Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 70

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй,

ХУД-ийн НД-ын ХД-д

холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч             Х.Батсүрэн

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Б.Мөнхтуяа

                                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Л.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир, Б.Батбаяр нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Т-ын ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Л.Т-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалын Л.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.Т-ыг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ХУД-ийн НД-ын ХД-д даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шинэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн, хуулийн буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаартай магадлалд нэхэмжлэгч Л.Т-ын ажиллаж байсан тэтгэврийн байцаагчийн орон тоо цөөрсөнтэй холбоотой уг албан тушаалд ажиллаж байсан Л.Т-ын үр дүнгийн гэрээг дүгнээгүй, тэтгэврийн ахлах байцаагч нартай үр дүнгийн гэрээг харьцуулсан, сахилгын арга хэмжээ авагдсан эсэх, иргэдээс ирүүлсэн санал гомдол, цаг ашиглалтын хувь гэсэн үнэлгээгээр харьцуулан үнэлж, улмаар уг үнэлгээг үндэслэн Л.Т-ыг тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Учир нь хэлтсийн бүтэц, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөн, орон тоо цөөрсөн тул энэ тохиолдолд төрийн албан хаагчдын нэмэгдэл баталгааг хангуулахаар албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэх удирдамжаар дүгнэх шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулах ажлын хэсгийг батлан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулж “үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ, сахилгын арга хэмжээ авагдсан эсэх, иргэдээс ирсэн гомдол санал, ажлын цаг ашиглалт” гэсэн үзүүлэлтүүдээр ажлын байранд тавигдах үндсэн үзүүлэлтээр үнэлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан.

7. Зөвхөн Л.Т-ын үйл ажиллагааны үр дүнг дүгнээгүй мэтээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан нь үндэслэлгүй юм. Тус шалгаруулалтад оролцсон 10 албан хаагчаас 4 албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнээгүй байгааг авч үзээгүй нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болжээ. Түүнчлэн ХУД-ийн НД-ын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа иргэн С.Уртнасангийн РД:ИЭ57021677 өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт материалыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцсон өндөр насны тэтгэврийг тогтоож олгохдоо түүний өмнө нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр авч байсан тахир дутуугийн тэтгэврийг зогсоолгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно” гэсэн заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг дутуу тооцсоноос олгох тэтгэврийн дутуу тогтоож тэтгэвэр авагчийг хохироосон зэрэг зөрчил гаргасныг үндэслэн нэхэмжлэгч Л.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаартай магадлалд Л.Т-ыг Төрийн албаны тухай хуулийн дагуу албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн боловч хангалтгүй биелүүлсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэсэн нь шүүх хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэглээгүй байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасны дагуу тухайн байгууллагад бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Л.Т-ийг ажлаас чөлөөлөхдөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа ба анхан шатны шүүх ч холбогдох нотлох баримт дээр тулгуурлан дээрх дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0668 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

11. -“Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Нийслэлийн ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний Б/15 дугаар тушаалын өөрт ногдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12. Дээрх маргаан бүхий тушаалаар  “нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-06-337/10, 05 дугаар сарын 01-ний 02-06-336/13, 02-06-337/14 дугаар актууд болон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 тоот албан шаардлага зэргийг үндэслэн “...иргэний тэтгэврийг давхардуулан болон дутуу тооцон олгож, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх үндэслэлээр нэр бүхий тэтгэврийн байцаагчдад цалинг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны дотор нэхэмжлэгч Л.Т- багтжээ.

13. Нэхэмжлэгч нь “...ёс зүйн алдаа гэж сахилгын арга хэмжээ авсан нь буруу, ...сонсгох ажиллагаа хийгээгүй..., сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүй...” гэж тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, харин хариуцагч нь “ ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байцаагчид сахилгын хариуцлага хүлээлгэхийг заасан, ...Л.Т- нь иргэний тэтгэврийг илүү, дутуу тооцон олгож, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь акт, албан шаардлагаар тогтоогдсон, ...сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтэрснийг тодорхойлж, Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлж байсан, ...сонсгох ажиллагаа хийсэн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

14. Л.Т- нь ХУД-ийн НД-ын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа тус дүүргийн 6 дугаар хорооны иргэн С.Баярчимэг, Н.Нарантуяа, Ё.Чулуунцэцэг нарын тэтгэврийг дутуу тооцсон, С.Уртнасан, Б.Батчимэг, Я.Энэбиш нарын тэтгэврийг илүү тооцож олгосон, иргэн Р.Цэенханд Т.Цогжмаа нарын өндөр насны тэтгэвэр тогтоох дундаж цалинг дутуу тооцсон, Н.Эрдэнэчулууны ажилласан жилийг дутуу тооцох зэрэг зөрчил гаргасан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-06-337/10, 05 дугаар сарын 01-ний 02-06-336/13, 02-06-337/14 дугаар актууд болон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 тоот албан шаардлагаар тогтоогдсон, эдгээр зөрчлүүдийн тухайд нэхэмжлэгч өөрөө үгүйсгэж маргаагүй болно. 

15. Иймээс Л.Т- нь Нийгмийн даатгалын хуулийн 23 дугаар зүйлд “...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална”, “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 2.1.9-д ”нийгмийн даатгалын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх” гэж заасныг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д зааснаар хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй буруутай нь тогтоогдсон байх тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй боловч дээрх акт, албан шаардлагад дурдагдсан зөрчлүүд нь 2017 оны 04, 06 дугаар саруудад болсон үйл баримттай хамааралтай байхад ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Л.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

16. Энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах байтал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр, “...Л.Т- нь албан үүргээ гүйцэтгэсэн боловч хангалтгүй биелүүлсэн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн...” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ алдааг зөвтгөх нь зүйтэй байна.

17. -ХУД-ийн НД-ын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын тухайд:

18. ХУД-ийн НД-ын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг чөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

19. Л.Т-ыг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ХУД-ийн НД-ын ХД-д даалгуулах шаардлагын тухайд:

20. Дээр дурдсанаар орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийт албан хаагчдыг чөлөөлсний дараа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалаар албан хаагчдыг албан тушаалд томилсон боловч, нэхэмжлэгч Л.Т-ыг “...сахилгын шийтгэл хүлээж байсан..., ажлын цаг ашиглалт хангалтгүй...“ гэх шалтгаанаар албан тушаалд томилоогүйгээс маргаан үүссэн байна.

21. Маргааны үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн албан тушаал буюу тэтгэврийн байцаагчийн орон тоо цөөрсөн асуудлаар хэргийн оролцогчид маргаангүй, харин нэхэмжлэгч нь “...сонгож шалгаруулаагүй, ...өөр ажил санал болгохгүйгээр шууд халсан...”, хариуцагч нь “...сахилгын шийтгэл хүлээж байсан..., ажлын цаг ашиглалт хангалтгүй ...байснаас түүнийг шалгаруулаагүй....” гэж маргажээ.

22. Хавтаст хэрэгт ХУД-ийн НД-ын хэлтсийн Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн Л.Шинэчимэг гаргаж, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жавзандулам танилцаж гарын үсгээ зурсан “ХУД-ийн НД-ын хэлтсийн албан хаагчдыг ажлын үзүүлэлтээр үнэлэх шалгуур” гэхээс өөр орон тоо цөөрснөөс албан хаагчдыг шалгаруулсантай холбоотой нотлох баримт байхгүй, хариуцагч энэ үнэлгээг тайлбарынхаа үндэслэл болгон маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

23. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “орон тоо цөөрсөн бол ...үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авна” гэж заасан бөгөөд энэ хуульд заасан “шалгаруулалт”-ыг зөвхөн нэг албан тушаалтны үнэлгээгээр хэрэгжүүлж байгаа нь буруу тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв болно.

24. Иймд, “ ...сонгон шалгаруулалт явуулж, үнэлгээ хийсэн..., давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарласан...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.

25. Дээр дурдсан бүгдийг нэгтгэвэл, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал шийдлийн хувьд зөв боловч, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо буруу дүгнэлт хийснийг зөвтгөж, магадлалд хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0016 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн “нэг” дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 гэснийг ...26 дугаар зүйлийн 26.4” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ