| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00443/И |
| Дугаар | 192/ШШ2025/02192 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/02192
2025 03 21 192/ШШ2025/02192
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н сургуульд холбогдуулан сахилгын шийтгэлийг хүчингүй болгох, шийтгэлээс хасагдсан цалин хөлсийг нөхөн тооцуулж авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Б.А нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/106 дугаар сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, цалин хөлс нөхөн тооцуулах шаардлагыг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн төлөөлөгч Д.Б нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3, 4, 5 сард сургууль өөрийн амжилтыг үндэслэн ур чадварыг сард 10 хувиар буюу сард 148,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн төлөөлөгч Д.Б нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/106 дугаартай тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, цалин хөлсийг нөхөн тооцуулах шаардлагыг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Д.Б хүлээн зөвшөөрч, 2025 оны 3, 4, 5 сард сургууль өөрийн амжилтыг үндэслэн ур чадварыг сард 10 хувиар буюу сард 148,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ