдаа зөрчилтэй асуудлыг “...2024 оны 12 дугаар сарын 25-аас 31-ний өдрийн хооронд ерөнхий журнал, бараа материалын тайлангаар 62,310,159.0... төгрөгийн орлого, 11,169,386.0... төгрөгийн бараа материал зарцуулсан хөдөлгөөнтэй...” гэж тус тус тодорхойлсон.
- Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан эх болон бичгийн бусад нотлох баримтуудаар Политехникийн коллежийн захирлын 2024 оны А/101 дугаартай тушаалаар томилогдсон Тооллогын комисс нь тус Коллежийн 2024 оны жилийн эцсийн үлдэгдэл хөрөнгийг тоолох үйл ажиллагааг бодитоор явуулж, хийсэн ажлынхаа “Илтгэх хуудас”-ыг бичгээр гаргаж өгсөн болох нь нотлогдож байна.
- Тус “Илтгэх хуудас”-ын агуулга “Байгууллагын эд хөрөнгийн тооллогыг… ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ…” гэж эхэлжээ.
- Түүнд ажлын хэсгийн мөн сарын 19, 20, 25-ны өдрүүдэд хийсэн хуралдааны тэмдэглэлүүд, хөрөнгийн тооллогын бүртгэлийг тус тус хавсарган аудитад хүргүүлсэн байна.
- Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх хэсэгт “төсвийн шууд захирагч … жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх” гэж,
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “"нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ойлгоно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж тус тус заажээ.
- Политехникийн коллежийн Тооллогын комисс нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар байгууллагын хөрөнгийн тооллогыг хийж дуусаагүй байсан бөгөөд Булган аймгийн Боловсролын газраас балансаас балансад хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг 2024 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн, уг хөрөнгийг орлогод бүртгэн эзэнжүүлж, санхүүгийн тайланд тусгахыг тус ажлын хэсэгт үүрэгжүүлсэн шийдвэрийг Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс гаргасан болох нь холбогдох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар тогтоогдож байна.
- Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Коллежийн хичээл, үйлдвэрлэлийн дадлагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад зориулагдсан санхүүжилт оны төгсгөлд орж ирснээр Төрийн сангийн гүйлгээ хаагдахаас өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдрүүдэд материалын орлого зарлагын гүйлгээг хийсэн” гэх агуулга бүхий тайлбар нь “Баримтын жагсаалт-1”-д авагдсан баримтуудаар нотлогдов.
- Мөн маргаан бүхий 01/81, 04/84 дугаартай захиргааны актууд дахь “…2024 оны 12 дугаар сарын 31-ний дүнгээр илэрхийлсэн…” гэх хэсэг нь нэхэмжлэгч жилийн эцсийн хөрөнгийн тооллогыг 2024 оны сүүлийн өдөр болох 31-ний өдрөөр тасалбар болгон хийж, 2024 оны бүтэн жилийн санхүүгийн тайландаа тусгасан болохыг үгүйсгэхгүй байна.
- Булган аймгийн Боловсролын газрын даргын шийдвэрийг үндэслэн нэр бүхий хөрөнгүүдийг балансаас балансад шилжүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтдаа орлогоор бүртгэж авсан Политехникийн коллежийн үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж дүгнэхээр байна. Учир нь: Политехникийн коллеж нь Булган аймгийн Боловсролын газрын даргын шийдвэргүйгээр нэр бүхий хөрөнгүүдийг биетээр хүлээж авсан өдрөөрөө өөрийн орлогод бүртгэж авбал нэг хөрөнгө хоёр байгууллагад давхар бүртгэгдэх, шийдвэр ирсэн өдрөөр нь бүртгэхгүй орхигдуулбал мөн л тус хоёр төрийн байгууллагын хэн алины хөрөнгөд тусгагдахгүй эзэнгүй хөрөнгө үүсч дараа оны санхүүгийн тайланд зөрчилт байдал үүсгэхээр байсан байна. Энэ нөхцөл байдал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн энд заасан зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болно.
- Дээрх бүгдээс Политехникийн коллеж нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүгийн анхан шатны баримтаа бүрдүүлэн, орлого, зарлагын гүйлгээ хийж дууссаны дараа хөрөнгийн тооллогыг дуусган, дүнг нэгтгэн гаргаж, жилийн эцсийн тайландаа шууд тусгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба тайлангаа Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх хэсэгт заасан цагалбарт хугацаанд нийцүүлэн гаргасан байна.
- Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49 дэх заалтаар "дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгоно” гэж тайлбарласан бол 69 дүгээр зүйлийн
- 69.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”
- 69.3-т “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага…ийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэжээ.
-
-
- Дээрх зохицуулалт нь төсвийн шууд захирагчийн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх харьяаллыг тодорхойлсон бөгөөд Политехникийн коллеж нь өөрчлөн байгуулагдаад анхны жилийн санхүүгийн тайлангаа гаргасан бөгөөд Төрийн аудитын газар уг санхүүгийн тайланд нийцлийн аудитыг хослуулан хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа.
- Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчид дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан эсэх нь эргэлзээтэй байдлыг харуулж байх ба хариуцагчаас Политехникийн коллежийг “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь учир дутагдалтай.
- Харин нэхэмжлэгч нь Булган аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/159 дугаартай “Хөрөнгө шилжүүлэх тухай” тушаалыг хавсралтын хамт, мөн Газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/653 дугаартай албан бичиг, хөрөнгө хүлээлцсэн болон орлогоор хүлээж авсныг нотлох баримтуудыг Төрийн аудитын газарт гарган өгч аудитад хамруулаагүй болох нь “Баримтын жагсаалт-1”, “Баримтын жагсаалт-2” эх баримтуудад хавсаргагдаагүй нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...энэ баримтыг аудиторт гаргаж өгөөгүй...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүнийг Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
- 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагын тухайд: Тус албан шаардлагын үндэслэлийг “…1. Тайлант онд хүүхдийн хоолны материалын нийт 123,259,500.0 төгрөгийн 3 багц, нүүрс худалдан авах 60,000,000.0 төгрөгийн 2 тендерийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим системд мэдээллэсэн ч цахимаар нэг ч оролцогч оролцоогүй талаарх үр дүнг цахим системд хуульд заасан хугацаа хоцроож 2025 оны 02 дугаар сарын 12-нд мэдээллэсэн,
2. Цахим системд зарласан тендерт оролцох нэг ч оролцогч ирээгүй гэсэн шалтгаанаар дээрх тендерийг цахимаар дахин зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан,
3. дээрх тендертэй холбоотой бусад баримт материалыг аудитын явцад шаардахад ирүүлээгүй.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.1…, 24.1…, 48.2.5…, 54.8…, 31.3…, 41.1.1…, 41.1.3…, 48.3…, 61.1…, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.1… заасныг зөрчсөн, нийцсэн бөгөөд зохистой байх, эрх ба үүрэг батламж мэдэгдэлтэй нийцэхгүй байна.
Иймд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3…, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын 4.4.2-т заасныг үндэслэн…” хэмээн тодорхойлжээ.
-
-
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн
- 22 дугаар зүйл /Тендер илгээх/-ийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”,
- 24 дүгээр зүйл /Захиалагч шийдвэр гаргах хугацаа/-ийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,
- 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”,
- 24.5-д “Тендер шалгаруулалтад нэг ч тендер ирээгүй бол захиалагч тендер ирээгүй шалтгааныг судалж, худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж,
- 28 дугаар зүйл /Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх/-ийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”,
- “28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;
- 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;
- 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж,
- 31 дүгээр зүйл /Тендер шалгаруулалтын арга/-ийн 31.3-т “Энэ хуулийн 32, 33, 34, 35, 36, 37, 38 дугаар зүйл дэх тухайн тендер шалгаруулалтын аргад хамаарах зохицуулалтад тусгайлан өөрөөр заагаагүй асуудлаар энэ хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасныг баримтална” гэж,
- 41 дүгээр зүйл /Илт хууль бус гэрээ/-ийн 41.1.1-д “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан”,
- 41.1.3-т “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй” гэж,
- 48 дугаар зүйл /Захиалагчийн эрх, үүрэг/-ийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд 13 заалттай байх ба 48.2.5-д “тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх”,
- 48.3-т “Захиалагчийг төлөөлөх этгээд энэ хуулиар олгогдсон эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж,
- 54 дүгээр зүйл /Бүртгэлийн тогтолцоо/-ийн 54.8-д “Захиалагч энэ хуульд зааснаар хүргүүлэх урилгыг тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, цахим системд бүртгүүлсэн аж ахуй эрхлэгчид нэгэн зэрэг илгээнэ”,
- 61 дүгээр зүйл /Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага/-ийн 61.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчсөн ажилтан, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1, хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдалд тохируулан ногдуулна” гэж тус тус заасан.
-
- Дээрх хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг, түүн дотроо хоёр, гуравдугаар бүлэг нь уг ажиллагааг зохион байгуулах журмыг нарийвчлан зохицуулсан хэсэг байх ба цахимаар зарласан худалдан авах ажиллагаанд цаасан суурьтай тендер ирүүлэх, түүнийг захиалагч хүлээн авах, үнэлэхийг хязгаарласан зохицуулалтыг агуулаагүй байна.
- Түүнчлэн хууль тогтоогч нь цахимаар зарласан худалдан авах ажиллагаанд тендер ирүүлээгүй тохиолдолд уг тендерийг дахин зарлах эсэхийг шийдвэрлэх эрхийг дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.1 дахь хэсгээр захиалагчид олгожээ. Тодруулбал: Цахимаар зарласан худалдан авах ажиллагаанд цахимаар нэг ч тендер ирээгүй бол тендерийг дахин заавал зарлахыг захиалагчид үүрэгжүүлээгүй, тендерийг зарлах, эс зарлах шийдвэрийн аль нэгийг нь сонгон гаргах эрхийг олгожээ.
- Политехникийн коллеж нь дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал, нүүрс худалдан авах тендерийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахимаар зарлаж, мөн оны 03 дугаар сарын 11, 21-ний өдрүүдэд нээхэд цахимаар оролцогчийн хүсэлт ирээгүй бөгөөд нэг хувиараа худалдаа эрхлэгч иргэн, хоёр аж ахуйн нэгж цаасан суурьтай тендер ирүүлснийг захиалагчийн тавьсан шаардлагад нийцсэн хэмээн үнэлэн шууд гэрээ байгуулах зөвлөмжийг Үнэлгээний хорооноос хүргүүлсний дагуу тухайн оролцогч нартай холбогдох гэрээнүүдийг байгуулсан талаар энэхүү шийдвэрийн “5.3” хэсэгт тодорхой тусгасан. Тодруулбал: Политехникийн коллеж нь цахимаар худалдан авах ажиллагааг зарласны үр дүнд цахимаар биш ч цаасан суурьтай тендерийн материал ирүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
- Тиймээс шүүх Төрийн аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 дугаартай албан шаардлагад зөрчилтэй асуудлаар тодорхойлсон
а/ “Цахим системд зарласан тендерт оролцох нэг ч оролцогч ирээгүй гэсэн шалтгаанаар дээрх тендерийг цахимаар дахин зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан” гэх хэсгийг дэмжиж, цаасан суурьтай тендрүүдийг үнэлэн гэрээ байгуулах санал хүргүүлсэн “Үнэлгээний хороо”-ны зөвлөмж, түүнд үндэслэн гаргасан нэхэмжлэгчийн шийдвэр, холбогдох гэрээг хууль зөрчиж байгуулсан “илт хууль бус гэрээ” гэж дүгнэх үндэслэлгүй.
б/ “Тайлант онд хүүхдийн хоолны материалын нийт 123,259,500.0 төгрөгийн 3 багц, нүүрс худалдан авах 60,000,000.0 төгрөгийн 2 тендерийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим системд мэдээллэсэн ч цахимаар нэг ч оролцогч оролцоогүй талаарх үр дүнг цахим системд хуульд заасан хугацаа хоцроож 2025 оны 02 дугаар сарын 12-нд мэдээллэсэн” гэх хэсгийн тухайд “Албан шаардлага”-д тусгагдсан “зөрчилтэй асуудал”-ыг шалгагдагч этгээд нь залруулж, засах үүргийг гүйцэтгэх учиртай. Гэтэл Политехникийн коллеж нь хугацаа хоцруулсан ч цахимд мэдээллэх үүргээ аудитад хамрагдахаас өмнө гүйцэтгэсэн байх тул уг асуудлыг дахин давтахгүй байх /Албан шаардлагын хэлбэрээр бус/-ыг тайланд тусгах замаар зөвлөх боломжтой байсан гэж дүгнэлээ.
в/ Харин Политехникийн коллеж нь “дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал, нүүрс худалдан авах ажиллагаа”-нд цаасан суурьтай ирүүлсэн тендерийн материалыг Төрийн аудитын байгууллагад хүргүүлж аудитад хамруулаагүй болох нь “Баримтын жагсаалт-1”, “Баримтын жагсаалт-2” эх баримтуудад хавсаргагдаагүй нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...энэ баримтыг аудиторт гаргаж өгөөгүй...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул түүнийг Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
- Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт холбогдох хууль, хэм хэмжээний акт, нотлох баримтуудыг судлан үзсэний эцэст тэдгээрт үндэслэн зохих дүгнэлтийг хийн шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий 01/81, 04/84 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудыг гаргасан өдөр засвартай, 06/145 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагын дугаарлалт зөрүүтэй, журамд байхгүй заалт үндэслэн гаргасан, сонсох ажиллагаа явуулаагүй, 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн хуулийн үндэслэл түүнд тусгасан “зөрчилтэй асууудал”-д хамааралгүй байгаа нь тус тус Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн хэмээн мэтгэлцэв.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,
- Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйл /Төрийн аудитын зарчим/-ийн 3.1-д “Төрийн аудитад хууль дээдлэх, …бодитой байх… зарчмыг баримтална” гэжээ.
- Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт… гаргах … замаар … хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон тул Төрийн аудитын газар нь асуудал шийдвэрлэсэн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудад тавигдсан шаардлагыг хангаж гаргах үүрэгтэй.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан бол 4.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хуульчилсан: Тухайлбал: Мөн зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэжээ.
- Төрийн аудитын газраас гаргасан дүгнэлт, албан шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан “захиргааны акт”-д хамаарна.
- Дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн бол 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, 39 дүгээр зүйл /Захиргааны актын агуулга ба хэлбэр/-ийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж, 40 дүгээр зүйл /Захиргааны актыг бичгээр гаргах/-ийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 5 заалт байх ба 40.2.1-д “захиргааны актыг гаргасан …он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж тус тус хуульчилжээ.
- Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь: Булган аймгийн Төрийн аудитын газрын 2025 оны
- 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийн тухайд: Шийдвэрийн “10.1” хэсэгт тус захиргааны актаар тодорхойлсон зөрчилтэй асуудалд холбогдох хууль зүйн үндэслэлийг зөв тогтоогоогүй талаар тайлбарласан. Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмуудад нийцээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүйнхээ тухайд хууль бус захиргааны акт болсон байна.
- 02 дугаар сарын 01/81 болон 04/84 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудын тухайд: Уг албан шаардлагуудыг гаргасан өдрийг тодорхойлсон хоёр оронтой тооны “2”-ын арын тоог гар бичвэрээр “8” болгон давхарлан бичиж өөрчилсөн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан “захиргааны актыг гаргасан …өдөр…-ыг тодорхой заасан байх” гэх зохицуулалтад нийцэхгүй байна.
- Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.******* “аудитор А.******* болон менежер Ж.******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нягтлан бодогч н.Тунгалаг бид хоёртой биечлэн уулзаж, зөрчилтэй асуудлын жагсаалтыг танилцуулах ажиллагааг хийсэн. Гэхдээ 24-ний өдөр тухайн албан шаардлагуудыг гаргасан байсан бөгөөд урьдчилж гаргасан шийдвэрээ хамгаалах ажиллагааг хийсэн болох нь тухайн засвараар нотлогдож байна” гэх агуулгаар, хариуцагчийн төлөөлөгч А.******* “Албан шаардлагуудын гаргасан өдөр нь “28”-ны өдөр байсан. Гэхдээ бичиг хэргийн ажилтан тэдгээрийг хэвлэхдээ “24” гэж гаргасан байсан тул би гараар “28” болгож засварласан” гэх агуулгаар тус тус тайлбарлан мэтгэлцэв.
- Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл /Захиргааны актын илэрхий алдааг засах/-ийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байх тул Төрийн аудитын газар нь 01/81, 04/84 дугаартай албан шаардлагуудыг гаргасан өдөрт засвар оруулах эрхээ хэрэгжүүлсэн бол энэ талаар Политехникийн коллежид мэдэгдэх үүргийг гүйцэтгэнэ.
- Захиргааны актын “илэрхий алдааг засах” гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан алдааг гараар давхарлан бичих байдлаар өөрчлөхийг ойлгохгүй юм. Тодруулбал: Аудитор А.******* нь 2025 оны 02 дугаар сард гаргасан 01/81, 04/84 дугаартай албан шаардлагуудад бичигдсэн өдрийг “илэрхий алдаа” гэж үзсэнийхээ тухайд түүнийг засах тухайлсан шийдвэр буюу захиргааны акт гаргах байжээ.
- 01/81, 04/84 дугаартай албан шаардлагуудад засвар оруулах үйл ажиллагааг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гүйцэтгээгүйн улмаас “аудитор 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр албан шаардлагуудыг урьдчилж гаргасан байснаа хамгаалсан” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч няцаасан нотлох баримтыг заагаагүй тул шүүх хариуцагчийн төлөөлөгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй.
- Нөгөө талаар Төрийн аудитын байгууллагаас гаргаж буй баримт бичиг, шийдвэрүүд нь өөрийн дотоод хяналтаар хянагдсаны эцэст гардаг талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлав.
- Дээрх нөхцөл байдал нь аудитор захиргааны актад засвар оруулах шийдвэрийг дотоод хяналтаар оруулсны эцэст гаргах учиртайг илэрхийлж байна.
- 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/145 дугаартай албан шаардлагыг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргасан.
- Улмаар тухайн албан шаардлагын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасныг шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 158/ШЗ2025/0123 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
- Гэвч нэхэмжлэгч талаас Боловсролын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/2384 дугаартай албан бичиг болон Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаартай албан бичиг, тус Газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/145 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөв.
- Шүүх хариуцагч талаас ирүүлсэн 06/145, нэхэмжлэгч талаас ирүүлсэн 01/145 дугаартай албан шаардлагууд дахь бичвэрүүдийг тэмдэгт нэг бүрчлэн тулгаж үзэхэд актын дугаарын “01/”, “06/” гэх хэсгээс бусад бүх агуулга ижил байлаа.
- Гэхдээ шүүх дээрх албан шаардлагын дугаарын зөрчилтэй нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан “захиргааны актын ...дугаарыг тодорхой заасан байна” гэх зохицуулалтад нийцээгүй гэх дүгнэлтэд хүрэв. Учир нь: Тухайн албан шаардлагын дугаарын зөрүүтэй байдлаас болж тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 158/ШЗ2025/0123 дугаартай захирамж хэрэгжих боломжгүй үр дагаварыг үүсгэсэн болох нь Боловсролын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/2384 дугаартай албан бичгийн “Булган аймаг дахь Төрийн аудитын газраас ...01/145 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн ...нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг бүртгэлд авагдсан нотлох баримтын дугаартай зөрүүтэй байгаа...” гэх хэсэг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Боловсролын ерөнхий газраас сонсох ажиллагаа хийх мэдэгдэл утсаар ирсээр байгаа гэх тайлбараар нотлогдож байна. Тодруулбал: “01/”, “06/” гэх дугаарлалтын улмаас тэдгээр албан шаардлагууд нь тус тусдаа бие даасан захиргааны актын шинжийг агуулсан үр дагаварыг үүсгэжээ.
- Хариуцагч талаас тухайн нөхцөл байдал, үр дагаварыг няцаасан тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.
- Нөгөө талаар тус албан шаардлагад “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаартай тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журмын 4.4.2-т заасныг үндэслэн ШААРДАХ нь...” гэжээ.
- Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаартай тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журамд “4.4.2” гэх дугаартай зохицуулалт байхгүй байх тул уг албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалттай нийцээгүй байна.
- Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Хариуцагч дээрх “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг гаргахдаа надтай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Уг албан шаардлагын талаар надад мэдэгдээгүй. Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байсныг би хэргийн материалтай танилцахдаа мэдсэн” гэж тайлбарлан мэтгэлцэв.
- Аудитын 06/145 дугаартай албан шаардлагад “...ШААРДАХ нь: 1. ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн захирал Н.*******д хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны дотор Булган аймаг дахь Төрийн аудитын газарт хариу ирүүлэхийг Боловсролын ерөнхий газрын дарга (Т.Ням-Очир)-т даалгав” гэжээ.
- Энэхүү албан шаардлагаар Политехникийн коллежийн төсвийн шууд захирагч Н.*******д сахилгын шийтгэл оногдуулахыг Боловсролын ерөнхий газрын даргад үүрэг болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
- Тиймээс хариуцагч нь уг албан шаардлагыг гаргахаас өмнө “сахилгын шийтгэлгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Н.*******тай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх үүрэгтэй.
- Хариуцагч талаас 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт төрийн байгууллагын удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар заасны дагуу гаргасан хэмээн тайлбарлаж байна.
- Хариуцагчаас “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл” гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
- Тухайн баримтад “...Политехникийн коллежийн захирал Начин овогтой ******* танаа сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх /танилцуулах/ тухай. Захиргааны шийдвэр гаргах талаарх мэдээлэл, үндэслэл: Төсвийн шууд захирагч ХААИС-ын Политехникийн коллежийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар Төлбөрийн акт тогтоох хугацаатай албан шаардлага, зөвлөмж өгөх, зөрчлийг тусгаж баталгаажуулах зэрэг таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа захиргааны шийдвэр гаргах талаар 2025 оны 02-р сарын 23-ны өдөр аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийг танилцуулж, сонсох ажиллагааг ...хийх болсныг үүгээр мэдэгдэж байна...” гэжээ.
- Дээрх баримт нь сонсох ажиллагаа хийхийг Политехникийн коллежийн төсвийн шууд захирагчид мэдэгдэж буй агуулгатай болохоос, уг ажиллагааг явуулж буйг илэрхийлсэн агуулгагүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан аргаар нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүргүүлсэн сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан.
- Хариуцагчаас маргаан бүхий 06/145 дугаартай албан шаардлагыг гаргахын өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй сонсох ажиллагаа хийсэн эсэх талаарх өөр нотлох баримтыг гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сонсох ажиллагааны талаар гаргасан тайлбар үндэслэлтэй гэх дүгнэлтэд хүрлээ.
- Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сард гаргасан 01/81, 04/84 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн “...72.4..., 73.2...” гэх зохицуулалтуудыг, мөн оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 06/145 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагыг Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргажээ.
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дээрх бичилттэй зохицуулалт байхгүй байх тул шүүх уг хуулийн 72 дугаар зүйлийн “4 дэх хэсэг” болон 73 дугаар зүйлийн “2 дахь хэсэг”-ийг тусгасан гэж ойлголоо.
- Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтаар захиргааны актад түүнийг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахыг шаардсан.
- Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь дотроо 5 заалттай, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг нь мөн зүйлийн 42.1 болон 42.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг гаргахаар хуульчилжээ.
- Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг нь дотроо
- Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд,
- хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй,
- аудитын үйл ажиллагаанд саад учруулсан,
- санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан,
- хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан,
- албан үүргээ биелүүлээгүй,
- албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн“ гэх 7 үндэслэлийг,
- дахь хэсэг нь дотроо
- Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан,
- энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй гэх 2 үндэслэлийг тус тус агуулсан байна.
- Төрийн аудитын газар нь гаргаж буй албан шаардлагадаа Политехникийн коллеж, түүний төсвийн шууд захирагчийг гаргасан гэж дүгнэсэн алдаа, зөрчлийн үндэслэлийг тодорхой заах үүрэгтэй.
- Маргаан бүхий захиргааны актууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтуудаар нэхэмжлэгч байгууллага, түүний төсвийн шууд захирагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 заалт, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгүүдэд тусгасан нийт 9 үндэслэлийг бүгдийг агуулсан зөрчилтэй асуудал үйлдсэн болох нь нотлогдохгүй байна.
- Ийнхүү Булган аймаг дахь Төрийн аудитын газар нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан[6] 01/81, 04/84 дугааруудтай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагууд, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”, мөн оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 06/145[7] дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагуудыг гаргах бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн гаргаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан арга хэлбэрүүдээс сонгож сонсох ажиллагааг явуулаагүй, мөн зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан баримтгүй байх тул тэдгээрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллеж нь “Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/82, 03/83 дугаартай албан шаардлагуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг бүхэлд нь хангаж, Булган аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/81, 04/84 дугааруудтай “Зөрчил арилгах тухай”, мөн оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 06/145 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагууд болон 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай “Хязгаарлалттай дүгнэлт”-ийг тус тус хүчингүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Булган аймаг дахь Төрийн аудитын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Маргаан бүхий захиргааны актыг гаргасан өдрийг нэхэмжлэлд тусгаснаар бичив.
[2] Маргаан бүхий захиргааны актын дугаарыг нэхэмжлэлд тусгаснаар бичив.
[3] Энэ гэрээ зөвхөн хэрэгт авагдсан.
[4] Энд Политехникийн коллежийн захирлын 2024.01.25-ны өдрийн А/08 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарснаас хойш, хөрөнгийн жилийн эцсийн тооллого хийх хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнүүдийг түүвэрлэн оруулав.
[5] Албан шаардлагуудыг гаргасан өдрийг давхарлаж бичсэн засвартай, нэхэмжлэгч тухайн хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа тул огноогүйгээр бичив.
[6] Огнооны бүрэлдэхүүн хэсэг болсон өдрийг гар бичвэрээр дарж бичсэн нь маргааны үндэслэл болсон байх тул нэхэмжлэлд тусгаснаар бичив.
[7] Дугаарын ташуу зураасын өмнө бичигдсэн тоон утгаар илэрхийлсэн дугаар нь маргааны үндэслэл болсон тул нэхэмжлэлд тусгаснаар бичив.