Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 692

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, гудамж, тоотод байрлах “М” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Мг тоотод байрлах “Ф” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амарбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...манай компани 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дахь ******* нэртэй талбайд /ХА--001Е, 26732/ дугаартай өргөдөл гаргасныг хүлээн авч, 38 дугаарт манай өргөдөл бүртгэгдсэн болно.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдлийг зураг зүйн шүүлтэд тэнцэхгүй буюу улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчилэн давхацсан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан талаар хариу өгсөн.

Энэ нь кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дүгээр заалтыг зөрчиж байх бөгөөд учир нь манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүсэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан /ХА--001Е, 26732/ дугаартай өргөдөлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн баримтад улсын тусгай хамгаалалттай газартай 0,99 га хэмжээтэй давхацсан талаар дурдсан байгаагаас үзэхэд Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна /10м/ гэснийг манай компани зөрчөөгүй болно.

Манай компани нь Кадастрын зураглалын тухай хуульд нийцсэн зураг хийлгүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан хэдий ч зураг зүйн шүүлтэд тэнцээгүй гэж татгалзсаныг мэдээд зургаа өөрчилж, тусгай хэрэгцээний газартай давхцуулахгүйгээр авахыг хүссэн боловч манай хүсэлтийг хүлээн аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт Малтмалын газрын кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

“М” ХХК нь Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дэвсгэрт 10230.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөл нь NE-******* өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14.15-14.30 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 

Нэхэмжлэлийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухайн талбай нь Улсын тусгай хамгаалалтад авсан “Б*******” нэртэй газартай 0.99 га талбайгаар давхацсан болох нь тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт хүсэлтэд дурдсан талбай нь “...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон...” талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл  бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан шаардлагыг нэхэмжлэгчийн гаргасан уг өргөдөл хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 940 дугаартай шийдвэрээр “М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Энэ шийдвэрийн талаар мөн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8568 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэж биечлэн танилцуулсан боловч гардаж аваагүй тул түүний хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн баримтад улсын тусгай хамгаалалтад авсан газартай 0.99 га хэмжээтэй давхацсан талаар дурдсан байгаагаас үзэхэд Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зураглалын нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй гэдгийг 10м гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Кадастрын зураглалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан нь ашигт малтмалын кадастрын зураглалаар нарийвчлал нь тухайн масштабын 1 метрт ногдох хэмжээнээс ихгүй байна гэж тайлбарлан зураг зүйн шүүлтэд хэрэглэдэг.

Иймд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т******* шүүхэд гаргасан тайлбартаа “...53******* регистрийн дугаартай, “Ф” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газарт Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дахь Замт нэртэй талбайд Х20******* тоот дугаартай өргөдөл гаргасан болно.

Энэ талбайн солбицол нь аливаа хуулиар хориглосон талбайтай давхцаагүй тул хариу шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/445 тоот албан бичгээр манай компанид олгох болсон тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Иймд манай талбайтай холбогдуулан “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ер нь энэ мэтийн зөрчил урьд нь их гардаг байсан бөгөөд үүнийг цахимжуулж, боловсронгуй болгож чадсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн чирэгдэлгүй, шударга ажиллагааг сайшаах зүйтэй юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан шаардлагаа: “...М ХХК нь Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дахь ******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, зохих журмын дагуу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өргөдөл гаргасан боловч тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр маргаан бүхий талбайд “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “...М ХХК нь Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дэвсгэрт 10230.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 940 дугаартай шийдвэр гарахаас өмнө тухайн талбайтай хэсэгчилэн давхцуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ф” ХХК нь 14146.74 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэж NE-026805 дугаартай өргөдлийн дугаар олгосон.

Уг “Ф” ХХК-ийн NE-026805 дугаартай өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу 5 дахь өдөр бүртгэсэн бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу 1 дэх өдөр уг өргөдлийг хянан шийдвэрлэж байх явцад “М” ХХК-ийн ХА-0/NE-26732/ дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 940 дүгээр шийдвэр гарсан байна.

“Ф” ХХК-ийн NE-026805 дугаартай өргөдөлд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8953 тоот албан бичгээр мэдэгдлийг Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Дорноговь аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор санал ирүүлээгүй тул мөн заалтад заасан “...энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан үндэслэл бүрдсэн.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасны дагуу уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэж үзэж Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дэвсгэрт 14146.74 гектар “Замт” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 19823Х дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийдвэрээр “Ф” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

“М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дахь ******* нэртэй талбайд хайгуулын зөвшөөрөл хүсч, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст өргөдлийг холбогдох баримтын хамт хүргүүлжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийхэд нийт талбайн хэмжээ 10230.61 га, улсын хамгаалалттай газартай хэсэгчлэн давхацсан хэсэг нь 0,99 га байна гэж тодорхойлогдсон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хайгуулын зөвшөөрөл хүссэн талбай нь улсын хамгаалалттай газартай 0,99 га талбайгаар давхацсан гэдэгтэй маргаагүй боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “кадастрын зураглалын нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан тул уг давхцал нь өргөөшөө 3-4 метр, уртаашаа 3 км байхад давхцалтай гэж татгалзсан нь хууль бус юм” гэж маргаж байгаа хэдий ч /3х3000=9000/ ойролцоогоор давхцалтай талбайн хэмжээ нь 9900 м.кв /1 га=10000 м.кв/ болж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасанчлан хүсэлт гаргасан газар нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсэн шаардлагыг хангаагүй учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ... хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан... талбайтай ...хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэн энэ тухай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8586 тоот албан бичгийг танилцуулан, шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-д Дорноговь аймгийн Э******* сумын нутаг дахь ******* нэртэй талбайд хайгуулын зөвшөөрөл өгөхөөс татгалзаж шийдвэрлэсэн ба тухайн талбайд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт “Ф” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна. 

Шүүхээс нэхэмжлэгчийн гомдлыг шалгах үүднээс “М” ХХК-ийн өргөдөл өгсөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс “Ф” ХХК-ийн өргөдөл өгсөн 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны өргөдөл бүртгэлийн дугаарыг шалгахад энэ хооронд 90 тооны өргөдөл, хүсэлт бүртгэгдсэн ба маргаан бүхий талбайд дарааллаараа “Ф” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байна. 

Мөн “Ф” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө холбогдох баримтуудыг хавсаргасан бөгөөд үүний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийхэд хориглосон болон хязгаарласан талбайтай ямар нэг байдлаар давхцалгүй гэж гарсан нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна. 

Үүний дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8953 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Засаг дарга П.Г*******т тус аймгийн Э******* сумын Замт нэртэй 14146,74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэдэг мэдэгдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу санал авах зорилгоор хүргүүлсэн бөгөөд 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д тус газар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. 

Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж тус талбайд гаргасан “М” ХХК-ийн /ХА--001Е, 26732/ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3,. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ОЮУМАА