Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00003

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, ерөнхий шүүгч З.Х, шүүгч С.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгч                                                       Г.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц, Н.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Л.Э /цахимаар/

            Нарийн бичгийн дарга                             Б.М нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О даргалж, шүүгч Ц.А, Б.Н нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   А овогт Г-ийн Б, Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Х аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт О аймгийн Б сумын О багийн 2-23-123 тоотод оршин суух, РР ...................... регистрийн дугаартай

   Г.Б- нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О аймгийн Б сумын Н багийн 2....... тоот хашаанд хамтран амьдрагч Л.Б-ийн толгой, нүүр, бие хэсэгт хөл болон модоор олон удаа цохиж, амь насыг нь хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

О аймгийн Прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч А овогт Г-ийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

            Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Б-гийн цагдан хоригдсон 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-гаас 11.400.000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.671.500 /арван нэгэн сая зургаан зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах, насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэмж сар бүр 400.000 төгрөгний тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

            Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-гийн 2017 оны 09 сарын 02-ны өдөр төрсөн 6 настай хүү Б.Ц-д асран хамгаалагч тогтоохыг О аймгийн Б сумын Засаг даргад даалгаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлээний тайрдас мод 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, 100 см урттай 4х4.7см харьцаатай дөрвөлжин хэлбэртэй мод 1 ширхэг, хөх өнгийн фудволк, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн дотоож, хар өнгийн цагаан ултай хос пүүз, хар өнгийн хос оймс, хар хөх өнгийн ноосон цамц, хар хөх өнгийн энгэр хэсэгтэээ улаан өнгийн оруулгатай фудволк, хар өнгийн өмд, хар өнгийн хос пүүзэн  гутал, хар өнгийн хос оймс, хар цоохор өнгийн дотоож, самсунг загварын товчлууртай гар утас, цэнхэр саарал өнгийн юүдэнтэй биеийн тамирын цамц, №5, №6, №7 гэж дугаарласан цус мэт зүйл, гарын хурууны 20 ширхэг хумс, гараас авсан арчдас, үс зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдолдоо:

 

... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч талын нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулна. Миний энэ аргагүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг бууруулж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн болоод шүүгдэгчийн зүгээс хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа.                                                          Шүүгдэгч Г.Б- нь 6 настай бага насны хүүхэдтэй, ганц бие эх бөгөөд айлын өргөмөл хүүхэд, үрчилж авсан эх нь 70 гаран насны өндөр настай хүн байдаг, одоо хэрэгт холбогдсоноос хойш хүүхдийг нь ганцаараа хөдөө Х аймагт харж байгаа. Хохирол төлбөрийн хувьд 3 сая төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн үндэслэлтэй, урд нь мөн шүүгдэгчийг нэг бус удаа зодож байсан тухай хэрэгт авагдсан байгааг анхаарч үзнэ үү. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөн шүүгдэгчийн хувийн байдал, түүний бага насны хүүхэдтэй ганц бие эх байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд ногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, О аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 20-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хадам аавын бие муудаж, хотод эмнэлэгт эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд цахимаар оролцож байна. Дүү минь хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсанд гомдолтой байна.  Ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн нэхэмжлэлийг барагдуулна. Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шүүгдэгчийн ар гэрийн ахуй амьдралын байдлыг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О аймгийн Б сумын Н багийн 2....... тоот хашаанд хамтран амьдрагч Л.Б-ийн толгой, нүүр, бие хэсэгт хөлөөрөө өшиглөж, модоор олон удаа цохиж, амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг  агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

            Амь хохирогч Л.Б- нь О аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан ба үхэлд хүргэсэн энэ гэмтэл нь шүүгдэгч Г.Б-гийн модоор олон удаа цохисон, удаа дараа өшиглөсөн зэрэг гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

           Өөрөөр хэлбэл Л.Б-ийн биед учирсан үхэлд хүргэсэн гэмтэл шүүгдэгч Г.Б-гийн зодож, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Р.Ц нараас ... Шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй ганц бие эх  зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

            Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн байдаг.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээ /8 - 15 жил хүртэл/-гээр буюу 12 жилийн хорих ялыг түүнд оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлын 26.071.500 төгрөг нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн 14.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, харин нотлох баримтын шаардлага хангаагүй 11.671.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн сэтгэл санааны хохирлын болон насанд хүрээгүй хүүхдүүдэд сар бүр тэтгэмж гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримт бүрдээгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гаргаагүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.У

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.Х

 

                        ШҮҮГ