| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/01511/И |
| Дугаар | 192/ШШ2025/03129 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03129
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/03129 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Цгийн хариуцагч С.Ст холбогдох гэрлэлт цуцлах, 2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Ц.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хамт амьдрах хугацаанд өглөөнөөс орой болтол ажилтай гэж гарч явдаг хэдий ч амьдралдаа 5 цаасны нэмэргүй, нялх хүүхдүүдээ харж хандах, асран хамгаалах ямар ч үүрэг хариуцлагагүй амьдарсаар ирсэн нь бидний хооронд хэрүүл болох суурь болж, надад 4 удаа надад гарч хүрч, 4 дэх удаагийн үйлдэл дээрээ 2 хүүгийнхээ хажууд газар унаган боомилж, халуун индүүгээр түлэх гэж зүтгэж байсан. Энэ өдрөөс эхлэн салах талаар бодож эхэлсэн. ...гэр бүлдээ халамж анхааралгүйн дээр санхүүгийн хувьд ч ямар нэгэн тусламж дэмжлэг байхгүй, үргэлж том тэрэгний ямар нэг эд анги эвдэрсэн, дугуй хагарсан гэж надад дарамт болж, бизнесийн орлогоос авах эсхүл зээл авахуулдаг байсан нь улам л цаашид амьдрах итгэлгүй болгож, би эцэстээ дахин буцахгүйгээр салах шийдвэрийг гаргасан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү С.Б, С.Г нарыг С.Сын асрамжид үлдээж, хүүхдүүдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй болно гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч С.С нь Би Ц.Цгийн гаргасан нэхэмжлэл болох гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй. С.Б, С.Г нар аавын асрамжид үлдэнэ. 2 хүүхдэд нэхэмжлэгчээс тэтгэмж шаардахгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
3.Гэрлэгчид 2011 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1107000549 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ихэр хүү С.Б, С.Г нар төрж, эцэг С.Саар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхдүүд эцгийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00260 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.
5.Гэрлэгчид нь нөхөр С.Сын зүй бус үйлдлээс болж тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгч нь хүү С.Б, С.Г нарыг эцгийнх нь асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй, мөн хариуцагч нь эхээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан зэргийг харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч С.Саас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бодончууд овогт Цогмандалын Ц, хариуцагч Догсронжав овогт Сарангэрэлийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү С.Б, С.Г нарыг эцэг С.Сын асрамжинд үлдээсүгэй.
3.Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Саас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ