Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01286

 

“МОЭНКО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар шийдвэр,        

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “МОЭНКО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга, Д.Батмагнай нарт холбогдох,

Нүүрсний үнэд /НӨАТатвар орж тооцогдоод/ 1 694 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МОЭНКО” ХХК нь Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ховд, Говь-Алтай аймгийн ойролцоох сумуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдах ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Энэ ажлын хүрээнд 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Д.Батмагнайн хүсэлтийн дагуу Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 4 удаагийн ачилтаар нийт 110 тн нүүрс ачуулсан. Гэтэл авсан нүүрснийхээ үнийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд өмнөх Засаг дарга Д.Батмагнайд хандан албан бичиг хүргүүлж, удаа дараа утсаар ярьж байсан. Д.Батмагнай Засаг даргаар ажиллахаа больсон байсан тул одоогийн Засаг дарга Д.Даваадоржид хандсан боловч нүүрсний үнийг төлөхөөс татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нүүрс авсан гэдэг нь хангалттай нотлогдож байгаа гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “МОЭНКО” ХХК-иас 4 удаагийн ачилтаар 110 тонн нүүрс манай суманд нийлүүлсэн гэх боловч 7453 УНО, 0520 ХОА дугаартай машинууд ачиж ирээгүй, сумын Засаг дарга Д.Батмагнайтай байгуулсан гэрээ тухайн үед хэрэгжээгүй байна. Манай сумын төсөвт байгууллагууд 2011 онд “МОЭНКО” ХХК-иас нүүрс авсан гэх баримтгүй, нүүрс нийлүүлсэн гэх баримт падаан дээр гарын үсэг, нотолгоо байхгүй. Сумын хэмжээнд төсөвт байгууллагууд 600 гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Хэрвээ “МОЭНКО” ХХК-тай 1 тонн нүүрсийг 14 000 төгрөгөөр гэрээ хийгээд авсан бол сумандаа 1 тонн нүүрсийг 19 000 төгрөгөөр авах боломжтой байхад 70.000 төгрөгөөр авсан нь “МОЭНКО” ХХК гэрээний дагуу нүүрсээ нийлүүлээгүйг нотлох баримт болж байна гэжээ.

Хариуцагч Д.Батмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батмагнай нь Хөхморьт сумын Засаг даргаар 2008-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд төсвийн байгууллагуудад нүүрс нийлүүлэх талаар гэрээ байгуулсан. Тус сумын төсөвт байгууллагууд гэрээнд зааснаар 1 тонн нүүрсийг 14.000 төгрөгөөр авч байгаагүй бөгөөд 1 тонн нүүрсийг 70.000 төгрөгөөр тооцож авч байсан. Сумын төрийн байгууллагууд хувь хүнээс нүүрс авсан байдаг. Нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан боловч дандаа хувь хүмүүс нүүрс авчирж нийлүүлж байсан байгаа. Тэр утгаараа тооцоог машины жолоочтой хийж байсан болохоос, Хөхморьт сумтай нэг ч удаа хийж байгаагүй тул нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулъя гэхээр гаргах баримтгүй гэж тайлбарлаж байна. Ийм учраас огт нийлүүлэгдээгүй байгаа нүүрсний үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга, иргэн Д.Батмагнай нараас 110 тонн нүүрсний үнэ 1 694 000 төгрөг гаргуулахыг хүссэн МоЭнКо ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандахын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хурал дээр засаг дарга Д.Даваадорж өөрөө оролцохдоо хүсэлт, гэрээ, нүүрс олгохыг хүссэн албан бичгүүд нь манай бланк, тамга тэмдэг биш гэж мэдүүлэхээс гадна, уг гэрээ огт хэрэгжээгүй гэж мэдүүлсэн юм. Дээрх мэдүүлгийг үндэслэн бүх болсон асуудлыг сайн мэдэх, хүсэлт гаргаж, гэрээ байгуулж, уурхайгаас нүүрс авсан, тус сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Батмагнайг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч шүүгч татгалзаж, нэхэмжлэгчийн хоёр хүсэлтийг татгалзаж, нэг хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр хурал хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. ...Хариуцагчийн хүсэлт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үл харгалзан, хариуцагч хүсэлт гаргасан бол ямар ч шүүлтүүргүйгээр, хянаж үзэлгүйгээр шууд хүлээж авдаг, нэхэмжлэгч хүсэлт гаргахаар татгалзана, эсвэл огт шийдвэрлэхгүй байгаа нь шүүгч хөндлөнгийн, хараат бус байдлаар ажиллаж чадахгүй байгааг илтгэж байсан. ...Худалдагч тал худалдан авагч талд гэрээний дагуу нүүрс нийлүүлсэн болох нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үед Хөхморьт сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Батмагнай өөрийн биеэр Хөшөөтийн уурхайд очиж өөрийн гараар хүсэлт бичсэн, гэрээ байгуулсан. Хүсэлт, гэрээ байгуулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хөхморьт сумын ЗДТГ-ын дарга Д.Аварзэд 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2/182 дугаартай МоЭнКо ХХК-д хандан “Танай уурхайгаас тус сумд гэрээний дагуу нүүрс нийлүүлж буй УНО 74-53 дугаарын машинд 30 тн нүүрс олгож өгнө үү” гэсэн албан бичиг илгээсэн. Гэрчээр асуугдсан Д.Аварзэд нь Хөхморьт сум Хөшөөтийн уурхайтай гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байсан, Хөшөөтийн уурхайгаас тус сумд нүүрс нийлүүлж байсан жолооч нарын хүсэлтээр уг бичгийг хийж өгсөнөө гэрчилсэн. Түүнээс хэн ч хамаагүй хүмүүс очоод нүүрс аваад, тээвэрлэсэн асуудал бол байхгүй юм. 4 удаагийн ачилтын нүүрс олгох зөвшөөрөл, зарлагын баримтууд, 74-53 УНО, 05-20 ХОА дугаарын машинуудад нийт 110 тн нүүрс нийлүүлсэн. Уг баримт дээр худалдан авагч талын явуулсан жолооч нар гарын үсэг зурсан. Өнөөдөр хүртэл уурхай тухайн сумаас ирсэн жолооч нараар гарын үсэг зуруулж байгаа, түүнээс нүүрс олгох зөвшөөрөл, зарлагын баримтуудыг аваад тухайн суман дээр очиж тус бүрийн няраваар гарын үсэг зуруулах бололцоогүй, боломжгүй асуудал юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т зааснаар 2 талын байгуулсан гэрээний  3.3,  5.1-д зааснаар  худалдагч тал хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар буюу ЗДТГ-ын нүүрсний тооцоо дээр Гансүх, Эмнэлгийн тооцоо дээр Мянганбуугийн нэр 3 удаа дурдагдсан боловч тус бүрт нь хариуцагч тал машины дугаар, зарим хэсэгт тн нүүрсний хэмжээ зэргийг шууд санаатайгаар бичилгүй орхигдуулсан. Түүнчлэн Мянганбуугийн тус суманд нийлүүлсэн нүүрсний мөнгийг эмнэлгээс тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Д.Батмагнайгийн хувийн дансанд шилжүүлсэн баримтуудаар нотлогддог. ...Түүнчлэн нэхэмжлэгч тал Д.Батмагнай гэдэг хувь хүнийг хариуцагчаар татаагүй, зөвхөн Д.Батмагнай нь тухайн үед тус сумын засаг даргаар ажиллаж байсан бөгөөд сумын хэмжээнд ажиллаж байсан бүх төрийн байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан, гэрээ байгуулсных нь хувьд Хөхморьт сумыг хариуцагчаар татсан ба Д.Батмагнай байна уу, Д.Даваадорж байна уу хэн байхаас үл хамааран тухайн сумыг төлөөлж буй этгээд гэрээнийхээ үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч тал өөрт байгаа бүхий л баримтуудыг хуулийн шаардлага хангаж өгсөн, нэхэмжлэл хангалттай нотлогдсон гэж нэхэмжлэгч тал үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг давж заалдах шатны шүүх илрүүлж, нотлох баримтуудыг бодитойгоор, үнэн зөвөөр үнэлж чадалгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсаныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “МоЭнКо” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “нүүрс худалдах-худалдан авах” гэрээний дагуу нийлүүлсэн 110 тонн нүүрсний үнэ болох 1 694 000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөхморть сумын Засаг даргын тамгын газраас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагчаар 2011 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Батмагнайг татсан байна.

Зохигчдын хооронд нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон боловч энэ гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д нийцжээ.  

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.

Нэхэмжлэгч “МоЭнКо” ХХК гэрээний зүйл болох 110 тонн нүүрсийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд хариуцагчид нийлүүлсэн гэж тайлбарласан тул хариуцагчаас төлбөр шаардах эрх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 3 жил 6 сарын хугацаанд шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр хугацааг дахин шинээр эхлэн тоолох Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг 79.1., 79.7.-д заасан үндэслэл үүсээгүй болно.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1., 78.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч өнгөрөөсөн явдал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар хугацааг сэргээх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нүүрс нийлүүлсэн, хүлээлгэн өгсөн үйл баримт, хугацааны талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаар шийдвэр, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН