| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2023/04972/И |
| Дугаар | 192/ШШ2025/02777 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/02777
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 192/ШШ2025/02777 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Лгрупп ХХК нь хариуцагч ОХХК-д холбоогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 668,976,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч ОХХК нь алдангид 47,359,125 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Лгрупп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш нь хариуцагч ОХХК-д холбогдох 668,976,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 518,976,835 төгрөгөөс татгалзаж, 150,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ОХХК-ийн гүйцэтгэх захирал С.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Лгрупп ХХК-д холбогдох 47,359,125 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Нэхэмжлэгч Лгрупп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, хариуцагч ОХХК-ийн гүйцэтгэх захирал С.А нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Лгрупп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш нь хариуцагч ОХХК-д холбогдох 668,976,835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 518,976,835 төгрөгөөс татгалзаж, 150,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ОХХК-ийн гүйцэтгэх захирал С.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Лгрупп ХХК-д холбогдох 47,359,125 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 3,502,834 төгрөг, хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 560,717 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Лгрупп ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ