| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06810/И |
| Дугаар | 192/ШШ2025/02237 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02237
2025 3 24 192/ШШ2025/02237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Э.Т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүдийн асрамж, тэтгэмж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч нь цаашид харилцааны таарамжгүй байдлаас болон согтуугаар гэр бүлээ үймүүлэх, гар хүрэх, гэрээс 7 хоногоор гадуур согтуурах зэргээс болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж бид 2013 оны 9 дүгээр сараас хойш салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин н.М ээжийнхээ асрамжид байгаа бөгөөд...одоо бид салаад 9-10 жил болоод байгаа тул миний бие цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, өмчийг хувааж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч Э.Т нь эхнэр маань урлан дээрээ байнга байдаг байсан. Тэгээд дан наргиж цэнгэдэг байсан. Үүнээс болоод үзэл бодол таарахгүй болж эхэлсэн. Одоо тусдаа амьдраад 10 жил болж байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн дундын эд хөрөнгөөс 7,000,000 төгрөгийг 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө. гэжээ.
3.Гэрлэгчид нь 2010 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 11863 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр охин Т.М төрж, эцэг Э.Т овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 326 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
7.Нэхэмжлэгч нь охин Т.М-ийг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, хүүхэд өссөн цагаасаа эхлэн эхийнхээ асрамжид байсан зэргийг нь харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэднийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
7.Мөн гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч Ж. нь 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 13,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.д өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
7.1 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэжээ.
7.2 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж., хариуцагч Э.Т нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Э.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-ийг эх Ж.Б-ний асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Т-өөс охин Т.М-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ж. нь 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 13,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ж.д төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Хандсүрэнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ