| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2202006840449 |
| Дугаар | 2024/ДШМ/246 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/246
2024 02 27 2024/ДШМ/246
Ц.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч М.Х-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.А-т холбогдох .......................... дүгээр эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад байх дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр .................. хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ................. нэртэй зочид буудалд Ч.У, С.С, Г.З, Б.М, Б.Н нарт өгч хэрэглүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлж ажиллахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж, №1 гэж дугаарласан өвс гэх нэршилтэй 3.36 грамм, №2 гэж дугаарласан зүү, тариур 1 ширхэг, “ч” гэх нэртэй чихрийн цаас 2 ширхэг, эмийн хоосон капсул 8 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэг, №3 гэж дугаарласан зүй тариур 5 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон нойтон салфетик 2 ширхэг, №4 гэж дугаарласан гялгар ууттай 10 ширхэгтэй эмийн хоосон таблетик 8 ширхэг, 69 ширхэг эмийн хоосон капсул, хэрэглэсэн зүү 2 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэг, 500 мл хэмжээтэй натрын хлорид 1 ширхэг, мөнгөлөг цаас, №5 гэж дугаарласан “В” нэртэй 0.5 литрийн савыг доод хэсэгт нь цоолж мөнгө хуйлж хийн дээд хэсэгт нь мөнгөлөг цаас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч М.Х давж заалдах гомдолдоо: “...Ц.А нь хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл нь эрүүгийн хариуцлагын хувьд “нэгээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” ялын төрөлтэй. Ц.А нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн саяхан гэр бүлтэй болж анхны хүүхэд нь төрсөн. Иймд шүүх Ц.А-ын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотроос хорих ял оногдуулсан нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитой шинжлэн судалж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Шүүгдэгч Ц.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр .................... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ..................... нэртэй зочид буудалд Ч.У, С.С, Г.З, Б.М, Б.Н нарт өгч хэрэглүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ч.У-ын “...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн найз Ц.А, С.С нарын хамт ......................... нэртэй зочид буудалд орсон. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.А “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авч ирсэн. Тэгээд Ц.А найз гэх эмэгтэйг дуудаад тэр эмэгтэй нь нэг найзын хамт ирсэн ба дараа нь өөр нэг эмэгтэй найзыгаа дуудаад бид 6 ............... нэртэй зочид буудлын ...... тоот өрөөнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байгаад цагдаад баригдсан. ...” /хх 52-53/,
гэрч Г.З-ийн “...Би найз М-ийн хамт хоол ундаа идчихээд Ц.А-тай мессенжерээр холбогдоод байсан буудалд нь очсон. Буудлын өрөөнд М бид хоёрыг орох үед Ц.А 2 найзын хамт байсан. Тэгээд М бид хоёрт хэрэглэж байсан мансууруулах бодисоос санал болгосон ба бид хоёр ........... судсаараа тарьсан боловч судас хагараад больсон ба өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос 2 удаа сорсон. Тэгээд буудлын өрөөнд байж байгаад Н-ийг буудалд дуудсан бид 5 өвс, ....... хэрэглэсэн. Н-г хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна, надад хэлэхдээ 2 удаа сорсон гэж хэлсэн. ...” /хх 54-55/,
“...“1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 28.8 грамм, “5” гэж дугаарласан гялгар уутанд байсан гялгар уутанд боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2.8 грамм байсан ба 0.5 грамм-г шинжилгээнд зарцуулав. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл 1 ширхэг, “2” гэж дугаарласан гялгар уутанд “АW6713649” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “5” гэж дугаарласан гялгар уутанд боосон ургамал мэт зүйл, “\/” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 1 ширхэг, “АO0254637” серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5412 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 66-71/,
“...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А У 2022.10.29”, “З ..... 10.29”, “У ......... 2022.10.29”, “Б.Н ....... 2022.10.29”, Б.М ........ 2022.10.29”, “С 10 сарын 28” гэж хаягласан 6 ширхэг хуванцар шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5410 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 79-82/,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-17/, Ц.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-21/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ц.А-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад байх дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, хадгалж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ................. нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ................. нэртэй зочид буудалд Ч.У, С.С, Г.З, Б.М, Б.Н нарт өгч хэрэглүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заажээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч М.Х “...Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Ц.А-т тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хорих ялыг өөр төрлийн ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1196 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч М.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1196 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч М.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ